
– “Том-Амжилт” ХХК ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа манай уншигчдад эхлээд танилцуулахгүй юу?
– 2007 оноос эхэлж Amjilt.com сайтынхаа үйл ажиллагааг эхлүүлж байлаа. “Том-Амжилт” ХХК болсон нь 2010 он. Дараа жил манай сайтын 10 жилийн ой тохиох гэж байна. Манай компанийн өргөжин дэвших явц удаан хугацаанд шат дараалалтайгаар бий болсон. Эхлээд Amjilt.com сайт дараа нь бид өөрсдөө вэб сайт хийж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Харин дараа нь хост, домэйн нэр олгодог болсон. Үүнийхээ хажуугар мобайл аппликейншн хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна даа.
– Арван жилийн түүхтэй танай хамт олны амжилтын ургац арвин биз. Ойгоо угтаж ямар шинэлэг ажлууд хийж байна вэ?
.- Бид “Amjilt.com “сайтаа есөн жилийн туршид хөгжүүлж ирлээ. Анх Amjilt.com сайт варез сайт байсан. Харин одоо манай сайт Монголд байхгүй хамгийн олон үйлдэлтэй, хамгийн шилдэг технологийг ашигласан сошиал контент удирдлагын системтэй, тооцоолол функц шаардсан сайт болж чадсан. Энэ нь зөвхөн фэйсбүүк шиг сошиал үйлдлүүд хийдэг байхын тулд сүүлийн үеийн маш өндөр технологи дээр тулгуурлаж олон жилийн хөдөлмөрөөр боссон. Монголд ер нь сайтууд маш цөөхөн үйлдэлтэй байдаг. Бид сайтууд руу орж мэдээ унших, зураг үзэх, видео тоглуулах, сэтгэгдэл бичих гээд л хэдэн үйлдлийн дунд олон жил амьдралаа. Гэтэл технологийн салбар чинь өөрөө маш өргөн уудам сонирхолтой ертөнц шүү дээ. Өнөөдөр манай сайт сошиал контент удирдлагын системтэй болоод байна. Энэ нь фэйсбүүк шиг сошиал нетворк болон хөгжиж байна гэсэн үг.
Манай Amjilt.com сайтын фэйсбүүкээс илүү давуу тал нь “хэрэглэгч өөрийн оюуны бүтээлээ сайтад байршуулж, бусдад зарах эрхтэй юм”. Өнөөдрийн байдлаар бид зөвхөн суурин компьютер дээр ашиглаж болох байдлаар гаргаад байна. Удахгүй бүх төрлийн гар утас нь дээр ашиглаж болох байдлаар гаргана. Бидний энэ бүтээл Монголд анхны том ажил болж байгаад баяртай байна. Бусад улс орнуудад энэ төрлийн дотоод сүлжээг өргөн ашигладгийг залуучууд сайн мэдэх биз. Amjilt.com сайтаа тасралтгүй хөгжүүлж өөрсдийн гэсэн контентоо бэлдэж, хүнээ сайн сургаж, ажлаа сайн хийснээр бид дэлхийн зах зээлд гарч чадна. Магадгүй хэдэн жилийн дараа Amjilt.com сайт IPO гаргаад зарахад дэлхий даяар Монголчууд гэж шуугих байх л даа. Энэ амжилтад хүрэхийн тулд бид хичээж ажиллаж байна.
Нийгмийн даатгалын төлөө амьдарна гэхэд залуу нас, амьдрал хоёр минь дэндүү хайран санагдсан
– Та өөрөө технологийн салбарын хүн үү. Яагаад энэ салбартай холбогдох болов?
– Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Багаасаа тоо бодох сонирхолтой, тоондоо их сайн хүүхэд байлаа. Математикийн багш мэргэжилтэй. Магадгүй би технологийн салбар руу орсон нь тоо бодох их дуртай байсантай холбоотой байх. Учир нь технологийн салбар яг математик шиг хязгааргүй.
-Математикын багшаас вэбийн компани байгуулах хүртэл ямар замыг туулсан бэ?
– Надад насаараа нэг тоогоо зааж багшийн ажлаа хийж явах нь жаахан тиймхэн санагдсан. Багшаа хийгээд явахаар ирээдүйд би тийм мундаг болно гэсэн итгэл үнэмшил харагдахгүй байсан. Тиймээс оюутан байхдаа интернет кафед сууж вэб сайт хийх талаар судалж сурсан. Хүүхдүүдэд давтлага өгч хичээл заасан мөнгөөрөө интернет кафед сууж вэб сайт хийж сурах гэж мөн ч их оролдсон доо. Миний үеийн залуучууд бүгд л тийм байх. Тухайн үед арван жилд компьютерын хичээл ороход нэг компьютер дээр 3-5 таван хүүхэд суугаад асааж, унтраах зэрэг энгийн зүйлийг заалгадаг байсан. Тэр мэдлэгээрээ эхэлж хичээсээр байгаад вэб сайт хийж сурсан. Төгсөөд багшийнхаа ажлын хажуугаар хэдэн найзуудтайгаа нийлж вэб сайт хийдэг компани байгуулаад хэдэн сар ямар ч ажил авахгүй явж үзсэн. Ядаж байхад бид тав дундаа 1 компьютертай. Тэрэн дээрээ ээлжилж суудаг байсан. Зах зээлийн үнээрээ 2 саяын ажлыг бид хоёр зуун мянгаар авч хийдэг байлаа. Тэгээд түүнийгээ тав хувааж авахаар хаанаа ч хүрэхгүй бага мөнгө. Сүүлдээ ч найзууд минь зам замаа хөөж би гэдэг хүн ганцаараа үлдсэн. Технологийн салбарын хөгжил хурдацтай тархаж байсан учраас намайг жаахан аз гийсэн байх. Би нэг жил ганцаараа ажиллахад захиалгаа дийлэхээ больсон. Өөрөөсөө гадна нэг ажилтан авч сүүлдээ хоёр болж өргөжсөөр байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн дээ.
– Зах зээл нь хумигдмал тийм үед та яагаад шантраагүй вэ. Багшаа хийх бодол төрөөгүй юу?
– Надаас бусад бүх хүн буцаад багшаа хий. Бүтэхгүй дэмий юм хийлээ гэж зөвлөж байсан. Аав, ээж маань хүртэл буцаад ажилдаа ор. Нийгмийн даатгал төлөөд тэтгэвэр авах амьдралын баталгаатай ажил хэмээн зөвлөж байлаа. Гэхдээ би сарын хоёр зуун тавин мянган төгрөгийн цалинтай ажлыг насаараа хийж. Нийгмийн даатгалын төлөө амьдрна гэхэд залуу нас, амьдрал хоёр минь дэндүү хайран санагдсан. Тийм ч учраас өөрийнхөө үзэл бодолд өөрөө л үнэнч үлдэж чадсан даа. Автобусны ч мөнгөгүй алхаж явсан хоёр жил дууссаны дараа би өнөөдрийн “Том-Амжилт” ХХК-г байгуулж 40 залуустай гар нийлэн ажиллаж байна.
Хүүхэлдэйн кинонд “од” гэж байдаггүй
– Манай улсад Монголын гэх тодотголтой Хүүхэлдэйн кино байдаггүй. Харин танай хамт олон Монголын анхны 3d анимейшн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийж байгаа гэж сонссон. Хүүхдүүдийн үзэх кино бэлэн болсон уу?
-Манай график студийн залуучууд бүтэн хоёр жилийн туршид “МОРА” хэмээх Монголын анхны бүрэн хэмжээний анимейшн хүүхэлдэйн киног үзэгчдэд зориулж хийж дуусгалаа. Энэ кино маань 1 цаг 30 минутын туршид үйл явдал нь өрнөх болно. Миний багын мөрөөдөл хүүхэлдэйн кино хийх байсан. Харин өнөөдөр надад мөнгө, боловсон хүчин хоёр нь байна. Тэгээд л мөрөөдлөө биелүүлсэн хэрэг.
– Хүүхэлдэйн кино хийхэд мэдлэг мэргэжлээс гадна хөрөнгө санхүү их хэрэг болно биз. Нууц биш бол хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулав. Хүүхдэд зориулсан кино бүтээж байгаа болохоор компаниуд гар татахгүй байх. Дэмжлэг туслалцаа авч чадсан уу?
– Ивээн тэтгэгч олох гэж ажил болгож яваагүй. Ганц, нэг хүнд хэлж үзсэн. Гэхдээ анхны зүйлийг хийж байгаа учраас хэн “май гээд” мөнгөө гаргаад өгөх үү. Хийчих харья гэж байсан. Бид энэ кинондоо хоёр зуун сая төгрөг зарцуулсан. Энийг би тийм их мөнгө гэж бодохгүй байна. Учир нь бидэнд орлого байна, боловсон хүчин ч бас байна. Гаднаас өндөр цалин амлаж график ч авчааргүй учраас залуучуудтайгаа нийлээд зардал багатайгаар киногоо дуусгалаа.
– Шинэ технологи, мэдлэг мэргэжлийн хувьд танай баг хамт олон хийж чадлаа. Ашигаа хэр зэрэг өгөх бол?
– Хүүхэлдэйн кино өөрөө дэлхийн зах зээл дээр бол асар их ашиг олдог. Харин Монголд ямар байхыг нь би сайн мэдэхгүй л дээ. Анхны хүүхэлдэйн кино учраас хэр их ашиг олдог, хүмүүс яаж хүлээж авдаг талаар очоод асууя гэсэн ч асуух хүн алга. Ямар ч байсан анхны хүүхэлдэйн киног хийх нь зөв байсан. Бид бүтэн хоёр жилийн хугацаанд киногоо чадлаараа хийлээ. Маркетингаа одоо л эхлүүлэх гэж байна. “Мора” хүүхэлдэйн кино маань мэдээж зөвхөн Монголд гарахгүй. Бид урд, хойд гэсэн хоёр хөрш улс руугаа киногоо гаргана. Эхний удаад Монгол залуучууд хийлээ, чадлаа гэдгийг харуулах нь зорилго болохоос биш ашиг олох нь гол зорилго биш байна. Хүмүүсийн хэлдгээр “Шатах ёстой бол, шатъя” гэдэг нь болж байна даа.
Нэг зүйл хэлэхэд хүүхэлдэйн кинонд “од” гэж байдаггүй учраас дэлхийн зах зээлд амжилт олох боломжтой. Шрек эсвэл Кунг Фу панда өөр кинонд тоглоод явахгүй байгаа биздээ. Тэр зөвхөн тухайн киноныхоо баатар байж. Цоо шинээр үзэгчдэд хүрсэн дүр юм. Тиймээс “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй 3-5 жилийн дараа бидний хийсэн кино дэлхийн зах зээл дээрээс тэрбум доллар олно гэдэгт 200 хувь итгэлтэй байгаа.
-Залуучууд маань үзэх Хүүхэлдэйн кинотой боллоо. Хүүхэлдэйн киногоо үргэлжлүүлэн хийх үү?
– Хүн бүр эрсдэл бодож суувал бид хэзээ ч дэлхийн зах зээл рүү гарч чадахгүй. Би зүгээр л Монголчууд хийж чаддаг шүү гэдгийг бусад залуучууддаа харуулж, тэдэнд итгэл бэлэглэх гэсэн юм. Мэдээж эхний кино маань холливүүдэд очоод бут авахгүй л дээ. Гэхдээ анхны зүйлийг хийгээд үзлээ. Цаг хугацааг хэрхэн хэмнэхээ ойлголоо. Дараагийн кинонууд бол үүнээс илүү хурдан гарна.
– Монголын анхны Хүүхэдлдэйн киноны эхлэлийг танай хамт олон тавилаа. Хүн хийж үзэж байж туршлагаждаг гэдэг. Та бүхэн илүү их туршлагатай болж чадсан байх ?
– Туршлагаас гадна техник. Бид эхлээд туршлагагүй байсан учраас киноныхоо 1 минутын бичлэгийг 1 сарын турш хөрвүүлсэн. Энэ бол асар удаан. Харин энийг хурдасгадаг өндөр хурдний төхөөрөмж байдаг юм байна. Тэрийг нь худалдаж авлаа. Энэ туршлагаараа би дараагийн киног хийх бүх л залуучуудад зөвлөж чадахаар болж байгаа юм. График сонирхдог маш олон залуучууд найзуудаараа нийлээд студи байгуулдаг. Тэд над дээр ирж туршлага солилцоосой гэж би боддог. Бид нар хүүхэлдэйн киногоор дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Харин үүний тулд боловсон хүчнээ ихээр нэмж авах хэрэгтэй байна. Өнөөдөр манай компанид 40 залуу байна. Дараа жил 400 болбол бид илүү хурдан ажиллаж чадна.
– Бизнес хийнэ гэдэг амаргүй. Санхүүгээ хэрхэн босгож байна вэ?
– Бид хийж буй бүх ажлаасаа орлого олж ажилладаг. Мэдээж Amjilt.com сайт, вэб хийх үйлчилгээ, видео реклам хийх график студи, онлайн шоп, Амжилт академи гээд бүх зүйлээсээ орлого олдог. Манайд ашиггүй ажилладаг салбар, цалингүй ажилладаг ажилтан гэж байхгүй. Нийт ажилчид дунд 2 сая гаран төгрөгийн цалин авдаг хүн байхад хоёр зуун мянган төгрөгийн цалинтай хүн ч байна. Гол нь би цалинг тогтоодоггүй. Хэр их хөдөлмөрлөнө тэр чинээгээр цалингаа авна гэдэг шударга зарчим үйлчилдэг.
Холбоотой мэдээ
Comments are closed.