Хатан Туул мөхлийн ирмэгт ирж, загас усандаа бүтэж үхсэн тохиолдол сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болжээ. Энэ бүхний гол буруутан нь хятад эзэдтэй арьс ширний үйлдвэрүүд юм. Гэтэл үүнийг төр мэдсээр байж, ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн.
Харин сүүлийн сар хатан Туул хэсэг хугацаанд ч гэсэн түр амсхийлээ.
Аз болж Хятадын цагаан сар таараагүй бол Туул голд 83 хувийн бохирдолтой ус цутгасаар байх байлаа. Гэвч энэ нь түр зуурын асуудал юм. Уул нь Туул голд цэвэршилт нь 90 ба түүнээс дээш хувьд хүрсэн ус нийлүүлэгдэх учиртай. Гэтэл арьс ширний 40 гаруй үйлдвэр химийн хортой усаа төв цэвэрлэх байгууламж руу шууд цутгаснаас болж, ахуйн бохир цэвэрлэх учиртай төв цэвэрлэх байгууламжийн бичил биетүүд устан, улмаар усыг хангалттай түвшинд цэвэрлэж чадахгүй байна.
Төв цэвэрлэх байгууламж нь Испанийн засгийн газрын 14 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 2003-2004, 2007-2009 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Гэтэл хятад эзэдтэй арьс ширний үйлдвэрийн үс ноос болсон хог хаягдал эдгээр тоног төхөөрөмжийг эвдэн, өдөр тутам засвар хийдэг аж.
Үүнд сардаа 60 сая төгрөг зарцуулж байна. Энэ нь зөвхөн Туул голыг бохирдуулаад зогсохгүй улс орны хэмжээнд алдагдал авчирч байгаа хэрэг. Ийм баримт байсаар байтал хотын удирдлагууд тоохгүй өдийг хүрлээ.
Өнөөдөр Туул голын бохирдол Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл үргэлжилж, хүн мал ундаалахын аргагүй болсон. Ялангуяа Сонгиноны амралтын орчимд бохирдол дээд хэмжээнд хүрч, лаг нь тунаж үлдээд байгаа.
Манай улс нэмүү өртөг шингээж, ашиг олохын тулд арьс ширээ боловсруулан урагшаа гаргадаг болсон. Гэтэл энэ шийдвэрийн хариуд Монгол улс Хятадын түүхий эдийн бааз болсон төдийгүй арьс ширний үйлдвэрийн эзэд голдуу хятадууд байгаагаас монгол хүн гэхээсээ хятад иргэд ашиг олж байна. Хамгийн харамсалтай нь тэднийг хөрөнгөжүүлэхийн тулд монголчууд үе удмаараа ундаалж ирсэн Туул голоо золиослож байна.
Л.Ялгуун
now.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.