Манай улсын эдийн засгийн хөдөлгөх хүчийг хувийн хэвшлийн хэдхэн компани гартаа атгасан гэлтэй.
Тиймдээ ч шатахуун импортлогчид дуртай үедээ, амандаа орсон үнийг хэлдэг.
Үүний нэгэн тод жишээ бол он гараад удаагүй байхад шатахууны үнийг 260-300 төгрөгөөр огцом нэмсэн явдал. Тэд үүнийгээ ам.долларын ханшийн чангаралттай шууд холбоотой хэмээн тайлбарладаг. Үүнийгээ улам зөвтгөх гэсэн мэт “Бид ам.долларын ханш сулрахаар шууд л шатахууны үнийг буулгана” хэмээн хэвлэлээр хэдэнтээ ярьсан.
Тэгвэл өнөөдөр ам.долларын ханш нэлээдгүй хэмжээгээр суларсан. Гэтэл шатахуун импортлогчид маань амандаа ус балгасан мэт нам гүм суусаар л. Уг нь тэдний хэлснээр өнөөдөр шатахууны үнэ багагүй буурсан байх ёстой.
Энэ сарын 25-ны байдлаар ам.доллар 1377 төгрөг байсан бол ганцхан өдрийн дараа буюу өчигдөр 1373 болжээ. Харин шатахууны үнэ нөгөө л хэвээрээ. Уг нь ам.долларын ханш чангарч эхлэх сургаар шатахууныхаа үгийг тэд нэмсэн. Гэхдээ тэднийг үндэслэлгүйгээр үнийг нэмсэн гэдгийг холбогдох олон байгууллага тогтоосон. Монголбанк гэхэд импортлогчид шатахууны төлбөрт зориулан өнгөрсөн болон энэ сард арилжааны банкуудаас нийт 128.4 сая ам.долларыг 1.388.7 төгрөгийн дундаж ханшаар худалдан авсан.
Иймд ам.долларын ханш огцом өссөнөөс шатахууны үнийг 16 хувиар нэмсэн нь үндэслэлгүй гэсэн. Тэгээд ч өнгөрсөн сард дотооддоо валютын арилжааг нэг их хийгээгүй. Учир нь, гадаадаас орж ирж буй валютын урсгал багассантай холбоотой хэмээн албаны хүмүүс өгүүлдэг. Тиймээс Монголбанк болон арилжааны бусад банк валютын арилжааг түгээмэл хийгээгүй аж. Ингэснээр валютын хомсдол бий болж, түүнийг нь далимдуулсан ченжүүд валютын ханшийг 1470-1480 төгрөгт хүргэсэн аж.
Хэтэрхий шуналтай шатахуун импортлогч хэдэн компани ч үүнийг ашигласныг хүн бүхэн мэднэ. ОХУ-аас авдаг шатахууны үнэ гэхэд л сүүлийн гурван cap огт хөдлөөгүй. Үүнийгээ ч импортлогч компаниуд хэлж л байсан. Нэгэнт ОХУ-аас авдаг шатахууны үнэ нэмэгдээгүй байхад тэд дотооддоо үнийг нэмж, иргэдийг хохироож буй нь шударга ёсонд яавч нийцэхгүй. Гэхдээ шатахууны үнийг нэмэгдсэнээс хойш Монголбанк хэд хэдэн удаа интервенц хийж зохиомол үнийг дарж эхэлсэн.
Харин ам.долларын ханш суларвал дагаж үнийг буулгана гэсэн импортлогчид бас л чихэн дүлий нүдэн балай суусаар л. Одоогоор валютын хэрэгцээ их байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Яагаад гэвэл энэ нь эдийн засаг нэлээн тэлсэнтэй холбоотой. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн орлогч дарга Ж.Жаргалсайхан “Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бараа бүтээгдэхүүнээ татах цаг үе учраас эрэлт их байгаа. Яахав, Монголбанк их хэмжээгээр интервенц хийгээгүйтэй зэрэгцэн арилжааны банкууд валютаа зараагүйгээс хомсдол үүссэн байж болно.
Магадгүй арилжааны банкууд валютаа хадгалж байгаад ченжүүдийн гар дээрх валютын ханш өндөр байвал үүнээс үүсэх зөрүүгээр ашиг олох гэсэн сонирхол ч байж болох юм” гэлээ. Энэ мэт манайхны далимчхан санаанаас болж улс орны эдийн засаг хямарч байна. Өнөөдөр шатахуунаас үүдэлтэй үнийн хөөрөгдлөөс болж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бүгд гэрлийн хурдаар өссөн. Тэр ч бүү хэл эмнэлэгт дусал тариа хийлгэхэд 500 төгрөг нэмчихэж.
Сувилагчаас ямар учраас үнийг нэмсэн тухай сонирхоход шатахууны үнэ өссөн шүү дээ гэх нь тэр. Дуслаа аваад очсон байхад л ингэж хэлж буй нь үнэхээр гайхшируулж орхих юм. Нөгөө талаар энэ нь зах зээлийн ямар нэгэн зохицуулалт, хяналт сул байгааг илтгэж байгаа хэрэг. Ер нь эдийн засгийн тогтвортой байдлыг зохицуулдаг байгууллага гэж алга. Уг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө өсөлт, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг зохицуулж, хяналт тавьдаг ганц байгууллага.
Гэтэл эл байгууллага маань “ниргэсэн хойно нь хашгирна” гэгчээр үнийн хөөрөгдөл бий болсны дараа нь үнэ нэмэх үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхийг судалсан гээд сууж байх юм. Уг нь урьдчилж л хардаг, хянадаг байх ёстой шүү дээ.
Шатахууны үнийн нэмэгдэл бусад бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлөх ёстой байсныг Үндсэний хөгжил шинэтгэлийн хороо судалж үзсэн байна. Тухайлбал, талхны үнэ хоёр төгрөг 11 мөнгө, мах 10 төгрөг 57 мөнгө, гурил хоёр төгрөг 17 мөнгөөр л нэмэгдэх үндэслэлтэй аж. Такси гэхэд л 19 төгрөгөөр нэмэгдэх байсан байна.
Гэтэл одоогийн байдлаар үнийн хөөрөгдөл хэт бий болоод байгаа. Шатахууны үнэ нэмэгдэж, түүнийг дагаж өссөн өргөн хэрэглээний барааны үнэ эргээд буудаггүй. Манай улсын эдийн засгийн инфляц жил ирэх тусам л өсч байгаа.
Өнгөрсөн онд гэхэд 10.4 хувьтай гарсан. 10 хувьтай гарна гэдэг нь хүмүүсийн худалдан авах чадварыг бууруулж байна гэсэн үг. Тэр хэмжээгээр ард олныг ядуурал уруу түлхдэг. 2008 онд шатахууны үнэ нэмэгдэж 2000 гаруй төгрөгт хүрч байсан. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн. Яахав шатахууны үнэ эргээд буусан. Харин барааны
үнэ буугаагүй.
Өнгөрсөн жилийн дунджаар ам. доллар 1340-1347 төгрөгт хүрсэн. Одоо ч мөн адил хэвэндээ орж байна. Хэрвээ шатахуун импортлогчид валютын ханшнаас хамаарсан гэж байгаа бол өнөөдөр үнийг хуучин хэмжээнд нь хүргэх л ёстой. Нэгэнт л импортлогчдын амнаас гарсан үг учраас иргэд тэднийг харж хүлээж л байгаа. Иймээс шатахуун импортлогчдоо шатахууныхаа үнийг буулгах болоогүй юу.
Д.Ангараг
Эх сурвалж: “Unen.mn”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 28, 2012 3:10:37 pm )
ene shatahuun damlaj zardag humuusiig yaaltai bilee.odoo bur $nii ulaan solio tusaj bh shigee.boldog bol…ardiin shuuheer oruulahsan
1 Comment