Дэлхий дээр өдгөө 46 сая орчим хүн боолчлолын нөхцөлд амьдарч байна. Хүний эрхийг хамгаалагч “Walk Free Foundation” байгууллага өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр гаргасан мэдээлэлдээ энэ талаар дурджээ. Эдгээр боолчлогдсон хүний олонх нь Энэтхэг, Хойд Солонгост аж төрж байна. Гэхдээ Хойд Солонгосын хүн амын нэг хувь буюу хэт баян тансаг хүмүүст энэ нь хамаарахгүй.
БНАСАУ-ын нийслэл Пхеньянд өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд барууны тансаг баячуудаас огт дутахааргүй амьдардаг. Тэдэнд оръё гэвэл сайн ресторан, үйлчлүүлье гэвэл гоо сайхны мэс засал, өмсье гэвэл моодны хувцас, цагийг зугаатай өнгөрөөе гэвэл фитнес заал гээд цөм бий.
Хойд Солонгосын засаг захиргааныхны ярих дургүй зах зээлийн эдийн засгийн шилжилт тус улсад аль 10-15 жилийн өмнө эхэлж, Ким Чен Уны үед улам хүчээ авч байна. Ялангуяа Хойд Солонгосын тэргүүний ойрын хүрээллийнхэн аль хэдийнэ зах зээлийн эдийн засагт шилжжээ. Ким Чен Ун Пхеньяныг шинэчлэн зохион байгуулахаар шийдэж, баячуудын дүүрэг нь өндөр өндөр шилтгээн, фитнес клуб, үнэтэй ресторанаар дүүрчээ.
Хулсан хөшигний цаадах тансаглал
Өмнөд Солонгосын “The Chosun Ilbo” сонинд энэ оны хавар БНАСАУ-ын удирдлагууд хувьсгалын хүнд замыг даван туулахын тулд иргэдээ өлсгөлөнд бэлэн байхыг уриалсан тухай мэдээлсэн билээ. Гэвч энэхүү өлсгөлөн нь тус улсын баян удирдагчдад хамаагүй. Пхеньянд баячуудад зориулагдсан ресторан, суши баар, кофены газрууд ажилладаг бөгөөд эдгээр газраас үхрийн махан стейкийг Хойд Солонгосын дундаж иргэний хагас жилийн цалингаар (50 ам.доллар) худалдан авч болно. Түүнчлэн нутгийн хэдэн төрлийн шар айрагнаас дуртайгаа сонгон шимэх боломжтой юм. Үндэсний, гэрийн хоолонд дуртай хүмүүст будаа, ногоо, чанасан өндөг, махтай пибимпап хэмээх уламжлал хоол ч санал болгодог. Нэг таваг пибимпап долоон ам.доллараар үнэлэгдэж байгаа нь Сөүлийн ресторануудынхаас ч үнэтэй юм. Баян хойд солонгосчууд аяга кофе яаралгүйхэн уух зуршилд ч хэдийнэ автжээ. Пхеньянд аяга кофены үнэ 4-8 ам.долларт хэлбэлздэг байна. Хойд Солонгосын нийслэлийн ресторанууд хулсан хөшигний цаана зочдодоо үйлчлэх нь түгээмэл. Тэд нутгийн баячуудаа юу иддэгийг гадаадынхнаас нуух гэж зориуд ингэдэг аж.
Пхеньянд баячуудад зориулагдсан бүтээгдэхүүнүүд олдохгүйн зовлон үгүй. Хамгийн гол нь валюттай байж, хаашаа явахаа мэддэг байх нь чухал. “Потонган Рюген” хэмээх хоёр давхар их дэлгүүр нь баячуудын үйлчлүүлдэг гол газар. Эндээс үхрийн мах, норвеги яргай загас, европ бяслаг, чидун жимсний тос, шар айргаас дээд зэрэглэлийн оргилуун дарс хүртэлх архи дарс гээд хүссэн бүхнээ авч болно.
Гэтэл НҮБ-аас БНАСАУ-д хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрсэн тухай нэлээд хэдэн жил түгшүүр зарласан юм. Тус улсын нийт хүн амын 70 орчим хувь нь эрүүл саруул аж төрөхөд шаардлагатай, шим тэжээлт хоол хүнсний дутагдалд оржээ. Дундаж хойд солонгос иргэний өдөр тутмын хоол хүнс нь цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шишээс бүрдэх бөгөөд Ким Чен Ир, Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр зэрэг цөөн хэдэн баяраар л хэрчим махтай залгадаг. Сүүлийн жилүүдэд Пхеньяны замуудаар дээд зэрэглэлийн хөнгөн тэрэг давхих нь нэмэгджээ. НҮБ-аас Хойд Солонгост дарвуулт завь, тансаг зэрэглэлийн машин, гоёл чимэглэл, үнэт чулуу зэргийг оруулахыг хязгаарласан хориг арга хэмжээ авсан ч тансаг бүтээгдэхүүнүүд нууцаар орж ирсээр байна. Үүнээс гадна Хойд Солонгосын нийслэлээр таксины анхны үйлчилгээ бий болжээ. Барууны сурвалжлагчдын тооцоолсноор ийм компани 5-7 байгаа тухай “The Independent” сэтгүүлд өгүүлжээ.
Спорт зааланд хичээллэх, мэс засал хийлгэх моод
БНАСАУ-ын нийслэлийн залуу баячууд “Zara”, “H&M”, “Uniqlo” зэрэг брэндүүдэд дуртай. Тэд хувцсаа хөрш Хятадаас авч ирүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд тэндхийн охид эмэгтэйчүүд тэргүүн хатагтай Ли Соль Чжуг дууриахыг хүсдэг болжээ. Ким Чен Уны гэргий олон нийтийн өмнө тод өнгийн цацаг хөвөө болсон хувцастай, түүнчлэн өмд, Хойд Солонгост хориглодог задгай туфльтэй гарч ирдэг. Тэргүүн хатагтай мөн “Dior”-ын цүнх барьж, “Tiffany & Co”-гийн хүзүүний гоёлоор гангардаг билээ. Гэсэн ч Хойд Солонгосын эмэгтэйчүүд хэдий хангалуун амьдарч байгаа ч гудамжинд ингэж хувцаслах хориотой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын Засгийн газраас хэт богино банзал, ханцуйгүй топ зэрэг барууны хувцас өмсөхийг хоригложээ. БНАСАУ-аас АНУ руу зугтсан өндөр албан тушаалтан асны охин Ли Си Хен “Хэрвээ таны хувцас хэтэрхий тод өнгөтэй, Хойд Солонгосын хэв маягт нийцэхгүй бол гудамжинд хяналтын байцаагч зогсоогоод нэрийг нь бичиж авна. Ингээд орон нутгийн радиогоор зарлана” гэжээ.
Үүний улмаас Пхеньянд фитнес клубууд хамгийн эрэлт хэрэгцээтэй газар болжээ. “БНАСАУ-д хүмүүс хуучинсаг байдлаар хувцаслах ёстой. Тиймээс ч тэд моодны хувцас, өөрийн бие хааг гайхуулахын тулд спорт зааланд хичээллэдэг болсон. Охид бариу өмд, богино топ өмсөх дуртай бөгөөд эмэгтэйчүүдийн дунд “Elle”, эрчүүдийн дунд “Adidas”, “Nike” брэнд хамгийн түгээмэл байдаг” гэж Ли Си Хен мэдээлжээ.
Хойд Солонгосын баячуудын бас нэг хөрөнгөтэйг илтгэх үзүүлэлт нь гоо сайхны мэс засал юм. Ялангуяа давхраа хийлгэх нь хамгийн түгээмэл байдаг. Гэвч солонгосчуудын зовхийг өөрчилж, европ шинжтэй болгоход амаргүй. БНАСАУ-д гоо сайхны мэс заслыг хориглодог тул 50-200 ам.доллар төлж байж, нууцаар хийлгэдэг байна.
Мэдээж Хойд Солонгос хэв маягийн тансаглал барууныхнаас тэс өөр. 25 сая хүн амынх нь гурван сая нь гар утас барьдаг тус улсад амттай хоол цадталаа идэж, спорт зааланд хичээллэх эрх авч, моодны хувцас өмсөхөд л жинхэнэ тансаглалд ордог аж.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (June 22, 2016 9:21:36 am )
Ямар хэцүү юм бэ.
-
Залхуу+Тэнэг=Өлсгөлөн (June 22, 2016 9:25:21 am )
Тэр баян Америк, барууны орнуудад баян ядуу бүгд л байдаг биз дээ… Худлаа тархи угааж элдэв тэнэг юм бичихээ больж үз зүгээр.
Өөрсдөө ямар байгаагаа эхлээд харчих. өөрийн толгой дээр байгаа бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэгч болж бна. тал талх авч байгаа нэгэн байхад бүтэн талхыг хатчлаа гээд гаргаад хаяж байгаа иргэн байгаа. Юм бүхнийг нээх хүний эрх нтр гэж донгосож байдгаа больчихооч. Эхлээд хүний үүргээ биелүүлж сурах хэрэгтэй байгааг усан тэнэг хүүхэд шиг болчоод байгаа монголчууддаа ойлгуул -
Монгол (June 22, 2016 10:54:00 am )
Хойд Солоносын баячууд Монголын баячуудыг бодвол эх орноо гэх үзэл сэтгэлтэй байх.Харин монголын баячууд хувиа хичээсэн, мөнгөний төлөө эх орон газар нутгаа зарахад ч бэлэн бэртэгчингүүд байдаг юм.Зарахад бэлэн ч гэж дээ жирийн хүмүүс нь мэдэхгүй болохоос аль эрт зардгаа зараад гадныхны мэдэлд өгчихсөн шүү дээ.
-
үнэнҮнэн (June 22, 2016 1:37:36 pm )
Энэ нийтлэлийг бичиж байгаа сэтгүүлчид улс төрийн талаар юуч мэддэггүй нэг тэнэг хүүхэн л байгаа . Өөрөөсөө ичээсээ , Оросоор бол куриный мозги тахианы тархитай гэдэг юм.
-
Тука (June 22, 2016 4:24:34 pm )
Чи өөрөө ёстой тэнэг куриный мозги тахиа байна даа, өөрийнхөө толгойг сайн угаа
-
Anonymous (June 23, 2016 9:32:39 pm )
solongosiig bvv gaih mangaruudaa manaihnii hajuud eh ornoo hairladag vndesten baih uursduuguu sain harj umhiirj bgaa tarhia tseverehee bodostgoo mongol hvmvvsee
6 Comments