antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 1 comment

Ц.Шинэбаяр: Хулгайч аав, хулгайч хүү хоёртой намайг дүйцүүлэх хэрэггүй

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-Таны бие тань гайгүй юу?
-Одоо давгүй ээ.
-Хоолойны тань сөөнгө нь зүгээр болоогүй л  бололтой?
-Өдрөөс өдөрт дээрдээд байгаа. Удахгүй зүгээр болох байх аа.
-Юунаас болоод ингэж хоолой тань дуугарч чадахгүй болтлоо сүрхий өвдчихөв өө?
-Олон жил хүнд үйлдвэрт  ажилласан нь  нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа.
-Ганц худагт хоригдож байгаа Нинжтэй уулзаад ирсэн юм уу?
-Дөнгөж саяхан Нинжийг эргэж очоод ирээд л байж байна. Ардчилсан нийгэмд хүнийг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрхийг нь хасч шоронд хорьж болохгүй баймаар даа. Энэ хүн Бат-Үүл Зоригийн  аллагад буруутай гэж хэлсний төлөө дөрвөн сар хоригдож байгаа. Тэнд очиход үнэхээр хүнд сурталтай газар юм байна. Үүдэнд нь цаг гаруй хүлээж  байж уулзлаа. Хоригдож байгаа хүн ямар олигтой байхав. Сэтгэл санаа нь хэцүү л байдаг юм байна. Нэг нэгээр нь нэг өрөөнд суулгачихдаг юм байна. Ажил хийлгэж байгаа ч юм алга.  Хүмүүжүүлж байгаа нэртэй болохоос   хүнийг эвдээд гаргадаг газар юм биш үү. Манай улс сүүлийн хэдэн жил  төсвийн хөрөнгөөр олон шорон барьсан. Ганц худагийн тэнд 17 тэрбум төгрөгөөр асар том шорон барьчихаж. Хуучин Ганц худагт төсвийн хөрөнгөөр том байшин босгосон. Тэрийг ашиглахгүй байж л байна. Ер нь Монголыг шоронжсон  орон болгох гээд байгаа юм уу даа гэсэн бодол төрж байлаа.
-Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхөн  лицензтэй улстөрчдийг зарлах гэж байгаа гэсэн. Тиймээс  хамгийн түрүүнд таныг “байцаана ” гэж байна лээ ?
-УИХ-ын гишүүд дотроос би ганцаараа  л хөрөнгө орлогын мэдүүлэгтээ  Адуун чулууны ордын лицензийг эзэмшдэг гэж бөглөсөн байна гэсэн. Төрийн албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болоод нэлээд хэдэн жил болж байна.
Энэ хугацаанд улстөрчид хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөж ирснийг  иргэний хөдөлгөөнийхөн, сэтгүүлчид нэг бүрчлэн судалж үзвэл үнэн бөглөж байгаа эсэхэд нь дүгнэлт хийж  болно. Сонирхолтой л дүр зураг харагдах байх шүү. 10 гаруй жил сайд хийж байгаа атлаа байртай болж чадаагүй хүн байна цаана чинь.  Сайдын алба удаа дараа хашаад ч орох оронтой болж чадахгүй юм бол ажлаа өгөөд хувийн амьдарлаа бодож бизнес хийх хэрэгтэй. Зарим том улстөрчид одоо хүртэл аавынхаа байранд амьдарч байгаа гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг юм билээ. Иймэрхүү ядуу болж харагдах гэсэн өнгөлөн далдлалтын асуудлыг цэгцлэх цаг болсон. Үүнийг  Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхөн анхаарч  лиценз эзэмшигч далд ноёдыг зарлах гэж байгаа нь зөв. Миний хувьд авлигачдыг хязгаарлах хуулийн төсөл боловсруулаад өргөн барих гэж байгаа.
-Ямар хуулийн төсөл юм бэ?
-Би хоёр, гурван хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Авлигын эсрэг  хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Монгол Улс Авлигын конвенцид нэгдснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч Монголд авлига улам цэцэглэж хүрээгээ тэлж байгааг  олон улсын  байгууллагын судалгаа ч илтгэж байна. Тиймээс хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохоор нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа албан тушаалтныг шалгадаг болгохыг зорьж байгаа. Ойрын хугацаанд өргөн барина аа.
-Хамуг Монгол хөдөлмөрийн намаар тань сонин сайхан юутай байна даа?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн талаар намынхаа гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж байна. Энэ хуулийг мөрдөх явцад ямар хуулийн цоорхой, бэрхшээл байгаа эсэх талаар хэлэлцэж сургалт зохион байгуулж байгаа. Мөн нэр дэвших магадлалтай хүмүүстэйгээ уулзаж ярилцаад эхэлсэн. Энэ бүх хүмүүсийн мэдлэг чадварыг ашиглан чамбай намын хөтөлбөрийг боловсруулна аа.
-Нэр дэвших хүмүүстээ шударга байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа гэл үү?
-Хамуг Монгол хөдөлмөрийн намаас сонгуульд нэр дэвшигч нэр цэвэр, шударга, эх оронч байхаас гадна өмнө нь янз бүрийн бусармаг зүйлд орооцолдож муу нэр зүүгээгүй байх ёстой гэсэн шалгуур тавьж хүмүүсээ сонгож эхлээд байгаа.
-Гадаадад амьдарч байгаа хүнийг ч авчран нэр дэвшүүлэх юм уу?
-1990 оноос хойш Монголын төр  гадаадад амьдарч байгаа  иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлсэнгүй шүү дээ. Гадаадад амьдарч байгаа чадалтай, өндөр боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй зөв хүмүүст боломж олгохыг манай нам зорьж анх удаагаа ийм санаачлага өрнүүллээ.
-Хаана амьдардаг, ямар мэргэжилтэй хүмүүс та бүхэнтэй холбогдоод байгаа сонирхож болох уу?
-Одоогийн байдлаар гурван хүн бидэнтэй холбоо бариад байгаа.

-Танай нам хатуу гишүүнчлэлгүй байхаар шийдсэн гэл үү?
-Намын гишүүдийн  тоог  нэмэгдүүлнэ гэхээсээ илүү намын дэмжигчид олонтой болоход анхаарч ажиллаж байна. Хатуу гишүүнчлэлээс улс төрийн хүчнүүд татгалзаасай гэж боддог. Яагаад гэвэл, МАН, АН сүүлийн хорь гаруй жил хүмүүсийг элсүүлээд хооронд нь талцуулаад улстөржүүлээд байдаг. Тухайн хүн намд элснээрээ насаараа л намд уяатай болж тэр нь дарамт болох тал ч бий. Бид хүнийг ийм байдалд хүргэхгүйн тулд хатуу гишүүнчлэлтэй байхыг чухалчлахгүй байгаа. Цаашдаа ч Улс төрийн намын тухай хуульд энэ чиглэлийн өөрчлөлт оруулахаар нэлээд олон гишүүд төсөл боловсруулж байгаа.
-Танай намын дарга  С.Молор-Эрдэнэ хурц араншинтай  байх. Намыг хэр удирдаж байна даа?
-Хүний төрөлх араншин өөрчлөгдөхгүй. Энэ зан авир нь хийж байгаа улстөрийн намын үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх ёсгүй ээ. Зан авираараа биш баталсан дүрэм, журам, хуулийн дагуу л ажиллах нь үүрэг. Түүнээс гадна манай намын дүрэм бол бусад бүх намуудынхаас онцлог. Намын даргыг хянадаг бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, намын дарга дураараа аашилдаг, хууль зөрчдөг ч суудалдаа суугаад байх боломжгүй гэсэн үг. Намын дарга нь С.Молор-Эрдэнэ байна уу эсвэл хэн ч байх нь хамаагүй, үйл ажиллагааг нь дүрэм хязгаарлана.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МҮАН, БНН гээд жижиг намуудыг “өвөртөө” оруулж сонгуульд хүч сорих бэлтгээл базааж байх шиг байна. Танай намд санал тавив уу. 2012 оны сонгуульд дээрх намуудтай нэгэн цул хүч болж оролцох уу?
-Бид нар дангаараа сонгуульд оролцох бодлоготой байгаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал  яаж эргэхийг таашгүй. Авлигачидтай, ард түмний талд гарсан хүмүүс хүчээ зузаатган өрсөлдөе гэвэл бодож үзэх асуудал ч гарахыг үгүйсгэх аргагүй.
Та МАХН-аас гарснаас хойш Н.Энхбаяр даргатайгаа  уулзсан уу?
-Зөндөө уулзсан.
– Хаяад явлаа гэж  зэмлэж байна уу?
-Юу гэж хувь хүний үзэл бодол, сонголтыг буруушаах вэ дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр алдаагаа ухаарч Монголын төрийг дахин цогцлоон урлана гээд илтгээд байгаа. Энэ нь албан тушаалд хүрэхийн тулд иргэдийг илбэдэх арга заль нь уу эсвэл?
-Ерөнхийдөө Монголын төрийг дахин урлана гэхээсээ илүү цэвэршүүлэх шаардлагатай. 20 жил Монгол орныг аймшигтай хар дарсан зүүд шиг байдал хүргэлээ. Монгол хүн траншейнд амьдардаггүй, бас ажилгүй байгаагүй дээ. Хэчнээн ч архичидтай  болов. Агаарын бохирдол гамшгийг хэмжээнд хүрсэн гээд яриад байвал их зүйл бий.
-Та Н.Ганбямба гишүүнтэй найзууд уу?
-Бид нар намд олон жил хамт байлаа. Дорнод, Хэнтий, Сүхбаатар гээд зүүн аймгуудын бүсийн хөгжил дээр  дуу хоолойгоо нэгтгэж хамтарч ажилладаг. Тэгээд  ч бид хоёрын  өрөө зэргэлдээг ч хэлэх үү, орж гарцгаан хууч хөөрдөг л дөө. Асуудлыг  нээлттэй ярилцдаг хүмүүсээ.
-Н.Ганбямба гишүүн  МАН-ын олигархиудыг бөөнөөр  нь эгнүүлж зогсоогоод буудчих юм сан гэж бүлгийн хурал дээрээ хэлсэн гэсэн. Хэрэв тойрог өгөхгүй гэвэл танай намын нэрээр ч сонгуульд дэвшиж мэднэ гэсэн яриа гарах болжээ?

-Тухайн үед ямар нөхцөл байдал үүсээд тэгж хэлснийг мэдэхгүй.
Монголд дэлхийн улс орнуудад болж байсан шиг түүх давтагдаж байна.
Японд нэг хэсэг улс төрийн намууд нь авлигад идэгдээд сүүлдээ авлигачид, ард түмнийхээ талд  байгаагаараа ялгарсан юм гэсэн. Германд бас ийм зүйл болж байж. Авлигачид хэзээ ч хулгайлсан, завшсан зүйлээсээ салж чадахгүй ээ. Ард түмнийхээ талд ирэхгүй.  Монголд ч гэсэн авлигачид, ард түмнийхээ тал зогсогчид  ялгарч  эхэллээ л дээ. Хулгай хийсэн мөнгө төгрөгтэйгээ зууралдсныг  нь  суурин дээр нь үлдээгээд Монголын төрийг цэвэршүүлэх цаг нь иржээ. Тэр талаасаа бухимдаад буудна гэж хэлсэн байж магадгүй. Би аль эрт зориглоод ард түмнийхээ талд гарчихсан шүү дээ.
-Авлигачид нь хэн юм бэ?
-Энэ хоёр том намд ийм нөхдүүд зөндөө байгааг олон түмэн мэдэж байгаа даа.  Авлигачид Монгол орныг залгиж байна.  Оюу толгойг хулгайлж дөнгөлөө. Стратегийн 15 ордоос Бороо байхгүй болсон.  Тоноод идээд дуусгасан.  Болд төмөр ерөө, Саусгоби сэндс, Ухаа худаг, Чин хуа Мак, Төмөртийн цайрын орд бүгдээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар заалтыг  биелүүлэхгүй байгаа. Энэ хуулийн 5.5-т стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоо гэсэн байдаг. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоочихвол төр хувь эзэмшиж ногдол ашиг хүртэх  ёстой. Гэтэл төрд өгөх ёстой ногдол ашгаа авлигад, намын  байранд  хандивлаж байна. Эргээд ингэж хандив өгсөн нөхдүүддээ албан тушаалаар бэлэг барьлаа.
Та Номтой баярыг хэлээд байна уу?
-Намайг ийм асуудал ярихаар л жижиг зүйлээр оролдлоо, Номтойбаяртай  зодолдсон гээд холбохыг хичээж асуудлын эрчийг сулруулахыг хичээдэг байхгүй юу даа. Очиж очиж хулгайч аав, хулгайч хүү хоёртой намайг дүйцүүлэх хэрэггүй.
-Таны Адуун чулууны уурхайг тань “булайх” гээд байсан юм биш үү?
-Булааж чадахгүй ээ. Хулгайч, луйварчид аймхай байдаг учраас тийм зориг гаргаж дөнгөхгүй. Луйвар хийж байгаа нөхдүүд чинь гэрлээс нуугдаж бөлтөлзөж явдаг  юм.
-Танд  ингэж хэлэхдээ эмээх бодол төрдөг үү?
-Өдөр болгон асуудал үүсчих вий гэж  нуугдаж байгаа хулмагнасан юмнуудаас юунд нь айдаг юм. Хуулийн дагуу итгэлтэй алхаж чадахгүй, дандаа айж сандарч яваа. Гал үлээх, газар гишгэхээс бусад нь худлаа гэдэг дээ. Манай Ерөнхий сайд,  Д.Зоригт сайдын гал үлээх нь ч худлаа боллоо доо.
-Юу гэсэн утгатай юм бэ?
-Тавдугаар цахилгаан станц барина гээд олон зүйл амлаад байсан ч нэгийг нь  хийж чадахгүй боллоо. Ингэхээр гал үлээх нь ч хүртэл худлаа  гэж зүйрлэж хэлж байгаа хэрэг. Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гээд хамтарсан  Засгийн газрын гэрээ, мөрийн хөтөлбөртөө ч тусгаад байсан. Манай Дорнод аймаг руу  гэхэд нэг ч см  зам тавиагүй. Дулаарахаар сэтгүүлчдийг дагуулаад Дорнодын чиглэлийн  зам дээр очиж харуулна гэж бодож байгаа. Хүмүүс  үнэнийг хараг.
Одоо эрх баригчид өөрсдийн хувийн телевиз, сонин, сайтаараа их л ажил хийгээд байгаа гэж сурталчилж байгаа нь бодиттой биш тархи угаалт шүү хүмүүс ээ. Сайхан ярьсаар сонгуулийн жил нь дуусах дөхөж байна.

-Сайд, дэд сайдын томилгооны талаар та ямар бодолтой байна вэ?

-Их хэмжээний хандив намдаа өгснийг нь албан тушаалаар шагнадаг юм байна. Улс төрийн намын тухай хуульд хандивын дээд хэмжээг заасан байдаг. Гэтэл тэрбум төгрөг хандивлаж  хууль зөрчсөн нөхрийг сайд болгосон. Энэ нь эрх баригч нам хуулиа мөрдөхгүй байгааг харуулж байна.
Ингэж хууль зөрчдөг нөхдүүдтэй мөр зэрэгцэн сонгуульд өрсөлдөнө гэхээр ой гутах юм.
Авлигачид монголын төрөөс зайлах хэрэгтэй. Энэ нөхдүүд ичих булчирхайтай юм бол сонгуульд орохгүй байвал таарна.   Даанч хулгайчдад тийм зориг байхгүй  л дээ. МАН, АН –д зөв шударга гишүүд цөөнгүй бий. Энэ хоёр намын залуучууд, шударга гишүүд нь  намаа цэвэрлэж авахгүй хаана яваад, юу хийгээд яваад байдаг байна аа.
-Хувьсгал л хийхгүй бол өөрчлөгдөхгүй гэсэн байр суурьтай хүмүүс олширч л байх шиг байна?
-Одоо улстөрчид  худлаа сенсаци дэгдээн асуудлыг займчуулдаг аргатай болж.Оюу толгой гээд үндсэн том сэдэв рүүгээ орох гэхээр Нямдорж нь Энхбаяртайгаа хэрэлдээд чи идсэн, уусан гэж бие биерүүгээ чулуу шидээд л.
Энэ нь жүжиг ээ.  Уг нь энэ нийгэмд өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Манайхан сүх далайтал үхэр амар гэгчээр асуудалд хандах юм.
1990 онд ч хувьсгал гараагүй дээ. Үнэхээр л хувьсгал хийсэн юм бол түлхэж унагасан систем дэглэмээ бүрэн өөрчлөөд тэр үеийн МАХН-ыг татан буулгах нь яасан юм. Хувьсгал болоогүй учраас баатар байх ёсгүй.
-Бат-Үүл гишүүн улсын баатар болохгүй ёсгүй гэж үү?
-Баатар биш шүү дээ. Цэдэнбал даргын хурааж авсан  энгэрийн тэмдэгийг л Бат-Үүл зүүгээд явж байгаа .
-Арай ч тэгж болохгүй байх аа. Ерөнхийлөгчийн зарлигаар  шагнасан биз дээ?

-Ерөнхийлөгч зарлиг гаргасныг би олж хараагүй. Төрийн тэргүүнд тэр зарлигаа ирүүлнэ үү гэсэн албан бичгийг хоёр удаа явуулсан. Ирүүлэхгүй байна. Одоо удахгүй гуравдахийг нь явуулна. Хөдөөгүүр зарлиггүйгээр төрийн одон медаль  тарааж байна. АН-ын зарим гишүүд атгаар нь алтан гадас одон бариад явж байна. Хөдөөнийхөн манай нохойноос бусад нь одонтой боллоо . Дараа өгвөл нохойндоо зүүж өгнө гэж ярьж байна лээ. Ийм л болсон байна. Ерөнхийлөгч өөрөө хууль биелүүлэхгүй , албан бичиг илгээхээр хариу ирүүлдэггүй хүн боллоо.

Доржпагма www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 09, 2012 5:44:36 am )

    ene hunii yariltslaga taalagdlaa. eh orniihoo tuluu yum hiij buteey, hugjuulii gesen bodoltoi shudarga hun bna. Ard tumniihee tuluu sain, shudarga huuli bolovsruulaasai gej husej bna. deer n bas tatvariinhaa huulind bolovsrongui tom uurchlult hiigeesei gej husej bna. busad gadaad ornuudiin tatvariin bodlogiig sudalj uzeed sanaa avaasai gej husej bna. heseg buleg humuusiin erh ashigiig hamgaalsan huuli bish ard tumnii erh ashigiig hamgaalsan huuli bolovsruulaasai gej husej bna.

antalya rent a car