
Д.ГЭРЭЛ
Олон улсад дэлбэрэлт, зэвсэгт халдлагууд ойр ойрхон болох болов. Зөвхөн Америк, Франц зэрэг цөөн хэдэн улс л терроризмын гол бай болоод байгаа юм шиг олон нийт төсөөлж байсан бол энэ асуудал богино хугацаанд дэлхий нийтийг түгшээж буй зохион байгуулалттай гэмт хэрэг болж байна. Үүнийг саяхан болсон терроризмын халдлагууд, тэр дундаа нэг улсад дараалан гарсан дэлбэрэлтүүд баталж байгаа юм.
Энэ сэдэвтэй холбоотой сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан террорист халдлагуудыг тоймлон хүргэж байна.
МАНХЭТТЭНИЙ ДЭЛБЭРЭЛТИЙГ АФГАНИСТАН ГАРАЛТАЙ АМЕРИКИЙН ИРГЭН ҮЙЛДЖЭЭ
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод дараалан дэлбэрэлт гарсан. Энэ үйл явдал нь 2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг дэлбэлснээс хойш тохиолдож байгаа том дэлбэрэлт гэж олон улсад дүгнэж байгаа. Гурван газарт болсон дэлбэрэлтүүд нь хоорондоо холбоотой болохыг АНУ-ын эрх бүхий байгууллагууд ч мэдээлж буй. Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Челси гудамжинд битүү чанагчид бөмбөг дэлбэлснээс 29 хүн шархадсан.
Цагдаа нар хэргийн газарт мөрдлөг хийн дэлбэрэлтийг хэн, ямар санаатайгаар хийснийг тодруулахаар ажиллаж байгаа тухай гадны хэвлэлүүд дамжуулж байна. Энэ үйл явдалтай давхцан Нью Жерси мужид хоёр террорист халдлага гарсан.
Эхнийх нь энэ сарын 17-нд Миннесота их дэлгүүрт болсон юм. Гэмт этгээд хутга барин дайрч есөн хүнийг шархдуулсан. Харин цагдаа нар гэмт этгээдийг хэргийн газарт хөнөөсөн байна. Дараагийх нь Нью Жерси хотын Сийсайд цэцэрлэгийн хогийн саванд тэсрэх бөмбөг хийн дэлбэлсэн явдал байсан юм. Тус цэцэрлэгт гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах гэж байсан ч дэлбэрэлтээс болж хойшилсон. Дээрх дэлбэрэлтүүдэд ямар нэг хүн өртөөгүйг гадны хэвлэлүүд онцолж байна.
Уг үйл явдалтай зэрэгцэн энэ өдрүүдэд Нью-Йорк хотод НҮБ-ын чуулган болж байгаа. Дэлхийн олон орны төлөөлөгч цугласан энэ үеэр дээрх дэлбэрэлтүүдийг төлөвлөн хийсэн байж магадгүй гэсэн таамаг ч байна. Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгож чадсан тухай холбогдох албаныхан мэдээлсэн. Манхэттэний дэлбэрэлттэй холбоотойгоор 28 настай Ahmad Khan Rahami-ийг цагдаа нар уржигдар баривчлаад байгаа. АНУ-ын иргэн тэрээр Афганистанд төрсөн байна. Түүнтэй хамт дээрх дэлбэрэлтийг үйлдсэн байж болох таван сэжигтнийг мөн баривчилжээ. Ahmad Khan Rahami нь 2014 онд Афганистан руу явж ирснээсээ хойш шашиндаа илүү итгэдэг, дуу цөөтэй болсон талаар ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Одоогийн байдлаар дэлбэрэлтийг ямар зорилгоор Нью-Йорк хотод хийснийг шалгаж байгаа талаар Английн The Guardian сонинд мэдээлсэн байна.
ТУРКТ БОЛСОН ХАЛДЛАГАД КУРДЫН БОСОГЧДЫГ БУРУУТГАЖ БАЙВ
Бүгд Найрамдах Турк улсын Бурса хотын төв гудамжинд жуулчид олноор цугладаг сүмийн ойролцоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд дэлбэрэлт болж нэг хүн нас барж, долоон хүн шархадсан. Энэ халдлагыг 25 орчим насны амиа золиослогч эмэгтэй үйлдсэн талаар тухайн үед олон улсын хэвлэлүүд онцолж байсан. Түүнчлэн Бурса хотын захирагчийн албанаас уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж буйгаа ч албан ёсоор илэрхийлж байв. Бурса хотод болсон дэлбэрэлт нь Туркт болсон анхны тохиолдол биш юм. Энэ жилийн хувьд нэгдүгээр сард Истанбул хотноо бөмбөг дэлбэрч 10 хүн амиа алдсан. Мөн гуравдугаар сарын 13-нд Анкара хотод дэлбэрэлт болсны улмаас 34 хүн амиа алдсан юм.
Түүнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын нийслэл Анкара хотод том дэлбэрэлт болсон. Олон гэмгүй иргэн амиа алдсан энэ халдлагыг Туркт алан хядагч байгууллага гэж тооцдог Курдын хөдөлмөрчдийн намтай хамтран ажиллаж байсан Сирийн курд дайчин үйлдсэнийг тогтоосон хэмээн Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн. Тэрээр “Ардыг хамгаалах анги” нэртэй бүлэгт харьяалагддаг курдын босогчид нь АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн Турктэй хиллэдэг хойд бүс нутагт “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцсон хэмээн тайлбарлаж байсан.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч Ерөнхий сайдынхаа мэдэгдлийг баталгаажуулан, Турк дэх Курдын хөдөлмөрчдийн нам болон Сирийн “Ардыг хамгаалах нэгж” халдлагад буруутай гэх баримт олдсон хэмээн мэдэгдэж байв.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр Туркийн Истанбул хотноо дэлбэрэлт болсон. Истанбулын Засгийн газрын цахим хуудаст дэлбэрэлтэд 15 иргэн өртсөн хэмээн мэдээлсэн. Хотын эрх баригчид уг дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алдсан хэмээн хэлсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар амиа золиослогч, ISIS болон Курд бүлгийн Курдийн ажилчны нам үйлдсэн байх магадлалтайг ч тухайн үед мэдээлж байсан юм.
НИЦЦА ХОТОД БОЛСОН ҮЙЛДЛИЙГ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ГЭВ
Террорист халдлагад Европын улсуудаас Франц улс хамгийн их өртөх болсон. Хамгийн сүүлд Францын Ницца хотод дэлбэрэлт болж, иргэд хохирсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 14-нд Ницца хотод Францын үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрсны улмаас 80 орчим хүн нас барж, 200 орчим хүн гэмтсэн хэрэг гарсан.
Гэмт халдлагын дараа ачааны машины жолоочийг Мухаммед Лахоуз Боухел болохыг тогтоосон бол гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тунис гаралтай францын иргэн байсан юм. Гэмт этгээд цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан юм. Энэ үйл явдлын дараа Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Ницца хотын халдлагад сэжиглэн баривчлагдсан залуус өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотод болсон халдлагад оролцсон байж магадгүй гэж үзэж буйгаа Францын цагдаа нар мэдээлж байв.
КАЗАХСТАНД БОЛСОН ХЭРЭГ “УЛАМЖЛАЛТ БУС” ШАШНЫ БҮЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд хэсэг этгээд Казахстаны баруун хэсэгт орших Актобе хот дахь зэвсгийн дэлгүүрүүд болон Үндэсний Гвардийн цэргийн анги руу халдсан хэрэг гарсан. Тодруулбал, зургадугаар сарын 5-нд хотын гурван дүүрэгт цагдаагийн ажилтнууд болон зэвсэглэсэн хэт даврагсдын хооронд буудалцаан болсон. Хууль зөрчигч үл таних этгээдүүд зэвсгийн хоёр дэлгүүрийг дээрэмдэж, чиглэлийн автобус булааж, цэргийн ангид халдсан аж. Буудалцах үеэр 10 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан байна. Энэ хадлагаас болж дөрвөн гэмт этгээд газар дээрээ амь үрэгдэж, долоон хүнийг саатуулсан бол сэжигтэй байж болох хэд хэдэн хүн зугтсан байна. Актобе хотод болсон дээрх үйл ажиллагааг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев биечлэн хянаж байсан хэмээн мэдээлж байсан юм.
Энэ үйл явдлыг тус улс төдийгүй хөрш зэргэлдээ орнуудын зүгээс анхааралтай ажиглаж байсан. Халдлагын талаар олон жилийн өмнөх үйл явдалтай холбон тайлбарлаж байв. Тодруулбал, 1991 онд ЗХУ нуран унаснаас хойш Казахстаны баруун хэсэг Исламын шашин хамгийн гүн сууриа тавьсан газар болсон байна. Үүнээс хойш Казахын албаныхан энэ нутаг дахь Исламын экстремист үзэлтнүүдэд хүч хэрэглэх болсноор нийт Казахстан даяар уг бүс нутгийг муу нэртэй болгоход хүргэсэн гэж үзэх болжээ.
Казахын зарим албаныхан Актобе хотод гарсан хэргийг “уламжлалт бус” шашны бүлэгтэй холбоотой гэж зарлаж байсан юм. Ер нь Казахстаны албаныхан баруун нутагтаа гарсан тогтворгүй байдлыг Исламын хэт үзэлтэй холбож тайлбарласан анхны тохиолдол биш байсан юм. Болсон үйл явдлын талаар Бүгд Найрамдах Казахстан улсын парламентын сенатын дарга Касым-Жомарт Токаев Актобе хотод үйлдсэн хэд хэдэн халдлагыг террорын ажиллагаа гэж тодорхойлж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.
Одоогоос 15 жилийн өмнө Нью-Йорк хотод байрлах Дэлхийн худалдааны ихэр цамхгийг дэлбэлсэн халдлага нь дэлхий нийтийг цочирдуулж байв. Үүнээс хойш терроризмын халдлагууд олон оронд дараалан гарах боллоо. Цаг хугацааны хувьд ч давтамж нь олширч, гэмгүй иргэд терроризмын бай болсоор байна. Нэгэн үе терроризмыг Арабын орнуудын асуудал гэж хардаг байсан үе хойно хоцорч өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орох гол сэдэв болж хувирлаа. Террорист халдлагуудын сүлжээ улам бүр өргөжиж, олон улс орон үүний золиос болсоор байгаа. Терроризмын хар сүүдэр Ази, Европ тивийг ялгалгүй аль ч улс оронд болж магадгүй гэдгийг дээрх үйл явдлуудаас харж болохоор байна.
Ш.Гантулга: Монгол Улсад лалын шашны аюул шууд заналхийлж байна
Б.ЭНХЗАЯА
Терроризмын аюул заналын талаар олон улсын тоймч Ш.Гантулгын байр суурийг сонирхлоо.
–Терроризм хэдхэн улсад биш дэлхий нийтэд түгшүүр зарлаж эхэллээ. Ийм эрсдэл манай улсыг тойроод өнгөрнө гээд орхиж болохгүй юм шиг. Энэ тухай таны байр суурийг сонирхвол?
-Лалын шашинтай үндэстэн байгаа газар бүрт лалын шашны хэт даврагч, террорист үзэл санаа гарч ирэх магадалал маш өндөр байдаг. Яагаад ингэж үзэж байгаа юм гэвэл 2001 оны есдүгээр сарын 11-нээс эхлээд лалын ертөнц АНУ-ын маш хүчтэй нөлөөлөлд өртсөн. Лалын ертөнцийн нэг онцлог бол нэг хэсэг нь нэлээд хоцрогдсон нийгэм байдаг. Ийм нийгэм рүү маш хүчтэй хэт орчин үеийн үзэл санаа, соёл, цэрэг зэр зэвсэг ороход лалын нийгэмд маш хүчтэй өөрчлөлт богино хугацаанд гарч ирсэн. Физикийн хуулиар ямар нэг зүйлд хүчээр үйлчлэхэд түүнтэй адил хариу үйлдэл үзүүлдэг. Түүнтэй яг ядил лалын ертөнцөд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа болохоор хариуд нь барууны ертөнц, дэлхий дахинд ийм хариу үзүүлж байгаа.
–Тодруулбал?
-Энэ хариу үйлдлийн хамгийн тод жишээ бол эхлээд “Ал Кайда” байгууллага гарч ирсэн явдал. Сүүлдээ лалын Халифат байгууллага гарч ирээд байгаа. Лалын халифатыг бут цохьсон ч гэсэн үүний гол эх үүсвэр нь байгаа болохоор терроризмын аюул дэлхийн улс орнуудыг айлгаад байна. Монгол Улсад хүрч ирэхгүй гэх баталгаа байхгүй. Учир нь манай улсад лалын шашинтай ард түмэн байгаа.
Улс төрийн нөхцөл байдлын хувьд Сири улсад аймшигтай иргэний дайн болж байгаа. Дайн дуусах гэж байна. Зуух руу маш их түлээ хийхэд сүүлд нь тэр орчмын бүх зүйлийг шатааж дуусаад гал унтардаг. Гэхдээ галын оч нь ийш тийшээ цацарна гэдэг нь тодорхой. Түүн шиг Сирид байлдаж байгаа хүмүүс эргээд эх нутаг руугаа буцаж очно. Тэнд лалын шашинтай бүх улсаас сайн дурынхан очоод байгаа шүү дээ. Тэдний нэлээд олон хувь нь хуучин ЗХУ болон Хятадтай хил залгадаг Уйгарын үндэсний хүмүүс. Дараагийн аюултай зүйл гэвэл хуучин ЗХУ одоогоос 25 жилийн өмнө задарсан. Тэр үед ЗХУ-ыг удирдаж байсан хүмүүс одоо 25 насаар хөгширсөн. Эхнээс Узбекистаны ерөнхийлөгч нас барчихлаа. Хуучин удирдагчид нь мөхөөд эхлэхээр тэдгээр улсад улс төрийн тогтворгүй байдал бий болж байгаа. Сириэс ялгаатай нь гэвэл Казахстан, Укбекистан, Туркместан зэрэг улсад шатах материал маш их байгаа. Дээрээс нь маш олон тооны ажилгүй залуус байна. Тэднийг лалын шашны хэт даврагч үзэл санаагаар элсүүлэхэд маш амархан. Өөрөөр хэлбэл, тэнд дайн болох гол нөхцөл байна. Хуучин ЗХУ-ыг дөнгөж задрав уу, үгүй юу хамгийн түрүүнд Узбект лалын намууд гарч ирсэн. Тэгээд хамгийн түрүүнд тэнд буудалцаж эхэлсэн. Ислам Каримов байсан тулдаа алан хядагчдын удирдагчдыг хөрш зэргэлдээ Кыргыстаны Батиканы хөндий рүү зайлуулж, үлдсэн цэргүүдийг хайр найргүй устгаж нөхцөл байдлыг намжаасан. Одоо Ислам Каримов байхгүй болсон. Нөгөө талаас Монгол Улстай хил залгадаг Казахстаны удирдагч Нурсультан Назарбаев нас өндөр болоод байна. Төр, засгаа удирдаж хүмүүсийг гартаа хатуу барьж чадахаа больж байх шиг байна. Түүний шууд илрэл бол Казахстаны Актобе хотод засаг, төрийн эсрэг жинхэнэ самуун бослого хэд, хэдэн удаа гарлаа. Цэргийн ангиуд руу хүмүүс шууд зэвсэг бариад дайрлаа. Тэр дор нь дарахгүй бол цэргүүдийг өөрийн талд нь оруулаад танкууд нь асаагаад шууд байлдаанд орно гэсэн үг. 1990-ээд оны үед тийм байсан.
–Тэгвэл манай улс энэ байдлыг анхаарах ёстой гэж ойлгож болох уу?
-Саудын араб болон Катар улсаас лалын шашныг сурталчлах, нэн ялангуяа хэт даврагч аюултай үзэл санааг сурталчилдаг хүмүүсийг тусгай улсын программаар тийшээ явуулаад хүмүүсийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж байгаа. Яг тэгж оруулж байгаа момент үеийг хуучин ЗХУ-ын удирдагчид харалгүй өнгөрсөн. Тэгэхээр тэд нууц байдалд орчихсон. Юу юугүй тэсрэх аюултай нөхцөл байдал бий болчихсон байгаа. Манай Баян-Өлгийд ч бас адилхан. Төр засгийн өндөр албаны улс Катараас тусламж авч оронд нь олон хүнийг хаж мөргөлд явуулаад байгаа. Тэр хүмүүс нь Катарын дэмжлэгтэйгээр эргээд лалын шашныг сурталчлах зорилгоор нутагтаа ирж байна. Тэгэхээр манай улсад лалын аюул шууд заналхийлж байна гэсэн үг.
Одоо лалын ертөнцөд хоёр гол төв байна. Нэг нь Саудын Араб нөгөө нь Катар. Энэ хоёр улс лалын шашны ногоон тугийг гартаа атгахын төлөө тэмцэж байна. Катарын бүлэглэлүүд бол жил бүр дор хаяж 180 тэрбум ам.долларыг зүгээр олж авдаг. Тэр мөнгийг бүгдийг нь тус улсын гадаад имиджийг сайжруулахын тулд, өөрөөр хэлбэл лалын шашны болж бүтэхгүй бүлэглэлүүдэд зориулж өгдөг. Саудын Араб ч яг адилхан. Хөрш зэргэлдээ Хятад улсад гэхэд засаг төр нь хатуу байсан хэрнээ Сирид лалын халифат бүлэглэлийн талд уйгар үндэсний хүмүүстэй бүхэл бүтэн гурван том зэвсэгт отряд байна. Тайландын Бангкок хотод бөмбөг дэлбэлсэн хүмүүс бас л уйгар үндэсний хүмүүс.
Хорезмын эзэнт улсыг Чингис хаан сөнөөсөн. Хулугу хаан Багдад хотыг үнсэн товорго болгосон. Тиймээс монголчуудаас өшөө авах хэрэгтэй гэж Катарын Аль-Жазира телевизээр лалын шашны хэт даврагч шууд илэн далангүй хэлж байгаа. Түүнийг лалын халифат бүлэглэлийн бүх хотуудад сонсч байгаа.
–Эрсдэлтэй нөхцөл байдалд бид ямар бодлого барих ёстой вэ?
-Болзошгүй аюултай нөхцөл байдалд эртнээс сайн бодож тооцох ёстой л доо. Харамсалтай нь, манай улс батлан хамгаалах хүчнээ ардчиллын эхэн үед бараг л устгачихсан. Аюулаас хамгаалах, тагнуулын байгууллагын удирдлагыг ардчиллагдсан Засгийн газрын үед баахан хольж хутгачихсан. Тэд нь Монгол Улс, ард түмнийг хамгаалж чадах эсэх нь тодорхойгүй. ОХУ-аас найрамдалт харилцаагаа тасалчихсан. Тийм болохоор ОХУ-аас цэргийн тусламж, ядахдаа зэр зэвсэг сум хэрэгсэл авах хаалга хаагдсан эсэхийг бид одоо мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын аюулгүй байдал хутганы ирэн дээр ирчихээд байгаа.
Дундад Азид Узбекистан хамгийн том нь. Дараа нь Тажикстан, Туркменистан гээд тогтворгүй улс төртэй улс бий. Хажууханд нь Афганистан байгаа. Бүгд хил залгаа улсууд. Хамгийн жижиг Кыргыстанд гэхэд ямар аюултай үйл явдал болов. Цагдаа нарын автомат бууг нь булааж аваад буудалцаж байсан. Ийм үйл явдал манай хажууханд болж байгаа болохоор бидний хувьд эрсдэл өндөр. Тиймээс ерөөсөө манайх батлан хамгаалах үзэл баримтлалаа дахин харж үзэх хэрэгтэй. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг дипломат аргаар хамгаална гэдэг. Монгол Улс оршин тогтносон бүх он жилүүдэд аюулгүй байдлыг гартаа зэвсэг барьсан монгол эр хүн хамгаалж ирсэн.
Манайх олон улсад болж байгаа зүйлийг өөрсдөөс нь хол гэж санадаг. Энэ бол алдаа. Сирийн иргэд яг л ийм бодолтой байсан. Ийм аюул болно гэж бодоогүй. Гэтэл одоо хар.
Бид өөрөө өөрсдийгөө хамгаалахаас биш бидний хувь заяаг хэн ч сонирхохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 21, 2016 11:27:14 am )
unen shuu
-
зочин (September 21, 2016 11:57:55 am )
Сонирхуулахад:1972 оны 9-р сард Ю.Цэдэнал дарга “Залуу офицеруудын зөлөлгөөн”-дээр залуусаа!! ирэх оны УИх-аар армийн офицерүүдэд олгогддог нэмэгдлүүд..удаан жил алба хаасан,говийн, зэргийн. г.м.”-ийг чинь хасах гээд бна? өндөр цалин хангамжтай цэргийн дунд сургууль төгссөн офицер Их сургууль төгссөн хүний цалин авдаг”Хийх юмгүй”..г.м.яриа гишүүдийн дунд гарч хэлэлцэгдэх гэж бна?. за тэгээд “Хэрлэн-73” хээрийн сургуулиа амжилттай явуулж “Цөмийн зэвсгийн хор хөнөөл”, өвөл зунгүй бэлтгэлтэй байдаг цэрэг хүнийхээ хийдэг зүйлийг та нар харуулаач?! Тэгээд сургуулийн дараа ГИШҮҮДИЙН ам хаагдсан билээ?!!Бид ийм л аваргуудыг УИХ-д сонгодог шүү??Тэд нар юуч ярина!Бид хянах ёстой юмаа??Бид “МАРШИЛДАА” хайртай, хүндэтгэж явдаг!!
-
Anonymous (September 21, 2016 3:01:57 pm )
Дотоод гадаадын хулгайч луйварчин нарт байдгаа алдаж хоосорч дарлагдсан Улс үндэстэн нарын ард түмэн Арга буюу тэмцэлийн ийм замыг сонгож авхад хүрдэг юм Монголчууд гадаадын тэжээвэр хулгайч нарт төрийн эрхээ алдсаар байх юм бол Ард түмэн улам ядуурч хулгайч луйварчин нар улам хэмжээлэшгүй баяжан Газар нутгаа эдийн засагын эрх чөлөөгөө алдаж хоосон ардчил хүний эрх гэсэн нэртэй л үлднэ Эцэт нь тэмцэлийн хамгийн сүүлийн шийдсэн энэ аргагыг хэрэглэх болно шүү дээ одоо үүнийг ухаарч МАНАН хэмээх хулгайч нарын дахин сонгож төрийн эрхэнд бүү гарга
-
mongol (September 21, 2016 9:12:27 pm )
baynulgii hovdod tarahcan kazakyydiig ayna 2008 ond tend ayj baigaad kazah zalyychyydaac zam acyytal kazahiin nytagt kazakaar ayrina shvv gej baican ted olyylaa bcandaa
4 Comments