Канадын “Айвенхоу майнз” компани олон газарт ашигт малтмалын хайгуул хийж байгаа. Бирм улсыг дайны байдалд хүртэл хүргэж дөнгөсөн компани гэгддэг. Одоо тэгвэл Монголоос гадна Казахстанд алтны томоохон орд дээр ажиллаж байна. Ашигт малтмал олборлох гэхээсээ илүү хайгуул хийж, овоо юм олвол үнэ хүргээд зарчихдаг туршлагатай тул Казахстанд ийм “дүрмээрээ” ашиг хөөх бололтой. Тэнд алтны нөөцөө бүрэн тогтоож хараахан амжаагүй ч түрүүчээс нь ашиглаж буй сурагтай. Харин манай Оюу толгойн ордыг ашиглахаар Засгийн газартай гэрээ хийхдээ хулхидаж орхисон. Монголчуудад ашиггүй гэрээ хийсэн тухай маргаан бүрэн шийдэгдээгүй байгаа. Өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаанд лав гэрээгээ сайжруулж чадахгүй болов уу. Яагаад гэвэл ийм улс төрийн болоод эдийн засгийн шийдлийн хүсэл зориг энэ парламентад алга. Өнөөх 20 гишүүн амаа аль хэдийнээ хамхиад авлаа. Уг нь гэрээг сайржуулах гэж нэлээд чанга дуугарцгааж байсан. Даанч эрхмүүдийн нэг хэсэг нь шоучингийн үүрэгтэй байж. Тэгээд ч удахгүй болох сонгуулийн үр дүнг харах нь иргэдийн маань хувьд зөв болов уу. Ядаж эд нараас арай дөнгүүр улс төрчид гараад ирэх ч юм билүү.
Оюу толгойн гэрээг сайжруулахаас урьтаад Айвенхоугийнхон Өмнөговиос маш том алтны шинэ орд нээсэн тухай дэлхийгээр нэг шуугиж байна. Харамсалтай нь Засгийн газар таг чиг. Уг алтны ордын тухай хориод хоногийн өмнө TV-9 телевизээр гарахад зарим нь итгээгүй байх. Тэгтэл Германаас нэгэн найз маань Фейсбүүк дээрээ тэр нэвтрүүлгийг бүрэн эхээр нь тавиад “Наадах чинь ёстой аймаар юм байна шүү. Америкчууд олж хараад шүлсээ гоожуулах нь холгүй ярьцгааж байна. Германы томоохон баячууд ч энэ мэдээллийг надаар орчуулуулж, Монголд үүнээс их баялаг бий гэж байлаа” гэсэн юм.
“Айвенхоу майнз”-ийн захирал Фрийдланд болон түүний хамтрагчид өнгөрсөн оны намар “Бид Оюу толгойн хажуухан талд маш том орд олсон” хэмээн дэлхий дахинд зарлаад хэсэг чимээгүй болсон нь тун учиртай ажээ. Тус компанийн охин компани “Энтри гоулд”-ын олж илрүүлсэн гээд байгаа орд нь зөвхөн ганц биш. Үүнээс гадна “Хэрүга” орд гэж бий. Мөн “Хьюго дамит” гэдэг ордыг ч нээжээ. “Энтри” компани нь Америкт найман ордтой. Бүгдээрээ алтных. Австралид бас алтны гурван орд ажиллуулж эхлэх гэж байна. Тэгтэл Монголд эдгээр орд дээр одоогоор дахиад алтны хоёр орд нэмэгдэж байгаа юм. Өмнөговийн нутаг дахь тэдгээр ордуудаа Хар сүүл, Номхон бор гэхээс гадна Ухаа толгой ч гэж нэрлэдэг. Зөвхөн Хэрүга ордоос тэд ойролцоогоор 14 сая унц алт олборлоно гэж тооцоолж байна. Нэг унц алтыг 650 ам.доллар гэж үзвэл хэдэн доллар болох вэ. Үүнийг бодож ядах юмгүй шүү дээ. Та тооны машиндаа хийгээд үржүүлж үзээрэй. Ийм их баялгаа бид хэнд, ямар үр ашигтайгаар өгч байна вэ. Энэ асуултад хариулах хүн төрийн ордон дотроос одоохондоо олдохгүй бололтой. Дан ганц Хэрүга орд нь уртаашаа дөрвөн км үргэлжилж байна. зарим мэдээллийн хэрэгслүүд 2,5 км гэсэн байна лээ. Арай ташаарсан болов уу. “Айвенхоу майнз”-ийн Оюу толгой дахь эрх мэдэл Рио Тинто руу үндсэндээ шилжиж эхэлжээ. Өнгөрөгч долоо хоногт Оюу толгой төслийн Төлөөлөн удирдах зөвлөлд Рио Тинтогийнхон зонхилох байр суурьтай байх тухай яригдсан байна.
Угаасаа л Рио Тинто нь “Айвенхоу майнз”-ийн хайгуулын ажлын үр дүнгээр тэнд орд ашиглалтыг хариуцахаар болсон юм л даа. “Айвенхоу майнз”-д ийм хэмжээний уурхайн техник, технологи байхгүй. Бүх юмаа Рио Тинтогоор хийлгэхээс өөр замгүй, ердөө л хайгуулын компани гэдгийг нь манай эрх мэдэлтнүүд угаасаа мэдэж л байсан. 2006-2007 оны улс төрийн “жихүүн” салхитай тэр өдрүүдэд Фрийдланд гэдэг нөхөр манай улс төрчдийг хааш нь ч гаргалгүй “барьж аваад” өөрийн санаан зоргоор Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт дээр вальс эргэсэн юм. Ингэхдээ манай Газрын хэвлийн тухай хуулийн үзэл санааг бяц гишгэсний гайг бид одоо амсч байна. Түүгээр зогсохгүй Үндсэн хууль руу Фрийдланд Монголын улс төрчидтэй дөрөө харшуулан дайрсан тухай өдгөө иргэний байгууллагын төлөөллүүд нотолсоор байгаа. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэгд, “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэжээ.
Мөн зүйлийн хоёрт, “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байна. Энд дээрх Энтри компани гэхэд л тийм том алтны орд нээснийг төр хэрхэн мэдэлдээ авч, ард түмэндээ яаж ашигтайгаар ашиглах тухай асуудал зайлшгүй хөндөгдөх ажээ. Нөгөөтэйгүүр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Айвенхоу майнз, Рио Тинто зэрэг комдпанийн охин компаниуд бусад ордыг энэ гэрээний “дээвэр” дор ашиглана гэсэн зүйл огт байхгүй. Гэтэл “Энтри”, “Энтри-Айвенхоу” мэтийн аашилж буйг харахаар тэдгээр нь цөмөөрөө Оюу толгойн гэрээний дагуу ажиллаж байгаа ч юм шиг ойлголт төрөөд байж магадгүй, зарим хүмүүст. Нарийн яривал Монголын хуулиудыг зөрчиж хийгдсэн Оюу толгойн гэрээг хүчинтэй гэх аргагүй шүү дээ. Энэ талаар доктор С.Авирмэд гуай ёстой хоолойгоо эцтэл хашгирсан. Гэвч хэн ч тоож үзээгүй. Тоохыг ч хүсээгүй юм. Тэгвэл одоо “Айвенхоу майнз” Казахстанаас ч, Монголоос ч тийнхүү их хэмжээний алт шүүрэх болж, томоохон хөрөнгийн биржүүдээс мөнгө босгох гээд гүйж явна. Тэдэнд ойрын үед таван тэрбум доллар хэрэгтэй гэж байна. Харамсалтай нь сүүлийн саруудад тус компанийн Нью-Йорк, Хонконг, Лондон дахь хувьцааны ханш жигдхэн доошилжээ. Энэ нь зүй ёсны хэрэг болов уу. Компанийх нь нэр хүнд ингэж унаж байна. Гэхдээ Монгол дахь нүүр царайг нь “Рио Тинто” хааж байгаа. Цаашдаа Оюу толгойн хажууд нээсэн тэр бүх алтны ордоо бусдад ашиглуулах наймаа, тохиролцооноос тэд ашгаа хэрхэн хуваахаа тооцоолж суугаа биз.
Хэрвээ аль нэг томоохон компанитай сэм наймаа хийхэд хүрвэл монголчууд зүгээр хараад суухгүй нь лавтай. Иргэд эсэргүүцэл илэрхийлж таараа. Үүнийг дагаад өнгөрсөн намар хувьцаа нь 14 хүртэл хувиар доошилсноос илүү их уналтыг үзэх байх. Оюу толгойн гэрээнд гол нь бид ашгаа яаж тусгах байсан бэ гэвэл Үндсэн хуулийнхаа суурь үзэл санаагаар 51 хувь, түүнээс илүүг төр, иргэд маань эзэмшихээр хийх ёстой байлаа. Ингэж гэрээлж чадаагүй тул одоо харин хөрөнгө оруулалтад хяналт, шалгалт явуулах шаардлагатай байгаа юм. Оюу толгойн төсөл бол урьд өмнө монголчуудын хийж үзээгүй том төсөл. Дотоодын аудитын байгууллагууд шалгах туршлага дутна. Тэгвэл олон улсын аудитын байгууллагаар шалгуулж болно. “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гийн нөлөөлөлд автахааргүй шалгагчид олдоно. Гагцхүү манай улс төрийн хүрээнийхний чин хүсэл мэднэ. Аягүй бол ийм шалгалт хийлгэхгүй гэж үзэж тарах болов уу. Яагаад ингэж хяналтын асуудал тавиад унав гэж гайхах хүн харин улс төрчдөөс өөр гарч ирэхгүй л дээ, ард түмэн маань энэ төрийг байгуулсан юм чинь. Гутамшигтай нь улс төрчид л эвэр нь ургасан ишигний эвгүй зангаар эргэж тийнхүү иргэдээ мөргөөд байгаа юм.
Тиймээс зарим нь сонгууль бушуухан болоосой, эдгээр хөгийн улс төрчдөөс салж амаръя гэх болжээ. “Айвехоу майнз” компани Оюу толгойн зэс, алтыг бусадтай хувааж ашиглахын зэрэгцээ тэр олон алтны ордыг нээсэн тухай мэдээ дэлхийг бүрхэж байх хооронд Сүмбэрийн ордоос “Саубс гоби сэндс” нүүрсийг хэдэн мянган тонноор нь Хятад руу хил давуулж байна. Хятадаас 500 сая долларын зээл бас авчээ. Хувьцааныхаа 30 хувийг ч Хятадад өгчихлөө. Айвенхоугийн энэ охин компани Нарийн сухайтын ордоос илүү их хэмжээний нүүрс гаргахын төлөө улайрч буй аж. Нарийн сухайт нь мөн л манай стратегийн ордын тоонд орох ёстой байсан. Гэвч манай дарга нар бусдад найр тавьж, яг Сүхбаатар аймаг дахь Төмөртэйн цайрын орд шиг болгож байна. Иймэрхүү жишээ уул уурхайд дэндүү олон болж. Ер нь стратегийн ордын жагсаалтанд 15 ордыг оруулаад, үлдсэн 30 шахам ордыг зоргоор нь хаясны хор уршгийг түрүүчээс манайхан ханатлаа амсч эхэлж дээ.
Б.Отгонбаяр

Холбоотой мэдээ
Comments are closed.