antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 3 comments

Эзэнгүйдсэн ХҮҮХДИЙН ЗОХИОЛ

нийтлэсэн Admin

Бидний амьдралын нахиа, баяр баясал бол мэдээж хүүхэд. Гэрэлт ирээдүй болох энэ л бяцхан үрсээ эцэг эхчүүд хамгийн түрүүн эрдэм боловсролтой, оюунлаг, хүнлэг хүн болоосой гэж л хүсдэг шүү дээ.

Харин хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлж хүнлэг, оюунлаг болоход нь тусалдаг гол хүчин зүйл нь ном хэмээх аугаа ертөнц билээ. Тиймээс энэ удаа миний бие хүүхдийн ном бүтээл, хүүхдийн зохиолын талаарх асуудлыг хөндөхөөр шийдлээ. Ингээд номын дэлгүүрүүдийг зорьсон юм. Номын дэлгүүрүүдэд хүүхдийн номын тасаг гэж байх агаад  өнгө будаг хосолсон олон төрлийн ном өрөөстэй үзэгдэнэ.

e34450__1_x974

Өнгөц харах юм бол, хүүхдийн зохиол бүтээл ямар их юм бэ гэж уулга алдмаар. Гэвч сөхөөд үзэхээр нас сэтгэхүйн онцлогт тохирсон, танин мэдэхүйн чанартай, ач холбогдолтой ном, монгол зохиолчдын зохиол тун бага байх аж. Дийлэнх хувийг нь гадны уран зохиол, монгол ардын үлгэр эзэлж байна. Гэхдээ гадны уран зохиолуудын орчуулга бидний хэлдгээр модон учир уншихад хэцүү бөгөөд монгол үлгэрийн үг хэллэг өнөөгийн нийгэмтэй нийцээгүй, ямар гэдгийг уншигч олон хэлүүлэлтгүй мэднэ биз ээ.

Харин нэг хэсэгтээ шуугиан дэгдээсэн “Мүүн”-ий буянаар сурах бичиг, хүүхдийн номын агуулгын тухай асуудал хөндөгдсөн билээ. Үүний үр дүнд сурах бичиг, хүүхдийн номын талаар багагүй шүүмж, нийтлэл гарч, ШӨХТГ 253 ширхэг номын агуулгыг шалгасан юм. Гэтэл үүнээс ердөө л 32 ширхгийг нь зөрчилтэй хэмээн үзэж түр хураан авсан бөгөөд зөвхөн 4 ширхэг номыг онц зөрчилтэй хэмээн лангуун дээрээс татжээ.

Тэгэхээр бусдыг нь багахан зөрчилтэй гээд арга хэмжээ авалгүй үлдээсэн хэрэг үү. Ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай хэдий ч хоёрын хооронд ийн хөдлөөд юу хийнэ. Бүхэл бүтэн яамнаас гаргадаг сурах бичгүүд нь алдаатай байсаар атал /http://news.gogo.mn/r/181671, http://www.shuurhai.mn/108339 / 300-аад номоос 3-хан нь л боломгүй агуулгатай байна гэж үү дээ.

Орчин үеийн хүүхдийн зохиолын асуудал

Орчин үед хүүхдийн зохиол ялангуяа бага насныханд зориулсан зохиол үнэхээр хомс байна. Үүний цаад учрыг нарийн мэдэхгүй ч уулзаж учирсан зохиолчдын яриа, ажлын туршлага дээрээ үндэслэн “хүүхдийн зохиол бичээд ашиггүй, хүүхдийн зохиол бол доод түвшний зүйл” гэх хандлагаас болсон болов уу хэмээх таамаглал дэвшүүлэхэд хүрээд байна.

Тийм ч учраас багш нар өөрөө ч учрыг нь олохгүй шүлгэнцэрийг хүүхдүүдээр цээжлүүлэх гэж хүчилж сууна. Аргаа барсан зарим нь өөрсдөө шүлэг зохиол оролдох болжээ.

Атмаан туулай 

Ёох ёох ёох
Ёстой баларчээ
Төрсөн өдөр болоод
Тас үсэрчээ ах нь
Арсланд агсан тавьж гэнэ
Ажилдаа ч очих тэнхэл алга
Барыг  барьж зодсон гэнэ
Бараг хэвтэрт орсон юм байхаа
Баавгайгаар ширээ болгож
Бугын эврээр өлгүүр хийж
Үнэгний сүүлээр сэвүүр хийж
Анаашаар зоонтог бариулж
Сармагчингаар сархад аягалуулж
Могойгоор шат хийж
Атаман атаман гэхэд
Арай л дэндсэн байна лээ
Үгүй бас тэгсэн чинь
Зааныг авч шидээд
Золтой л хэмхэлчихээгүй юм байх
За  за, тэр юу ч биш
Угийн бяр чадал дээр
Уусан архины гааз нэмэгдээд
Хэдэн муу найз нараа
Хэтэрхий дарамталсан байх юм
Дараа жилийн төрсөн өдрөөрөө
Даруухан байж, багахан балгахгүй бол
Хамаг амьтан надаас айгаад
Хамт олонгүй болох шинжтэй
….Юу дуугарав аа!!!
Хаа нэгтэй сүртэй дуу гарлаа
Хачин аймаар чимээ сонсогдлоо
Арслан, бар ирвэл
Аргалаарай за!  Туулай ахыгаа

/Уг шүлгийг Дундговь аймгийн нэгэн цэцэрлэгийн багш зохиожээ. Нэгэнтээ хоосон орон зайг нөхвөрлөх гэсэн багш нарын буруу биш учраас энд нэр хаягийг нь тодорхой дурдсаны хэрэггүй болов уу. Жишээ болгон олон шүлэг тавьж болохоор байгаа ч олонд танигдсанаар нь ганц энэ шүлгийг авлаа/

Сайшаалтай хэдий ч архи дарс, алаан хядаан, томчуудын кино оруулчихвал хүүхдийн сонирхлыг татна гэж муйхарлан бодсон уу аль эсвэл жигшүүлж цээрлүүлэх гээд сурталчилсан аястай юм биччихсэн үү, бүү мэд.

Манай цөөн хэдэн зохиолч нар хүртэл ийм утга агуулга бүхий, хүүхдийн зохиол гэхэд хүнд үгтэй, томчуудын онигоо шиг зүйл бичдэг болчхоод байхад арга ч үгүй юм аа даа. Жишээ нь:

Ховч 

Тогмид, багш аа өчигдөр
Томчуудын кино үзсэн.
Худлаа гэвэл түүний ард
Хулан бид хоёр сууж байсан

Зоригтой туулай 

Ойн эзний тавагтай шөлийг
Огтор туулай уучихжээ
Баавгай ирэхийн бараанаар
Баярын ширээнээс зугтжээ
Давхиж давхиж гэртээ ирээд
Дан хийтэл хаалгаа түгжээд
“Би уусан яадаг юм бэ” гэж
Байдаг чадлаараа хашхирчээ

/Эдгээр шүлгийг О.Сундуй зохиосон бөгөөд “Ховч” шүлэг нь 2009 оны, “Зоригтой туулай” шүлэг нь одоогийн 2-р ангийн монгол хэлний сурах бичигт бий. Огтор гэсэн үг байхгүй учир оготор буюу намхан гэсэн утгаар нь хэлсэн болов уу. Дээрх 2 шүлэг хоёул хүүхдэд зөв үлгэр үзүүлнэ гэдэг эргэлзээтэй байгаа биз./

Ээж ээ би ямаачин болъё 

Ямаачин болоод ноолуурыг нь самная
Самнасан ноолуураар утас ээрье
Ээрсэн утсаараа цамц нэхье
Нэхсэн цамцаа дүүдээ өмсгөе
Дүү минь тэгээд надад баярлана
Баярласан сэтгэл нь амьдрал буцалгана.

/Ц.Бадамжунай зохиосон ба хүүхэд цээжлэхэд хүнд үгтэй, “амьдрал буцалгана” гэж юу хэлээд байгааг ойлгоход бэрх/ 

Монголын хүүхдийн  зохиолчид, эцэг эхчүүд, багш нарын гаргадаг гол алдаа нь ерөөсөө л хүүхэд гэдэг ухагдахуунаа зөв тодорхойлж чаддаггүйд байгаа юм. Хүүхэд томчуудын доор орших ертөнц биш, зэргэлдээ орших өөр нэг өвөрмөц ертөнц гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ санааг Оросын сэтгэлзүйч Л.С.Выготский “Хүүхэд бол томчуудаас бага юм мэдэж, бага юм хийж чаддаг том хүний “жижгэрүүлсэн” хувилбар огтоос биш. Хүүхэд бол мөн чанарын хувьд томчуудаас ялгаатай өөрийн гэсэн орон зай, сэтгэхүйг агуулсан хүн юм” хэмээн онол, үзэл баримтлалдаа хэдийнээ тусгачихсан байдаг. Тиймээс хүүхдийн зохиол бичиж байгаа хүн хүүхдийн өмнөөс таамаглан бодох явдал байж болохгүй. Дээрээс нь хэдэн настай хүүхдэд зориулан бичиж байгаагаа бодолцох хэрэгтэй.

Түүнээс биш хүүхэд гэсэн ерөнхий нэрийн дор бичих ёсгүй. 3 настай хүүхэд болон 13 настай хүүхдийн хооронд асар их ялгаа бий шүү дээ.  Хүүхдийн тухай өгүүлээд, дээрээс нь “бөмбөөлэй бумбаалай, цондоолой цүндээлэй” гэх мэтийн нялуун үг оруулчихвал хүүхдийн зохиол болчихдог юм биш ээ.

Эцэст нь, хүүхдүүд яагаад монгол үлгэр гэхээсээ илүүтэй “Алтан загасны үлгэр”, “Манжингийн үлгэр” Андерсен, Гримм, Маршакийн үлгэрүүдэд илүү дуртай байна вэ?, юуны учир “Алиса гайхамшгийн оронд”, “Питер Пен”, “Урт оймст Пиппи” “Нууц цэцэрлэг” зэрэг гадны зохиолуудад дурлаад байна вэ? Үүн дээр хүүхдийн зохиолч, холбогдох удирдлагууд анхаарлаа хандуулж, монгол хүүхдийн онцлог, мөн чанарт тулгуурласан жинхэнэ монгол хүүхдийн зохиол гаргах зайлшгүй эрэлт хэрэгцээ байгааг  анхаарууштай.

Утга зохиол судлаач Б.Батцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Л.Самбуу (October 25, 2016 9:16:39 pm )

    Судлаач Батцэцэг та маш чухал асуудлыг хөндөж, загатнасан газар маажих шиг боллоо. Миний хувьд энэ сэдвээр 10 гаруй шүүмж бичсэн. Тал хувь нь төвийн сонингуудад гарсан. Одоо ч гурван шүүүмж сонины газарт байгаа. Сонингууд томчуулд зориулж том сэдэв хөнддөг болохоор хүүхдийн эрх ашиг жижиг болж доогуур үнэлэгддэг биз. Мөд гарах байлгүй дээ гэж тайвширч суугаа. О.Сундуй сайн шүлэгтэй ш дээ. Хэн ч маргахгүй. Сурах бичигт л муугий нь олоод тавьчихаж. Эндээс нэг дүгнэлт хийж болмоор. Ямар? Тэр сурах бичиг зохиогчид чинь шүлэг яруу найргийг ойлгодоггүй, толгой холбосон хэдэн мөр л гэж боддог байхгүй юу. Тэгээд аминдаа, нэр хүндтэй зохиолчийн шүлэг сайн байж таарна гээд ганц нэг шүлэг тавьсан нь гай болохгүй юу. Цаадуул чинь Бавуугийн Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Төрбат, Ш.Дулмаа гэх мэт алдар цолтонгуудын шүлгийг л хал балгүй гээд сурах бичигт оруулж ард нь өөрсдийгөө, юм мэддэггүйгээ, чадваргүйгээ нуудаг юм. Хүүхдийн шүлэг гэдэг тусгай, бүр онцгой ур хийц шаардсан төрөл жанр байдгийг яаж мэдэв гэж дээ.

  • Zochin (October 26, 2016 3:47:06 am )

    Battsetseg tanid bayrlalaa. Mash zuv sedev hundsun bna. Manai ohin 1-r angi getel duu hicheel dr n Илбэнх гээд амьтны тухай duu заасан.Дууны үгэнд нь гөлийсөн нүдтэй. Хүүхдийн дуу шүлэг бичдэг зохиолч нар үгийн баялагтай тухайн үг ямар утга агуулагатайг уншиж судалж баймаар бна.

  • Зочин (December 07, 2016 11:55:09 am )

    365 хоног гээд “Мон судар”-аас гаргасан үлгэрийн ном байгаа. Судлаачид уншаад үзээрэй. Үнэхээр найруулга муу, утга авцалдаагүй, орон орны үлгэрээс оруулсан мөртлөө үнэхээр муу болсон. Онцлон 7-р сарын 14-ний үлгэрийг уншаарай. Ийм ном бүтээчихээд хорвоод байхгүй мэт ярьж суусан “Адмон Групп”-ийн захирлаас номын үнээ нэхэмжилмээр санагдсан. Нэг бүр нь 50,000₮.

antalya rent a car