Өнгөрсөн 2011 оны эхнээс Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчуудаас эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ амжилтад хүрч энэ оронд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон шилдэг монгол залуустай ярилцлага хийхээр зориглон Чикаго, Лас-Вэгас, Сан-Франциско, Лос-Анжелос, Денвер, Сиэтл, Индиана,Миннеполис, Нью-Йорк, Бостон хотуудаар явлаа. Олон сайхан залуустай уулзан ярилцах далимдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын Холбоод болон сонирхлын олон ч нэгдэл, байгууллагуудын хүмүүстэй уулзаж ярилцсан.
Тэдэнтэй уулзаж ярилцан санал бодлоо солилцож байхад надад ямар их урам төрж, тэднээр бахархаж байсан гээч. Энэ бүхний төлөө ажлынхаа зав чөлөөгөөр, амралтынхаа өдрийг зориулан хотууд руу нисч, онгоцон дотор алжааж ядрах үе байвч сэтгэл санаа минь огтхон ч алжааж байсангүй.
Би өөрөө АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод ажиллаж амьдардаг болохоор үндсэндээ АНУ-д монголчууд олноор суурьшин амьдардаг ихэнх хотуудаар явжээ. Энэ удаагийн эргэцүүлэл минь энэ олон аялал болон уулзаж учирч, ярилцаж ойлголцож байсан хүмүүс , олж харсан болон бусад мэдээллүүдтэй холбоотой болохоор магадгүй дутуу дулимаг байж болох. Гэхдээ миний сэтгэлд нар мэт тусаж байсан бахархал, итгэл найдвар, урам зоригоо л хуваалцахыг хүслээ.
Америк оронд ардчилал ялахаас өмнө Эрдэнэтийн УБҮ-ээс залуус суралцахаар анх Денверт ирж байсныг дурссан хүмүүс албан ёсны суурьшилийн эхлэлийг тэдэнтэй холбож тайлбарлаж байсан. Харин ардын хувьсгалаас хойш бол Дилав хутагт өөрийн шавь нарын хамт ирж суурьшсан нь эхлэл байж болох. Хүнд хатуу цагт Дилав хутагтын дагуул болж ирэн энд суурьшиж, бурханы шашны үнэнч зүтгэлтэн байсаар 104 насандаа таалал төгссөн Өмнөговь аймгийн уугуул Жамбалдорж гуай хамгийн олон жил амьдарсан монгол хүн нь болох байх. Харин АНУ-д ирж суурьшсан Монголчуудын төвлөрөл 2000 оноос хойш нилээд эрчимжсэн юм билээ.
Анхандаа ажил амьдралын төлөөх их ачаанаасаа илүү гарч чадахгүй байсан бол 10 гаруй жилийн дараа байдлыг өөрөөр харж мэдэрч, сүүлийн жилүүдээс олон нийтийн төлөөх үйл ажиллагаа нь нилээд идэвхжиж эхэлжээ. “Хүн болгон адилгүй” гэдэгчлэн хүмүүс янз бүрээр хандах хэдий ч энэ бол сайн эхлэл.
Зарим нэгийг амбиц “нэр төр” хөөцөлдлөө л гэдэг, зарим нь үнэхээр чин сэтгэлээсээ л ийм ажлыг санаачилж, зарим нь Монгол орны хөгжил болон өөрчлөлтийн төлөө л сэтгэлээ чилээж буй. Сүүлийн жилүүдэд Монголын Ерөнхийлэгч болон Ерөнхий сайд нар “Гадаадад байгаа Монголчууд”даа хаяглан “уярам” үгтэй захидал илгээж, ойр ойрхон үзэгдэх болсон албан тушаалтнууд “ойн” одон медаль, салбрын “тэргүүний ажилтан” шагналыг халаасалж ирэн, хэн нэгний нэрийг бичиж “сэм сэмхэн” гардуулж байгаа ч энэ нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын сэтгэлийг тэгтлээ хөдөлгөдөггүй.
Нэг. АНУ-дахь монголчуудын сонирхлын нэгдлүүд Монголчуудын Холбоод
Монголчууд олноор суурьшсан хот болгон Монголчуудын Холбоо байгуулан уг хотдоо ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан олон ч арга хэмжээг санаачлан хийдэг болсоор удаж буй. Тэд нийтлэг байдлаар хот хотдоо Монголын уламжлалт баяр болох цагаан сар, наадам, шинэ жилийн баярыг монголчуудынхаа хамтад тэмдэглэж, сүүлийн жилүүдэд Монгол хүүхдүүдийн урлаг соёлын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах болсон. Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбоо \Ц.Ивээлт\, Чикаго орчмын Монголчуудын Холбоо \Л.Гэрлээ Баясгалан\ Биэ-Ариа хавийн Монголчуудын Холбоо \Лувсанжамбаа\ Коларадагийн Монголчуудын Холбоо \М.Цогтсайхан\ Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо \Д.Мөнхзул\ Сакраментогийн Монголчуудын Холбоо \Д.Амаржаргал\ гээд байгууллагууд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилээс Нью-Йорк хотноо суурьших болсон Д.Бямбаа \Монгол эвэнтс\ энэ хотын монголчуудад зориулан олон ажлыг санаачлан хийж байгаа юм билээ.
Монголчуудын Холбоодын удирдлагуудыг хүмүүс “монгол зангаар” янз бүрээр шүүмжилдэг ч АНУ д байгаа монголчуудын нэгдэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа тэдний зүтгэлийг үнэлэхгүй байхын аргагүй. Тэд ийм ажлыг өөрсдийн үндсэн ажлынхаа хажуугаар “сайн дур”-аар хийж нилээдгүй цаг хугацаа болон сэтгэлээ зориулдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. 2011 онд Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо дангаараа зохион байгуулсан “Монголын Соёлын өдөр”, Дэнвер дахь Коларадагийн Монголчуудын Холбоо “Тулга” клубтэйгээ хамтран зохион байгуулсан “Уран үгсийн чуулган” зэрэг арга хэмжээ нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудаас гадна Монголоос нилээдгүй байгууллага болон уран бүтээлчдийг урьж оролцуулсан нь үйл ажиллагааных нь шинэ хандлагыг мэдрүүлж байв.
Спортын тэмцээнүүд
Ажил амьдралынхаа их “ачаалал” дундаас чөлөөт цаг болон өөрсдийн сонирхлоо хөгжүүлэх бас сайхан нөхөрлөл итгэлцлийг бий болгож чадсан хүмүүс бол спортынхон. Тэд анхандаа өөр өөрийн хотдоо спортын тэмцээнүүдийг зохион байгуулж байсан бол өдгөө хүрээгээ тэлж нийт Америкийн Монголчуудын “аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулдаг болсон байна. 2001 оноос эхэлсэн сагсан бөмбөгийн тэмцээн Денвер, Чикаго, Вашингтон ДС, Сан-Франциско, Лос-анжелос хотуудад, 2006 оноос эхэлсэн хөл бөмбөгийн тэмцээн Денвер, Чикаго, Вашингтон ДС, Сан-Франциско хотуудад, 2007 оноос эхэлсэн волейволын тэмцээн Лос-Анжелос, Сан-Франциско, Вашингтон ДС, Чикаго хотуудад тус тус болжээ. Түүнээс гадна ширээний теннисийн тэмцээн Лос-Анжелос, Сакраменто, Чикаго хотуудад болж байсан бол шагайн харвааны наадам Сакраменто, Сан-Франциско, Чикаго хотуудад болж өнгөрөв.
Хөл бөмбөгийнхөн “Америк дахь Монголчуудын хөл бөмбөгийн Холбоо”, шагайн харвааны “Шагайн харвааны товчоо” зэрэг байгууллагуудыг албан ёсоор байгуулсан байна. Волейволын тэмцээнийг “А.Доржсүрэнгийн нэрэмжит”, “Шагдарын нэрэмжит” болгон тэдний хүү Д.Норовсамбуу, Ш. Баасансүрэн нар зохион байгуулжээ. Эдгээр тэмцээнүүд хүрээгээ тэлж 2011 онд Денверт болсон сагсан бөмбөгийн тэмцээнд монголоос баг ирж оролцсон бол, Вашингтон ДС-д болсон хөл бөмбөгийн тэмцээнд Халимагийн баг ирж оролцжээ. Сан-Францискод хичээллэж байгаа бие хамгаалах урлагийн “Даша-Дожо” дэвжээ болон Лос-Анжелос хотод хичээллэж байгаа шатрын сургуулиуд болон амжилтын талаар монголчууд нилээд сайн мэдэх болсон.
Багийн спортоос гадна Чикаго хотод амьдарч байгаа Н.Энхээ жит-су барилдааны төрөлд дэлхийн аваргын хүрэл,мөнгөн медаль хүртэж, Вашингтон ДС хотноо амьдарч байгаа мэргэжлийн боксчин Баянмөнх тодорхой амжилт үзүүлж яваа. АНУ-д дунд болон ахлах сургуульд суралцаж байгаа олон ч хүүхдүүд болон оюутан залуус шатар, уран гулгалт, хөл бөмбөг, хоккей, тулааны спорт, бөхийн олон төрлөөр хичээллэн амжилт гаргаж байна. Хэдийгээр тэд АНУ-ын дунд болон ахлах сургуулиудад суралцдаг ч “Монгол” гэдэг нэрээрээ ихэд бахархдаг юм билээ.Энэ шинэ үеийнхэн нэгэн цагт МОНГОЛ-оор овоглон гарч ирэх байхаа.
Урлаг соёлын төвүүд
Вашингтон ДС хотноо доктор М.Саруул-Эрдэнийн санаачилсан “Монгол Соёлын Төв” олон жилийн турш тогтвортой явуулсан үйл ажиллагаагаараа энэ чиглэлийг тэргүүлдэг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол судлалын баг хурал” “Салбар чиглэлийн хуралдаан” -ууд нь АНУ төдийгүй олон улсын хэмжээний арга хэмжээ болон өргөжиж сайн үр дүнгээ өгч байна. Тэд үүнээс гадна “Монгол судлалын цуврал лекц”, “Монгол хүүхдүүдийн зуны зуслан” г ч бас зохион байгуулдаг. Харин Денвер хотноо М.Цогтсайханы санаачилсан “Соёлын Төв” нь уран зургийн цуврал үзэсгэлэн болон урлагийн тоглолтыг хослуулан явуулдгаараа онцлогтой. Мөн Денвер хотноо Х.Лхамаагийн санаачилсан яруу найраг болон уран уншлагын “Тулга” клуб богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татаж, сайн үлгэр дуурайлал болон өргөжиж байгаа.
Монголын сонгодог чиглэлийн урлагийнхан АНУ-д нилээд амжилт олж буй. Бостон хотноо ажиллаж буй балетийн бүжигчин МУГЖ Алтанхуяг, Сиэтл хотноо бүжиглэж буй Б.Болдоо Чикаго хотноо ажиллаж буй балетийн төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэг, Вашингтон ДС хотноо ажиллаж буй дуурийн дуучин Амарбүрэн, Э.Саран, Ж.Болормаа нар энэ хүндтэй урлагийн тавцнаа Монголын нэрийг гаргаж байгаа. Вашингтон ДС хотноо балетийн бүжигчин Өлзийсайхан, Туяа нар “балетийн сургууль “нээж , Лас-Вегас хотноо уран нугараач Ж.Эрдэнэчимэг , Миссиури хотноо МУГЖ Ягаанцэцэг “уран нугаралтын сургууль” тус тус нээн ажиллуулж байна. Лас-Вегас хотноо дэлхийн шилдэг шоунд тооцогддог “О шоу” нд Монголын нугараач охид Г.Сараанаа, Д.Намчинханд, Д.Нарангуа, Д.Энхжаргал,Т.Төрчимэг, Э.Түмэндэлгэр, Б.Одмаа нар нугарч Ж.Эрдэнэчимэг тэднийг 14 жил удирдан дасгалжуулж, “Монголын бахархал”-ыг дэлхий дахинаа мэдрүүлж байгаа.
Лос-Анжелос хотноо Я.Гантөмөр “Сэнтий” нэртэй, Вашингтон ДС хотноо хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, жүжигчин Б.Болдбаатар нар хамтран “Basic sound” нэртэй дуу бичлэгийн студи нээж уран бүтээл хийж байна. 2009 онд Вашингтон ДС хотноо жүжигчин Алтанбагана, Болдбаатар нар санаачлан бусад жүжигчдийн хамтаар “Би хэн бэ?” нэртэй жүжиг найруулан тоглосон нь олон хүний урмыг сэргээлээ. Лос-Анжелос хотноо амьдарч байгаа Алтанхуяг эхнэр Ган-Энхбаярын хамтад “Монгол номын сан” байгуулан ажиллуулж, үүндээ түшиглэн жил бүр “Утгын чимэг” уран уншлагын наадмыг зохион байгуулж буй. Энэ бүхэн нь Монголын урлаг соёлыг монголчууддаа хүргээд зогсохгүй АНУ-д сурталчлан гайхуулж байгаа их авьяас чадварын илрэл юм.
Хэвлэл мэдээллийн орон зайд
Америкт анх ирж буй монголчууддаа хэрэгтэй мэдээлэл өгч туслах зорилгоор байгуулагдаж байсан цахим сайтууд өдгөө өөрсдийн гэсэн өнгө төрх болон үйлчлүүлэгчидтэй болжээ. 2006 онд үүсч байсан www.orloo.com сайт “Дэлхий нийтээр тархан суугаа монголчуудын мэдээ, мэдээллийн нэгдсэн төв” гэсэн уриатайгаар эхэлж байсан бол 6 жилийн дараа энэ зорилтондоо аль хэдийн хүрч чадсан нь үүсгэн байгуулагч нэгэн гэр бүлийн хос болох Б. Тайван, А.Ариунаа \Вашингтон ДС\нарын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим. Өдгөө хамгийн олон хандалттай болж байгаа энэ сайт зөвхөн Америк дахь төдийгүй гадаадын бусад орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүрч чадсанаараа онцлогтой. Тэгээд ч зогсохгүй тэд “Манайд ирээрэй”, “Эх нутгийн гийчин” нэртэй цахим нэвтрүүлгүүд хийж хүмүүст хүргэж байгаа нь бусад сайтуудаас илүүрхэж байгаагийн нэгэн баталгаа болж байдаг. Тийм болохоороо “Орлоо”-гийнхан Вашингтон ДС орчмын монголчуудын “Оны шилдэг”-ээр 2 удаа “Америк дахь монголчуудын шилдэг бизнес”-ээр нэг удаа шалгарч байсан юм.
Хэл шинжлэлийн доктор М.Саруул-Эрдэнийн\Вашингтон ДС\ өөрийн анд нөхдийн хамтаар эрхлэн ажиллуулдаг www.dayarmongol.com цахим сайт оюунлаг хэрнээ хэл шинжлэл, түүхийн болон бусад олон салбрын эрдэмтдийн бичлэг дээрээ тулгуурладгаараа өөрийн гэсэн өвөрмөц төрхийг илтгэдэг.
Д.Өлзийхутагийн \Чикаго\ нээн ажиллуулж байгаа www.medeelel.com сайт нь дүрстэй мэдээлэл дээр тулгуурладаг төдийгүй маш олон мэдээллийн сайтуудын нэгдэл болж чадсанаараа өөрийн онцлогоо харуулдаг. М. Цэрэндоржийн \Сан-Франциско\ эрхэлдэг www.zamdaan.com сайт нь зүүн эргийн монголчуудын мэдээ, мэдээллийг голчилдог хэрнээ спортын мэдээллийг нилээд голчилдог нь “таван цагираг”-ийн Энхтүвшингийн хоршилтой холбоотой байх. Нилээд эртнээс үйл ажиллагаагаа эхэлж нийт монголчуудад дуу хөгжмийн баялаг сангаараа хэрэгцээг нь хангаж байдаг www.asuult.net сайт нь Хундагаагийн \Лос-Анжелос\ сонирхол болон зүтгэлийн онцлог. Эдгээрээс гадна АНУ-ын монголчууд олноор суурьшсан хот болгоны Монголчуудын Холбоод өөр өөрийн мэдээллийн сайтуудтай.
“Америкийн анхны мэргэжлийн монгол ТВ” тодотголтой сэтгүүлч Сарантуяагийн удирддаг нэвтрүүлгүүд МҮОНТВ-ээр нэвтрүүлгээ цацдаг бол, нэвтрүүлэгч Б.Уранчимэгийн “UMON” ТВ Монголын НТВ-ээр, сэтгүүлч Батбаярын “Америкийн өнгө” Монголын “УБ ТВ”-ээр, МУГЖ Н.Батцэцэг, түүний гэр бүл найруулагч О.Машбат нарын “Үгүйлэн санана” нэвтрүүлэг Монголын хэд хэдэн ТВ-ээр тус тус нэвтрүүлгүүдээ цацдаг болсоор удаж буй. Энэ нь АНУ-дахь монголчуудын мэдээ мэдээлэл болон аж амьдрал, санаа бодол, санал санаачлагыг
Монголын үзэгчдэд хүргэж байгаа ГҮҮР нь болж байна. Гэхдээ эдний нэвтрүүлэг болгон өөр өөрийн өнгө аястай болохоор хүмүүст хүргэж байгаа мэдээлэл болгон нь өвөрмөц ялгаатай. Эдгээрээс гадна Ц.Шинэ-Одын \Сан-Франциско\“Калифорнийн монголчууд”, Бобби \Лос-Анжелос\ “Black Eagle” интертайнмент студи, Сан-Франциско, Чикаго хотуудын “Манд”, “New Future Entertainmant” зэрэг студиуд өөр өөрийн хот болон бүс нутагтаа мэдээ мэдээлэл, уран сайхны болон цэнгээнт нэвтрүүлгүүдээрээ монголчуудын оюун санаанд сайнаар нөлөөлж буй. Хэдийгээр амаргүй хэдий ч тэд энэ л уйгагүй зүтгэлээрээ монголчуудынхаа оюун мэдлэгийн хэрэгцээг хангаж, олон боломжуудыг тэдэнд мэдрүүлж байдаг юм.
Монгол сургуулиуд
Америкт олон жилээр суурьшсан монголчуудын хүүхдүүд болон АНУ-д төрж өсөж буй монгол хүүхдүүддээ монгол хэл, соёл, ёс заншил, монгол урлагийг сурталчлан, зааж сургах зорилгоор 6 жилийн өмнөөс анхлан Денвер хотноо байгуулагдсан монгол сургуулийн араас өдгөө нилээд хотуудад Монгол сургуулиуд байгуулагдан , жилээс жилд өргөжин тэлсээр байна. Ц.Дүүрэн \Денвер\, Мөнгөнцэцэг\Вашингтон ДС\,С.Энхтуяа \Чикаго\, Мандах \Лос-Анжелос\ захиралтай монгол сургуулиудын хамт олон, Сан-Францискод үйл ажиллагаагаа явуулдаг “Гэр төв” зэрэг байгууллагууд АНУ-д суралцаж буй монгол хүүхдүүддээ монгол хэлээр нь их зүйлийг зааж сурган тэдэнд “МОНГОЛ ХҮН” гэдгээ марталгүй санаж, монгол эх орноороо бахархаж байх оюун санааны их баялгийг бүтээж байна. Энэ бол Монголын тусгаар тогтнол болон их хөгжлийн ирээдүйд тэдний оруулж буй их хувь нэмэр юм.
Монгол Оюутнуудын Холбоод
Өдгөө АНУ-ын коллеж болон Их Дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тэд өөрсдийнхөө өмнө тулгарч буй 1. Сургалтын төлбрөө хэрхэн төлөх 2. Сургуулиа төгсөөд хэрхэн ажлын байртай болох, 3. Шинээр АНУ-д суралцахаар зорин ирж буй залуустаа өөрсдийн туршлага болон санал зөвлөлгөө өгөх зорилгоор нэгдэн Монгол Оюутнуудын Холбоог байгуулан олон төрлийн ажлуудыг санаачлан хийх болжээ. Лос-Анжелос, Сан-Франциско, Дэнвер, Бостон хотуудад Монгол оюутнуудын холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Лос-Анжелос Бостон хотуудын ОХ-д 2011 онд Монгол оюутнуудын “Надад хэлэх үг байна” нэртэй уулзалт зохион байгуулсан төдийгүй 2012 онд Сан-Францискогийн оюутнуудын Холбоо энэ жил мөн уулзалт зохион байгуулах гэж байна. Дэнвер хотын “Global Reach” байгууллага дунд сургууль төгсч буй монгол хүүхдүүддээ АНУ-ын Их Дээд сургуульд элсэхэд нь зориулж сургалт зохион байгуулсан бол Бостоны “Монгол оюутны Холбоо” Монголын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудад мөн энэ чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Энэ бол мундаг эхлэл, үр дүнтэй, ажил хэрэгч санаачлага юм.
Монгол Эмэгтэйчүүдийн Холбоод
Монгол эмэгтэйчүүд хаач явсан ажил амьдралын ачааны хүндийг үүрч, өөрсдийн энэ шавхагдашгүй чанараараа олон ч зүйл дээр үлгэрлэн дагуулдаг. Сүүлийн жилүүдэдэ АНУ-ын хотуудад “эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой байгууллагууд бий болж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд , ажил хэрэг болон манлайллын талаар нилээд ажлуудыг санаачлан хийх болжээ. “Эмэгтэйчүүдийн Соёл Холбоо”, “Монгол Америк эмэгтэйчүүдийн Холбоо” \Вашингтон ДС\ “Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан” \Чикаго\ зэрэг байгууллагууд байгуулагдан идэвхтэй ажиллах болсон төдийгүй энэ 3 сард Чикаго хотноо АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг “Эмэгтэй таны хөгжил” нэртэйгээр зохион байгуулахаар “ Монгоил Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан” санаачлага гарган бэлтгэж байгаа аж. Дэнвер хотын бүсгүйчүүдийн байгуулсан “Global Reach” байгууллага ахлах сургуулийн төгсөгчдөд туслахаас гадна амьдралын боломж муутай Монголын олон айл өрх эхчүүдэд “тусламж”-ийн хандив цуглуулан явуулдаг юм билээ. Энэчлэнгээр Монгол руу хандсан тусламж дэмжлэгийн “буянтай үйлс” санаачлан хийдэг байгууллага болон хувь хүмүүс жилээс жилд нэмэгдсээр байна.
Монголчуудын бизнесийн дэвшил
АНУ-д ирсэн монголчууд анхандаа “мөнгө олох” гэж бусдад ажилладаг байсан бол хэсэг хугацааны дараа өөрсдийн бизнесийн эхлэлийг тавьж өдгөө энэ нь улам улмаар өргөжсөөр байна. Хот болгон өөр өөрийн бизнесийн түлхүү чиглэлтэй. Вашингтон ДС-ийн монголчуудын нилээд нийтлэг бизнес нь “чулууны үйлдвэр” бол Чикагогийнх “Өндөр настан асрах”, такси болон хүнд даацын автомашины жолооч, Сэитлд “чулууны үйлдвэр” болон “цэвэрлэгээний” бизнес, Дэнвер, Сан-Франциско хотуудад “хумс” болон “хими цэвэрлэгээний” бизнес багагүй хувийг эзлэх жишээтэй. Сакраменто, Сан-франциско, Лос-Анжелос хотуудад хүнд даацын авто машин болон “тээвэр зуучлалын” чиглэл нилээд хөгжсөн байна.
Эдгээрээс гадна “Үл хөдлөх хөрөнгийн зуучлал”, “Тээвэр зуучлал”, “Хоол болон үйлчилгээний”, “Авто засвар болон үйлдвэрлэлийн” чиглэлээр нилээд олон бие даасан компаниуд бий болон хөгжиж байна. Энэ бүхнийг дэмжиж Э.Жагдагдорж \Миссуири\ “Америк дахь Монголчуудын Худалдааны Танхим”-ыг санаачлан байгуулж үйл ажиллагааг нь уялдуулан холбох, туршлага солилцон энэ орны нөхцөлд бизнесийн баттай орон зайг бий болгох, үйл ажиллагаагаа Монголтой холбох талаар багагүй зүйлийг санаачлан хэрэгжүүлэхээр оролдож буй.
Саяхан Чикаго хотод хүнд даацын автомашины компани байгуулан ажиллаж байгаа Ч.Батмагнай Монголд энэ төрлийн бизнесээ нээн ажиллуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн бодлого боловсруулж, шийдвэр гаргадаг Монголын байгууллагуудын төлөөлөгчдийг АНУ-д урьж, тэдэнд АНУ-дахь зам тээврийн бодит байдлыг “нүдээр үзүүлж, сэтгэлд нь буутал” танилцуулж байгаатай тааралдсан. Энэ ч бас л ухаалаг алхам. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тэдгээр зочид их л сэтгэл хангалуун байна билээ.
…Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ бүхний төлөө ховорхон олдох үнэтэй цаг хугацаагаа зарцуулж байхдаа одон тэмдгээр шагнуулах гэж бус, алсдаа дарга сайд болох гэж бус, ашиг орлого олон баяжих гэж бус бие биедээ туслах гэж,бие биенээ дэмжих гэж , хамтдаа хөгжих гэж хичээдэг. Тэд Монгол орны хөгжилд, монгол хүний үнэ цэнэ өндөр байгаасай гэсэндээ л ингэж зүтгэдэг. “Тэд юм үзэж, нүд тайлах” хэрээрээ өөрийн боломж чадлаараа бусдад тус болохыг илүүд үздэг. Тэд энэ орон дахь бусад орнуудын иргэдийн эв нэгдэл, хүчирхэг коммунитийг харахдаа Монголын ийм байгууллагыг бий болгох сон гэж мөрөөддөг.
Нэгэн цагт Алунгоо эхийн 5 хүүдээ сургамжилж байсан шиг “тус тусдаа байваас нэгэн сум мэт хялбархан дийлдэх, таван сум багц байваас хэнд ч үл дийлдэх бат бөх байх” эв нэгдлийг юу юунаас илүүтэй монгол хүн бүр хүсэмжилж буй. Оргүй хоосноос бус, нэгэнт бий болсон олон нэгдлийг нэгтгэх илүү хялбар мэт. Цаг хугацаа улирах тусам бид өөрийн эрхгүй нэгэн зүгт л яавж байгаа. Энэ бол Монголчуудын ЭВ НЭГДЭЛ. Хэдийгээр би энэ цагт өөрийн ажиллаж амьдарч байгаа Америк оронд ажиллаж байгаа монголчуудын тухай жишээлэн өгүүлж байгаа боловч энэмэтчилэнгээр Ази, Австрали, Европын олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа тухай л хүүрнэж байгаа хэрэг. Бидний хичээл зүтгэл, зовлон жаргал адил буюу.
Хоёр. Монголчуудын БАХАРХАЛ
Цуврал ярилцлагуудаа хийхээр АНУ-д өөрийн мэдлэг мэргэжил болон авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ амжилттай ажиллаж байгаа Монголчуудыг сурвалжлан олж, тэдэнтэй холбоо тогтоон, уулзаж ярилцаж байхдаа би үнэхээр баярлан бахархсан. Маш олон орны цагаачид энэ оронд өөрсдийн орон зайгаа эзэлж, бахархлаа бий болгоход чамгүй олон жилийг зарцуулсан байдаг. 50, 100 магадгүй 200 жил суурьшиж буй үндэстэнгүүд зөндөө. Гэтэл энэ оронд суурьших болсоор 20 хүрэхгүй жил болж байгаа монголчууд аль хэдийн өөрсдийн орон зайгаа олж, хүлээн зөвшөөрөгдөж, бахархал болон хүндлэгдэж байна.
АНУ-ын Ерөнхийлэгч Б.Обамагийн сурталчилгааны албанд ажиллаж байгаа Ч.Ганболд, НАСА-д ажиллаж байгаа Бямбаа нар, Америкийн шилдэг нь болох Марины армийн ахлагч Р.Хосбаяр, Майкрософтод ажиллаж буй Бат-Өлзий,М. Сувдмаа нарын залуус, Фэйсбуукт ажиллаж байгаа Мэргэн, Харвардад судлаач багшаар ажиллаж байгаа Ph.D Д.Ганмаа, Бостоны Бентелейн ИС д багшилж байгаа Ph.D Б.Түмэннасан, Ph.D Э.Отгонцэцэг, Сан-Францискод байх Бэркелейн ИС-д судлаач багшаар ажиллаж байгаа Ph.D Ц.Уранчимэг, 2 ч чиглэлээр судалгааны ажил хийж байгаа Ph.D Ш.Баатар, Балтиморт бүхэл бүтэн судалгааны лаборатори удирдаж байгаа Ph.D Б.Арьяа, биотехнологийн чиглэлээр судалгааны ажил хийж байгаа Ph.D С.Нямхишиг, Хойд Каролинад АУ-ны лабораторийн орлогч захирлаар ажиллаж байгаа Ph.D Б.Гансувд, хуульч Б.Золжаргал, Дэлхийн Банкинд ажиллаж байгаа А.Болормаа нарын залуус, НҮБ-д ажиллаж байгаа С.Энхсайхан, Ч.Насантуяа, Батболд нарын залуус, Нью-Йорк хотноо АНУ-ын загварын томоохон компаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа Г.Шүрээ, Д.Оюунбаяр, алдарт Холлиувудын ертөнцөд нэвтэрч маш олон реклам сурталчилгаанд оролцож “бренд” болж байгаа сонихогчдын сумо барилдааны дэлхийн 3 удаагийн аварга Бямбажав гээд зөвхөн миний мэдэж байгаа нь энэ. Үүнээс илүү олон ч залуус байгаа юм билээ. Банкинд, мэдээллийн болон бизнесийн салбарт олон ч залуус амжилттай ажиллаж байгаа. Энэ бол монголчууд бидний бахархал биш гэж үү?
Гэхдээ энэ залуус ийм амжилтад амар хялбар хүрээгүй ээ. Тэд өөртөө зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд зовж шаналж, заримдаа цөхөрч, хааяадаа халгаж байвч бүгдийг л тэсэж тэвчиж давж гарсан. Олон олон шөнийн нойрыг тэвчиж, бусадтай зугаацаж цэнгэх цагаа “харамлаж”, ядарч халгасан сэтгэлээ “аргадан хатуужуулж” байж амжилтад хүрсэн. Энэ амжилт өдгөө тэдний баялаг болон хувирч байгаа болохоор тэд үүндээ сэтгэл хангалуун байгаа. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэгчлэн тэд биеэ ч гэрээ ч засацгааж байна.
“Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэгчлэн тэд бусдаас ялгарч, өөрсдийгөө сурталчлан гайхуулах хүсэл үгүй. Гэхдээ нэгэн цагт өөрсдийн сурч мэдсэнээ Монгол орны хөгжил болон монгол хүний хөгжлийн төлөө зориулна гэдэг бат итгэл, зорилго тэдэнд бий. Тэд бол өнөөгийн монгол залуусын бахархан дуурайх үлгэр дуурайлал нь юм.
2011 онд Монголын газар нутаг дээр Цөмийн хаягдлыг булуулахгүй байхын төлөөх их тэмцлийг АНУ-д ажиллаж амьдарч байгаа Амарлин бүсгүй маш тодорхой баримт нотолгоотой “эрэн сурвалжлах” бичлэгүүдээрээ эхлүүлсэн. Энэ бичлэгүүд маш олон монголчуудын анхаарлыг татаж, Монголын эрх баригчдыг нилээдгүй “тэвдүүлэн” зохих арга хэмжээг авахад хүргэсэн. Лос-Анжелос хотноо ажиллаж амьдардаг зураач Л.Мөнхтөр энэ санаачлагыг дэмжиж Лос-Анжелос хотноо 2 ч удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Энэ бол цоо шинэ үзэгдэл байлаа.
Гадаадад байгаа монголчууд Монгол эх орныхоо төлөө сэтгэл зовиноод зогсохгүй, дуу хоолой болж чадна гэдгийг тэд бусдад үлгэрлэн харуулсан юм.Хэдийгээр энэ талаар хүмүүс янз бүрийн санаа бодолтой байж, нэрт нийтлэлч Баабар “энэ бол Монголын зарим улстөрчдийн захиалгат үйл ажиллагаа” хэмээн хардангуйгээр бичиж байсан ч “энэ бол гадаадад байгаа монголчуудын эх оронч шаналал, зүтгэлийн илрэл” гэдгийг дээрх хүмүүсийг дотно сайнаар мэддэгийн хувьд би баттай хэлж чадна. Энэчлэнгээр гадаадад байгаа монголчууд Монгол орны хөгжлийн гажуудал болон буруу тогтолцоог шүүмжлэн халаглаад зогсохгүй, бодит байдлаар нөлөөлж өөрчлөхийг хичээж байна. Харин энд л бидний хэн нэгний зөв сайн үйлдлийг чин сэтгэлээсээ дэмжин нэгдэх санаачлага бас зориг дутаад байгаа нь үнэн.
Гурав. Өөрийгөө хөгжүүлж байгаа үнэ цэнэтэй хүмүүс
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг зарим хүмүүс “хар ажил” хийж байгаа хэмээн шоолонгуй бас дор үзэн доромжлох маягаар ярьдаг. Аяга таваг угааж байлаа ч, айлын гэр цэвэрлэж байлаа ч, хоол хийж байлаа ч, хүнс зөөж байлаа ч, шал шахаж байлаа ч, чулуу өнгөлж байлаа ч, хүмс янзалж байлаа ч, хувцас цэвэрлэж байлаа ч энэ бол ХӨДӨЛМӨР. Алив ажлыг гололгүйгээр багаас нь хийж сурч, ажлынхаа хөлсийг гартаа атгаж байхдаа хүн өөртөө итгэж, өөрөөрөө бахархаж, өөрийн үнэ цэнээ мэдэрдэг. Хэн нэгний хүч хөдөлмөрөөр олсон бүхнийг нь залилж, нийгмийн баялгаас хууль бус аргаар хулгайлж, албан тушаал эрх мэдлээ ашиглан авилгал авч олоогүй шударгаар, өөрийн боломж чадлаар хөдөлмөрлөж олсон болохоор энэ бол ШУДАРГА ХӨЛС. Ажлыг чин сэтгэлээсээ хийж сурч, ахиж дэвших олон боломжоо олж харж, цагийг баялаг болгон хувиргаж, өөртөө мөнгө төлж буй хэнийг ч болов хүндэтгэн үйлчилж, эргэн тойронд байгаа хүн бүрийг ойлгож, нэгэн орчилд адил хууль дүрэмд захирагдаж, амьдралын олон хэрэгцээгээ өөрөө л хангаж сурч байгаа болохоор энэ бүхэн БАЯЛАГ.
Шударга хөдөлмөр, түүгээр олсон мөнгө, нийгмийн болон хуулийн зөв тогтолцоонд зохицон, өөрийн чадал боломжоороо ажиллаж амьдарч сурч байхдаа хүмүүс ҮНЭ ЦЭНЭТЭЙ болж чаддаг. Тэд юугаараа үнэ цэнэтэй юм бэ? гэж үү
1.Тэд ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж сурсан. Тэд хэзээ ч ажлын цаг дээрээ сонин уншиж, компьютер дээр хөзөр тоглож, элдэв хов жив ярьж суудаггүй. Бүх л ажлын хөлс цагаар хэмжигддэг болохоор олдож бүй минут секунд тутам үнэтэй. Нөгөө талаар ажлын чанар муу байвал хэн нэгэнд буруугаа тохох гэж маргалдахгүйгээр өөрөө л хариуцдаг болохоор ямар ч алдаа гаргахгүйгээр сайн хийнэ. Энэ хэрээрээ тэд хийж байгаа ажилдаа мэргэшдэг юм даа.
2. Тэд мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Ажлын хөлс цагаар хэмжигддэг хэдий ч ямар ч ажилд чадвар болон туршлагыг илүүтэй үнэлдэг. Нэг цагт ноогдох ажлын хөлс чадвар туршлагаас хамааран их бага тогтоогдоно. Анх ажилд орсон хэн боловч яваандаа өөрийн илүү чадвар, туршлагаараа илүү цалин авч эхэлдэг. Авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэж байгаа эсэхээс л чадвартай туршлагатай ажиллагсад ажлыг өөрөө сонгох тохиолдол зөндөө.
3. Тэд үйлчлүүлэгчдийг ихэд хүндэлдэг. Ажлыг үйлчлүүлэгч захиалж, өөрийн захилгадаа мөнгө төлдөг болохоор тэдний захиалга хүсэлт нь бичигдээгүй хууль. Тэр хүн баян ядуу, дарга цэрэг хэн байхаас хамаарахгүй захиалагч, үйлчлүүлэгч “хаан”. Хэрэв үйлчлүүлэгчийн санаанд ажил таалагдахгүй бол тэд татгалзсанаар үйлчлэгч “шатаж”, харин сэтгэлд нь таарсан бол “цайны мөнгө”-өөр гар цайлгана. Маргалдаж хэрэлдэх ямар ч шаардлагагүй.
4. Тэд хууль ёс, дүрэм журмыг чанд сахиж сурсан. Хууль дүрэм журам гэдэг тэдний хувьд амар тайван амьдралын баталгаа бас өөрийгөө хамгаалах боломж. Татвараа хугацаанд нь төлж байвал нийгэмд өөрийн үүргээ биелүүлж байна гэж тэд ойлгодог. Даатгалд даатгуулж байгаа нь ямар нэгэн болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах боломж гэж тэд хардаг. Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байвал айх айдас, сэтгэлийн шаналгаагүйгээр амьдарч чадна гэдэгтээ тэд итгэдэг.
5.Тэд өөрсдийн боломжоо мэддэг. Хүн болгон заавал дарга болохгүйгээр, заавал эрдэмтэн болохгүйгээр, заавал “од” болохгүйгээр өөрийнхөөрөө сайхан амьдарч болно гэдгийг тэд мэддэг. Хүн болгонд өөрийн боломж байсаар атал заавал хэн нэгнийг дуурайж “даахгүй нохой булуу хурааж зовох”-ын хэрэггүй гэдгийг тэд ойлгодог. Мөнгө өнгө хөөсөн, бусдад таалагдах гэсэн “шаналгаат амьдралаас” “зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах” нь илүү ЖАРГАЛ гэдгийг тэд маш сайн ойлгож мэдсэн. Бие болоод сэтгэлээрээ шүү.АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ жилээс маш олноор Монгол орон руугаа буцаж эхэллээ.
Түрүүч нь тэнд өөрийн бизнес болон ажлаа “босгож” нэгэн цагт харь оронд хамтдаа зүтгэж байсан анд найз нараа дуудан хамтрах болжээ. Энэ маш сайхан эхлэл. Тэд Монгол оронд АНУ-ын стандартаас хэрэгтэйг нь хэрэгжүүлэх, бас туршлагаа нэвтрүүлэх, АНУ-д ажиллаж амьдарч байсан шигээ ажиллаж амьдрахыг хүсч байна. Ийм боломж нь Монголд нэгэнт бий болжээ. Харин тэднийг мөнөөх л авилгал хээл хахуулын “аалзны тор” мэт сүлжээ, нүдийг нь биш гарыг нь харсан Төрийн албаны “хүнд суртал”, “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэгчлэн элдэв худал үгээр “туслах” гэсэн анд нөхөд нь СААД болох л байх. Гэхдээ эрүүл саруул ухаан давамгай болж байгаа гэсэн. Үүр гэгээрэх мэт тэрхэн чөлөө, наран мандах мэт гэрэлтэх цаг холгүй буйз. Тэд ч өөрсдийн үнэ цэнээ алдахыг хүсэхгүй байх. “Зовж олсон бүхэн амттай” гэдэг дээ.
Өндөр төлбөр төлж нэр хүндтэй сургуульд сургуульд амжилттай суралцаж байгаа монгол залуусаараа бид бахархдаг. Тэдний олж харж байгаа, хүсч мөрөөдөж байгаа, зорьж тэмүүлж байгаа нь нэг л өөр. Тэд зөвхөн Монголыг Америкийг ч биш дэлхий ертөнцийг бүхэлд нь тольдон харж байна. Эд бол Монголын ирээдүй.
Тэгэхээр Монгол орон минь мандан бадрах цаг айсуй. Харин бид өөрсдөө л дор бүрнээ хичээх хэрэгтэй болж байна даа.
\Үргэлжлэл бий. Эргэцүүлэл-03 “Их нүүдэл ба хөгжлийн боломж”\
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: [email protected] 2012-02-01
Холбоотой мэдээ
Comments are closed.