antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 2 comments

Б.Сарантуяа: Энэ чинь Сараа ш дээ

нийтлэсэн Admin

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяаг “Монголжингоо” буландаа урилаа. Дэлгэсэн тэрлэг шиг хүн гэвэл Сарааг хэлнэ. Тэр тэрлэг дэхь үл ялиг цоорхой, нөхөөс, гадна, дотно өнгө, түүнийг хэзээ угааж, индүүдэж байна вэ, тэр ямар цаг үед онгож ганддаг вэ гэдэг нь бүхний нүдэнд ил. Түүнд нууц зүйл нэг ч үгүй. Гэхдээ л түүнийг олон түмэн ямагт сонсож байдаг. Дашрамд хэлэхэд тэрээр энэ долоо хоногоос хөдөө орон нутгаар аялан тоглолтонд гарах гэж байгаа юм. “МТ-ийн аль нэг колонкоос аялан тоглолтын гараагаа эхэлнэ” гэж тэр хэлсэн.
    -Цаг хугацаа яваад байна. Эмэгтэй дуучны хувьд ерөнхийдөө “амьсгаадаж” эхэлдэг нас ч юм шиг. Та хүлээн зөвшөөрөхгүй ч байж болно. Гэхдээ хөндлөнгийн хүмүүсийн сэтгэхүйд аль хэдийнэ ийм ойлголт суучихсан байна шүү дээ?
-Би цаг хугацааг ёстой анзаардаггүй ш дээ. Цаг хугацааг  бүтээлээрээ  л дүгнэх юм даа. Олон жилийн өмнөхтэй хүмүүс харьцуулж боддог нь зүйн хэрэг. Олон жилийн өмнөхийг бодвол би арай тайван Сараа болсон байх. Гэхдээ ааш зангаараа тайван мэт боловч бүтээл талдаа бол сүрхий яарч адгах жишээтэй. Анзаардаг бол, сүүлийн үед уран бүтээлийн ажил хурдацтай явж байгаа. Дуучин хүний уран бүтээл орхигдоод ирэхээр хувийн амьдрал руу өнгийж эхэлдэг юм шиг санагдсан. Энэ жилүүдэд шатсан ч, шатаагүй ч, болсон ч, болоогүй ч уран бүтээлээ туурвисаар ирлээ.
  -Таны хувьд уран бүтээлээ туурвисан ч, туурвиагүй ч, хувийн амьдрал хэзээ ч сонирхлын гадна өнгөрөөгүй. Гэрт болж байгаа амьдралын чинь тухай яриа гадна өрнөсөөр ирлээ. Хожуу ч гэсэн охин үртэй болсон нь нэлээд шуугиан тарилаа шүү дээ?
-Нэг хүүхэдтэй айлууд гомдчих вий дээ. Дээхнэ үед ганцыг оргүйд, хоёрыг ганцад тооц гэдэгсэн. Бага охин маань надад ер бусын эрч хүч өглөө. Дуу хоолойн өнгө төрхөнд хүртэл нөлөөлж байгаа юм. Нээрэн, сэтгүүлч нар бидний амьдралыг нэгд нэгэнгүй бичиж байсан шүү. Сүүлийн үед харин бичих сэдэв хомс байна уу даа. “Сараа найз залуутай боллоо” гэхээр нь “юу вэ” гээд уншихаар амбасан үеийн мэдээлэл байх жишээтэй. Миний охины хувьд айлын бага, хамгийн энхрий ялдам амьтан. Өөрийнхөө хөөрхнийг бүр мэдэрчихсэн. \тас тас хөхрөв.сур\ Тийм болохоор нэлээд атаман тал руугаа. Бид түүний ааш араншинг маш сайн ойлгож, хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Эрхэмээ бол дүүгийнхээ ааш аягийг сайн олдог юм шүү. Манай гэр бүлд ер нь тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн хйимэл хууль үйлчилдэггүй гэх үү дээ. Бүр нэг өвөрмөц.
  -Сараа ер нь их адтай. Ар гэр, амьдралыг яаж зохицуулах вэ гэдэгт сэтгэхүйн өндөр чадамж шаардаж байна шүү, тийм ээ?
-Охиноо төрүүлснээс хойш магадгүй нэлээд төлөвлөгөөтэй ажилладаг болсон. Эмэгтэй хүнийхээ хувьд амьдрал ямар вэ гэдгийг бүр их сайн мэдэрч байгаа. Тэглээ гээд нугарч, хугарсан зүйл алга. Нөгөөтэйгүүр намайг хамгийн халамжтай ээж гэж хэлж болно. Орой найм өнгөрч байхад хүүхдүүдээ паркт тоглуулах ёстой гээд явна шүү дээ. Амласан л бол амласан. Эрхэмээ нэлээд ачаалалтай сурч байгаа. Бага нь цэцэрлэгт хүмүүждэг. Хагас, бүтэн сайныг “ээж” сюрприз барих гээд тэсэн ядан хүлээдэг. Би чинь нэг ёсондоо гэр бүлийн, нийтийн арга хэмжээний шоменежер гэсэн үг. Амралтын өдөр болонгуут бушуухан зуслан руугаа явна. Энэ утаа униар хэцүү байна аа. Тэгээд зуслан очсон нөхдүүд зүгээр л зурагт үзээд хэвтээд байхгүй. Хашаагаа цэвэрлэнэ, ногоогоо тарина. Жижиг нь жижиг гэхгүй, том нь том гэхгүй хөдөлмөрлөдөг. Хүүхдүүдээ аль болох ажилсаг хүн болгох юмсан гэдэг бол надад нэлээд чухал байр суурьтай асуудал шүү. Өглөө, өдөр, орой хоол хийхээр ээж “Нуруу чинь өвддөггүй юм уу. Өдөржин ажиллаад …” гэдэг. Удахгүй Якутаас ээжийн төрсөн дүү ирэхээр тэднийгээ дуурь, балет үзүүлж халамжлах байх. Би жаахан завтай болохоор миний эргэн тойрны хүмүүс завгүй болчихдог. Өглөө зургаан цагт босоод, бүх ажлаа төлөвлөөд сурчихаар ажлууд нэг их саадгүй бүтэж байгаа юм.
-Мөнгө зарцуулалтандаа их хянамгай ханддаг юм шиг санагддаг. Одоо бүр ч чангараа биз?
-Юманд мөнгө, цаг зав зарцуулж байгаа бол түүнийхээ үр дүнг мэдэж, удаан хэрэглэхээ тооцоолдог. Мөнгөгүй үедээ ч дэлгүүр гялс ороод авах зүйлээ тоочиглоно. Мөнгөтэй болсон хойноо гүйж очоод авна. Тэгэхгүй шууд мөнгөө барьж гарч очоод сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийх дэмий. Хүүхдийн тоглоом, тавилга, өмсөх хувцас бүгд адилхан. Бат бөх, ач холбогдолтой байсан нь дээр. Залуу байхдаа хам хум хувцаслаад, паанкдаад явдаг байсан бол одоо шал өөр. Чи урлагийн хүн учраас ингэж хувцасла гэж цаанаас нь шаардаад байна. 40 гарангуутаа өндөр өсгийтөөс салахаа байлаа, би. Энэ өмсөж яваа хамгийн намхан нь.
-Худалдан авалт хийхдээ сэтгэл ханамжгүй хоцрох үе бий юү. Хүссэн тавилга, таалагдсан хувцсаа авч чадаагүй үедээ зарим эмэгтэйчүүд гонсгор байдаг?
-Тийм аймаар хоолойндоо тулсан хүслийн боол болохгүй ээ. Хүний мөнгөөр гоёдог хүн биш шүү дээ, би. “Хаагий”-ныхаа хэдэн төгрөгөөр хувцаслаад явж байна. Миний энэ занг охин дуурайчихсан. Юм л бол “би өөрөө хувцсаа өмсөнө. Би өөрөө үсээ самнана” гэдэг.
-Таны туслагч нар эмэгтэй хүмүүс байх юм. Эр хүн бий юү?
-Машинд эрэгтэй хүн ороод суухаар үнэр нь хүртэл ялгараад…Ер нь би хүнээр пальтогоо тэврүүлээд, нэг тийм хэлбэр төдий зүйлд дургүй. Машиндаа ганцаараа чихэвчээрээ хөгжим сонсоод явахаар нэг ёсны амралт болдог. Болж өгвөл олноос өөрийгөө тусгаарлаад явдаг. Зайлшгүй хол замд бол “Хас” хамгаалалтын албаныхантай явна. Тэд чинь гарцаагүй тохиолдох зүйлээс хамгаална шүү дээ. Энгийн үед би гэр бүлийн багш, хамаатан саднуудынхаа хамгаалалтанд байдаг. Органик хоол хүнс хэрэглэдэг болохоор олон нийтийн газар явах нь ховор. Бичиг баримтаа оффистоо боловсруулчихна.  Уран бүтээлийн дотно андууд гэвэл аранжировшик Гантөр, тонмейстер Ука нар байна.
-Дээр тантай уулзах гэж байтал гэрт ус алдлаа гээд амжаагүй. Гайгүй юу. Тоглолтын өмнөхөн байх аа?
-Ар тал найдвартай тулдаа тиймэрхүү гэнэтийн аюулаас амархан мултардаг. Гэрт ус алдлаа гэж аавын дүүд дуулгалаа. Намайг очих хооронд нөгөөх нь түлхүүр сап сап, нөгөөх нь ус алдалтыг сап сап гээд янзална шүү дээ. Би л ганцаараа олны нүдэнд зовоод байгаа мэт харагддаг ч, ард “наян найман” хүн ажилладаг. Нээрэн, хүүгийнхээ аавтай хамт байхад авсан “Шинэ төгөл”-ийн тавилгуудаа дөнгөж саяхан сольсон. Бүх юм шинэ, сэтгэл нэг л сайхан байна. Уг хүн нь өөрөө хүмүүсийг аягүй сайн ойлгож, талархаж чаддаг учраас хариу тус нь түргэн ирдэг юм болов уу гэж боддог. Талархаж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Хүнийг нэг л удаа хэрэглэдэг хүмүүс бий. Ганц хэрэглээний юм шиг. \хөхрөв.сур\ Тийм хүмүүс жаахан өрөвдмөөр. Эргээд уулзах нүүргүй юм шиг. Гэнэт зан ааш нь хувираад л, ичмээр гэдэг нь. Би бол үеэлүүд төрөх юм бол, найз нөхөд өвдвөл, хэн нэгний төрсөн өдрийг зохион байгуулахад ямагт зохион байгуулагчийн байр сууринаас ханддаг. Энэ чинь л Сараа ш дээ. Тэгэхээр хүмүүс “чи Мандахтай найз уу” гэхээр \аранжировшик Г.Гантөрийн эхнэр\ “Бид түнш” гэж хариулдаг. Эхлээд түншлээд, дараа нь найз байж болно оо доо. Манайхан ажлаа хийхдээ хэт элгэмсэж, найз нөхдийнхөө харьцааг дөвийлгөснөөс болж дараа нь үл ойлголцолд хүрдэг. Оюуны хөдөлмөрийг үнэлдэг учраас, уран бүтээлчдийг хохироохгүй байхыг, тэгээд өөрийнхөө хэмжээнд хийлгэхийг хичээдэг.
-Дуучид таны хэлдгээр “Хаагий”-ныхаа ханшаар өрсөлддөг болчихож. Магадгүй залуу, царайлаг охид танаас өндөр үнэ хүрч байж мэдэх юм. Чухам ямар гээчийн зааг ялгаа үүсээд байгаа юм. Бүү мэд…?
-Үгүй яахав дээ. Манайхан биднийг Лэди Гагатай жиших хэрэггүй. Манай зах зээл хоёр сая гаруйхан хүн амд үйлчилж байна. Гэтэл харин ч тансаг байгаа юм биш үү. Би өөрийгөө нэг их үнэлэх дургүй. Үнэлгээгээ яг голоор нь л хийдэг. Энэ чинь Монгол шүү дээ. Тухайн үедээ ярилцаад тогтоодог. Тэнгэрийн амьтад байгаа юм шиг хаанаас олох вэ гэдэг. Дуучин Сарантуяаг олоход амархан ш дээ. “New star” гээд студиэс асуухад болно. Хамгийн гол нь улайм цайм ам барьдаг хүмүүстэй л тэмцмээр байна. Сүүлдээ бүр хуруу барьдаг болчихлоо ш дээ. Караокед дуулчихаар хэмжээний хоолойтой хүмүүс ам бариад зогсчих юм. Тийм улсыг авсан байгууллагууд өөрсдийгөө л доромжлуулж байгаа юм. Царай зүснийх нь төлөө мөнгө төлж байна гэх үү дээ. Одоо албан байгууллагууд тодорхой шалгуурууд гаргамаар байна. Амьдаар дуулдаг хамтлаг дуучин авна гэдэг ч юм уу.
-Хулгайн бүтээлүүд та нарын орлогод саад болж байна уу. HIFi дэндүү монопольдож байна гэж залуу дуучид ярих юм?
-HI FI аргагүй шүү дээ. Тэрэнд нэг их харамсдаггүй. Хулгайн бүтээлийн эсрэг их сайн тэмцдэг шүү.
-Орос хаалга, япон цагаан будааны рекламанд тоглосон. Бүтээгдэхүүн борлуулагчид, үйлдвэрлэгчид энэ реклам борлуулалтанд нөлөөлсөн эсэхийг танд эргэж мэдэгдэх албагүй. Гэхдээ мэдэгдсэн, санал бодлоо хуваалцсан тохиолдол бий юү?
-Монголд аймаар үнээр тоглохгүй л дээ. “Сакура” будааны реклам надад их зохисон. Нэг удаа манай гэрт будаа дуусчихаж. Хамаатны хүн дэлгүүр рүү гүйгээд “Сакура нь дуусчихаж, Бөмбөөлэй байна” гэчихсэн ирсэн. Сакура будааны борлуулалтанд нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байгаа. Бүх юм нь их сайхан зохицсон шүү дээ.
-“Аваргууд” одоо кинонд тоглоод эхэллээ. Танд ийм санал ирэхгүй гэх баталгаа алга?
-Яана аа, нэг л биш ээ. \толгой сэгсрэв.сур\ Болж л өгвөл тоглохгүй гэж бодоод байгаа. Гэхдээ нэг туслах дүрд тоглочихвол зүгээр ч юм уу. Кинонд тогловол цаг хайран.
-Машинд суухад эрэгтэй хүний үнэр үнэртдэг гэлээ. Энд нэг философи яваад байна аа. Жаахан тээршаасан маягтай…?
-Ухамсарт амьдралаа ихэвчлэн ганцаараа өнгөрүүлчихсэн болохоор ойлгохгүй байна  л даа. Би хань ижилтэй байхдаа ч өөрөө л санаачлагыг гартаа авах гээд байдаг байсан. “Би, би” гээд л…. Мацаг бариад, эрэгтэй хүнийг бараг мэдэхгүй, уран бүтээл туурвиад явна гэдэг чинь хүнийг ариун болгодог. Хэтэрхий завгүй ч гэдэг юм уу, тийм зүйлд нэг их ач холбогдол өгөхгүйгээр уран бүтээл туурвиад, болж л байна.
-Нөгөө “спорт маягийн секс” үгүйлэгдэхгүй гэж үү?
-Бүрмөсөн ач холбогдол өгөхгүй гээд байгаа юм биш. Нэгийн зэрэг найз байна аа, байна. Ер нь бараг уулздаггүй. Цаг гардаггүй юм.
-Та хоёрын харьцаа даамжирсаар “цайны хүн” чинь болох ч юм бил үү?
-Цайны хүн гэхээр муухай сонсогддог юм аа. \аальгүй инээв.сур\ Намайг хүүхдүүдтэйгээ, ээжтэйгээ, тэгээд зусланд завгүй амьдардгийг хүлээн зөвшөөрдөг эрэгтэй хүн чухал. Одоо ч гэсэн би ганцаараа биш шүү дээ. Үр хүүхдийн эцгүүд нь сургууль соёл, бусад зүйлсэд тусалдаг. Бүхнийг ганцаараа үүрч байна гээд байвал утгагүй, тийм ээ. Эцэг эхчүүд хоёр талаасаа хүүхдийнхээ төлөө зүтгэх ёстой.
-Эрхэмээгийн аавын хувьд бол тодорхой. Охины аав тантай холбоотой байхаар дарамт шахалт ирэх юм уу?
-Түүнийг онцгойлж ярих хэрэггүй байх.
-Дуучин Г.Эрдэнэтунгалагийг хуурай эгчийн хувиар “Битгий олны өмнө уйлж унж” гэж ирээд загнасан тухай тэр ярилцлагадаа дурьдсан байдаг. Та ч нэг ярилцлагадаа тэсгэлгүй нулимс унагачихсан. Нөгөө амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг?
-Тэр үед тийм эмоци гарчихсан. Заримдаа гоё. Нулимс “мулимс” гарна шүү дээ. Ямар төмөр хатагтай байгаа биш. Би ер нь их уйланхай. Манай уран бүтээлийн хамтрагч нар “Чи дандаа эмэгтэйгээрээ түрий барих юм. Юм л бол уйлаад” гээд зэмлэнгүй. Гоо сайхан, давуу талаа ашиглаад, бөн бөн нулимс унагаад ирэхээр буугаад ирдэг тал байсан байх. “Эмэгтэй хүний давуу талаараа битгий нөлөөлөөд бай” гэдэг юм. Бодвол нөлөөлдөг байсан учраас тэгж ярьсан биз.
-Гоо сайхны давуу тал гэснээс таны сайхан арьс хэвээрээ байна. Нүдний дор тогтсон үл ялиг үрчлээ бол яах аргагүй жам ёсных л доо. Мэс засал энэ тэр сонирдоггүй хэвээрээ юү?
-Хүссэнээрээ амьдарч яваа болохоор магадгүй өтлөхгүй байгаа  ч юм уу.  Бүсгүй хүн насандаа таарсан байхгүй бол хэт туранхай, ёхигор бол онцгүй. Мэс засал сонирхдоггүй хэвээрээ. Эмэгтэй хүн бол гэрийн халадтайгаа ч үзэсгэлэнтэй байх ёстой. Нэг сайхан тансаг, байдаг даа.
-Уран бүтээлийн ивээн тэтгэгч олоход бэрхшээл тохиолдож байна уу?
-Миний уран бүтээлийг ивээн тэтгэдэг хүмүүстэй бараг өөрөө ч уулзаж амждаггүй. Тийм уран бүтээл хийх боллоо гэнгүүт хоёр талаасаа ярилцаад шийдэх жишээтэй. Дуучдыг ивээн тэтгэж байна гээд бараг өмчилчихдөг хүмүүс байдаг. Тийм юм надад байх биш. Чөлөөтэй гэх юм уу даа.
-Хэвлэлийнхэнтэй хэлхээ холбоо сайтай юм шиг санагддаг. Зарим нэг хүнтэй эртнээс дотно найз уу?
-Хэвлэлийн найз гэж байх уу. Найдваргүй ш дээ. Сонссон мэдээгээ бол шууд биччихдэг юм биш үү. Найраагүй… Үг хэлсэн л бол үгээ буцааж авна гэж байхгүй. Алдсан л бол өнгөрөө.

Ярилцсан Н.Цолмон   

www.shock.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 10, 2011 4:08:16 pm )

    duuchin saraad ajliin amjilt husii daichin busgui ta

  • Anonymous (October 10, 2011 4:24:36 pm )

    tanid ajliin amjilt eruul enh sain saihniig husiy .ta goy emedtei shuu

antalya rent a car