
“Авлигатай тэмцэнэ гэдэг түр зуурын кампанит ажил биш урт хугацаанд, тууштай хэрэгжих улс төрийн бодлого юм …” В.Путин 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялсныхаа дараа энэ үгийг хэлсэн байдаг.
Чухам энэ л богинохон өгүүлбэрт В.Путины амжилтын нууц бас утга учир оршиж буй юм. Тэрээр 2000 онд анхлан Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр л цаг мөчөөс эхлэн Орос гүрний доройтлын шалтгаан, өсөн өндийхийн саад тотгор нь улс орныг балчиг намаг мэт сорон доош чангаах авлигын тор, тэр торыг нэхэгч олигархиуд гэдгийг сайтар ойлгож алгуурхан боловч тууштай тэмцлийг эхлүүлсэн.
В.Путины авлигатай хийж буй тэмцлийг амжилтанд хүргэсэн бодлогын чухал гурван онцлог нь, нэгдүгээрт авлигатай хийх тэмцлийг орой дээрээс нь эхлүүлэх буюу толгойноос нь эхэлж дарах, хоёрдугаарт хууль эрх зүй дэх цоорхойг бөглөх, зохистой өөрчлөлтийг тогтмол оруулах, гуравдугаарт, хөрөнгийг байх ёстой газар нь, хууль ёсны эзнийх нь эзэмшилд байлгах байв.
АВЛИГЫГ УСТГАЯ ГЭВЭЛ ОРОЙ ДЭЭРЭЭС НЬ ЭХЛҮҮЛ
Авлигатай тэмцэхийг зөвхөн амласаар ирсэн манай төрийн тэргүүнүүдээс ялгаатай нь В.Путин тэмцлийг оройноос нь эхлүүлсэн. Б.Г.Ходорковский гээд авлига, хахуулийн толгой олигархиудын уналт одоо шинэ сонин биш боловч В.Путины амжилтын гараа, Орос орны хөгжин дээшлэх зам, мөрийн эхлэл байсан гэж дурсагдах учиртай. Тэгвэл өнөөдөр Улюкаев, Захарченко ямар сонсогдож байна? Орой дээрээс нь, тиймээ толгойг нь тасдвал их бие, сүүл нь ажиллагаагүй болно, ойлгомжтой тактик. Үүнийг манай Монголын дарга нар ойлгохгүй, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу, бүү мэд.
Хэдхэн хоногийн өмнө Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын алба хашиж байхдаа хоёр сая ам.долларын авлига авч байгаад газар дээрээ гардуулсан Улюкаев гэгчийн асуудал авлига авсан төрийн ямар ч өндөр албан тушаалтанд өршөөл үгүй гэдгийг гэрчилсэн сануулга болсон.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Оросын Дотоод хэргийн яамны харъяа Авлигатай тэмцэх газрын дарга, хурандаа Захарченкогийн байр, машинаас нийт 124 сая ам.доллартай тэнцэх евро, рубль зэрэг асар их бэлэн мөнгийг илрүүлэн хурааж Захарченког баривчилсан нь нэг талаас авлигын тор Оросын нийгэмд хаагуур хэрсэн, хэрхэн гүн нэвчсэн, ямар хэмжээтэй буйг харуулсан бол нөгөө талаас авлигын торыг хаа ч байсан хэрчин тасалж, хэн ч байсан хуулийн дор авчирч чадах хүчтэй механизм ажиллаж байна гэдгийг тодоор харуулсан ажиллагаа болсон юм.
Улюкаев, Захарченко гэх авлигачид мөн оффшортонгууд байсан нь гайхаад байх зүйл биш бөгөөд төрийн өмчийн хувьчлалыг зүтгүүлэгч Улюкаев гэхэд эхнэр болоод хүүгийнх нь нэр дээр Британийн Виржин аралд бүртгэлтэй “Ronnieville Ltd” гэх оффшор компанитай байсан бол Захарченко нь ойрын хамаатнуудынхаа нэр дээр Швейцарийн болоод өөр гадны хэд хэдэн банкинд, үүн дундаа “Rothschild Bank”, “Dresdner Bank”-уудад данстай байсан, мөн эдгээр дансаар их хэмжээний гүйлгээ хийгдсээр ирсэн нь илэрсэн юм.
Өнөөдөр Орост авлига ялангуяа дээд түвшин, элит гэгддэг хүрээнд эрс багассан бөгөөд сүүлийн 16 жилд Оросын нийгэм, эдийн засагт ажиглагдсан дэвшилтэд өөрчлөлтүүд, тухайлбал ядуурал 28 хувиас 11 хувь болж буурсан, нэг хүнд ногдох ДНБ 11 дахин өссөн зэрэг үзүүлэлтүүдийг бий болгоход авлигын эсрэг хийсэн амжилттай тэмцлүүд зохих хувь нэмрээ оруулсан нь гарцаагүй юм.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ДЭХ ЦООРХОЙГ БӨГЛӨХ, ЗОХИСТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТОГТМОЛ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Авлигатай хийж буй тэмцлийн үр дүн, улс төр эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамааран В.Путин хууль эрх зүй дэх цоорхойг бөглөж, зохих өөрчлөлтийг тогтмол хийсээр ирсэн. 2013 оны тавдугаар сараас хүчинтэйгээр үйлчилж эхэлсэн “Хууль 79-ФЗ” буюу төрийн албан хаагч, хууль батлагчид, улсын компанийн менежерүүд, шүүгчид, тэдгээрийн эхнэр, насанд хүрээгүй хүүхдүүдийг гадаадад данстай байх, санхүүгийн ямар нэгэн хэрэгсэл эзэмших, оффшор бүртгэлтэй компанитай байхыг хориглосон хууль хамгийн үр дүнгээ өгсөн гэж үзэж болно.
Энэ хууль нэг талаас асуудлын орой руу, Оросын олигархиуд руу чиглэсэн, төрд шургалсан баячуудыг шигшэн шүүсэн ажиллагаа бол нөгөө талаас гадагш гарсан асар их баялгийг буцаан татах давхар зорилгыг агуулсан юм. “Хууль 79-ФЗ” батлагдсанаар олны танил олон хүн гадаадад нуусан хөрөнгөө эх орондоо эргүүлэн авчирсан юм.
Тухайлбал, Оросын авлигын загалмайлсан эцэг Анатолий Чубайс Швейцарь руу гаргасан хөрөнгөө Орост буцаан оруулж ирэхээс өөр аргагүйд хүрсэн бол Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов Британийн Виржин арлууд дахь оффшор дансан дахь мөнгөө мөн л Орост буцаан авчирсан байна. Тухайн үед хууль батлагдсан даруйд Холбооны Зөвлөл буюу парламентын дээд танхимын Оросын тэргүүн баячуудын нэг Николай Ошанский тэргүүтэй 166 гишүүн, Дум буюу доод танхимын 15 гишүүн гадаад дахь хөрөнгөө эргүүлэн авчирсан гэсэн тоо байдаг.
Гэвч гадаад дахь хөрөнгөө эх нутагтаа авчирснаас сенатын суудлаа өгсөн нь дээр гэж үзсэн Гуриев, Молчанов, Бажанов, Ананиев зэрэг дээд танхимын гишүүд, мөн гадаад дахь хөрөнгөө авчрах хүсэлгүйгээс төрийн албанаас татгалзсан Чукоткийн амбан захирагч алдарт олигарх Абрамович, Харилцаа холбооны яамны орлогч сайд Свердлов зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хархад “Хууль 79-ФЗ”-г Оросын нийгмийн дээд давхарга, олигархиуд өөр, өөрөөр хандаж хүлээн авсныг илтгэж буй юм.
Хууль хүн бүхэнд таалагдах албагүй, тэр тусмаа хууль олигархиудын эрх ашигт нийцүүлэн батлагдах албагүй, ёсгүй гэдгийг энэ хуулийн хэрэгжилт харуулсан төдийгүй их хэмжээний хөрөнгийг гаднаас эргүүлэн татаж төрийн албыг цэвэршүүлэх, эх оронч үзлийг бий болгож төрдөө итгэх итгэлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон юм.
ХӨРӨНГӨ БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА, ХУУЛЬ ЁСНЫ ЭЗНИЙХЭЭ ЭЗЭМШИЛД БАЙХ НЬ ШУДАРГА
В.Путины авлигын эсрэг тэмцлийн гурав дахь онцлог нь авлигачдыг барьж шийтгэхээс гадна хууль бусаар завшсан хөрөнгийг байх ёстой газарт нь байлгах, хууль ёсны эзнийх нь эзэмшилд өгөх арга хэмжээг шат дараалан авч буйд оршино. Улсын баялгийг гадагш нь зөөж гадаадад, оффшорт нуусан бол тэр байрлал тухайн баялгийн байх ёстой газар биш болж таарна.
Мөн хэн нэгэн зальхай этгээд улсын үйлдвэрийг, эсвэл хэн нэгэн өөр хүний хөрөнгийг луйвардан авсан бол хөрөнгө хууль ёсныхоо эзний эзэмшилд очих ёстой гэсэн үг. Энэ тал дээр улсын сан хөмрөгт авлигачдаас буцаан авсан “Лукойл” компанийн хэргийг жишиг болгон дурдах нь зүй ёсны хэрэг бөгөөд өнөөдөр Оросын эдийн засгийн тулгуур болсон топ компаниудын 80 гаруй хувь нь улсын эзэмшлийн компаниуд байгаа нь өмч хууль ёсны эзнийхээ эзэмшилд байх ёстой гэсэн В.Путины бодлогын үр дүн юм.
Дээр дурдсан “Хууль 79-ФЗ” ажиллагаа ч энэ бодлогыг хэрэгжүүлэх нэг арга хэрэгсэл байсан. В.Путин 2016 оны нэгдүгээр сарын 26-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх зөвлөлийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “гадаад, дотоод хаана ч авлига, хулгайн замаар завшигдсан хөрөнгийг бид буцаан авчрах ёстой” хэмээн онцолсон нь түүний авлигын эсрэг тэмцлийн ээлжит нэгэн шат эхэлсэн гэж үзэж болно. Дотоодын хууль эрх зүйн орчинд шийдэгдэх асуудлын хувьд харьцангуй боломжтой.
Тухайлбал 2015 онд Орост шүүхээр шийдэгдэж буцаан олгохоор тогтоогдсон 15.5 тэрбум рублиэс одоогоор 588 сая рубль буцаан олгогдсон гүйцэтгэлтэй яваа нь даруухан боловч цаашид улам өргөжин тэлэх дэвшил юм. В.Путины хэлсэн үгнээс бид гадаад гэсэн үгийг онцлон анхаарах ёстой учир нь Оросын авлигачид, олигархиуд үндэснийхээ асар их баялгийг гадаадад гаргачихаад байгаа юм. Саяхны нэгэн судалгаагаар ойролцоогоор 800 тэрбум ам.доллар буюу Оросын одоогийн ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оффшорт нуугдаж байгаа гэсэн бөгөөд энэ их хөрөнгө Оросын элит гэгддэг цөөн тооны хүмүүсийн мэдэлд байсаар байгаа юм.
“Хууль 79-ФЗ” нь цагаа олсон ажиллагаа болсон бөгөөд үр дүнд нь гадагш гарсан асар их хэмжээний хөрөнгийг эргүүлэн татаж чадсан. Төрийн албанаас татгалзах замаар, эсвэл хууль эрх зүй дэх орон зайг ашиглан хуулийн гадна үлдэж чадлаа гэж бодож байгаа нөхдүүд бол эндүүрсэн хэрэг. В.Путины авлигатай тэмцэх дараачийн шатны бодлого хаагуур яаж ирэхийг мэдэхгүй, гэхдээ тэр авлигад, авлигачдад орон зай үлдээхгүй.
ДҮГНЭЛТ БОЛООД САНАМЖУУД
В.Путины авлигын эсрэг хийсэн амжилттай тэмцэл нь Оросын нийгэм, эдийн засагт гарсан дэвшилтэт өөрчлөлтүүдийг бий болгосон нэгэн хүчин зүйл байсан юм. Би энд олон улсын авлигын хэмжүүр гэгддэг Транспаренси Интернационал-ын индекс, зэрэглэлийг ашиглахыг хүссэнгүй, яагаад гэвэл энэ байгууллага асуудалд бодитой ханддаггүй, үйл ажиллагаандаа улс төрийн өнцгөөс хандах хандлага ажиглагддагаас тэр.
Авлига гэдэг улс орныг дотроос нь идэж аажмаар мөхөлд хүргэдэг аймшигт үр дагавартай. Тиймээс авлигыг устгах гарцаагүй шаардлага бий, гэвч нөгөө талаас авлигын эсрэг болгоомжгүйгээр хийсэн тэмцэл нь улстөрчийг унагаж, төрийг мөхөөж, улсыг сүйрэлд хүргэх эрсдлийг дагуулдаг гэдгийг санах ёстой.
ПУТИН БА ОРОС УЛС
Хэдийгээр олон улсад үүссэн нөхцөл байдал, Оросын эсрэг барууныхны авч хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн хориг арга, хэмжээний улмаас сүүлийн хоёр жилд Оросын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээгдэж буй үр дүнд хүрэхгүй, бууралттай гарч буй ч В.Путины 12 жил Ерөнхийлөгч, дөрвөн жил Ерөнхий сайдын албанд засагласан 16 жилийн эхний 13 жилд нь нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, дэвшлүүд бий болсон юм.
Үүнд В.Путин Ерөнхийлөгчөөр анхлан сонгогдохын өмнөх 1999 он болоод түүний засаглалын үе дэх эдийн засгийн өсөлтийн оргил үе болох 2013 оныг харьцуулахад: ДНБ 195 тэрбум ам.доллараас 2.230 тэрбум ам.долларт хүрч 11.4 дахин өссөн, ДНБ-ий 78 хувь хүрч байсан Засгийн газрын өр дөнгөж найман хувь хүрч буурсан, нэг хүнд ногдох ДНБ 1320 ам.доллараас 14.800 ам.долларт хүрч мөн 11 дахин өссөн бөгөөд эдийн засгийн салбарт гарсан эдгээр гайхам үзүүлэлтүүдээс гадна улс төр, нийгмийн зарим хүндрэлтэй асуудлууд амжилттай шийдэгдэж Орос улс дэлхийн тавцанд тэргүүлэх гүрний эгнээнд буцан ирсэн юм. Улс төрийн зорилгоор эсвэл атаархлаар л биш бол үгүйсгэж болохооргүй ийм гайхалтай амжилтууд нь ч В.Путиний эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн зүтгэл, чин сэтгэлийн тэмцлийн үр дүн юм.
АНУ, Европын холбооноос Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээ болоод дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унасан үзэгдэл нь нэг талаас тус улсын эдийн засагт ихээхэн хүндрэлийг авчирч дарамт учруулж буй ч нөгөө талаас оросуудад өвдөлтийг мэдрүүлснээрээ тэдэнд барууныхнаас эдийн засгийн хувьд хараат байгаа байдалдаа дүгнэлт хийх, нийгэм, эдийн засгийн суурь тогтолцоо, хөгжлийн стратегийн бодлогодоо томоохон өөрчлөлт оруулах зоригтой алхамыг хийх боломжийг олгож байгаа юм.
Орос орныг торлоод, дөрлөөд байсан авлигатай хийх тэмцэлд алгуурхан, болгоомжтой боловч тууштай, яван чангарах бодлогыг баримталсан нь В.Путиныг амжилтад хүргэсэн. Гэхдээ бүрэн ялалт хараахан ирээгүй, аян зам урт, тэмцэл амжилттайгаар үргэлжилж байна гэдгийг санах хэрэгтэй. Авлига бол түүний өргөн фронтод хийж буй тэмцлийн зөвхөн нэг л хэсэг. В.Путин авъяаслаг удирдагч, улс төрч, тэмцэгч гэдгээ нэгэнт харуулсан. Тэр дэлхийн хүн, зөвхөн Орос орон бус мөн дэлхийн олон улс, ард түмэн түүнд итгэж найдаж байгаа. Түүнд итгэж болно, мөн түүний амжилтанд ч эргэлзэхгүй байж болно.
Эдийн засагч Х.Батсуурь
18 Comments