Монголчууд гэнэн зангаасаа болоод янз бүрийн л зүйлд мэхлүүлж, хууртагдахаасаа ерөөсөө залхахгүй юм. Тухайлбал, одоогоос хэдэн жилийн өмнө сүлжээний бизнес монголд газар авч, хүмүүсийг залилж байсан. Бизнес ч гэж дээ.
Тэр бол жинхэнэ залилан байсан. Жийп унахыг хүссэн “толгойгүй” хүмүүс 300 мянган төгрөг өгөөд, дороо есөн хүн элсүүлээд машинтай болно гэсэн ярианд итгэж, ах дүү, найз нөхдөөрөө хууртагдаж, олон хүн хохирч байсныг магадгүй та санаж байгаа байх. Түүн шиг урьдын алдаагаа битгий давт л даа хүмүүсээ.
Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдэг үг бий. Цаана чинь анзаарагдахгүй хэрнээ залилангийн шинжтэй олон хэрэг газар аваад байна шүү. Жишээлбэл, сүүлийн үед автовокзалуудын хяналтын пост дээр өдөрт ийм төрлийн хэрэг 4-5 бүртгэгдэж байна.
Хөдөө, орон нутгаас эцэг, эхчүүд нь Улаанбаатарт сурч байгаа оюутан хүүхдүүддээ дайгдуулсан мах, төрөл бүрийн хүнсний зүйл, хувцас хунар, бэлэн мөнгө зэргийг хууль бус, хулгайн жижиг оврын автобуснууд дундаас нь шамшигдуулах болжээ.
Энэхүү байдал сүүлийн үед нэлээд ихэссэн гэдгийг албаны хүн хэлж байна. Буух эзэн, буцах хаяггүй хулгайн микроавтобусанд эд зүйлээ дайгаад эргэж олж авч чадахгүй залилуулж, хохирч байгаа хүмүүс нь ихэвчлэн оюутнууд, өндөр настай хүмүүс байдаг аж.
Сонгинохайрхан автовокзалын хяналтын байцаагчид ирсэн гомдлын дагуу шалгах бүрт хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэлд биш огт танихгүй хэн нэгэнд эд зүйлээ дайгаад явуулчихсан тохиолдол их гарах болжээ. Ийнхүү иргэд өөрсдөө огт танихгүй нэгэнд залилуулчихаад хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний жолооч нарыг дайрч давшилж, элдвээр хэлэх тохиолдол цөөнгүй байдаг байна.
Тиймээс иргэд нэг газраас нөгөө газар руу эд зүйлсээ тээвэрлүүлэхдээ жолоочийн ажлын үнэмлэх, компанийн лого, дүрэмт хувцас зэргийг сайтар шалгаж байх хэрэгтэйг холбогдох хүмүүс, жолооч нар анхааруулж байлаа.
Мөн утасны дугаарыг нь авлаа гээд эд зүйлс чинь хүрэх газартаа найдвартай очих эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Саяхан л гэхэд нэг эмэгтэй Улаанбаатараас Орхон аймаг руу алтан бөгж, монетон ээмэг, иргэний үнэмлэх зэргээ микроавтобусанд дайж явуулаад, утасны дугаар нэрийг нь бичээд хоцорсон байна.
Энэ мэт хэрэг өдөрт 4-5 удаа гарч байгаа нь микро автобусны үйлчилгээний залилан дэлгэрээд байгааг сануулж байна. Залилан хийж байгаа этгээд нь өөрийгөө тендерийн микро, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний жолооч мөн гэж хэлээд худал утасны дугаар өгч, эд зүйлийг нь аваад дээрээс нь дайвар үйлчилгээний хөлс гэж 3000-5000 төгрөг нэмж авдаг байна.
Сонгинохайрхан автовокзалын хяналтын байцаагчид ийм төрлийн залиланг таслан зогсоохын тулд чанга хяналт шалгалт хийж байгаа аж.
Н.Бямба
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 10, 2011 3:11:55 pm )
estoi bolgoomjtoi l bh heregtei
1 Comment