Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, намын
харьяаллаас болж ард иргэд хохирох ёсгүй гэдгийг Өмнөговийнхон дамжуулж байна. Засаг дарга Б.Бадраа нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчжээ. Энэ талаар нутгийн иргэд баримттай өгүүлсэн юм. Тухайлбал, 2009-2010 онд нийт арван захирамж гаргаж орон нутгийн төсвийн хөрөнгөөс 500 сая 415 мянган төгрөг гаргажээ. Гэхдээ зөвхөн автомашин авахад энэ их мөнгийг зарцуулсан гэж бодохоор үнэндээ харамсмаар. Хамгийн ноцтой нь энэ машинуудыг тендер зарлалгүй худалдаж авсан байгаа юм.
Мөн тус аймгийн Хүрмэн сумын сургуулийн дээврийг засварлах ажлыг “Сэврэй хайрхан” групптэй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлжээ. Энэ компанийг Б.Бадраагийнх гэдгийг хүмүүс нотолж байгаа юм.
Тэрбээр энэ ажилд 120 сая төгрөгийн санхүүжилт хийхийг үүрэгдсэн байна. Ингэснээр мань хүн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан “Засаг дарга нь тухайн ажлыг хийх сонирхолтой этгээдүүдээс үнийн дүнгийн талаар санал авахаас гадна тэдгээрийн санхүүгийн чадавхи, техникийн туршлагыг зохих үзүүлэлтээр зайлшгүй үнэлж байж сонгон шалгаруулах ёстой” гэсэн заалтыг шууд зөрчжээ.
Иргэдийн хэлж буйгаар эрхэм Засаг дарга улсын ажлыг хувийн юм шиг хийдэг гэнэ. Хамгийн гол нь цөөхөн хүн амтай газарт намаар ялгаварлаж зөвхөн түүний намын хүмүүс л ажилд орох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын гэх тодотголтой хүн байвал мянган зовлон тоочоод ч авч хэлэлцдэггүй, ажил олгодоггүй байна. Түүнчлэн жирийн иргэд Засаг даргадаа санал, бодлоо хэлэх шиг хэцүү зүйл үгүй, зөвхөн “дээгүүр” зиндааныхантай харьцдаг талаар Өмнөговийнхон ярьж байв. Иргэдийн ярьсан зүйл бүгд баримттай юм.
Бас нэг баримт дурдахад, Засаг дарга Б.Бадраа 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 750 тоот захирамжаар аймгийн ИТХ-ын 2006 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журмын 4.10-д заасны дагуу төрийн албан хаагчдад 350 сая төгрөгийн зээл олгосон гэдэг. Гэтэл тухайн журмын 11-д заасан “Сан нь зохих шалгуурыг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгоно” гэсэн журмыг зөрчиж, Орон сууцны сангийн хөрөнгөнөөс шууд гаргасан байна.
Түүнчлэн зээл авсан гэх төрийн албан хаагчидтай зээлийн гэрээ байгуулаагүй аж. Бас орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх нэрээр зарим хүмүүст онцгой эрх эдлүүлж, аймгийн Орон сууцны сангаас хэд хэдэн удаа буцалтгүй дэмжлэг, тусламж өгсөн байна. Тусламж дэмжлэг авсан гэх эдгээр хүн тусламж олгох шаардлагагүй бэл бэнчинтэй гэдгийг иргэд гэрчлэх юм билээ. Тухайлбал, 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 763 тоот захирамжаар аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн хэлтсийн дарга Н.Жамьянхоролд орон сууц худалдан авахад нь зориулж есөн сая төгрөгийн дэмжлэг нэрээр өгчээ. Гэтэл тун удалгүй нөгөө Н.Жамьянхорол нь Засаг даргын 160 тоотыг барьчихсан ирж сангаас 15 сая төгрөг дахин авчээ. Энэ бүхнээс Б.Бадраагийн ивээлд багтсан хүмүүс юу дуртайгаа хийж болно гэсэн “хууль” Өмнөговьд үйлчлээд дөрвөн жил болж байна.
Өмнөговь аймагт үйлдвэрлэл хөгжөөгүй. Манай сонинд хандсан иргэд “Зөвхөн уул уурхайгаа түшиглэж амьдрах хэцүү. Зарим нэг нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэх гэхээр биднийг сонсдоггүй. Ер нь Өмнөговь аймаг нэг хүний монопольд бүрэн орсон гэхэд хилсдэхгүй” гэв. Түүнчлэн аймгийн МАН-ын дарга С.Бөхзориг “ .Бадраа газрын наймааг гаргуун хийж байгаа хүн. Өнөөдөр манай аймагт газар авсан жирийн иргэн тун цөөхөн. Түүнийг нь эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс л авдаг. Баримтаар ярихад, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг ноцтой зөрчиж, улсын тусгай хэрэгцээний газар болох дархан цаазтай газарт дур мэдэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон. Үүнтэй ижил захирамжуудыг удаа дараа гаргаж байна. Тухайлбал, 2009 оны аравдугаар сарын 23-ны 606 тоот захирамжаар “Тавантолгой транс” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтад байрлах 180 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 150506036 тоот дугаартай шийдвэр гаргасан. Ханбогд сумын дээрх газрыг УИХ-ын 1996 оны 43 тоот тогтоолоор Говийн бага дархан цаазат газар болгож, улсын тусгай хамгаалтад орсон юм. Хуулиараа бол Засаг даргад газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, эрх олгохыг зөвшөөрсөн нэг ч үг, өгүүлбэр байхгүй атал ингэж өөрт байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль бус захирамжууд гаргаж байна.
Засаг дарга Б.Бадраагийн тухай олон баримт бий. Эхнээсээ цагдаагийн байгууллагад шалгагдсан боловч Өршөөлийн тухай хуульд хамруулж хэргийг нь хүчингүй болгосон. Энэ нь хүчний байгууллагыг АН гартаа авсан болохоор энэ хүний хууль бус үйлдлүүдийг удаа дараа нууж байгаа юм. Өршөөлийн хуульд орсон гэх хэргийг нь сөхвөл “Тавантолгой транс” ХХК-д гурван жил дэд захирлаар ажилласан одоо, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун 2008 оны гуравдугаар сараас нүүрс тээвэрлэх хүнд даацын ӨМА 44-03 улсын дугаартай автомашин түрээслэж, олсон орлогоо бэлнээр болон банкин дахь хувийн карт, дансаар хүлээн авсныг илрүүлж албан татвар төлсөн эсэхийг шалгахад 54.1 сая төгрөг нуусан зөрчил илэрч цагдаагийн байгуулагад шалгагдсан байдаг.
Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” компани уурхайн чанартай нүүрсийг Хятад руу зөөж, хамгийн чанаргүй нь орон нутгийн иргэдийн түлшний хэрэгцээнд нийлүүлдэг. 51 хувь нь орон нутгийн өмч болсон тус уурхайн ТУЗ есөн гишүүнтэй, үүний тав нь аймгийн төрийн төлөөллийн хүмүүс байдаг. Эдгээр есөн хүн жилд ердөө 1-3 удаа л хуралдаж, хэнд нүүрс экспортлох зөвшөөрөл өгөх, ямар үнээр худалдах зэрэг асуудлыг шийдэг . Ингэж манай аймаг мөнгөтэй хүмүүсийн гарт нухлагдаж иргэд нь өдөр ирэх тусам ядууралд орж байна” гэлээ.
2008 оны орон нутгийн сонгуулиар АН-аас амласан “нутгийн хишиг” хэмээх 500 мянган төгрөгийг өгнө гэж жил бүр аймгийн төсөвт тусган баталдаг боловч эхний жилд 100 мянган төгрөг өгөөд үлдсэнийг нь одоо хүртэл хялайлгаагүй аж. Мөн 2011 оны эхэнд 2.5 тэрбум төгрөгийг нутгийн хишигт өгнө гэж төсвийн тодотголоор 10 тэрбум болгон өсгөсөн ч бас л өгөөгүй байна. Хамгийн гол нь энэ их мөнгийг юунд ашигласан, хаашаа алга болсон нь тодорхойгүй.
Эсвэл аль нэг банкинд хувийн эрх ашгийн үүднээс мөнгө угааж, улсын хөрөнгийг дур мэдэн ашиглаж байна уу гэсэн хардалт нутгийн иргэдэд төрөөд байгааг тэд хэлсэн. Энэ их эрх мэдлийг өгч байгаа нь түүний тойрон хүрээлэгчид, намынх нь лидерүүд юм. Улсад ажиллаж байгаагүй хүнийг Даланзадгадын Засаг даргаар томилжээ. Гэтэл өнөөдөр Даланзадгад гэрэл цахилгаангүй удаж байгаа гэнэ. Иймээс АН-ын лидерүүд болон, хуулийнхан Өмнөговь аймгийн нөхцөл байдалтай танилцаж санхүүгийн шалгалт хийх хэрэгтэйг ч С.Бөхзориг дарга өгүүлж байлаа.
Сонины редакцид хандсан иргэд багагүй бухимдалтай байсан юм. Тус аймгийн Төрийн сангийн дарга Л.Нарантуяагийн бэл бэнчин, хийж буй ажлынх нь талаар бид урьд нь мэдээлсэн. Гэтэл Засаг дарга нь “Энэ хүний амьдрал тааруу” гэж хоёр ч удаагийн шийдвэрээр их хэмжээний мөнгөн тусламж үзүүлж, аймгийн төвд хоёр өрөө байр өгч байсан баримт байна. Монгол Улсын ирээдүйг тодорхойлох хоёр том орд, баялгийн арвин нөөцтэй энэ аймаг тэр чигээрээ стратегийн бүс баймаар. Гэтэл ийнхүү аль нэг намын далбаан доор дураараа “галзуурч” буй нөхдөөр удирдуулж буй нь харамсмаар хэмээн Өмнөговьчууд бухимдаж байна.
Р.Саруултөгс
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 01, 2012 1:28:59 pm )
Hogiin Dorligjaw aa Chini Nogoo Shudraga dur haana baina
1 Comment