БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.
-Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахгүй юу?
-Засгийн газрын хуралдаанаар урамшуулалт тэтгэлэг, үндэсний тэтгэлэг олгох журмыг батлан гаргалаа. Мөн малчин өрхийн хүүхэд, өрхийн нэг гишүүнд ногдох орлого бага, амьжиргааны баталгаат төвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч, гэрээт цэргийн албан хаагч, Засгийн газраас эрэлттэй гэж тогтоосон мэргэжлээр суралцаж байгаа гурваас дээш голч дүнтэй оюутнууд сүүлийн хоёр жилээ зээл авч төлбөрөө төлөх нэмэлт заалт оруулж өглөө.
-Ямар ямар мэргэжлүүдийг баталсан бэ?
-Засгийн газрын эрэлт хэрэгцээтэй гэж үздэг 20 мэргэжил байгаа. Өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Үүнд Авто замын барилга, бага боловсролын багш, сургуулийн өмнөх боловсролын багш, байгалийн ухааны багш, хими, биологийн багш, гидер геологи, гидермеханик, уул уурхайн ашиглалт, технологи, усны нөөц экологи, уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт, мэдээллийн систем, малын эмч, нефтийн хадгалалт тээвэрлэлт, сантехник инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нано технологи, био технологи, цөмийн энергийн мэргэжилтэн, эмнэлзүйн анагаах ухаан гэх мэргэжилүүд багтаж байна.
-Журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Үндэсний тэтгэлэг энэ сараас олгогдоно. Урамшуулалт тэтгэлэг сурлагын дүн харах учраас энэ улирлаас хэрэгжиж эхэлнэ.
-Сайн сурвал хоёуланг нь авна гэсэн үг үү?
-Мэдээж хоёуланг нь авах боломжтой. 2.8 буюу 3.2 хувьд голч дүнд хүрэхгүй байгаа нь үндэсний тэтгэлгээ авна. Гэхдээ сургууль нь аттестатчлагдсан байх ёстой. Сургуулиуд одоогоор бүрэн адестатчлагдаагүй байгаа учраас магадлан итгэмжлэгдсэн бүх оюутнуудад өгнө. Энэ ондоо багтаж бүх сургуулиа адестатчилна.
-Хэчнээн оюутан хамрагдахаар байгаа вэ?
-Өдрийн ангийн 150 гаруй оюутнууд хамрагдана. Сургуулиуд өөрөө оюутнуудаа бүртгээд, дүнг нь хянаад мэдээллээ ирүүлэх ёстой.
-Энэ сардаа багтааж олгож чадах уу?
-Чадна. Ямар хэлбэрээр олгох вэ гэдгийг хуулиндаа заачихсан байгаа. Суралцах идэвх санаачилга, идэвхээ харуулсан байх шаардлага тусгасан. Хичээл таслаад байгаа бол олгохгүй л гэсэн үг. Муу сурч байгаа оюутнууд ч адилхан. Үндэсний тэтгэлэг cap бүр олгогдоно. 3.6 дээш голчтой бол нийт урамшууллын мөнгөний 75 хувийг, улсын хэмжээний олимпиадад нэгээс гуравдугаар байр эзэлсэн бол урамшуулалт тэтгэлэгээ бүрэн буюу 140 мянган төгрөг авах юм.
-Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөг зарим сургуульд шилжиж очоогүй гэдгийг ярьж байна. Хичээл сонголтыг нь хийлгэхгүй гэсэн асуудал ч гарч байна?
-Үүнийг мэдэж байгаа. Шинжлэх ухаан технологийн сургуульд маргаан үүссэн. ХХС-аас оройн анги өнгөрсөн жилийн журмаар аваагүй, харин энэ жил авна.
-Энэ жилийн мөнгө хэзээ орох вэ?
-Арай болоогүй байна. Яг өнгөрсөн жилийнхээ журмаар явна. Оюутан өөрөө бичиг баримтаа бүрдүүлнэ. Дараа нь сургууль нь сурч байгаа оюутныхаа тоог өгч тулгалт хийснээр мөнгө ороод явна.
-Гадаадад сурч байгаа оюутнууд тэтгэлэг авах уу?
-Тэртэй тэргүй жил болгон гадаадад ямар мэргэжлээр сурч байгаагаас шалтгаалан Засгийн газар бүх холбогдох яамд агентлагуудаас аваад жагсаалтын дотроос сонгон шалгаруулалт явуулж тухайн мэргэжлийг захиалагч байгууллага байгаа бол тэтгэлэг олгодог.
1997 оноос хойш 1300 хүн сургалтын тэтгэлэгт хамрагдан гадаадад суралцсан байна. Үүнээс 700 нь эргэж ирсэн. 300 суралцагч үргэлжлэн суралцаж байна.
Б.Өнөртогтох
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 20, 2012 1:05:59 pm )
oyutni 500000g avah gej boon yum boloh yum
1 Comment