Сэлэнгэ аймгаас Монгол улсын Их Хуралд удаа дараа сонгогдон төр, түмнийхээ итгэлийг хүлээсэн төрийн түшээ Монгол улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат хөдөө орон нутагт ажиллах анхны томилолтоо төрж өссөн Сэлэнгэ нутгаасаа эхлүүллээ.
Ерөнхий сайд өнөөдөр 11.30 минутад Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд, төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөл, Сүхбаатар хотын төв талбайд цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн хүндэтгэлийн жагсаал, цэргийн үлээвэр найрал хөгжмийн маршийн аянд угтан авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд цэргийн хүрээнийнхэн болон угтан авч буй иргэд, хөдөлмөрчдөд гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёслоллоо. Үүний дараа Ерөнхий сайд АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсийнхээ талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулаа. Үүний дараа Цагааннуур сумын “Атартрейд” ХХК-ийн тариан талбайгаар орж тариаланчидтай уулзлаа. Тариаланчдын зүгээс тариагаа хурааж аваад борлуулах асуудлыг хөндлөө. Харин “Гацуурт” ХХК-ийн хүнсний ногоо хураалтын үйл ажиллагаатай танилцах үеэр тус компанийн захирал Л.Чинбат “бидний 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр сонгины ургацаа техникийн хүчин чадлаар хурааж авах технологио эзэмшлээ хэмээн хэллээ. Сонгиныг тарихад амархан ургадаг боловч хураах, хадгалах асуудал хамгийн эмзэг, эрсдэлтэй ажлын нэг аж. Энэ компани энэ жил ШУТИС-ийн оюутнуудтай гэрээ хийн намрын их ажил, газар тариалангийн ажлын амтыг мэдрүүлэх, баг хамт олон бүрдүүлэх, халуун дулаан эвсэг баг ямар байдгыг харуулах зорилгоор ажиллуулж байгаа гэлээ.
Ерөнхий сайд эндээсээ Зүүнбүрэн сумын “Гэгээлэгтрейд” компанийн үтрэмийн талбайгаар орлоо. Үүний дараа Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн ногооны талбайгаар орж ногоочидтой уулзлаа. Ногоочдын зүгээс монгол хүнсний ногооны үнэ дэндүү үнэгүйдэж байгаад анхаарал хандуулахыг хүслээ. Монгол Улсын Еррөнхий сайд ногоочдод хандаж хамтарч нэгдээд зоорь байгуулах ажлыг хийхийг зөвлөлөө. Ингэж ногоогоо хадгалах савтай болчихвол жилийн дөрвөн улирлын алинд ч ногоогоо зарж борлуулж байх боломжтой болохоор гадна хямд үнээр хурдан борлуулах шаардлагагүй болно хэмээн зөвлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайдын энэ өдрийн ажлын айчлал энэ хүрээд завсарлалаа. Маргааш Ерөө суманд ажиллана.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Эх сурвалж:Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.