Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд байрлах нийтийн байр шатаж 12 айл гудамжинд гарчээ. 2012.01.30
Энэ сарын 26-нд Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд 29 айлын орон сууц шатсан хэрэг гарсан. Хэргийн мөрөөр гал гарсан газарт очиж, орон гэргүй болсон оршин суугчид хэрхэн амьдарч байгаа талаар сурвалжиллаа. Биднийг очиход гуравдугаар байр нэлэнхүйдээ шатсан байв. Оршин суугчид нь хамаатан садан руугаа явж, байр эзгүй шахуу болжээ. Тус байранд одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд гал гарч, бас л иймэрхүү зүйл тулгарч байсан аж. Тэр үед галын шалтгааныг цахилгаанаас болсон гэж үзээд оршин суугчдад газар өгнө хэмээсэн боловч асуудал шийдэгдэлгүй намжсан байна.
2007 онд энэ байрны хажуугийн нэгдүгээр байранд мөн л гал гарч, найман хүн амиа насаа алдсан золгүй явдал тохиолдож, тус байр устаж үгүй болсон байна. Удаа дараа гал гарч, золгүй явдал араасаа хөвөрсөөр байхад одоог хүртэл арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Гал гарсан гуравдугаар байранд амьдралын түвшин нэлээд доогуур айлууд амьдардаг аж. Тог цахилгааныхаа мөнгийг төлөөгүйгээс болж цахилгаан хэрэглэх эрхээ хасуулснаар хажуу талынхаа айлаас тог татдаг байжээ.
Үүнээс болж цахилгаан утаснаас гал алдсан байж болзошгүй гэнэ. Гэхдээ галын шалтгааныг 14 хоногийн дараа тогтоох юм байна. Биднийг гал гарсан гуравдугаар байранд очиход ганцхан айл үлдсэн байв. Эднийх бага насны гурван хүүхэдтэй. Тус байрны оршин суугч Д.Анхтуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
Гурван хүүхдээ дагуулаад хаашаа явах вэ дээ
-Танай байранд гал гарснаас болж хүн амьдрах аргагүй болсон байна шүү дээ?
-Энд хүн амьдрах ямар ч боломжгүй болсон. Харин манайх энд байхаас өөр аргагүй. Би гурван жаахан хүүхдээ дагуулаад хаашаа явах вэ дээ. Манай дээд давхар тэр чигтээ шатсан. Дотор нь байсан эд хогшил хувцас гээд бүх юм шатчихсан.
-Өмнө нь танай байранд гал гарч байсан гэл үү?
-Тийм. 2009 онд гал гарч, бас л иймэрхүү байдалтай болсон. Манай байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, газар өгнө гэж байсан ч тэр нь худлаа болсон. Оршин суугчид маань шатсан байраа засч, янзлаад орсон боловч дахин гал гарч, маш их хэмжээний хохирол амслаа.
-Галын шалтгааныг юунаас болсон гэж үзэж байна вэ?
-Цахилгаанаас болсон гэж байгаа. Өмнө нь шатахад ч цахилгаанаас болсон гэсэн дүгнэлт гарсан юм билээ. 2007 онд хажуугийн нэгдүгээр байранд гал гарахад найман хүн амиа алдсан. Энэ гал ч цахилгаанаас гарсан гэх юм билээ.
-Удаа дараа цахилгаанаас болж гал гарч байхад танай дүүргээс анхаарал тавьж байна уу?
-Одоогоор анхаарал тавьж байгаа юм алга. Өмнө нь энэ байрыг шатахад Онцгой байдлын газраас анхаарч байсан ч сүүлдээ хаясан. Манай байранд 29 айл амьдарч байснаас 12 айлын байр ямар ч амьдрах боломжгүй болсон. Гал унтраах явцад ус шүршсэнээс болж үлдсэн айлууд нэлэнх үйдээ усанд автсан. Одоо гэр тэр чигээрээ мөстсөн байдалтай байна.
-Орон гэргүй болсон айлуудад ямар арга хэмжээ авах юм бол. Энэ талаар холбогдох албаныхантай уулзсан уу?
-Халамжийн газраас өрх бүрт 500 мянган төгрөг өгнө гэсэн сураг байна лээ. Гэхдээ өгөхгүй биз. Албан тушаалтнууд биднээр доог тохуу хийгээд л өнгөрдөг. Одоо галын аюулд өртсөн айлууд гудамжинд гарч магадгүй. Амьдрал ахуй муутайгаас гадна ах дүү гээд байх юмгүй хэцүү амьдралтай хүмүүс энд байдаг.
Ч.Бямбадулам
Холбоотой мэдээ
Comments are closed.