Шинжлэх ухаан техникийн их сургуулийн нэгдсэн номын санд өчигдөр Орос, Монгол, Хятад гурван улсын археологичдын “Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт форум эхлэв.
Түүхийн шинжлэх ухааны эх хэрэглэгдэхүүний нэг болох эд өлгийн дурсгалыг тусгайлан судалж, он цагийг нь тогтоон, тухайн үеийн байдлыг олдсон эд өлгийн дурсгалаар нь сэргээн тогтоож түүхчлэн бичих шаардлагын үүднээс түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар ухаан үүсэн бий болж хөгжсөнийг тогтоодог археологчидын форум өнгөрсөн жил өмнөд хөршид анх удаа зохион байгуулагдсан бол тэд энэ удаа Улаанбаатарт чуулж байгаа юм. Төв Азийн өргөн уудам нутагт нэн эртний үеэс хүн оршин суун амьдарч байсныг гэрчлэх олон баримтын нэг нь хадны сүг зураг. Түүхийн энэ олдворууд Өвөр байгаль, Төв болон Дорнод Монголын нутагт өргөн тархсан, агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд хамаардаг гэдгийг хүний биеийн бүтцээс авахуулаад гарал үүсэл, түүний нийгмийн ухамсрын хэлбэрүүдийн үүслийг хүртэлх бүхий л асуудлыг бусад аль ч ухаанаас илүү бүрэн судалдаг археологийн шинжлэх ухаан тогтоосон байдаг.
Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг дунд чулуун зэвсгийн үеэс эхлэн зурж эхэлсэн ажээ. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Ховд аймгийн Манхан суманд байх Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно.
Хадны сүг зураг нь үндсэндээ орчин цагийнхныг өнгөрсөн цаг руу хүргэх жим, асар үнэ цэн бүхий зурган бичиг юм. Судлаачид хадны сүг зургийн хийц, зурсан арга барилыг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг тогтоодог. Эндээс хүн төрөлхтөн хэдий үеэс ямар багаж хэрэгсэл хэрэглэж ирсэн, тухайн цаг үед ямар амьтад энэ газар амьдарч байсныг, хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг, хэзээнээс шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласныг, нийгмийн байгууллын үе шатуудыг, тухайн үеийн нийгмийн зохион байгуулалтыг харж болдгоороо түүхийн чухал баримтад тооцогддог.
Өмнөх цаг үеийнхний бидэнд үлдээсэн зурвас
Монгол нутаг, бараг бүх аймгийн нутгаас олдсон хадны сүг зургууд нь нь урласан арга барил, сэдэв агуулгын хувьд бусад улс орныхтой адил нийтлэг мэт боловч уугуул нутгийнхны өвөрмөц онцлог төрх, зан заншил, ахуйгаа тусган харуулсан уран сэтгэмжийн дүрслэлээрээ өвөрмөц байна.
Судлаач Ч.Болдбаатар “Хад чулуунд зурж, сийлсэн зураг, сүг, тамга тэмдэг нь зөвхөн бодит дүрслэл ч биш, уран сайхны үүрэг зориулалттай ч биш харин нэгэн сав шим ертөнцийн ахуй, ёс суртахуун, шүтлэг, танин мэдэхүй, зан үйлийн зэрэг хүчин зүйлсийн харилцааг илэрхийлэх, урин залах домог зүйн ухамсрын цөм” гэжээ. Энэ нь хадны зураг, дүрслэлийн цаад далд утга санаа, бэлгэдэл, аж байдлын ёгт зураглалыг хэлсэн хэрэг билээ.
Энэхүү форум дээр ШУТИС-ийн түүх, архелогийн багш профессор Ю.Болдбаатар Монгол оронд хадны сүг зургийн дурсгал газруудаас онцлон баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх Дундговь аймгийн Өлзийт сумын Цогт багийн нутагт орших Дэл уулын дурсгалыг онцлон танилцуулж байна билээ. Эндээс МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байдаг. Анх 1960 онд Монгол, Оросын эрдэмтэд хамтран уг газрыг илрүүлэн зарим нэг дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж байсан байна. Үүнээс хойш эрдэмтдийн хэд хэдэн баг очиж судалгаа шинжилгээ хийж, Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад орж, үүнийг 2008 оны 175 дугаар тогтоолоор баталгаажуулсан байдаг. Монголын газар нутаг дээр аль эрт хуучин чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн хадны сүг зургийн дурсгалууд 5000–3000 жилийн өмнөх цаг үеийнхний бидэнд үлдээсэн зурвас. Энэ зурвасуудаас археологичид Монголын эртний түүхийг уншсаар ирсэн юм.
Харин форум дээр БНХАУ-ын профессор Вэй Цзень “Бид форумд оролцогч орнуудын хадны сүг зургийн онцлог болон адил тал зэргийг нэгдэн судлахыг зорьж байна. Монгол Улсын өмнөд хэсгээр нээн илрүүлсэн хадны сүг зургууд манай орны хадны сүг зурагтай төстэй тал олон бий.
Сүг зурагны дүрслэлийг авч үзвэл мал ахуй эрхлэгчдийн ахуй, ан агнуур, хүний нүүрний дүрслэл зэргийг тод томруун тусгасан байдаг. Шар мөрний хойд эргийн дагуу орших ууланд нар шүтлэгтэй холбоотой хадны сүг зургийг дүрсэлсэн байдаг. Энэ нь бусад мал аж ахуй эрхэлж буй эртний хүмүүсийн амьдралын дүрслэлтэй адилгүй байдаг нь судлаачдын сонирхлыг ихээр татдаг” хэмээж байв.
Гадныхан түүхээ ингэж манадаг, харин манайхан…
“Үүх түүхийн дурсгалаа үнэлж хүндэлж чадвал Монгол орон тэр аяараа түүхийн музей билээ. Түүх соёлын дурсгалт зүйл тааралдахгүй зам Монголд байхгүй. Дэлхийн хуурай газрын тэн хагасыг байлдан дагуулж эзэлж байсан эзэн Чингисийн өлгий нутгийг үзэхсэн гэж гадаадынхан одоо ч сонирхсоор байдаг” гэсэн Ардын багш, доктор, профессор Ш.Шагдарын үг бий. Түүх соёлын өвдөө улс орнууд хүндэтгэлтэй ханддаг. БНХАУ гэхэд түүх соёлын бие даасан академитай бол бусад улс орнууд соёлын өвийг хамгаалах хүрээлэн, институттэй байдаг байна. Захын нэг жишээ дурдахад, Туркийн нэр нөлөө бүхий хүмүүс, улстөрчид Монголд айлчлахдаа Монголын нутаг дэвсгэр дээр орших эртний Түрэгийн дурсгалуудыг заавал очиж үздэг. Энэ аялал тэдний айлчлалын хөтөлбөрт албан ёсоор орсон байдаг гэнэ.
Оросын тэрбумтанууд 2014 онд түүх соёлын нэг нэг дурсгалт газрыг хариуцан авч шинээр сэргээн засаж, аялал жуулчлалыг татах ажлыг эхлүүлсэн байдаг. Харин Монголд бол энэ бүхэн эсрэгээрээ… Соёлын өвийн тухай хуульд “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйлийн оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” гээд заачихсан. Тэгсэн хэрнээ төрийн өмчид байх ёстой дурсгал, бүтээл, олдвор хувь хүмүүсийн гар дээр байдаг. Нөгөө талаар үндэстнийхээ эртний түүх, соёлын онцлогийг хадгалсан булш бунхныг эвдэж сүйтгэж, хосгүй үнэт бүтээлүүдийг гартаа оруулан, улмаар хил давуулан худалддаг хүмүүс улам нэмэгдэж байгаа.
2006 онд 3000 жилийн настай буган хөшөөг барилгын будгаар будаж сүйтгэсэн бол өнгөрсөн сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын Номгон ууланд байх хүрлийн үеийн дөрвөлжин булш, хиргэсүүрийг тоночихсон талаар археологичид цахим хуудастаа харамсангүй өгүүлж байна билээ. 1927 онд Сэлэнгийн Мандал Сумын нутаг дахь Ноён уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, булшнаас А.Д.Симуков эсгий ширдгийн тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс, торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэргийн онц сонирхолтой олдворыг олсон байдаг. Энэхүү аяганы хятад бичээсийг тайлан уншихад манай эриний I онд Хятадын Сычуань мужид үйлдсэн болох нь тогтооогдсон байдаг. Булшийг түшиглэн энд аялал жуулчлалын бүс байгуулах боломж бий. Гэтэл өмнөх Засгийн газар 200-хан сая ам.долларын ашиг олохын тулд энэ уулыг уул уурхайн хөлд талхлах харгис шийдвэрийг гаргачихаад байгаа. Юутай ч өчигдөр хуралдсан гурван улсын археологичдын форумд оролцож буй судлаачид өнөөдрөөс эхлэн Монгол орны түүх дурсгалын олдворуудтай танилцах аялалд гарах юм билээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
gashuun unen (September 08, 2016 10:21:12 am )
egiin goliin arhliog yasan be tegeed usan tsahilgaan stants gedeg
1 Comment