
Philippines Duterte
Н.МӨНХЖИН
Филиппины эрх баригчид амьдралын түвшин дорой, худалдан авах чадваргүй зургаан сая гаруй эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл, бэлгэвчийг үнэгүй олгож байхаар шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч Родриго Дутерте ийм арга замаар ядуу давхаргын дундах хүсээгүй жирэмслэлтийг багасгаж чадна хэмээн үзэж байна. Улс оронд ихээхэн нэр, нөлөөтэй Ромын католик сүмийн зүгээс Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцэх төлөвтэй байна. Дутертегийн өмнөх төрийн тэргүүн төрөлтийг хязгаарлахын тулд эмнэлгийн байгууллагуудад жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэлийг үнэгүй олгох хуулийг батлуулах гэж олон жилийн турш тэмцсэн билээ. Гэвч энэ хууль батлагдаад хоёр жил болсон ч гэр бүл төвөвлөлтийн тал дээр мөнгөгүй, боломжгүй эмэгтэйчүүдийн тоо зургаан саяд хүрчээ. Тэдний хоёр сая нь ядуурлын хамгийн доод түвшин буюу ямар ч орлогогүй амьдардаг хүмүүс хэмээн эрх баригчид мэдээлэв. Шинэ Ерөнхийлөгч Родриго Дутертегийн зоримог шийдвэр эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой ч дэмжиж буй иргэд, байгууллагууд их байна.
Ерөнхийлөгч Засгийн газрын яам, агентлагуудад хандаж төрөлтөө хязгаарлаж чадахгүй байгаа, арга хэрэгсэл нь дутагдаж байгаа хосуудыг олж гаргаж ирэхийг шаарджээ. Тэр тусмаа хөдөө тосгодод төрөлтийг хязгаарлахын тулд ийм ажил хийх зайлшгүй шаардлагатай болоод байгаа аж. Филиппин дахь ядууралтай тэмцэхэд өөр аргагүй болоод байгааг тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Эрнесто Перниа хэллээ. Тус улс 2022 он гэхэд ядуурлын түвшинг 13 хувь хүртэл бууруулах зорилт тавьжээ. Өнгөрсөн онд 21.6 хувьтай байсан аж.
Бэлгэвч болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг үнэгүй тараах нь амьдралыг, эмэгтэйчүүдийг, хүүхдүүдийг, эдийн засгийн хөгжлийг дэмжиж буй хэрэг хэмээн сайд мэдэгдэв. НҮБ-ын тооцоогоор, сүүлийн 20 жилд өсвөр насны охидын жирэмслэлт эрс өссөн Ази-Номхон далайн цорын ганц орон нь Филиппин ажээ. Тус улс 103 сая хүн амтай юм.

Холбоотой мэдээ
Comments are closed.