Дөнгөж саяхан л 68 настай Хиллари Клинтоны өвчний талаар ярих нь муу ёр гэцгээж байлаа. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт “Washington Post”-ын шинжээч Крис Силизза “Хиллари Клинтоны эрүүл мэндийн талаар ярих ёсгүй юу” хэмээх гарчигтай нийтлэл хүртэл бичиж байв.
Энэ асуудлыг хэвлэлүүд хэдэн сарын турш хөндөж байгаа бөгөөд үүнийг Дональд Трамп болон Нью-Йорк хотын дарга асан Руди Жулиани тэргүүтэй түүний баруун гарын хүмүүс л тарааж байгаа гэж тус нийтлэлд бичжээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногийн хоногийн даваа гарагт Клинтон Кливлендэд уулзалтад оролцож байх үедээ зогсолтгүй ханиалгаж, үүнээсээ болж цээжээ байн байн цохиж, усаар ханиалгаа дарах гэж оролдсоноо “Трампын харшилтай болчихжээ” хэмээн хошигнон хэлж байжээ. Зааланд байсан хүмүүс ч энэ үгэнд нь баясан инээлдэж байв. Силиззагийн бичсэнээр экс тэргүүн хатагтайн эрүүл мэндийн талаарх цуу яриа 2012 оны сүүлчээр гастроэнтеритийн вирус тусч, тархи нь хөдөлж, судас бөглөрсөн асуудлаар эмнэлэгт хэвтсэнээс эхэлсэн гэнэ. Нийтлэлч “Консервативуудын зарим нь түүнийг эрүүл мэндийн ноцтой асуудалтай, үүнийгээ нууж явдаг. Энэ нь Клинтоны олон нийтээс нуудаг үнэний бас нэг жишээ” гэж бичжээ. Силизза Трампыг болон бүгд найрамдахчуудыг энэ удаагийн сонгуульд оролцохдоо инээдтэй хоосон яриаг мөнгө төлж тарааж байна гэжээ. Гэвч ингэж бичээд долоо ч хоноогүй байтал Клинтон есдүгээр сарын 11-ний аймшигт үйл явдлын 15 жилийн гашуудлын ёслолд оролцох үеэрээ хөл дээрээ гуйвж, бие хамгаалагчид нь бушуухан хар машиндаа авч суулгасан билээ. Тухайн үед “Fox News”-ийнхэн өрөөсөн туфлиэ хаяснаас болж гуйвсан гэж мэдээлж байлаа.
Ингээд шуугиан дэгдмэгц Клинтон ёслолын ажиллагаанаас шууд охин Челсигийнхээ гэрийн үүдэнд очсон зургаа тавьж, зүгээр гэдгээ мэдрүүлэхийг хичээж байв. Харин хэсэг хугацааны дараа Клинтоны төлөөлөгч түүнийг хоёр хоногийн өмнө уушгины үрэвсэл гэсэн онош сонссон тухай сэтгүүлчдэд зарлалаа.
Уушгины хатгалгаа аюултай өвчин үү
АНУ-д жил бүр уушгины хатгалгаа өвчнөөр сая хүн эмнэлэгт хэвтэж, 50 мянга нь амиа алддаг аж. Баасан гарагт Клинтонд антибиотик бичиж өгч, тайван байх, шингэн ахиу уухыг зөвлөсөн бөгөөд даваа гарагт Калифорнид хийх айлчлалаа хойшлуулж, эмч Лиса Бардагийн зөвлөснөөр удахгүй дээрдэхийг хүлээхээр болсон гэнэ.
Уушгины хатгалгаа гэдэг нь нэг эсвэл хоёр уушги хоёулаа өвчин үүсгэгч бактериар халдварласан үрэвслийг хэлдэг байна. Өвчин туссан үед уушгины дотоод эд үрэвсэж, цулцангууд нь шингэнээр дүүрдэг. Энэ өвчин бага насныхан болон ахмад настнуудад илүү аюултай.
Уушгины хатгалгаа туссан үед ханиалгаж, хамраас нус гоожиж, халуурч, толгой өвдөж, амьсгалахад хүнд болдог байна. Үүний улмаас толгой эргэж, амархан ядардаг бөгөөд бие усгүйждэг. Энэ өвчин агаар дуслын замаар ханиах, найтаалгахад халдварладаг.
Америкийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Уильям Шафнерын тэмдэглэснээр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон энэ өвчнийг тусах эрсдэл харьцангуй өндөр байсан гэнэ. “Нэр дэвшигч байнга олон хүнтэй битүү байранд байрлах шаардлагатай болдог. Энэ нь амьсгалын замын өвчин тархах таатай орчин юм” гэж судлаач тэмдэглэжээ.
Нэр сонгуулиас нэр татвал яах вэ
Хэрвээ Клинтон, эсвэл Трампын аль нэг нь эрүүл мэнд ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар тоглоомоос гарахаар болбол нам бүр дараагийн хүнээ дэвшүүлэх өөрийн гэсэн дүрэмтэй байдаг аж.
“Daily Mail”-ийн тайлбарлаж буйгаар Ардчилсан намын Үндэсний хорооныхон Клинтоны оронд нэр дэвших хүнээ сонгохоор боллоо гэхэд дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Тим Кейн, Хилларигийн хуучин өрсөлдөгч Берни Сандерс, Ерөнхийлөгч Обамагийн дэд ерөнхийлөгч Жо Байдан, Ардчилсан намын бусад нэр нөлөө бүхий гишүүний аль нь ч бусад ардчилагчдаасаа давуу тал эдлэхгүй.
Харин Бүгд найрамдах намын Үндэсний хороо шинэ нэр дэвшигч сонгохоор болбол бие даан сонгууль явуулах буюу дахиад 2472 төлөөлөгчтэй намын их хурлаа хуралдуулна.
Клинтоны хувьд өрсөлдөгч Трамптайгаа нэр хүндийн хувьд бараг тэнцүү шахам явж буй сонгуулийн шийдвэрлэх үедээ ирээд байхдаа ийнхүү өвчин туссан тул багийнхан нь чадах чинээгээрээ нэр хүндийг нь өсгөх ажил хийхээс өөр аргагүй болжээ.
“Politico” сайтын тэмдэглэсэнчлэн Хиллари Клинтоны эрүүл мэндийн тухай сэдэв удаан хугацааны турш нууц байдалд байсны эцэст ням гарагт сонгуулийн аяны албан ёсны хүчин зүйл болж хувирчээ.
Нэр дэвшигчдийн эрүүл мэнд
АНУ-ын Ерөнхийлөгчид сонгуульд нэр дэвшиж буй Хиллари Клинтон 68, Дональд Трамп 70 настай. Энэ нь түүхэн дэх нэлээд ахмад нэр дэвшигчид гэсэн үг юм. Хэрвээ Дональд Трамп сонгуульд ялчихвал хамгийн өндөр насандаа сонгогдсон Ерөнхийлөгч болно. Харин Клинтон ялбал тэрбээр 1841 оны хавар яг нэг сар төрийн эрх барьсан Уильям Хенри Харристонтой л эн зэрэгцэнэ гэсэн үг.
Өнгөрсөн онд Клинтон хувийн эмч Лиса Бардакийнхээ бичсэн хоёр хуудас захидлыг нийтэлсэн билээ. Доктор Бардак Клинтоны эрүүл мэндийн түүхийн талаар уг захидалдаа бичжээ. Тухайлбал, тэрбээр бамбай булчирхайн дутмагшил, ухаан алдаж унахдаа тархиа доргиосон, цусны судсандаа хэд хэдэн бөглөрөлтэй гэнэ. Үүнээс гадна судасны бөглөрөл үүсэхээс сэргийлсэн бэлдмэл буюу антикоагулянт эм уудаг бөгөөд эрүүл хоол хүнс хэрэглэдэг гэжээ. Гэхдээ Ардчилсан намаас нэр дэвшигч эрүүл мэндийн байдлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэхээс татгалздаг.
Харин Трамп ердөө л дөрвөн догол мөр бүхий маш товчхон захидал дэлгэсэн. Түүний эмч Харольд Н.Борнстины гарын үсэг бүхий уг баримтад бичсэнээр Трампын бие “гайхалтай эрүүл” бөгөөд хамгийн эрүүл Ерөнхийлөгч болж чадна гэжээ. Түүний хувьд сүүлийн нэг жилд 15 фунт буюу 6.8 кг жин хассан, даралт ихэддэггүй гэнэ. Харин тэрбээр өөрөө түргэн хоолонд дуртай гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байсан.
Өмнөх Ерөнхийлөгчид өвчнөө нуудаг байсан уу
2008 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама 276 үг бүхий хувийн эмчийнхээ захидлыг нийтэлсэн. Уг захидалд түүний эмчлүүлэгч цоо эрүүл гэжээ. Гэхдээ тухайн үед сенатор Обама 47 настай, спортоор тогтмол хичээллэдэг нэгэн байв.
Харин түүний өрсөлдөгч 71 настай Жон Маккейн өмнө нь арьсны хорт хавдраар өвчилж байсан бөгөөд тулааны үеэр олсон шархтай байлаа. Тэрбээр 2000, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрүүл мэндийн бүрэн түүхээ сэтгүүлчдэд дэлгэж байсан юм.
Гэхдээ эрүүл мэндийн түүхээ дэлгэх нь харьцангуй шинэлэг үзэгдэл. Өмнө нь олонх Ерөнхийлөгч, нэр дэвшигчид эрүүл мэндийнхээ байдлын тухай мэдээллийг нууцалж, америкчууд заримдаа төрийн тэргүүнээ бие муутай байж болзошгүй гэж харддаг байжээ.
1893 онд Ерөнхийлөгч Гровер Кливлендийн ам хавдаж, сүүлд нь амны хөндийн хорт хавдар болохыг тогтоосон. Ерөнхийлөгчийн өвчний талаарх мэдээлэл америкчуудыг сандралд оруулна гэж үзсэн тэрээр найзынхаа хөлөг онгоцонд мэс заслын эмч, эмнэлгийн багийнхныг нууцаар суулгаад, дөрвөн өдрийн турш зугаацах нэрээр мэс засал хийлгэж байжээ. Эмч нар Ерөнхийлөгчийн амны хавдар, таван шүд, эрүүний ясны ихэнх хэсгийг авч, протез суулгасан байна. Хамгийн сонирхолтой нь эмч нар Кливлендийн хавдрыг авсан хэрнээ алдарт сахлыг нь хэвээр үлдээжээ. Уг мэс засал Ерөнхийлөгчийг таалал төгсөх хүртэл нууц хэвээр үлдсэн юм. Вудро Вильсон ч Ерөнхийлөгчөөр сонгогдох он жилүүддээ хэд хэдэн удаа цус харвасан ч энэ талаараа огт дэлгэж байгаагүй. 1919 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа дахин нэг удаа харваж, хөнгөхөн өвчин туссан гэж мэдэгдэж байв. Түүний эхнэр Эдит Вильсон үүрэгт ажлынх нь зарим хэсгийг гүйцэтгэдэг байсан гэнэ. Тэрээр хожим нь “Эрчүүд та нар яагаад санаа зовдгийг огт мэдэхгүй юм даа. Миний хувьд Вудиг өвдсөн үед улс орноо амархан удирддаг байсан” гэж дурсчээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн тухай хамгийн том худал мэдээлэл 1944 онд Франклин Делан Рузвельтийн дөрөв дэхээ төр барьж байхад гарсан биз ээ. Рузвельт тэргэнцэртэй байсан бөгөөд америкчууд ч түүнийг саа өвчний улмаас ийм болсныг мэддэг байв. Гэхдээ тэд Ерөнхийлөгчөө архаг зүрхний дутагдалт, даралт ихсэх, хурц бронхит, уушгины өвчтэй байсныг мэддэггүй. Рузвельтийн эмч түүний биеийг маш сайн байгаа гэдэг байсан ч тэрээр дөрөв дэхээ сонгогдсоноос хойш хэдхэн сарын дараа таалал төгссөн юм.
1963 онд Жон Кеннеди АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болсон. Тухайн үедээ дөнгөж 43-тай хэдий ч тэрээр нурууны архаг өвчин, Аддисоны өвчтэй байсан бөгөөд өдөр бүр стероид хэрэглэдэг байсан гэнэ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (September 14, 2016 3:42:23 pm )
teneg avgai
1 Comment