“Шим” группийн ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засаг хямарсан, төсвийн алдагдал нь хоёр их наяд хүрсэн учраас хасаж танах, татвар нэмэх бодлого баримталж байгаагаа Засгийн газар мэдэгдсэн. Үүнийг бизнесийнхэн болоод үйлдвэрлэгчид хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байна. Таны хувьд?
-Төр дэндүү их данхайж төрийн албан хаагчийн тоо хэрээс хэтэрсэн нь байдлыг улам хүндрүүлж байна. Дээр үед эрчүүд нь гандан хийдэд шавилан сууснаар Монгол Улс дампуурсан гэдэг шүү дээ. Харин орчин цагт ажиллах чадвартай хүмүүс төр рүү зүтгэснээр төрийн бүтэц данхайж байгааг хүмүүс хэлдэг. Ингэснээр хувийн хэвшилд ажиллах боловсон хүчин хомсдож байгаагаас бизнесийнхэн ямар хүнд байдалд байгааг харж байгаа биз дээ.
Төрийн нэр зүүсэн нөхдүүд хийж бүтээсэн зүйлгүй, цалин хангамж эдэлсэн, хүнд сурталд идэгдсэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэд татварын мөнгөөр цалинжиж байгаа хэрнээ ажлын бүтээмж, үр дүнгүй ажиллаж байна. Тиймээс танаж хасахаас өөр зам байхгүй. Мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татвар, хил гааль, батлан хамгаалах салбар хэт данхагар байна. Үнэн хэрэгтээ хэнтэй байлдана гэж зэвсэг техник, цэрэг цуглуулж байгааг ойлгохгүй юм. Дээр үеийнхтэй адил цэрэг оруулж ирж байлддаг үе өнгөрсөн. Хэрэв тухайн улсыг эзлэе гэвэл эдийн засгаар нь боомилдог болсныг мэдэх хэрэгтэй.
-Өргөн хэрэглээний барааны үнийг төрөөс тогтоож байгаа нь бизнесийнхэнд дарамт учруулдаг гэж ярьдаг. Ялангуяа махны үнийг хямд байлгах бодлого буруу гэж шүүмжилж байсныг тань санаж байна?
-Аль ч засгийн үед нийслэлийнхнийг өлсгөвөл бослого болно гэсэн айдас байсаар ирлээ. Тиймээс хотынхныг өлсгөхгүйн тулд махны үнийг хямд байлгах бодлого баримталж ирсэн гэж болно. Хөдөөгийн малчид нэгдэж хотын төв талбайд ирж жагсахгүй гэдгийг тэд маш сайн ойлгосон хүмүүс. Манай улсын мал жилээс жилд өссөөр байна. Энэ нь сайн хэдий ч бэлчээрийн даац нь хэтэрснээс үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Хэдийгээр хотынхон хямд үнэтэй мах идэж байгаа нь таатай ч малчдын амьжиргаа, орлого буурч байгааг бодох учиртай. Бид махаа гадагш нь экспортод гаргадаг байсан бол ийм маягийн бодлого барьж болно. Харамсалтай нь манайхаас махаа авах газар алга. Уг нь төр зөв бодлого явуулбал уул уурхайгаас хамааралгүйгээр эдийн засгаа идэвхжүүлж болно. Өөрөөр хэлбэл, махаа экспортлох талд түлхүү анхаарч ажиллаасай гэж боддог.
-Жил бүрийн хавар, намарт улаанбуудайг тойрсон хэл ам, үл ойлголцол гардаг. Энэ жилийн тухайд хэдий хэмжээний буудай авахаар байна. Өнгөрсөн жилийг бодвол зуншлага сайхан боллоо гэх юм?
-Газар тариалангийн хувьд цаг уурын нааштай сайхан өөрчлөлт гарлаа. Тэгэхээр үр тарианы хэрэглээний тодорхой хувийг хангах боломжтой гэж бодож байна. Гэхдээ талбайд байгаа буудайгаа хурааж авч, савандаа хийснийхээ дараа нийт хэрэглээний хэдэн хувийг хангах вэ гэдгийг мэдэх боломжтой. Тэнгэр хангай ямар ааш аягтай байхаас тариа хураалт шалтгаална. Одоогоор хур татрахгүй байгаа нь бас л нэг хүндрэл. Ингээд нэг сар нартай байвал тариа хураалт дуусах байх. Монгол Улсын эдийн засаг хэцүү байгаа үед ядаж гурилаа гаднаас авмааргүй байгаа юм. Гэтэл тариалангийн салбарыг гурилын 3-4 компани гартаа атгачихаад байна. Үүнээсээ салж чадахгүй байгаа улс орон ямар төвшинд байгаа вэ гэдэг харагдана. Дахиад л ээлжит хэрүүл гарах нөхцөл бүрдэж байна. Учир нь “Тариаланг дэмжих сан” улаанбуудайн үнийг 560 мянга гэж зарлах гэж байх шиг. Гэхдээ эцсийн байдлаар хэлээгүй байгаагаас харвал гурилын үйлдвэрүүд нөлөөлөөд эхэлсэн бололтой. Хэрэв 560 гэвэл 200-г нэмээд 760 болно. Үнэхээр энэ үнээр батлагдвал зах зээлд нэг кг нэгдүгээр гурилыг 800 төгрөгөөр борлуулах боломжтой. Манай улс жилд 200 мянган тонн гурилын хэрэглээтэй байтал хоёр сая тонн гурил тээрэмдэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж байх юм. Зөвхөн хивгээ 240 мянган төгрөгөөр борлуулж байгаагаас харвал гурилын үйлдвэр байгуулах нь ашигтай болгодог тогтолцооны гажгийг засах хэрэгтэй. Ер нь салбар бүрийн бизнесийн төлөөлөл төрд их шургалжээ.
-Шинэ Засгийн газар, УИХ-аас юу хүсч байна вэ?
-Шүүмжлэх амархан. Гэхдээ юу хийх вэ гэдгийг нь харах хэрэгтэй. Нөхцөл байдал тийм ч таатай биш байна гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Энэ байдлаас гарах арга зам бий. Түүнийг хэрхэн ашигласан бэ гэдэг нь хэсэг хугацааны дараа харагдана. Намар тариа хураалтын дараа улаанбуудайн үнийг тогтооход оролцох яамны бодлого, шийдвэрийг харж байна. Үүнээс шалтгаалан тариаланчид үгээ хүргэнэ. ХХААХҮ-ийн сайд харьцангүй залуу бас энэ салбарын жаргал, зовлонг мэдэх хүн. Тиймээс нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
-Бизнесийнхэнд валютын ханшийн өсөлт хүнд тусч байгааг хүмүүс хэлэх юм. Танай салбарынхан ч мөн адил байр суурьтай байна лээ. Таны хувьд?
-Мэдээж сайн сайхан байна гэж хэлэх үндэс алга. Саяхан техникийн сэлбэг захиалж авах гэж бүхий л арга чаргаа барлаа. Үнэхээр хүнд байна. Мөн газар тариалангийн салбарт баримтлах бодлого нь буруу байна. Малчид өвөл хүнд болох нь гээд өвс тэжээлээ өмнөх жилийнхээс илүү хэмжээгээр хураадаг. Гэтэл Монгол Улс эдийн засаг хямарсан үед хүнсэндээ яагаад анхаарал хандуулахгүй байгааг ойлгохгүй юм. Жишээлбэл, тариаланчдаас улаанбуудайг нь хурааж аваад илүү гарсан хэсгийг нь хадгалах хэрэгтэй. Цаг хэцүү үед гаргаж ирээд борлуулж болно. Энэ нь гурилын үнийг өсгөхгүй байх хөшүүрэг. Магадгүй давуу эрхтэй компаниуд үнэ хямдруулж авна гэх байх. Тэдэнд өгөхгүйгээр нээлттэй тендер зарлан хямд үнэтэй гурил үйлдвэрлэнэ гэж санал өгсөн компанийг сонгочих. Зохицуулалт маш энгийн. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил огт өөр замаар явсаар ирсэн. Шинэ Засгийн газар, салбарын яамнаас газар тариалангийн салбарт зөв бодлого баримтлаасай гэж хүсмээр байна.
-Сонгуулийн үр дүнг та хэлэхдээ “Хүнд байдал үүсэх вий” гэж байсан. Таны таамаг зөв байсныг ард түмний сонголт нотоллоо. АН-ын ҮЗХ-ны хурал хүмүүсийн анхаарлын төвд байна?
-Ардчилсан нам буруу алхам хийснийхээ горыг амссан. Өнгөрсөн зургадугаар сард зургаан хүнийг хөөсний тав нь бие дааж сонгуульд оролцсон учраас тийм шийдвэр гаргасан. Харин намайг ардчилсан намыг шүүмжилсэн, сонгуулийн үр дүнг урьдчилж хэлсэн гэдэг шалтгаанаар, хууль бусаар З.Энхболд намаас хөөсөн шүү дээ. Уг нь АН гэдэг миний хувьд 20 жил зүтгэсэн үнэт зүйлийн минь нэг. Би тэр үнэт зүйлээ хүчтэй, үнэ цэнэтэй байлгахын төлөө үг хэлснийхээ төлөө хөөгдсөн хэрэг. Цаашид АН өөрчлөгдөх байх гэсэн хүлээлт бий. Намын шинэ дарга томилогдсоны дараа миний асуудлыг авч хэлэлцэх болов уу гэсэн найдлага тээж байна. Одоогоор ҮЗХ-ны хуралд суух боломжгүй учраас хөндлөнгөөс ажиглаж байна. АН үндсээрээ шинэчлэгдэхгүй бол өөрчлөлт гарахгүй. Ер нь юунаас болж алдсан бэ гэдгээ эргээд тунгаах хэрэгтэй. Намын анхан шатны нэгж болон жирийн гишүүдийнхээ үгийг сонсохгүйгээр хол явахгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Эндээс гарах хор уршгийг намын даргын ажлыг өгснөөр шийдвэрлэдэг байж болохгүй. Тиймээс АН-ын төр барьж байсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох ёстой. Цаашилбал, манай улсад хариуцлагын тогтолцоо байхгүй байгааг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар ч шийдвэр гаргасан төрийн эрх мэдэлтэн, УИХ-ын гишүүд, нам гэдэг байгууллага хэзээ ч хариуцлага хүлээдэггүй. Үүнээс хэн хохирч байгаа вэ гэвэл, ард түмэн. Тэгэхээр хариуцлагыг нь чангаруулах хэрэгтэй. Энэ удаагийн сонголтыг хийхдээ ард түмэн эрс шинэчлэл, эдийн засгийн сэргэлтийг авч ирэх болов уу гэсэн горьдлого тээж МАН-ыг сонгосон. Яагаад гэвэл, ард түмний амьдрал өдөр, өдрөөр доройтсоор туйлдаа хүрч байна. Хэрэв МАН энэ дөрвөн жилд энэ итгэлийг хүлээж ажиллаж чадахгүй бол цаашид улам хүнд байдалд орно.
-Та Засгийн газраас гарч байгаа шийдвэрийг юу гэж харж байна?
-Сайн, муу олон шийдвэр гарч байна. Гэхдээ ард түмэн нэгэнт сонголтоо хийсэн учраас хүссэн ч, эс хүссэн ч энэ дөрвөн жилийн хугацаанд юу хийх вэ гэдгийг хүлээх л үлдлээ. Өөр зам алга. Хэрэв энэ хугацаанд дэвшил гарахгүй бол цаашид засаглалыг 100 хувь шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарна. Монгол Улс парламентийн засаглалаар төрийг удирдах уу, үгүй юу гэдгийг дөрвөн жилийн дараа харж болно. Миний бодлоор Ерөнхийлөгчийн засаглалтай байж л Монгол Улс хөгжинө гэж харж байгаа. Атгаалжин хар мангас гэдэг шиг 76 толгойгоор удирдуулсан 26 жилийн түүх бидэнд бий. Тэд хэзээ ч хариуцлага үүрдэггүй.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.