antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 3 comments

Э.АМАРТҮВШИН: НҮБ, ЮНЕСКО-ГИЙН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛЧИХЛАА ГЭЭД ЁСТОЙ ОНГИРМООР ЮМ БИЛЭЭ ДЭЭ

нийтлэсэн Admin

Дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдсэн 120 залуу хөгжимчний бүрэлдэхүүнтэй оркестрийг Америкт байгуулж, анхны удирдаачаар нь Оросын “Мариинский” театрын маэстро Валерий Гиргиевийг сонгон, томилсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү хариуцлагатай, хүнд ачааг үүрнэ гэдэг нэр төрийн баталгаа. Тийм агуу хүний нүдэнд өртөж, сэтгэлд нь нийцнэ гэдэг хүн бүрт тохиох завшаан биш. Тэгвэл гурван сая хүрэхгүй хүнтэй талын Монголын дуучин залууг тэр хүн тоож, “Сайн байна” гэж үнэлсэн. В.Гиргиевт тоогдсон хүн бол ДБЭТын гоцлол дуучин Э.Амартүвшин. “Өнөөдөр” сонины Еесөн алдартны нэг болсон түүнтэй ярилцлаа.

-П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн урал дааны дурсамжаас яриагаа эхэлье. Уралдааны ерөнхий зохион байгуулагч, алдарт В.Гиргиев Монголын дуучин Э.Амартүвшинг “Сайн байна” гэж үнэлсэн. Тэр хүнээс ийм үг сонсох ямар байв?

-Жинхэнэ одууд, “аймаар амьтад” тэр уралдааныг шүүдэг. Тэднийг удирдаж, тэргүүлж байсан бүр “луг амьтан” байсан. Тэр бол Валерий Гиргиев. Тэр хүн шилдэг  болсон дуучдыг тус бүрт нь хүлээн авч уулзсан юм. Надтай уулзаад “Сайхан дууллаа. Дуулах урлагийг сайн эзэмшжээ” гэсэн. Тийм агуу хүнтэй нүүр тулан уулзаж, ярилцаж, маг таалын үг сонсоно гэдэг их аз завшаан. Нээрэн тэр үед инээдтэй ч гэмээр юм уу, эвгүй ч гэмээр юм уу нэг явдал болсон. Тэр хүнтэй уулздаг өдөр би зочид буудлын өрөөнд нэрийнхээ хуудсыг мартчихсан байсан. Яг тэр өдөр яагаад тэгсэн юм, бүү мэд. Уралдааны дүн гараад ёстой л хөвж, нисэж явсан болохоор тэр юм болов уу. Тэр байтугай тайзан дээр өмсдөг гутлаа хүртэл мартчихсан байсан шүү дээ. Тэгээд В.Гиргиев гуайтай уулзаад мэн дэллээ. “Амартүвшин, чи яагаад нэрийн хуудсаа өгөхгүй байгаа юм бэ” гэж байна. “Уучлаарай, би мунгинаж байгаад буудлын өрөөнд мартчихаж” гээд үнэнээ хэлсэн чинь “Тэгээд би чамтай яаж холбоо барих билээ” гэж асуусан. Дараа нь би орос менежерээрээ дамжуулаад тэр хүнд хаягаа өгсөн л дөө.

-Гутлаа мартчихсан хүн тайзан дээр яаж гарсан бол?

-Азаар нөгөө орос менежер маань надтай ижил хэмжээтэй гутал өмсдөг юм билээ. Тэгээд гутлыг нь зээлчихсэн. Гудамжинд өмсдөг жирийн нэг хар гуталтай тайзан дээр гарч билээ. Уг нь тайзан дээр лаакан гутал өмсөх ёстой юм л даа. Тэр үед зун байсан болохоор би угладаг шаахайтай байсан. Ямар тэрэнтэйгээ гаралтай биш.

-Их л сургамжтай явдал болж дээ?

-Харин тийм. Гэхдээ эргээд дурсахад хөгжилтэй, сайхан л юм.

-Уралдааны хоёрдугаар шатанд Б.Шарав гуайн бүтээлээс дуулсан нь ямар учиртай юм бэ?

-Уралдааны гурван шатанд би С.Рахманиновын “Алеко”, В.А.Моцартын “Дон Жуан” дуурийн ари, П.И.Чайковскийн “Нам звёзды короткие сияли”, “Слеза дрожит” романс болон “Гилбэрийн хатан” дуурийн ари, С.Рахманиновын “В молчании ночи тайной” романс, Б.Шаравын “Чингис” хаан дуурийн ари, монгол ардын “Гавалмаа” дууны най руулга, А.Бородиний “Игорь ван”, Ж.Вердийн “Риголетто” дуурийн ари гэсэн бүтээлүүдийг дуулсан. Хоёрдугаар шатанд аль ч үндэстний хамаагүй ардын дуу болон 1970 оноос хойш туурвисан дуурийн ари дуулах ёстой байсан. Тиймээс би Б.Шарав гуайн бүтээлийг сонгосон юм.

-Өнгөрсөн жил Э.Амартүвшингийн хувьд уран бүтээлийн, шагналын хуртай жил байлаа. Үүнээс ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Хүн аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, түүнийхээ төлөө хувиралтгүйгээр, чиглэлээ өөрчлөхгүй тууштай явбал амжилтад хүрдэг юм байна. Би шагнал урамшууллын тухай ер нь бодож байгаагүй. Зүгээр л ажлаа хийдгээрээ хийж, хүссэн зүйлийнхээ төлөө зүтгэсэн. Урьдынхаасаа айхтар өөрчлөгдсөн зүйлгүй. Гэхдээ асар их хариуцлага үүрэх болсноо мэдэрсэн.

-Э.Амартүвшинг гаднаас нь харахад их амгалан, тайван, налгар хүн санагддаг. Дэргэд нь очоод чанга дуугарчихвал цоччих вий дээ гэмээр санагдаад байдаг юм?

-Ерөнхийдөө их тайван, амгалан талдаа шүү. Гэхдээ дандаа налайгаад байна гэж байхгүй л дээ. Хааяа ааш занд өөрчлөлт орох үе гардаг. Ялангуяа урлагийнханд дүрэлзэх үе бий.

-Сэтгэл хөдлөөд онгирсон үедээ яадаг бол?

-Ер нь өөрийгөө их цэнэдэг. Онгироод хамаагүй юм хум яриад байхгүй. Хааяахан “онгироод” инээд наргиа болох үе байдаг. Гэхдээ зөвхөн аав, ээж, гэр бүлийнхнийхээ хүрээнд л.

-Сэтгэл догдлолыг барих хэцүү шүү. Амартүвшин их догдолсон үедээ яадаг вэ?

-Том ажлын ард гарсны дараа сэтгэл уужраад нэг л сайхан болдог. Юу ч бодохгүй, чимээгүйхэн, инээмсэглээд, зүгээр л ганцаараа холхиж, амар амгаланг мэдэрдэг. Хоолой сайхан гараад илэрхийлэх зүйлээ сайн харуулаад, нэг тийм өдөр байдаг даа. “За би өнөөдөр ёстой сайхан дуулчихлаа даа” гэж бодсон үедээ зүгээр л ганцаараа байхыг илүүд үздэг дээ.

-Дуучид “Хоолой суучихна, муу дууллаа” гэж ярих юм билээ. Юунаас шалтгаалдаг юм бол?

-Хүн л юм чинь сэтгэл нь хямарна, амьдралд нь асуудал үүснэ, ядарна гэхмэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалж, сайн, муу янз бүрээр дуулна шүү дээ. Хоолойндоо хэт их ачаалал өгвөл суучихна. Тиймээс юм юмаа л тааруулж, аль болох сайн амарч, сургуулилалтаа тохируулах ёстой.

-Монголын сонгодог урлагийнхныг олон улсад хүлээн зөвшөөрсөн түүх нэлээд олон жилийн өмнөөс эхлэлтэй. Хэдийгээр ягаан байшингийн түүх 50 жилээр хэмжигдэж байгаа ч эндээс Пүрэвдорж, Жаргалсайхан, Ганбаатар нарын мундаг дуулаачид төрсөн. Гадаадын алдартай дуучдыг эс тооцож, Монголынхоо дуучдын хэнээс үлгэр авдаг вэ?

-Пүрэвдорж, Жаргалсайхан, Ганбаатар агсан бол гайхалтай, агуу дуучид. Тэднийг хүндэлж, шүтэж явдаг. Орчин үеийн дуучдаас манай Болд ах маш гайхалтай хоолойтой, мундаг шүү. Тэр хүнээс сурах зүйл их бий. Пүрэвдорж гуай бол дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн аргил хоолойтой зургаан дуучны нэг гэгддэг. Тэгэхээр агуу гэхээс аргагүй. Домог болсон тэр хүн П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд 1966 оноос хойш тасралтгүй олон жил багтсан. Энэ тухай дэлхийн сонгодог урлагийн түүхийн хуудаснаа бичигдсэн байдаг. Гадаадын мундагчууд Пүрэвдорж гуайгаас сүрддэг байсан гэж дурсан ярьсан байдаг юм билээ.

-Уралдаанаас хойш хаа нэг газраас урилга ирж байна уу?

-Испанийн Барселоны нэг уралдаанд явах, тэндээ театр дуулах гэхмэтийн төлөвлөгөө байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон. Уралдааны шилдгүүд тавдугаар сарын эхээр БНСУ-д аялан тоглоно. Үүнээс гадна бодсон зүйл байгаа. Гэхдээ нэг хэсэгтээ амрах бодолтой байгаа.

-Ари, романсыг тухайн орных нь хэлээр дуулах нь бас нэгэн том үнэлгээ байдаг. Тэгэхээр дуурийн дуулаач итали, орос хэлийг зайлшгүй эзэмших хэрэгтэй юм шиг санагддаг. Амартүвшин орос хэлээр нэлээд цэвэрхэн дуудлагатай дуулдаг. Ер нь орос хэлийг хэдийнээс сурав?

-Орос, итали хэлийг ярианы түвшинд сурч байгаагүй. Сүүлийн үед харин сурах гэж мэрийж байгаа. Тухайн хэлээр нь ари, романсыг дуулах нь уран бүтээлчээс нэлээд чадвар шаарддаг. Дуудлага маш цэвэр байх ёстой гэдэг. Энэ нь үнэлгээнд ч нөлөөлдөг. Би энэ тал дээр бас ч гэж гайгүй юм шиг байгаа юм. Гэхдээ өөрийн сайных гэхгүй л дээ. “Чи энэ үгэн дээр ингэж, тэгж өргөлт авах ёстой, ингэж хэлэх хэрэгтэй” гэж зааж зөвлөдөг хүн олон бий. Өөрийгөө хэтэрхий магтсан болчих вий дээ, П.И.Чайковскийн уралдааны үеэр “Монголчууд Оросын ро мансыг орос хүнээс ч илүү сайн дуулж байна” гэж байсан. Тэгээд бодохоор монголчууд хэлний тал дээр гайгүй юм шиг байгаа юм. Дуудлага сайн байхаас гадна бүтээлийнхээ утга санааг нь мэдэж байж, илэрхийлнэ. Тиймээс сургуулилалтын үед бүтээл дээрээ ажиллаж, энэ хэсэгт яаж дуулах вэ гэхчлэн багш нар маань нухацтай зөвлөдөг.

-Амралтаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөө зав гарвал л нутаг руугаа явах дуртай. Би Сүхбаатар аймгийн Халзангийн хүн. Нутагтаа очиж амжихгүй байсаар гурван жил орчим болчихсон байж. Сая оны өмнөхөн харин цаг заваа зохицуулаад яваад ирсэн. Ер нь бидэнд цаг зав тун ховор олддог эд шүү дээ. Тиймээс амралтын өдрүүдэд болж өгвөл гэртээ л байхыг хүсдэг. Сайн унтаж амрах хэрэгтэй.

-Монгол эрчүүд морь малд хорхойтой. Сүүлийн үед хурдны морь их сонирхож, уядаг болж?

-Морь уядаггүй ч би жинхэнэ хурдан хүлгийн уяан дээр өссөн хүүхэд шүү дээ. Миний ээжийн аав А.Ухна бол Монгол Улсын манлай уяач. Багадаа амралтаараа байнга л өвөөгийндөө очдог байлаа.

-Барилддаг байрын харагддаг. Ер нь “ноцолдчих нь” биз?

-Нэлээд багадаа, нэг, хоёрдугаар ангид байхдаа ганц нэг барилдаж байснаа санадаг. Үүнээс өөрөөр барилдаж байсангүй.

-“Өнөөдөр” сонин Есөн алдартныг шалгаруулдаг болоод 11 жил болсон. Энэ хугацаанд дуурийн дуучдаас С.Мөнгөнцэцэг анх удаа алдартны жагсаалтад бичигдсэн. Дараагийнх нь хүн бол Энхбатын Амартүвшин. Энэ удаагийн шалгаруулалтад оролцсон 100 эрхмээс нэлээд олон нь өөрийн чинь төлөө саналаа өгч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн ард жагссан нь сонгодог урлагийг үнэлэх монголчуудын мэдрэмжийн илэрхийлэл, Монголын сонгодог урлагийн чансааны үнэлгээ юм болов уу?

-Тэр үнэхээр сайхан явдал болсон. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн ард миний нэр бичигдсэн нь монгол үзэгч, уншигчид сонгодог урлагт элэгтэй байгаагийн илрэл болсон гэж бахархсан. Улс төр, бизнес, спорт, урлаг, эдийн засаг гээд бүхий л салбарт Монголын нүүр царай болсон хүмүүс дундаас гуравдугаарт орно гэдэг маш том амжилт. Монголын сонгодог урлаг хөгжиж байаагийн жишээ байсан.

-Бахархал гэж юу юм бол?

-Юмыг сайхан хийчихээд, хөдөлмөрлөснийхээ үр дүнг үзээд хүн өөрөөрөө бахархалгүй л яах вэ. Гэхдээ энэ бахархлаас гадна дэргэд байгаа хүмүүсээрээ, эх орныхоо сайхнаар, өсөж өндийлгөсөн ачтануудаараа бахархдаггүй хүн байхгүй биз.

-Гадаадын тайзнаа дуулахдаа “Монгол Улсын дуучин” гэж эх орноороо овоглуулан зарлуулах хачин сайхан мэдрэмж, бахархал байх. Эх орон гэж юу вэ?

-“Монголын дуучин” гэж зарлуулаад тайзан дээр гарах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйл л дээ. Гэхдээ хамгийн эхэнд нь шууд л “Монгол Улсын дуучин” гэхээсээ илүүтэйгээр Америк, Канад, Франц, Солонгос, Хятад гэх мэтчилэн зарлаж байгаад дунд нь “Монгол Улсын дуучин тэр” (түүний дуу нь өндөрсөв) гээд хэлэхэд хачин сайхан байдаг. Тэр олон улсын дунд бид цохиж явна гэдэг бас их бахархал, гоё шүү. Улсын нэр гэдэг хүнд агуу мэдрэмж төрүүлдэг юм билээ.

-Эх орныхоо нэрийг дуудуулж, монгол хүн болсноороо омогшдог гэж хүмүүс ярьдаг. Омогшил гэдгийг Амартүвшин яаж тайлбарлах бол?

-Монголчуудын онцлог, өвөрмөц зан гэж байдаг шиг байгаа юм. Ер нь бид жаахан дээрэлхүү зантай хүмүүс шүү дээ. “Бид чаддаг. Чадна. Ер нь хусаад л гарна даа” гэсэн бодолтой. Тэгээд их зоригтой. Бас хэнэггүй талдаа шүү. Уралдаан тэмцээнд орж байхад тийм юм ажиглагддаг. Айхтар тэвдэж сандраад л, бэлдээд л өөрийгөө зовоогоод байхгүй. Тайзан дээр гарахынхаа өмнө жаахан “санаа зовно”. Гэтэл бусад орны дуучид шал ондоо. Шаналаад л, өөрийгөө зовоогоод, байж сууж чадахгүй холхиод сүйд болно. Зарим нь энд тэнд нэг буланд суучихсан бодол болж ч байх шиг. Харин манайхан хоорондоо мар мар гэсэн шиг тайван байдаг.

-Тэр нь нэг бодлын сайн чанар ч юм шиг. Бидний ийм зан чанар юутай холбоотой юм бол оо?

-Сайн мэдэхгүй юм аа, бидний цусанд байдаг байх. Нөгөө алдартай монгол гентэй холбоотой байх.

-Аз жаргалыг холоос биш ойроос эр гэх юм билээ. Амартүвшингийн хувьд аз жаргал гэдгийг юу гэж боддог вэ?

-Аз жаргал уу…? Хүн дуртай зүйлээ хийгээд элэг, мөр бүтэн сайхан амьдрахыг л хэлнэ дээ.

-Тэгвэл Амартүвшин өдөр бүр аз жаргалаар бялхдаг байх нь?

-Өө тийм. Сайхан байна. Бас хамт олонтой байж, найз нөхөд олонтой байх бас нэг аз жаргал шүү дээ.

-Амартүвшин авьяасыг заяагдсан өмч гэж байсан. Тэгэхээр заяагдсан өмчтэй хүн хэр олон байдаг юм бол. Тэр өмчөө яаж тордох ёстой вэ?

-Хүн бүрт илүү чаддаг зүйл гэж бий. Аав, ээжээс нь тэр хүнд өвлүүлсэн давуу чанар байж л таараа. Тэрийг л олж хараад өөрийнх нь сонирхол хаашаа яваад, юу руу хөтлөөд байгааг мэдэрч түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй.

-Багаасаа л ийм хүнгэнэсэн хоолойтой байв уу?

-Хүүхдийн хоолой ерөнхийдөө шингэн, нарийн байдаг шүү дээ. Би багадаа янз бүрийн л дуу дуулдаг байлаа. Дээшээ цангинасан өнгөтэй дуу ч дуулчихна. Харин долоодугаар ангид орох жилээс хоолой минь бүдүүрч эхэлсэн. Их сай хан дуулмаар болж эхэлсэн. Би өөрөө ч их гайхаж байсан, тэр үед. Ер нь л ийм баргил хоолойтой хүн байхаар төрсөн юм байлгүй дээ.

-Багадаа “Гавьяат жүжигчин Амартүвшин дуулна” гэж зарлаад дуулдаг байсан тухай ээж чинь дурссан байсан. Тэр үед зөгнөөд тэгдэг байсан гэхэд хэцүү байх л даа. Гэхдээ хүнд зөн байдаг гэдэг. Өөрөө хэр зөнтэй хүн бэ?

-Би зөнтэй, юмтай гэх нь хаашаа юм бэ. Гэхдээ зөн гэж байдаг шиг байгаа юм. Би багаасаа дуучин л болно гэдэг байсан. Тэгээд дандаа “Гавьяат жүжигчин Амартүвшин дуулна” гэж өөрийгөө зарлаж байгаад л дуулж гарна шүү дээ. “Гиншээд байх юм. Муу ёр, дуугүй бай” гэж хүмүүс загнадаг ч болсон болоогүй амандаа дуулаад л байна. Хаана ч хамаагүй дуулна даа. Хонь малд явахдаа морины нуруун дээр давхингаа салхитай хамтарч дуулна. Усны торх руу толгойгоо хийчихээд хүртэл дуулна. Тэгэхээр цуурайтаад их гоё сонсогдоно оо. Энэ мэтээр багаасаа л өөрийгөө дуучин болох зам руу хөтөлчихсөн шиг байгаа юм. Том болж, гайгүй дуулчихдаг болоод “Би СУИС-д орж, дуучин л болно” гэж ярьдаг болсон. Тэгээд хүссэн сургуульдаа ороод дуурийн дуучин болно гэдгээ мэдээд “За дуурийн театрын мундаг дуучин болно доо. Уралдаан тэмцээнд орно” гэж бодох болсон. Хүн өөрийгөө зөгнөх ч гэх юм уу, төсөөлж мөрөөдөж байвал нэг юмны үзүүрт хүрдэг юм шиг ээ. “Дуучин болно” гэсээр дуучин болсон. “Дуурийн театрын дуучин болно” гэсэн. Одоо театртаа уран бүтээл хийгээд явж байна. Уралдаанд оролцох мөрөөдөл минь биелж, захаасаа үр дүнд хүрч байна. Цаашид бодсон зүйл их байгаа. Яадаг юм бэ, хүн мөрөөдөж, бодож байх л хэрэгтэй. Үзээд алдах хэрэгтэй, тийм үү?

Тэрбээр яаралгүй, тайван, үг бүрээ нухацтай хэлнэ. Ярьж байснаа хэсэг дуугүй боллоо… Тэгснээ “Аав, ээждээ, багшдаа, хамт олондоо, ханьдаа баярла лаа гэж хэлмээр байна” хэмээснээ “Би нэг зүйл хэлчих үү. Асуудал хөндөнө гэх үү дээ. Энэ талаар байнга бодож явдаг ч өмнө нь хэвлэлийнхэнд хэлчихье” гэв. “Би бол багшийнхаа хөдөлм өрийн үр дүн. Сайн яваа минь тэр хүний л гавьяа. Миний багшийг Ц.Ерөө гэдэг. Мон голын урлагийн ертөнцөд олон сайн шавь бэлтгэсэн мун даг дуучин бий. Насаараа ДБЭТ-т гоцлол дуучин байсан тэр хүний хөдөлмөрийг үнэлж, урам хайрлаасай. Урамшуулж, шагнаасай. Тэгвэл ёстой нүдээ олсон шагнал болно. Энэ үг минь холбогдох албаны хүмүүст хүрээсэй гээд зориг гаргаад хэлчихлээ”.

-Дэлхийн хэмжээнд үнэлэгдээд, гавьяат цол хүртээд баярласан үедээ багшдаа очсон л байгаа. Тэр үед багшдаа юу гэж хэлэв?

-“Та миний суурийг сайн тавьжээ, баярлалаа” гэсэн. Уралдааны үеэр гадаадын дуучид “Монголд очиж, Амарт үвшингийн багшаас номын дуу сонсмоор байна. Дуулах ур чадварыг судалмаар байна. Ямар хүн байдаг бол” гэж байсан. Тэр үед багшаараа ямар их бахархаж, талархаж байсан гээч.

-Өнгөрсөн жилийн бас нэг онцлох явдал нь Монголын урлаг соёлын гайхамшгийг дэлхийд мэдрүүлж, НҮБ, ЮНЕСКО-гийн танхимд тоглолт хийсэн. Тэр газрын тайз бусад тайзнаас онцлог, өвөрмөц байсан уу?

-“Би НҮБ, ЮНЕСКО-гийн тайзан дээр дуулчихлаа” гээд ёстой онгирмоор юм байна билээ дээ. Уралдаанд оролцож байхад тэгж айхтар онгирмоор сэтгэл төрдөггүй юм. Харин тэр мундаг газрын тайзан дээр Монголын ардын урлаг, рок поп, уран нугаралт гээд улсынхаа нэрийг гаргах шилдэг гэсэн бүхнээ үзүүлсэн болохоор үнэхээр гайхалтай байсан. Манай уран нугараач охиныг хараад тэнд байсан хүмүүс бүр шүүрс алдаж, алмайрсан. Тэр мундаг хүмүүсийн дунд өөрөө орчихсон байхаар жаахан онгирмоор болсон шүү. НҮБ, ЮНЕСКО-гийн танхимын үзэгчид гэхээр ямар хэм жээний хүмүүс байх нь ойлгомжтой. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нэртэй шүүмжлэгч, судлаач, төрийн томчууд монголчуудын өв соёл, урлагийн хөгжлийг бишрэн хүлээж авсан. Дуучин хүн үзэгчдээс ирж байгаа уур амьсгалыг мэдэрнэ дээ. Тэнд янзтай, халуун уур амьсгал бүрдсэн.

ДБЭТ-ыг зорих замдаа “Амартүвшин дуу цөөтэй, “муу ярьдаг” даа. Тэр хүнтэй яаж ярих билээ” гэж бодсон. Ягаан байшингаас гарч явахдаа “Илэн далангүй, илүү үггүй, дуулж байгаа шигээ сайхан ярьдаг залуу байна” гэж бодлоо.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 23, 2012 4:50:03 am )

    Uneheer baharhasan shuu ter uraldaani bichleg baigaa bolov uu uzeh yumsan ene duuchind bayar hurgej ondor amjilt husen erooe

  • Anonymous (January 23, 2012 5:11:23 am )

    amjilt husey. mundag yumaa.

  • Anonymous (January 23, 2012 10:29:26 pm )

    Huduunii huuhed neg temtseen orool gawyat awchih yumaa !!! Tghed ter Altankhuyag geed baletchin zaluu chin olon Tom temtseenees medal awsan yum bnleesht !!! Ardiin jujigchin uguh heregtei

antalya rent a car