
Тус хурлыг Монгол Улсад 2 жил тутамд зохион байгуулдаг юм. Хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ-ын 20 гаруй эрдэмтэн судлаач “XVII зууны гүрнүүдийн харилцаа, байлдан дагуулал”, “XVII зуунд тогтсон эзэнт гүрний төрийн тогтолцоо, түүний онцлог, түүхэн ач холбогдол”, “Дотоод Ази, Зүүн хойд Азийн орнуудын түүх бичлэг дэх XVII зуун”, “Дотоод Азийн нүүдэлчдийн соёл ба XVII зуун” гэсэн салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлэв.
Энэ удаагийн хурал Монголын түүхийн нэн ээдрээтэй цаг үе болох XVII зууны түүхийн асуудлуудыг хөндсөн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэж, энэ үеийн түүхийг Монгол, Орос, Манж, Түвэд, Төв Азийн бусад улс орнуудын харилцаа, улс төрийн бодлогын уулзвар дээр авч үзэх, монгол, манж, орос, түвэд сурвалжийн мэдээг харьцуулан судлахыг оролдсоноороо онцлогтой.
Хуралд Монголын эрдэмтэн, профессор С.Чулуун, Л.Алтанзаяа, Японы эрдэмтэн, профессор Ока Хироки, Хагихара Маморү, Өвөр Монголын эрдэмтэн, профессор Хурц, Хасбагана, ОХУ-ын эрдэмтэн А.А.Борисов нарын судлаач эрдэмтэд XVII зууны Монгол-Орос, Монгол-Манж,Монгол-Түвэдийн харилцаа, Монголын улс төр, соёлын зүтгэлтэн, хутагт хувилгаадын намтар судлал, Монголын төрийн тогтолцоо, хууль цааз, цол хэргэм, хөшөө чулууны бичээс, архивын баримт материал, газрын зураг, хот суурин, хүрээ хийд зэрэг олон талт асуудлыг хамарсан хамгийн сүүлийн үеийн судалгааныхаа үр дүнг танилцуулж, хэлэлцүүлсэн юм.
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.