Манай улсын насанд хүрсэн иргэдийн 52 хувь нь архинд донтох өвчтэй болсон гэх тоо баримт байдаг. Харин улсын хэмжээнд архины албадан эмчилгээ хийдэг ганцхан эмнэлэг бий. Энэ бол Төв аймгийн Баян суманд үйл ажиллагаа явуулдаг, бидний хэлж заншсанаар Мааньтын эмнэлэг юм.
Биднийг Баян сумын архины албадан эмчилгээний эмнэлэгт очиход гадуураа блокон хашаагаар хүрээлэгдсэн, төмөр сараалжин хаалгатай яг л шорон мэт газар угтаж авав. Дотогш нэвтрэх гэсэн боловч үүдний харуул нь оруулахгүй байлаа. Удалгүй тус эмнэлгийн дарга, дэд хурандаа Д.Энхтөртэй уулзаж, зөвшөөрөл авснаар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар болсон юм.
Өдгөө Мааньтын эмнэлэгт 20-50 насны 179 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж. Хамгийн залуу өвчтөн нь дөнгөж 20-хон настай бүсгүй.
20-хон настай бүсгүй архины албандан эмчилгээнд ирсэн байгаа нь манай улсад архи аюулын харангаа нэгэнт дэлдээд эхэлчихжээ.
20 настай Ганцэцэг “Би одоо дахиж архи уухгүй. Эмнэлгээс гараад сайн байх болно” хэмээн ярьж байлаа. Ганцэцэг өнгөрсөн оны 10 дугаар сард ирсэн байна. Түүний гар нь маш хүнд гэмтэж, уруул нь цуурч, зодуулсан байдалтай иржээ. Эмчээсээ байнга эмнэлгээс гаръя гэж гуйдаг гэнэ. Түүний эмчлэгч эмч ярихдаа “Тэр үед Ганцэцэг манай эмнэлэгт ирээгүй бол амиа ч алдаж болох байсан. Ганцэцэгийг ядаж дулаан болохоор гаргана” гэж байв.
Мөн Дамдин гэдэг 48 настай хүн бидэнтэй ярилцахыг хүссэн юм. Тэрбээр “Би багш мэргэжилтэй хүн. Залуу байхдаа ажил төрөл бүтээж байна гэж найз нөхөдтэйгөө архи уудаг байсан. Би хэзээ ч өөрийгөө архичин гэж боддоггүй байлаа. Архинд донтох өвчин туссан хүн хэзээ ч өөрийгөө архинд орчихсон гэж боддоггүй. Үүнийг би ойлгосон. Энд байгаа хүмүүсийн 80 хувь нь яг над шиг бодолтой. Би дахиж архи гэдэг зүйлийг хэрэглэхгүй. Монголын хойч ирээдүй болсон залуучуудад хэлэхэд архи гэдэг ундааг битгий хэрэглээрэй. Харин эндээс эмчлэгдээд гарахад биднийг “Архичин” гэж битгий дуудаарай гэж хэлмээр байна” хэмээн ярьсан юм. Үнэхээр Дамдингийн хэлж буйгаар архинаас татгалзаж чадаж байвал үүнээс сайн зүйл гэж хаана байх вэ.
Албадан эмчлүүлж байгаа 179 өвчтөнөөс 10 нь эмэгтэй, 169 нь эрэгтэй байв. Биднийг очихын урд өдөр 16 өвчтөн нэмэгдэж ирсэн байлаа.
Өмнө нь ирсэн өвчтөнүүд шинээр ирсэн өвчтөнүүдийг “шинэ цэрэг” гэж дууддаг аж. Ирж байгаа хүмүүсийг усанд оруулж, хир буртагнаас нь салгахаас эхлээд бүх л зүйлтэй нь хутгалдаж байгаа ажилтнууд үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг юм билээ. Энэ эмнэлэгт аав, хүү, ах дүү, эхнэр нөхөр гээд гэр бүлийн хүмүүс хүртэл олноор ирсэн байх юм. Монголчууд архинд донтох өвчинд нэлээд нэрвэгдсэнийг энэ байдал харуулж байна.
Эмнэлгийн ажилчдын ярьж буйгаар ачаалал хэрээс хэтэрч байгаа гэнэ. 100 хүн хүлээж авах хүчин чадалтай эмнэлэгт өнөөгийн байдлаар 200 шахам хүн эмчлүүлж байгаа аж. Тус эмнэлэг гурван байртай. Энэ байрандаа сэтгэл зүйн хичээл хийх, өвчтөнүүдээ байрлуулах гээд багтаж ядах аж. Насанд хүрсэн иргэдийн 52 хувь нь архинд донтох өвчтэй байхад улсын хэмжээнд ганцхан байдаг архины албадан эмчилгээний эмнэлэг 100 хүн хүлээж авах боломжтой байна гэдэгт итгэх аргагүй.
Нэг өрөөнд 20 өвчтөн байрладаг бөгөөд үнэхээр амьсгал давхцам, удаан байх аргагүй юм билээ. Харин арван эмэгтэйг тусгаарлан байрлуулсан байлаа. Шөнө болоход эмэгтэйчүүдийн өрөөг гаднаас нь байнга түгждэг хэдий ч үүнд эсэргүүцэл үзүүлж, хаалга үүдээ онгорхой хонуулахыг шаардаж нэлээд асуудал үүсгэдгийг ч эмнэлгийн ажилтнууд ярьж байв.
Хэдийгээр албадан эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс нь энгийн хүнээс өөр байдаг боловч эмч нар хэзээ ч архичин гэдэг утгаар нь хардаггүй юм билээ. Эмнэлгийн дарга, дэд хурандаа Д.Энхтөр хэлэхдээ “Энэ хүмүүс архинд донтох өвчин туссан, биеийн байдал нь маш хүнд. Хүн өвчин тусч бие нь өвдөж шаналахдаа ямар байдаг, яг л тийм хүмүүс. Бид хотын гудамжинд тасраад уначихсан байгаа хүмүүсийг харахад үнэхээр сэтгэл өвддөг. Эндээ авч ирээд эмчилмээр байдаг ч хүний эрхэнд халдаж, дураараа авч ирэх эрх байхгүй. Тэгээд ч хөрөнгө мөнгө дутмаг байдаг. Энд ирж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар ар гэрийнхэн болон албан газрынхан нь гомдол гаргасны улмаас шүүхийн шийдвэрээр ирдэг” хэмээн сэтгэл эмзэглэн ярьж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.
Архинд донтсон өвчтөнүүдэд албадан эмчилгээг хийхдээ эхлээд хор гадагшлуулах тариаг өндөр тунгаар хийж, дараа нь сэтгэл зүйн эмчилгээ хийдэг байна. Сэтгэл зүйн эмчилгээ нь тус эмнэлгийн гол эмчилгээ гэнэ.
Ер нь сэтгэлийн хүчээр архинаас гаргах талаас нь арга хэмжээ авдаг байна. Архийг олон жил хэрэглэсэн хүмүүс тэнэглэлийн байдалд орж, өөрийгөө хянах чадваргүй болдог аж. Ийм хүмүүстэй ажиллах эмч төдийлөн олддоггүйн дээр орчин нөхцөл тухгүй учраас боловсон хүчин дутмаг байдаг гэнэ.
Эмнэлгийн ажилтнууд “Үнэхээр санаснаар болдог бол энэ эмнэлгийн байрыг шинэчлээд, нарийн мэргэжлийн архины эмнэлэг болгочихдог бол сайхан. Ийм орчин нөхцөлд ажиллах эмч, боловсон хүчин олддоггүй. Манай улсын насанд хүрсэн хүмүүсийн 52 хувь нь архинд донтох өвчтэй. Гэхдээ энэ бол нарийн тоо баримт биш. Ойролцоогоор ийм байна. Үүнээс ч их байж болно. Тиймээс ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр төрөөс анхаараач гэж хэлмээр байна” хэмээн ам булаацалдан ярьцгааж байсан юм.
Эцэст нь өгүүлэхэд үнэхээр ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудынхаа ажлын орчныг сайжруулах тал дээр холбогдох албаны хүмүүс анхаарлаа хандуулж, орхигдсон мэт энэ газрыг хараа хяналтдаа авах нь зүйтэй гэдгийг хэлмээр санагдлаа.
Мөн архины үйлдвэрүүдийг багасгаж, гаднаас орж ирж байгаа согтууруулах ундааг хязгаарлах цаг болжээ. Архи хэмээх савнаасаа бусдыг дийлдэг ундаанаас болж хичнээн хүн амьдралаараа хохирч, хичнээн залуус гэмт хэрэг үйлддэг болохыг хүн бүр мэдэх биз ээ.
Хоёр сая гаруй хүн амтай манай улсын насанд хүрсэн хүн амын 52 хувь нь архинд донтох өвчтэй байна гэдэг хэзээ мөдгүй мөхөх аюул нүүрлэснийг илтгэж байна. Тиймээс архины үйлдвэрүүдэд хяналт тавьж, хязгаарлах цаг хэдийнэ болжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
Comments are closed.