Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-28-нд орон даяар болно. Тодруулбал, цэрэг татлага нийслэлд аравдугаар сарын 21-21, орон нутагт 20-28 хооронд явагдах юм байна.
Тиймээс бид хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.
-Хэдээс хэдэн насыг цэргийн нас гэж үздэг вэ?
-18-25 насыг цэргийн нас гэж үзнэ.
-Эрүүл мэндээр тэнцээгүйгээс өөр ямар үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлж болдог вэ?
-Их, дээд сургуульд сурч байгаа хугацаанд чөлөөлнө. Гэхдээ оюутанд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн бол төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт, зарлангаа аваад харьяа дүүргийнхээ Цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж чөлөөлөгдөх ёстой. Мөн 0-14 насны нэг хүүхэдтэй буюу эхнэр нь жирэмсэн бол чөлөөлөх үндэслэл болно. Цэргийн насандаа хоёр хүүхэдтэй болсон бол цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөдлөөр гаргавал чөлөөлөх үндэслэл болдог. Ээж аав, ах эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, нэг, хоёрдугаар группт орсон тухайн цэргийн үүрэгтнээс өөр асран хамгаалагч байхгүй тохиолдолд чөлөөлнө. Мөн ээж юм уу, аавтайгаа хоёулхнаа амьдардаг айлын ганц хүүхдийг чөлөөлдөг.
-Айлын ганцууд зөндөө биз дээ?
-Айлын ганц хүүхэд өөрөө хүсвэл цэрэгт явж болно шүү дээ. Оюутан ч гэсэн өөрөө хүсвэл цэргийн алба хааж болно.
-Энэ жил цэргийн дүйцүүлэх албаны мөнгө хэдийг төлөх вэ?
-Цэргийн дүйцүүлэн хаах мөнгөний хэмжээг жил бүр Засгийн газраас өөрчлөн баталдаг. Ингэхдээ нэг хүн жилийн хугацаанд цэргийн алба хаахад хувцас, хоол гээд хэр хэмжээний зардал гаргаж байгааг дундажлан тооцож энэ мөнгөний хэмжээг тогтоодог. Энэ жилийн хувьд 4807207 /дөрвөн сая найман зуун долоон мянга хоёр зуун долоо/ төгрөг байна.
-Цэргийн дүйцүүлэх албаны мөнгийг ямар тохиолдолд төлдөг вэ. “Би цэрэгт явахгүй мөнгөө төлчихье” гэвэл болох уу?
-Цэргийн дүйцүүлэх албаны мөнгийг 26 нас бүтэн хүрсэн хүн төлдөг. 18-25 нас хүртэл найман жил буюу найман удаа цэрэг татлага болсон. Энэ хугацаанд цэрэг татлагад ерөөсөө хамрагдаж байгаагүй хүмүүс мөнгийг төлөх ёстой. Гэхдээ эрүүл мэнд, ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн боловч бусад үед нь цэрэг татлагад хамрагдаж байсан бол мөнгийг төлөхгүй. Тухайн жилд тогтоосон дүйцүүлэх албаны мөнгийг найман жилд нь хуваагаад хэдэн төгрөг төлөхийг гаргадаг.
-4807207 төгрөгийг бүтнээр нь төлнө гэсэн үг биш юм байна, тийм үү?
-Тийм. Уг нь зарлан авах бүртээ ирж чөлөөлөгдөх үндэслэлээ гаргаад чөлөөлөгдөөд явах ёстой байдаг. Гэтэл зарим хүн хаяг тодорхойгүй зэрэг шалтгаанаар зарлангаа ч аваагүй байх нь бий. Цэргийнхээ насанд цэрэгт яваагүй, чөлөөлөгдөх үндэслэл бүрдээгүй, цэрэг татлагаар ороогүй хүмүүст л мөнгөн төлбөр ногдуулж байгаа юм. Цэргийн нас нь дуусаад мөнгөө төлчихөөр цэргийн албаа дүйцүүлж хааж байгаа гэсэн үг.
Т.Гэрэл
Холбоотой мэдээ
Comments are closed.