Өөрсдийгөө архичин гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн, хувь тавилантайгаа эвлэрчихсэн, нийгэмд хүн гэж ойлгогдохоо больсон иргэдийг “Хархорин”, “Бөмбөгөр”, “Урт цагаан”-ы гэгдэх архичдын бүлэглэл гэцгээдэг. Тэднийг архинаас гаргая гэвч албадан эмчилгээ хийх боломжгүй. Эрүүлжүүлье гэхэд эрүүлжүүлэх төвүүд хүлээж авах боломжгүй. Эмнэлэгт хэвтүүлээд эмчлүүлэх гэхээр архичин учраас бас л боломжгүй. Эцэст нь цагдаагийнхан л архичдын бүлэглэлүүдтэй “найзалж” үлддэг аж. Архичдын бүлэглэлийн нэг өдрийг сурвалжиллаа.
“МӨНГӨ ӨГВӨЛ АМЬДРАЛАА ЯРИАД ӨГЬЕ”
Тэднийг ажилдаа гарахаас өмнө “гэр”-т нь очихоор өчигдөр өглөө 07.00 цагт “Хархорин” захаас “Таван шар”-ыг зорилоо. Яг тэр үеэс ноорхой хувцастай, ууттай шил, лааз үүрсэн хүмүүс хоёр, гурваараа “Хархорин” захын урдуур, “Драгон” төвийн өмнөх гүүрний орчим, “Таван шар”-аас цуглацгааж эхлэв. Ерөнхийдөө өглөөгүүр тиймэрхүү хувцастай, архичин царайтай нөхдүүдийн цуваа явах юм. Тэд өөр, өөрсдийнхөө бүлэглэлийн “гэр”-т очиж байна. Гэр гэдэг нь шил лааз овоолсон хашааны булан эсвэл дулааны шугам дээгүүр уут, шуудай татаж хийсэн урцархуу оромж байх. “Токио” зочид буудлын хашааны буланд Батзоригийн бүлэглэл төвхнөжээ. Хоёр төмөр хувин, хэдэн хуванцар сав, ноорхой хөнжил тэргүүтэн тэдний хогшил. Дөрвөн нөхөр хөнжилдөө тухтай нь аргагүй хэвтэцгээнэ. Бусад нь тэднийгээ бараадан сууцгаана. Зарим нь шөнө шил, лааз түүж яваад ирсэн учир амарч байгаа гэнэ. “Толгойт”, “Таван шар”, “Ханын материал” хавиар эргэлддэг нөхдүүд өглөө “гэр”-тээ цуглаж шил, лаазаа тушаан ахлагчийнхаа зөвшөөрлөөр архиа авч ууцгаадаг аж. Биднийг очсон даруйд бүлэглэлийн ахлагч Батзориг хөөж гарав. Сонины нүүрэнд сурталчилгаа болохгүй, 76 гишүүний бахыг хангахгүй л гэнэ. Тэр даруйд бусаддаа нүдээрээ дохио өгөх нь тэр. Нөгөөдүүл нь ч буруу харцгааж хэвтээд таагүй байгаа гэж жигтэйхэн.
Гэтэл нэгэн эмэгтэй “Та нар мөнгө өгчих л дөө. Амьдралаа яриад өгье” гэв. Тэр бүсгүй Батзоригийн бүлэглэлийнх биш, харин ганц шил “юм” задлах сургаар нь ирчихсэн байгаа нь тэр гэнэ. Бүсгүй тохирсон 5000 төгрөгөө урьдчилж авч байж хэдэн асуултад хариуллаа. Эвгүйхэн асуулт асуучихвал урдаас зодчихмоор эвгүй харилцах юм тэр. Ингээд 19 настай Цэцэгээтэй ярилцлаа.
-Хэдийнээс архинд орж энд ирэв. Яагаад ийм замыг сонгочихов?
-Би архи уудаг юм аа, үнэн. Манай аав, ээж, хүүхэд бүгд угаартаад нас барчихсан. Өөр би юу хийх юм бэ.
-Ажил хийж болно шүү дээ.
-Сүлжмэлийн үйлдвэр, ноолуурын үйлдвэрт гээд олон ажил хийсэн. Хамгийн сүүлд “Атмор” гэдэг компанид ажиллаж байсан. Чи ах дүү нараа алдчихвал архи ууна биз дээ.
-Өөрөө дөнгөж 19 настай. Ажил хийгээд сайхан амьдарч болно биз дээ.
-Гунигтай байна. Өөр яах юм бэ. Намайг орцны жижүүрээр ажилд авъя гээд гуйдаг олон хүн байгаа. Архи уух нь жаргалтай байна, яадаг юм.
-Бүлэглэлийнхээ үгэнд оролгүй ярилцлага өгөхөөс айхгүй байна уу?
-Би эд нартай нийлдэггүй. Эднийг зодоод хаячихсан ч чадна. Хонох газар олдохгүй болохоор л ирдэг. Заримдаа орцонд хононо. Хүмүүс их зэвүүн хөөгөөд, тэнэгтэж өгнө.
-Миний өгсөн мөнгөөр архинаас өөр юм авч болохгүй юү?
-Өөр юу хэрэгтэй юм бэ. Урьд нь Гомбо гэдэг нэртэй архи уудаг байлаа. Одоо тэр нь олдохгүй хэцүү байна. Гомбо тасарчихсан байхгүй юу. Одоо “Хараа”, “Ерөө”-гөө л авна даа (Гомбо гэдэг нь найруулсан архи аж).
-Архины эмчилгээнд яваад архинаас гарчихаж болохгүй юу?
-Тэр эмчилгээнд чинь явсан хүмүүс гарч ирээд л үхдэг юм. Тэгж амиа хорлохгүй. Уусаар байгаад л үхнэ. Хачин, хачин эм тариа өгөөд алчихдаг гэсэн.
-Эх орны хишгээ авдаг уу?
-Бичиг баримтаа шатаачихсан юм чинь юугаа авдаг юм. Шил, саваа түүгээд өдөрт хоёр мянган төгрөг л олдог. Тэрүүгээрээ л архи ууна ш дээ.
-Яавал архинаас гарах юм бэ. Төрөөс юу хүсч байна вэ?
-Гэр өгчих. Тэгвэл архинаас гарлаа.
-Нөхөртэй юү?
-Эд нарыг яаж тоож нөхрөө болгодог юм гэлээ. Тэрбээр өөрийгөө эрүүл байна гэж хэлсэн. Гэвч биеэс нь нэвт архи үнэртэж, агсам тавьж байгаа нь согтуу байгааг нь гэрчилж байлаа. Архины мөнгөтэй болсон бүсгүй нэг хамтрагчтайгаа бүжиглээд тун ч жаргалтай үлдсэн.
ХАЙРААРАА НИЙЛЭГСЭД
Архичдын хоёр дахь бүлэглэл рүү явлаа. Тэд 32 дугаар байрны харалдаа төмөр замын цаана дулааны шугам бараадан оромжоо засчээ. Өмнөхийн адил төмөр зам, шил лааз төдийхнөөр төвхнөчихсөн. Задгай биш болохоор гэр нь арай л тохьтой. Арав гаруй архичин тэнд байна. Олонхи нь ёолцгоон хэвтэнэ. Нэг нь хоёр өдөр архи уугаагүй учраас үхэхийн наахнуур байгаа гэнэ. Тэдний “Гомбо” гэж нэрлэдэг архи тасарчихсан учраас амьдрал хэцүү байгаа аж. Цагдаагийнхан спирт зардаг бүлэглэлийг саатуулж, “Хорго цагаан”, “Монгол инженер” нэртэй архины үйлдвэрүүдийг хаачихсан учраас “Гомбо” олдохгүй байхаас аргагүй. Дээрх архиуд 700-1000 төгрөгийн үнэтэй. Ийм хямд архигүй учраас архичид үхэхээс наагуур, зовж байгаа гэнэ. Тэдний нэг нь хоолоо хийж сууна. Ээлжээр босч, ээлжээр хоол хийдэг. Ерөнхийдөө бүгд амьдралын ном журамтай. Бүлэглэлийнх нь бүсгүйг өөр нэг нь дээрэлхвэл бүгд очоод зодолдчихно. Өөрийн гэх эзэмшлийн газартай. Бүсгүйчүүд нь тун сонин амьдралтай. Өнөөдөр архины ахиухан мөнгө олсон нэгэнд нь хайртай болоод гэрлэчихнэ. Маргааш өөр нэгэнд нь дасаад дэр нэгтгэчихнэ. Ер нь тэдний дундын өмч болдог аж. Нэг бүсгүй бүр “Би нөхөр, хүүхэдтэй сайхан амьдарч байгаад энд хайртайгаа учирсан. Одоо хайртайгаа байгаа учраас жаргалтай байна. Хайраа олсон хүн хүүхдүүдээ юунд нь санадаг юм” гэж хээвнэг ярина. Өнгөрсөн долдугаар сарын 7-нд нэг найз нь гудамжинд өөд болжээ. Өмнө нь “Намайг үхвэл нохой тэжээгээрэй” гэсэн гэрээсийг нь дагаж хоёр ч нохой тэжээж байгаа гэнэ. Тэд өөрсдийгөө хайраараа нийлсэн гэж тодорхойлно. Бас нэгийгээ хайрлаад л байвал тэр амьдрал гэж бардамнана. “Оюу толгойгоос хувь гуйхгүй, 21 мянгыг авахгүй, 76 луйварчнаас архи нэхэхгүй. Бид энэ нийгэмд ямар гай болсон юм бэ. Өөрийнхөөрөө ууж байгаад л үхнэ” гэж агсам тавих нэгэн ч тэнд байлаа. Олонхи нь шартчихсан байгаа бололтой биднийг тун таагүй хүлээж авсан. Энэ бүлэглэлийг Батбаяр гэдэг агсам нөхөр ахалдаг бололтой. Нөгөөх нь сав л хийвэл эрх баригчдыг харааж, хайрын сайхныг биширнэ. Түүний хувьд ханьтайгаа танилцаад үнсэж байсан нь амьдралынх нь хамгийн жаргалтай үе гэсэн. Тэгсэн атлаа одоо гурав дахь ханьтайгаа учирснаа бас ярина лээ.
Хайраараа нийлэгсдийн бүлэглэл ахлахыгаа жигтэйхэн хүндэлнэ. Олсон мөнгөөр хэдэн шил архи авч, хэн илүү хүртэхийг ахлах шийддэг учраас хайрлахаас ч аргагүй. Үгийг нь яс дагана. Тэнд архинд орохоосоо өмнө төрд ажиллаж, нэр төртэй байсан хүн бараг байхгүй. Олонхи нь хөдөөнөөс шилжин ирэгсэд аж.
“ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ӨГЧИХВӨЛ АРХИНААС ГАРЛАА”
Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг архичид гэртээ тун даруухан байдгийг мэдлээ. Бид “32-ын гүүр”-ны өмнө, архичдын цугладаг дулааны шугамын ойролцоо зогсч байлаа. Гэтэл гэрт нь уулзсан нөхдүүд төмөр хашлага дамжилчихсан хүрээд ирлээ. Аль нэг байгууллагын хашааны төмрийг хулгайлаад ирсэн нь илт. Хоёрдогч түүхий эд зардаг газар тушааж, архины мөнгөтэйгээ золгох гэж байгаа нь тэр. Тэгснээ биднийг хараад бүгд төмөр, мод барин дайрч эхлэв. Зарим нь хувцсаа тайлж харуулна л гэнэ. Элдвээр л зүхлээ. Архиа уучихсан, бие нь тавирчихсан учраас бүхнийг дийлдэг үедээ байгаа бололтой цагдаа нар руу ч гар далайж байв. Газар зохион байгуулагч мэргэжилтэй Х.Хоролгарав Хөвсгөлөөс аав, ээжийгээ орхиод ирсэн гэнэ. 34 настай тэр залуу 17 жил архи ууж байгаа гэсэн. Ерөөсөө л бичиг баримтаа алдаад архичин болчихсон гэнэ. Бас түүний архичин болсонд АПУ компани буруутайг хэллээ. АПУ байгаагүй бол мань хүн архи гэдгийг мэдэхгүй байсан гэнэ. “Ерөнхийлөгч надад иргэний үнэмлэх өгчихвөл архинаас гарлаа” гэнэ. Нөхдүүд мөнгөтэй болчихоод “Москва” хорооллын баруун тал дахь эзгүй гараашид тухлан архиа ууцгаасаар үлдлээ. Тэд орой дахин гарч шил, лаазаа түүж, дэл сул байгаа төмөр хулгайлна. Маргааш өнөөх амьдрал нь давтагдана. Хүйтрээд ирэхээр Налайх руу нүүхээ ярьцгааж байсан. Тэгэхгүй бол тэнэж яваад хөлдөж үхнэ. Төрд данстайгаа гэрчлэх бичиг баримтгүй тэднийг үхлээ гэхэд хэн ч тоохгүй. Бүлэглэлийнхэн нь нохой тэжээж буян хийсэн болж байгаад мартацгаана. Уржигдар шөнө л гэхэд Баянгол дүүргийн нутагт архичдын нэг амиа алджээ. Түүний цогцсыг цагдаа нар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн юм.
АРХИЧДЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ
Хоёрдогч түүхий эд авдаг төвүүд архичдын гол санхүүжүүлэгч байдаг аж. Траншейны таг, хашааны хайс гэх мэт хулгайлсан нь илт эд зүйлийг өгсөн ч тэд авцгаана. Бүр авчирсан эд зүйлийг нь аваад хариуд нь хямд архи өгдөг нэгэн ч байдаг гэнэ. Хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийг хотоос зайдуу байлгавал архичид цөөрч магадгүйг цагдаагийнхан хэлж байсан. Мөн нийгмийн халамжийн байгууллагууд өөрсдийгөө сурталчлах байдлаар ганц хоёрхон удаа архичдыг хооллоод хаядаг гэнэ. Дахиад хүргээд өгөхөөр хүлээж авдаггүй. Архичид хамуу, сүрьеэ, БЗХӨ гэх мэт өвчтэй учраас эмнэлэг, албадан эмчилгээний төвүүд өөрсдөдөө хавьтуулдаггүй. Бичиг баримтгүй учраас төрийн байгууллагууд тэднийг шагайлгахгүй. “Тэнд архичин үхчихсэн байна. Очоод аваач”, “Манай орцонд архичид хонож байна гаргаач” гэх дуудлагыг цагдаагийнхан л хүлээж авдаг. Харин цагдаад өнөөх архичдыг орогнуулах байр, эрүүлжүүлээд эмчлэх арга байхгүй. Хоёр хоног эрүүлжүүлэхэд байлгалаа гэхэд архины хордлогод орж үхчих гээд байдаг, сул байлгахаар нөхдүүд хулгай хийх, охид бүсгүйчүүдийг дээрэмдэх гээд гэмт хэргийн дуудлагаас салдаггүй гэх мэт зовлонг хэсгийн байцаагчид ярьж байсан. Цагдаа нар өдөр бүр архичидтай, архичдын бүлэглэлтэй ажилладаг. Гэвч дээрээс авдаг тууштай бодлого байхгүйгээс тэдний өдөр тутмын ажил үр дүнгээ өгдөггүй аж. “Хархорин”-ы архичдын хаягдсан амьдрал ийм л байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 10, 2011 4:28:50 pm )
shal balai yum ene xvmvvs xezeech zasraxgviee
1 Comment