Монголын Засгийн газар ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиас өмнө төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, IPO хийх ажлыг эхлүүлэх гэж буй талаар “Wall Street Journal” мэдээлжээ. Өмнөговь аймаг дахь дэлхийн хамгийн том коксжих нүүрсний орд газрыг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх ажил ойрын үед хэрэгжих боломжтой гэж албаны нэгэн хүн мэдээлсэн аж.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгийн биржид IPO гаргах бэлтгэл ажлаас санхүүгийн гэрээг монгол хэл рүү орчуулах нь цаг авч байгаа гэнэ. Мөн 2010 оны гуравдугаар сараас өмнө төрсөн монгол хүн болгонд хувьцаа олгох асуудал хамгийн хэцүү ажлын нэг болоод байна. Тавантолгойн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах ажил хойшлогдсон нь Монгол Улс гадаад зах зээлтэй холбоо, харилцаа байдаггүйтэй холбоотой гэнэ. Тиймээс Хонконгийн хөрөнгийн бирж сонгуулиас өмнө Монголын төрийн өмчит компанид хувьцаагаа гаргах тусгай эрх олгохгүй байгаа гэнэ. Харин Лондонгийн Хөрөнгийн бирж аль ч орны компанийг бүртгэхийг зөвшөөрдөг байна. “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын банкуудаас гаргасан “Global depository receipt” /GDR/ буюу олон улсын хадгаламжийн сертификатад үндэслэн Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэдийгээр энэ арга нь хялбар боловч анхдагч хувьцааг бодвол хөрвөх чадвараар сул байх талтай гэнэ. Лондонгийн Хөрөнгийн бирж зөвхөн Их Британид албан ёсны бүртгэлтэй компанийг бүртгэдэг тул “Эрдэнэс Тавантолгой” компанийг бүртгүүлэх ажил хамгийн хэцүү асуудал болоод байна.
Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгө оруулагчдад, 10 хувийг компаниудад худалдахаар төлөвлөж байгаа юм. Мөн 10 хувийг Монголын ард иргэдэд хувьцаа болгон өгч, 50 хувийг Засгийн газар эзэмших аж. 2-3 тэрбум ам.долларын хөрөнгөөр анхдагч хувьцаа босгохоор төлөвлөж буй Тавантолгой хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум ам.долларын ашиг олж, Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлэх аж. Тавантолгойн IPO хийх ажлыг “Голдман Сакс”, “Дойче банк”, “BNP Парибас, “Маквайр групп” хариуцаж байгаа юм.
Н.Энх
Холбоотой мэдээ
Comments are closed.