Нэг. Албан ёсны Аз жаргал
Улс төрийн намууд сонгуулийн кампанидаа яруу найрагчид, дуучид, жүжигчид болон бөхчүүд, уяачид гэх зэргээр тухайн нутгийн алдартнуудыг ашиглан домог мэт дам яриа, цуурхал зэргийг сонгогчдын дунд тараадаг нь мөрийн хөтөлбөр, зорилго зорилт ярихаас хавьгүй хүчтэй нөлөөтэй, үр дүнтэй гэдэг нь нэгэнт нотлогдож, тогтоогдсон зүйл юм.
Бодитой ажил, алхмыг биш бодол, хүсэл, уриа лоозонг илүү шүтдэг монголчуудад албан ёсоор Аз жаргалын өдөртэй болох тухай эмэгтэй гишүүдийн санаачилга лавтайяа таалагдах байх.Ердөө хоёр хоногийн өмнө УИХ-ын эмэгтэй гишүүд цугларч суугаад албан ёсоор Аз жаргалын өдөртэй болъё гэдэг санал дээр ярилцжээ. Амьдралд Аз жаргалыг хууль гаргаад албан ёсоор бий болгочихож болдог бол сайхан аа. Нэг өдөр биш нийт амьдралынхаа турш нийгмээрээ аз жаргалтай байх арга замыг олох, хэрэгжүүлэх үүргийг төр засаг, төрийн үндэс болсон улс төрийн намууд хүлээдэг. Энэхүү зорилгод хүрэх сайн арга аль намд байгааг харгалзан сонгогчид сонголтоо хийж, төрийг байгуулдаг ийм ч энгийн зарчимтай. Харин саяхан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хуулиар хүчингүй болгож байсан парламентын эмэгтэйчүүд Аз жаргалын өдрийг албан ёсны болгох тухай ярьж байгаа нь нэг л үнэмшилгүй сонсогдоно. Бодвол Баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар албан ёсны Аз жаргалыг авчирна гэж итгэж байгаа байх л даа. Ингээд аз жаргалд хүрнэ гэвэл сарны өөдөөс түрүүвчээ даллаад баяжна гэдэгт бас итгэмээр л байна.
Өмнөх жилүүдэд төр засаг хөтөлбөр бодлогынхоо өмнө “ЗӨВ”, “САЙН” гэх тодотгол зүүж, сайхан хоолны нэр савхдуулдаг байв. Энэ удаад чанарын ахиц гарч шууд л “Аз жаргал”-д хүрэх бололтой. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Аз жаргалтай хот” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бол энэ удаад эмэгтэй гишүүд маань “Аз жаргалын өдөр”-ийг албан ёсны болгох гэж байгаа юм байна.
Яруу найрагчидтай, дуучинтай… юм юмтай парламентад эмэгтэйчүүд ийнхүү уянгалах нь гайхахаар зүйл биш ч юм уу?
Хоёр.Эмэгтэйчүүдийн квот ба Г.Эрдэнэтунгалаг
Эмэгтэйчүүдийн улс төр дэх квот гэдэг асуудлыг монголчууд нэлээн эртнээс дэвшүүлэн ярилцаж, 2012 оны сонгуулийн өмнө намууд нэр дэвшигчдийнхээ 30 хувийг, 2016 оны өмнө 20 хувийг тэдэнд “албан ёсоор” өгөхөөр тус тус хуульчилж байв. Хаврын сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 129 нь эмэгтэйчүүд байсан ч харин хоёр том нам ердөө хуульд заасан 20 хувиа л баримталж, хорь хүрэхгүй бүсгүйчүүдийг тойрог руу илгээсэн юм.
Ардчилсан намаас ердөө нэг эмэгтэй гишүүнээр сонгогдсон бол Ардын намаас бараг бүх эмэгтэй нэр дэвшигчид нь дэмжигдсэн гэхэд болно. Энэ нь эмэгтэйчүүдийн сайных гэхээс илүүтэй ээлжит сонгуулийн салхи МАН-аас нэр дэвшсэн хар халзан хонийг хүртэл ивээхээр эргэсэн байсанд оршино. Улс төрийн аль ч намын эмэгтэйчүүдийн квотод нухацтай хандаж байсангүй. Үүний нэг жишээ нь Ардчилсан намын нэр дэвшигчдийн тоонд эмэгтэйчүүдийн квотоор дуучин Г.Эрдэнэтунгалагийг багтаасан, бас энэ хүн намынх нь өмнөөс нэр дэвшигч болсныг шийдвэр гаргасан ҮЗХ-ны гишүүд нь ч гараа өргөх үедээ ч мэдээгүй байсан явдал. Тодруулбал, СЕХ-нд нэрсээ өгөх хугацаа ердөө 45 минутын дараа дуусах гэж байхад намын дарга З.Энхболд хурлын танхимд орж ирсэн ба тэр хүртэл бараг л нууж байсан нэр дэвшигчдийн нэрсийг нэг удаа дуржигнатал уншаад араас ҮЗХ-ны гишүүдийн гарыг шууд өргүүлчихсэн юм. Хэрэв Ардчилсан намын нэр хүнд эрх баригч болох хэмжээнд өндөр рейтингтэй байсан бол эмэгтэйчүүдийн квотын буянаар Г.Эрдэнэтунгалаг микрофоноо кнопоор солих байлаа.
МАН-д ч бас энэхүү квотын ачаар шууд кранаар татуулсан эмэгтэйчүүд бий. Тэдний жинхэнэ бэлгэ тэмдэг нь өнөөгийн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болж байна. Шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлэхдээ энэ салбарыг эмэгтэйчүүдийн квотоор өгөх зарчим баримталсан нь А.Цогцэцэгт аз авчирсан юм. Эмнэлгийн дарга тэрбээр Эрүүл мэндийн сайд болно гэж санаж, сарвайж явсан эсэх нь эргэлзээтэй.
Гэнэтийн азыг од шиг шүүрч, ашиг сонирхлын зөрчилд хүргэх хувийн эмнэлгийнхээ бичиг баримтыг хоногийн дотор янзалсан түүхтэй. Нам засагтаа ямар их баярлаж байгаагаа хоног хоногийн зайтай хэвлэлээр илэрхийлж, “Эдийн засаг хямарсныг мэдрээд ард түмэн манай намыг түшив”, “Эрүүл мэндийн салбарын төсвийг танаагүй нь яагаад гэхээр манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаагийн нэг илэрхийлэл” гэх мэтчилэн логик муутай магтаал урсгаж байна.
Салбарынхаа асуудлыг ярих гэхээр өрөөндөө хүн үзэхэд бэлэн гэж хэлээд онигоонд орсноос энэ нь ч дээр байх. Эмэгтэйчүүдийн квот нэрээр эмэгтэйчүүдийг ийм эвгүй байдалд оруулдаг энэ зарчим ер нь зөв ч юм уу, буруу ч юм уу?! Албан ёсны аз жаргалыг авчралцах тэд маань ер нь юу л хийгээд байна даа? Та бүхэн дараа дараагийн эмэгтэйчүүддээ дархан нэр үлдээх үүрэгтэй юм шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
zochin (September 19, 2016 3:14:38 pm )
Emegteichuudiin kvot zoon bsan dr shuu medleg geed bxaar yumgui uxaan bogino xel amtai xumuus bol emegteichuud bdag shuu de. toriin yos jayag emegteichuudiig toroos xol bailgaj irsen. xel am xeruul temtsel ixesne gej
1 Comment