Канадын уул уурхайн гигант “Rio Tinto” компани “Ivanhoe mines”-ийн хувьцааны 51- ээс дээш хувийг эзэмшихээр болсон тухай өмнө нь мэдээлсэн.
Өдгөө дэлхийн олборлоогүй зэсийн хамгийн том орд “Оюутолгой” төслийн гуравны хоёр нь “Rio Tinto”- гийн мэдэлд ийнхүү шилжсэн тухай “Reuters” дамжуулав.
Ингэснээр “Оюутолгой” төсөл “Rio Tinto”-гийн менежмент дор хэрэгжихээр болж буй аж. Түүнчлэн “Rio Tinto” компани “Ivanhoe mines”-ийн Оюутолгойгоос бусад ордын үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Оюутолгойн ордын олборлолт эхлэхэд 18 сарын хугацаа үлдсэн бөгөөд “Rio Tinto” тус ордоос жилд 544 мянган тонн зэс, 650 мянган унци алт, гурван сая унци мөнгө олборлох тооцоо гаргасан байна.
Дэлхийд гуравдугаарт ордог уул уурхайн Рио Тинто групп хувьцааных нь 51 хувийг эзэмшдэг болсныхоо дараа Айвенхоу Майнз компанийн удирдах бүрэлдэхүүнд нөлөөлөхийг оролдож магадгүй байна.
“Айвенхоу захирлуудын зөвлөл болон удирдах байгууллагадаа ямар нэг өөрчлөлт оруулахаар хараахан төлөвлөөгүй боловч тус компанийн удирдлагыг Рио судалж байна. Цаашдаа Рио Тинто Айвенхоугийн удирдлагад, тухайлбал, компанийн дээд удирдлагад зарим нэг өөрчлөлт оруулахыг, тодруулбал, урьд нь томилсон захирлуудын дийлэнхийг өөрчлөхийг оролдож магадгүй” гэж Рио Тинтогийн Лондон дахь төвийн хийсэн мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт Рио Тинто Айвенхоугийн хувьцаанаас 301 сая ам.долларын хувьцаа худалдаж авсан байна. Айвенхоу зургаан тэрбум доллароор үнэлэгдэж буй Монголын зэс, алтны Оюутолгойн орд газрыг эзэмшдэг.
“Рио аажмаар Айвенхоу дахь нөлөөгөө өргөжүүлэхээр найдаж байгаа бөгөөд захирлуудын зөвлөлд өөрийн хүмүүсээ оруулах нь тус компанийн хийх ёстой дараагийн алхам болно. Хяналтын хувьцааг нь аль хэдийн авсан болохоор компанийн удирдлагад өөрийн хүмүүсээ оруулах нь зүйн хэрэг юм” гэж Мельбурн дэх “IG Markets” компанийн дилер Крис Вестон үзэж байна.
Баасан гарагт Сиднейн биржэд арилжаа дуусах үед Рио Тинтогийн хувьцааны ханш 2,1 хувиар өсч, 69,78 австрали доллар болжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 30, 2012 10:05:08 pm )
Orovdoltei Mongol nutag
-
Anonymous (January 30, 2012 10:52:04 pm )
chaawaas daa
2 Comments