“Дипломат албаны түүхэнд өөрийнхөө дипломат төлөөлөгчийн газрын байрыг хүн цагдах хорих, мөрдөх байр болгосон, иргэнээ цагдаж хорьж саатуулсан ийм тохиолдол соёлт ертөнцөд байхгүй. Монголын нэр сүрийг ингэж л унагасан…” хэмээн өмгөөлөгч Л.Санжаасүрэн 2010 оны арваннэгдүгээр сард ярьж байсан юм. Энэ нь Д.Энхбат гэдэг хүнийг 2003 онд С.Зоригийн аллагад холбогдуулан хууль бусаар Францаас баривчилж Монголд авчрах нууц ажиллагаанд хувь нэмрээ оруулсан Франц, Бельги, Герман дахь Монголын ЭСЯ-дын тухай яриа юм. Тэгвэл 2003 оны асуудалд зөвхөн ЭСЯ-д байраа ашиглуулаад өнгөрчихөөгүй. Илүү хариуцлагатай төвшинд ажилласан юм байна гэдгийг гэрчлэх баримт Хүний эрхийн дэд хорооны Ажлын хэсэгт иржээ.
Энэ тухай өгүүлэхээс өмнө эргэн сануулахад, өмгөөлөгч Л.Санжаасүрэн Хүний эрхийн дэд хороонд хандаж “Франц улсад амьдарч байсан иргэн Д.Энхбатыг Монголын төр хулгайлсан явдал нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон уу гэдэгт тодорхой дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. Мөн Д.Энхбат агсныг С.Зориг агсны хэрэгт сэжиглэхэд өмгөөлөгчөөр нь ажилласныхаа төлөө шоронд орж, улмаар өмгөөллийн эрхээ цуцлуулсан тул өмгөөллийн хөндөгдсөн эрхийг сэргээж өгөх хүсэлтийг давхар гаргасан.
Тэрчлэн Хүний эрхийн дэд хорооноос Ажлын хэсэг гарч 2003 онд Францаас Д.Энхбат гэдэг хүнийг баривчлан авчирсан ажиллагааг Монгол Улсын ямар хууль тогтоомжид нийцнэ гэж үзсэн, баривчлагдаж ирсэн хүнийг яагаад эрүүдэн шүүсэн, хэн гэдэг албан тушаалтны заавраар хийсэн бэ гэхчлэн асуудлуудыг нягтлан тодруулан тогтоож, хэрэв эрүүгийн шинжтэй байвал Ерөнхий прокурорын газарт бичиг хүргүүлэх чиглэлтэй ажиллаж ирсэн.
Тэгвэл Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжингийн хэлж буйгаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Тагнуул, цагдаагийн байгууллагаас хүн болгоны мэдэж байгаа мэдээллийг өгөөд, байгаа зүйлээ ил болгоогүй байгаа учраас дахин бичиг шидээд сууж байгаа гэнэ. УИХ мөрдөн шалгах эрхгүй учраас шалгах боломжгүй. Хэдийгээр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөн шалгахтай холбоотой заалт оруулсан боловч долдугаар сарын 1-ний хэрэг шиг байдалтай болоод байна гэж байна. Гэхдээ тус хороонд ирсэн мэдээллээр тухайн үед Цагдаагийн байгууллагаар дамжаагүй. Хууль зүйн яамаар дамжаагүй. Тэр үед Тагнуулын ерөнхий газар, Ерөнхий сайдаар дамжаагүй. Баривчлахтай холбоотой асуудал, хэрэг шийдвэрлэх нотолгоо гаргах ажил Гадаад хэргийн яамнаас гарсан гэсэн баримт ирсэн гэдгийг, энэ асуудлыг эцэслэж шийдвэрлэж, хэн буруутайг нь тогтоож, дахин ийм ноцтой хэрэг гаргахаас сэргийлж болно гэж хэлж байна.
Тэгэхээр 2003 оны баривчлах ажиллагаанд тухайн үеийн Гадаад хэргийн яам ингэж оролцсон гэдэг нь харьцангуй шинэ мэдээлэл юм. Тухайн үед Д.Энхбат болоод гүйцэтгэх ажилтнуудыг Франц, Герман дахь ЭСЯ-дын байранд орогнуулсан гэдгээс өөрөөр ГХЯ-тай холбоотойгоор төдийлөн яригдаж байгаагүй. Тухайн үед Германд элчингээр сууж байсан Д.Тэрбишдагва дараахан нь Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ХХАА-н сайдаар ирэхэд уг хэргийг эхнээс нь дуустал хамгийн сайн мэдэж байсан хүний нэг хэмээн манай хэвлэлүүд бичиж байсан юм. Учир нь Д.Энхбатыг Францын Ле Хавре хотоос баривчилж, улмаар Германаас онгоцонд суулгах гэхчлэн үйл ажиллагаанд байр, машин зэрэг бүхий л шаардлагатай зүйлсийг хангаж ажилласан тал нь ЭСЯ-д байсан гэж ярьдаг. Д.Тэрбишдагва гишүүн өөрөө ч “Д.Энхбатын асуудлаар намайг их оролдсон. Тэр Германаар дамжиж явсан нь ч үнэн. Тэр үед бид Элчин сайдын яамны барилгаа бариад шороо, тоос бужигнуулсан газарт байсан. Нэг хагас сайн өдөр Берлинд ажиллаж, амьдарч, сурдаг оюутан залуусыг уриалаад амралтын өдөр зохион байгуулж гадаа ажиллаж байх үеэр хүмүүс ирээд ийм хүнийг байрлуулъя гээд дутуу баригдсан байшингийн подвальд байлгаж байгаад л авч явсан” хэмээн ярьж байсан юм. Сонирхолтой нь, 2003 оны баривчилгааны дараа Европын орнууд манай дипломатуудыг шалгасан байдаг бөгөөд Францад Консулын ажилтан байсан Д.Гэрэлмаа хэмээх эмэгтэй нутаг руу хөөгдөж ирсэн байдаг. Үнэн хэрэгтээ Франц дахь Элчин сайд Батбуян, Герман дахь Элчингээр сууж байсан Д.Тэрбишдагва нарыг ч нутаг дээрээ элчингээр суулгаж чадахгүй гэсэн байр суурийг нөгөө талаас илэрхийлсэн гэх мэдээлэл байдаг.
Тэгэхээр Хүний эрхийн дэд хорооны даргын ярьж буй мэдээлэл нь тухайн үед Франц, Бельги, Германд улсаа төлөөлөн сууж асан Элчин сайдууд эндээс, яамнаасаа авсан үүрэг чиглэлийн дагуу 2003 оны хэрэгт хүч хавсарчээ гэж дүгнэхэд хүргэж байна. Тухайн үед ГХЯ-ыг удирдаж байсан хүн бол өнөөгийн Ерөнхий сайд С.Батболд юм.
Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлыг харахад М.Энхсайханыг унагахын тулд Д.Энхбат гэдэг хүнийг баривчилж авчирсан гэх хандлагыг бататган яригсад ч цөөнгүй. Х.Тэмүүжин эрхэм нэгэнтээ “Улс төрийн зорилгоор тагнуулын байгууллагыг хөдөлгөж, Ерөнхий сайд сөргөлдөгч намын даргыг хорихын тулд хууль хяналтын байгууллагад захиалга өгч болдог зүйл манайд яагаад байгаад байна. Ийм зүйлийг бид таслан зогсоох ёстой. Ингэхгүй бол дахиад ийм гэмт хэрэг гарвал яах юм. Сонгууль болох гэж байхад нэг намаа даргагүй болгохын тулд хүнд хилс хэрэг хүлээлгэдэг болох уу.
Тухайн үед Д.Энхбат гэдэг хүн Тагнуулын байгууллагын шаардаж байсан мэдүүлгийг өгсөн бол М.Энхсайхан шоронд суух байсан. Энэ нь тодорхой зүйл. Ийм улс төр цаашид Монголд байх уу, үгүй юу гэдгээ бид харах ёстой. Ийм боломж Монголд байна гэдэг ардчилал эмзэг байгаагийн шинж” хэмээн ярьсан бол Б.Баабарын нийтлэл дээр ч “Үнэндээ Энхбат гэгчийг гадаадаас хулгайлж авчрахын өмнө Ардчилсан намыг сонгуульд даргагүй орно, сонгуульд шившгээ хутгана, Зоригийн хэрэг удахгүй илрэнэ гэж Нямдорж өөрөө ил далд зөндөө ярьсан. Энэ тухай мэдээлийн хэрэгслэлээр бишгүй нэг шуугисан. Ойлгогдсоноор бол Ардчилсан намын дарга Энхсайхан нь Зоригийн аллагын хэрэгт холбогдолтой юм байна, үүнийг Нямдорж олж илрүүлээд удахгүй дэлгэх юм байна, үүнээс болж Ардчилсан нам шившгээ хутгаж сонгуульд ялагдах юм байна гэсэн ойлголтыг өгч байсан хэрэг. Дараа нь үнэхээр хамаг хэрэг дэлгэгдсэн. Энхбат гэгчийг Францад гудамжнаас мунадаж унагаад ч юмуу хулгай хийж. Үүнийг Парист суух элчин сайдтай зөвшилдөн хийж. Дараа нь тэрийг машинаар зөөж Бельгид Элчин сайдын яаманд авчирч хэсэг хугацаагаар хорьж. Үүнийг мөн элчин сайдтай зөвшилдөн гүйцэтгэж. Тэндээсээ машинаар Берлинд авчирч. Мөн л элчин сайдтай зөвшин гүйцэтгэж. Сайд бүр орогнуулах байр гаргаж өгч. Ингээд манай чекистүүд Энхбатыг хилээр сэм нэвтрүүлэн МИАТ-ын онгоцоор Улаанбаатарт авчираад Ганц худагт хорьчиж. “ хэмээн өгүүлсэн байдаг.
Харин Л.Санжаасүрэн өмгөөлөгч “..үүрэг өгсөн хүнийг барих, илчлэх ёстой. Зохион байгуулалттай хэргийг анх сэдсэн автор хэн байна. Төлөвлөгөөг хэн хийсэн юм бэ. Зохион байгуулагч хэн бэ. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тагнуул тусгай алба гэдэг чинь нохойд барьдаг мод биш. Өөрөөр хэлбэл, хутга гэдэг чинь муу эд биш шүү дээ. Хоол хийхэд сайн. Харин хүн алахад хутга хамгийн муу эд шүү дээ. Тэгэхээр тагнуул гэдэг хутгыг барьж байгаа хүн гэмт хэрэг хийж болохгүй шүү дээ. Энэ байгууллагыг Монгол улсын төлөө ашиглах ёстой болохоос хувийнхаа эрх ашгийн төлөө ашиглаж болохгүй…” хэмээн ярьж байсан.
2003 оны хэрэгтэй холбоотой асуудлыг харвал ийм байна. Ямартай ч тухайн үеийн ГХЯ-ны зүгээс хавьгүй өндөр оролцоотой байж гэдэг нь тогтоогдож болзошгүй нь. Цаашлаад ч хөврөх асуудлууд бий болов уу.
Э.Болорхажид
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 03, 2012 10:15:20 am )
Enkhsainhaniig ungah zorilgotoi ELbegee-iin ajil baih. Odoo ch teriig ni sain guitsetgesen ni hun boloh Hurts ni yamar alban tushaaltai baigaa bilee. Bas neg hun gutgej, orsoldogchidoo zailuulah gesen Elbegee-iin sanaa yavj baigaa daa
-
Anonymous (February 03, 2012 1:51:11 pm )
yag unen
-
Anonymous (February 03, 2012 1:58:36 pm )
ter hunii ami yamar ch une tsenegui uhgurlee avchirj tamlasan hun devsheed yavdag yu bolj bainaaa ardchilsan eronhiilogchoo
-
Anonymous (February 03, 2012 1:58:36 pm )
ter hunii ami yamar ch une tsenegui uhgurlee avchirj tamlasan hun devsheed yavdag yu bolj bainaaa ardchilsan eronhiilogchoo
-
Anonymous (February 03, 2012 4:30:51 pm )
hyniig zovoon alsam hurch,tagnuulahan bol ochuuhen amitad tedudahgyi tengeriin hatuu gesgeeliig amsah chag ni bolson.uk
-
Anonymous (February 03, 2012 10:10:01 pm )
NYAMDORJ-S ASUUMAAR YUM BNA SH DEE, YUM L BOL EUNHIILUGCH RUU DAIRAAD MAN-II BUUNII NOHOI NAR YU VE
6 Comments