Улстөрчдийг шударгаар харах өнцгийг олон нийтэд өгч, тэдний талаархи ойлголтыг цэвэршүүлж, бас нөгөөтэйгүүр авлига хээл хахуулиас ангид байлгах нэг хүчин зүйл бол улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг буюу ХОМ хэмээн бид ойлгодог. Тэгвэл ХОМ улстөрчдийг ил тод, тунгалаг болгож харагдуулах биш харин ч тэдний жүжгийн талбар болон хувирсныг дор өгүүлье.
Төрийн өндөр албан тушаалтнуудын өнгөрсөн 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг өчигдрөөс олон нийтэд ил болжээ. Үүнийг ажиглаваас эгдүү хүргэм, эргэлзээ төрүүлсэн олон асуултууд хөвөрч байна. Жишээлбэл хадгаламждаа хамгийн их бэлэн мөнгөтэй гишүүдийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүлжээ. Тэрээр нийтдээ 21 тэрбум 195 сая 800 мянган төгрөгийн хадгаламжийг банкуудад байршуулж. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай гэдэг шиг “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн хадгаламж маньд юуны пад хэмээн хэлэх хүн гарч болох ч нэгэнтээ Дундговийн ард түмний саналыг авч төрд төлөөлөл маань болсон эрхэм гишүүн тул энэ их хадгаламжийн мөнгийг хаанаас, яаж, ямар бизнесээр босгов гэж сонгогчид асуух эрхтэй. Олны дунд ам дамжсан яриагаар Б.Наранхүү гишүүний хур их хөрөнгийн дийлэнх хэсэг газрын наймаанаас боссон болов уу? Түүнийг Э.Бат-Үүл баатраас өмнөх МАН-аас угшилтай хотын удирдлагуудтай зузаан холбоотой байж газрын наймаанаас чамгүй бэлжсэн гэж хэвлэлүүд бичдэг. Нийслэлд газрын үнэ тэнгэрт хадсаныг саяхан төрийн ордны дэргэдэх хэвлэх үйлдвэрийн газар 23 тэрбум хүрснээс бид бултаараа харсан. Хэрэвзээ Б.Наранхүү гишүүний хадгаламжийн эх үүсвэр газартай холбоотой нь үнэн бол өдий хэрийн мөнгийг хөнгөхөн цуглуулчих нь байна шүү дээ. Тиймээс хадгаламжийнхаа дүнг ил тод болгох нэг хэрэг, хаанаас энэ их мөнгийг босгосноо олон түмэндээ даруй тайлагнавал өөрт нь л хэрэгтэй дээ. Шоглоомтой нь тэрээр сөөм ч газар эзэмшдэггүй гишүүдийн ангилалд багтжээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Сэлэнгийн С.Баярцогт нэр дээрээ ямар ч газаргүй гэнэ. Хуулийн дагуу газар эзэмшдэггүй гишүүн маань “Товхон Хан” хэмээх газар тариалангийн томоохон компанид хувьцаа эзэмшдэг, ногдол ашиг 100 хувь хэмээн мэдүүлгээ гаргажээ. “Товхон Хан” шиг улсад алдартай компани мэдээж хэрэг том талбай эзэмшин тариалалт эрхэлдэг нь ойлгомжтой. Гэтэл олны яриагаар бол шууд эзэмшигч эзэн нь, хувьцаа эзэмшиж 100 хувь ногдол ашгийг нь авдаг эрхэм гишүүн маань ерөөс газаргүй гэж ХОМ-тээ мэдүүлжээ.
“Замын тендерийн ангуучин” Б.Гарамгайбаатар, УАЗ 469-ийн наймаанаас цөм хийсэн гэгддэг “Хурд”-ын Б.Чойжилсүрэн, нөгөө Бензээрээ өргөн түмэндээ гайхуулдаг Л.Эрдэнэчимэг, ТБД Андууд дэлгүүрээр овоглож улстөрд орсон Д.Тэрбишдагва, “Сентоза”-гаар овоглодог С.Одонтуяа, 4 тэрбумын орлоготой, Жадамба генералын хүү Ж.Энхбаяр, тамхины “үйлдвэрлэгч” Ц.Дашдорж, УИХ-ын спикер асан Д.Дэмбэрэл, хувьсгалч Ж.Батзандан, ард түмний амлалтыг нэхнэ гэж улс төрд орж ирсэн Д.Батцогт нараас эхлүүлээд УИХ-ын гишүүд Н.Алтанхуяг, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, С.Оюун нар нэр дээрээ машингүй гэхэд итгэл төдийлөн төрөхгүй. Арай ч энэ алдартнууд маань явган таваргадаггүй байлгүй дээ. Эхнэрийнхээ, хүүгийнхээ хувийн унааг нь царайчилдаг юм уу, компанийнхаа машинаар хөл дүүжилдэг, эсхүл такси хөлөглөдөг эсэхээ олон түмэндээ үнэнээр нь тайлагнавал сонгуульд чинь өлзийтэй дөө.
Гишүүдээс хамгийн бага орлоготой, хамгийн ядуу нь Логийн Цог гишүүн бөгөөд тэрбээр жилийн орлогоо 18 сая хэмээн мэдүүлжээ. УИХ-ын гишүүний цалингаас өөр орлогогүй Л.Цогоос өөрийнх нь хэлснээр 1 сая ам.доллар нэхсэн гэх МАХН-ын дарга мөн увайгүй яа.
Нэлээд хэдэн гишүүдээ тавиад тууснаар тарж бутрахдаа хүрээд байгаа “Шударга ёс” эвслийг шогч Ц.Нямдорж нарын гишүүд “Шударга бусчууд” хэмээн гоочлох нь бий. УИХ-ын дэд дарга Л.Цог, төрийн сайд З.Баянсэлэнгэ нарын ХОМ-ээс харахад нээрээ энэ эвсэл чинь шударгачуудаас бүрдэж байсан юм уу гэмээр. Давхар дээлтэй З.Баянсэлэнгийн хувьд хамгийн бага орлоготой гишүүдийн нэг бөгөөд хадгаламжиндаа ч мөнгөгүй мануусынхаа адил ядуу даржин нэгэн бололтой.
Малч удамтай, нүүдэлчин монголчууд маань аймаг орон нутгаар нь буугаад хорхог сэлт эргүүлээд буцдаг, томилолтоор яваа сайд дарга нар, гишүүдэд хувийнхаа сүргээс мал бэлэглэдэг бичигдээгүй заншил бий. Тэр ёсыг Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Н.Алтанхуяг, БНМАУ-ын анхны дэд Ерөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга байсан, одоо Цэцийн гишүүнд санаархагч Р.Гончигдорж нар ч тойрсон баймааргүй л юм. Гэтэл ХОМ-тээ нэг ч малгүй гэцгээжээ. Том дарга нарт ёсыг бодож морь бэлэглэх нь олонтаа. Ёс жудагтай дээрх дарга нар тэдгээр морьдыг нэр дээрээ шилжүүлж авалгүй торгон сүрэгт нь үлдээсэн юм болов уу даа.
Басхүү олон нийтээс хэдийнэ “бидон” гэх нэр хоч авчихаад байгаа Д.Ганбат гишүүндээ баянхонгорчууд, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхөөс хойш нутаг нугынх нь нэрийг төрд тахалж, олон жил парламентад суугаа хэдэр ёдор Ц.Нямдорж гишүүндээ увсчууд шүдлэн ишиг ч хялайлгадаггүйн зэрэгцээ аав нь Сүхбаатар аймгийн, ээж нь Дундговь аймгийн уугуул УИХ-ын гишүүн Сү.Батболд, газар тариалангийн бизнестэй С.Баярцогт, Архангайгаас хэдэнтээ сонгогдож энэ нутгийг цэнхэр болгосон “Фортуна” гэгдэх Н.Батбаяр гээд олон гишүүн мал хуйгүй юм байна. Басхүү хувьдаа нэг ч малгүй, таван хошуу малд санаа тавьж үзээгүй Р.Бурмаа гишүүнээ бид чинь Хөдөө аж ахуйн сайдад залсан байх юм.
Үнэт эдлэлгүй ёстой даруухан гишүүд ч бас байна. Тэдний дунд Их хурлын танхимд, хаа явсан газраа нүнжиг сайтай хөөргөөрөө тамхилдгаараа алдартай Р.Гончигдорж, төв халхын их аварга, улсад барилдаад 12 жил түрүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөө их улс төрд өрсөлдөөд аман хүзүүдсэн Б.Бат-Эрдэнэ аварга маань хүртэл байж л байна.Энэ юу ч биш. Та бидний харааж зүхээд байдаг гишүүд маань бидэнтэйгээ адил өр зээлтэй ажээ. Монгол Шуудан банкны эзэн байсан, Эрчим хүчний сайд Д.Зоригт маань 4 тэрбум 250 саяын өртэй, Монголдоо гайхуулдаг “Эм Си Эс”-ээр овоглодог М.Энх-Амгалан гишүүн хүртэл 2 тэрбум 700 сая төгрөгийн зээлтэй байна. Ингээд бодохоор төсвийн ажилтан, малчид, тэтгэврийнхэн хуйгаараа, бас улсаараа өр зээлтэй байгаад гайхах үндэс алга. Удтал хүлээсэн төрийн томцуулын 2015 оны ХОМ-ээс ийм л сэтгэгдэл төрж байна. Манай монголчууд хошин шогийн хэдэн хамтлагийнхныг овоохон мөнгөтэй болтол өөрсдийнхөө амьдралын тухай егөөдсөн шогийг инээлдэн үзсээр харамгүй ивээн тэтгэсэн. Энэ бол урлагийн шид, харин үйлдэл, үг хэлээрээ ард түмэн бидэндээ өдөр бүр Монголын циркийн алдартай алиалагч агсан Ж.Данзан, Б.Содном нараас ч илүү чадварлаг, үнэгүй уран элэглэл үзүүлдэг эрхэм гишүүдийн маань ХОМ үнэн хэрэгтээ ядруухан тавилттай хошин шогийн жүжиг л биш байгаасай.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Fuck 76 (May 09, 2016 1:51:18 pm )
Ene heden hulgaich naraaraa ulsiinhaa oriig tolvvleech!! ATG Bnuu????
-
Bold (May 09, 2016 1:51:59 pm )
Yaltanguud Monoos mon.
-
Anar (May 09, 2016 1:54:34 pm )
Mongol iin yaduural naad hujaa nartaichin shuud holbootoi. Buudah yumsan.
-
Zochin (May 09, 2016 1:59:12 pm )
Pizdaaaaaaaaaaaaaaaaa
-
Зочин (May 09, 2016 6:51:39 pm )
Энэ хүмүүс дээр нэмээд Элбэгдорж З.Энхболд Баярцогт Алтанхуяг Сайханбилэг Гончигдорж Очирбат Баяр Нямдорж Хүрэлсүх Багабанди нар байна.
-
мортин монголчууд (May 10, 2016 7:12:37 am )
нэг ч машингүй гэж яаж хэлж чадаж байна аа Энэ том луйварчид ичихэд яана аа адгийн муу амьдралтай хүн ч гэсэн эхселтэй байна шүү дээ Наадуул чинь ард түмнийг үнэхээр доромжилж байна даа Бүү итгэ Бүү сонго
-
Олигарх улс төрч (May 10, 2016 8:19:35 am )
Ха ха хи хи та муусайн ардууд яах юм, бид чадаж байна. Олон юм хуцалгүй дуугай байцгаа монголчуудаа
-
Болд (May 10, 2016 10:09:59 am )
Төрд байгаа тэрбумтангууд идэж ууж ханадаггүй яацан чонын ходоодтой новшнууд вэ?? одоо ингээд АТГ-нхаа даргыг өөрсдийн гар хөл болсон хүний тавиад бүүр дураарай нэг доргих нь дээ. Төрийн төмөр нүүрний цаана хэдэн тэрбумтангуудын эрх ашиг л хамаалагдаж байнадаа.
-
зочин (May 10, 2016 12:25:06 pm )
Чадаж байгаа юманд арга байхгуй юм чинь чацга царайлаад л сонгохоосдоо
9 Comments