Д.ОЮУНЧИМЭГ
Төрийн 100 хувийн өмчтэй байсан “Монгол шуудан” компанийн 34 хувийг энэ оны эхээр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй худалдсан. Үүний 17.4 хувийг 3.3 тэрбум төгрөгөөр “Ард санхүүгийн нэгдэл” худалдаж авсан билээ. Дотоодын амжилттай хийгдсэн IPO-гоор тооцогдож байсан “Монгол шуудан” компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж эхэлсэн талаар “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрээр “ТУЗ сонгогдохоос эхлээд будилаан үүссэн гэж бид үзэж байгаа. Компанийн сайн засаглалын тухай дарга нар ам уралдан ярьдаг. Харамсалтай нь энэ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн үг болж үлдсэнд би гомдолтой байна. Учир нь, ТУЗ-ийн хараат бус гишүүдээ нээлттэй нэр дэвшүүлж сонгоё гэхэд Сангийн яамнаас нэр дэвшигчдийг үл тоож, өмнө нь ажиллаж байсан танилуудаа томилсон” гэв. Одоогоор тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Ж.Оюунгэрэл, Ч.Ганхуяг, Л.Чинбат нар сонгогдсон. Гэвч нийт есөн гишүүний зургааг төрөөс томилсон нь сайн засаглалтай, нээлттэй компани хэлбэрээр ажлаа явуулах аргагүй болсон аж. Учир нь аливаа шийдвэр гаргах үед Сангийн сайдын удирдамжийн дагуу ажиллах ёстой гэх зарчмыг тал, тохой татаж тавьсан гишүүд нь санал болгодог байна. Хувьцаат компанийн үйл ажиллагааг салбарын яамны сайд нэг ажилтныхаа зааврын дагуу удирдамж баталж явуулах нь тун чиг буруу юм. Өөрөөр хэлбэл, дарга нарын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахын тулд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчих шийдвэр гаргах нь манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн том тээг болж буй хэрэг. Хэдийгээр төрд нийт хувьцааны 66 хувь байгаа ч 34 хувийг эзэмшиж байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож болохгүй хэмээн Ч.Ганхуяг хэлсэн юм.
Аливаа шийдвэрийг гаргахдаа 75 хувийн босготой байх тухай санал гаргаснаар үл ойлголцол үүссэн байна. Учир нь жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангах үүднээс хурлын ирцийн босгыг 51 хувиас өндөр байлгах нь зүйтэй юм. Тиймээс энэ асуудлаар Сангийн сайд Б.Болор, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт захидал бичсэн ажээ. Захидалдаа “Сангийн яамнаас төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг болсон нь ахиц дэвшил авчрах ёстой. Харин “Монгол шуудан” компанийн ТУЗ-ийн сонгуулийг явуулахад хувийн хэвшлээс нэр дэвшсэн хоёр хүн сонгогдсон юм шиг өнгөн дэрээ харагдавч, хараат бусаар нэр дэвших, сонгох процесс нь хаалттай, ойлгомжгүй байснаас алдаа үүсч байгааг хувьцаа эзэмшигчид үзэж байна. Тиймээс Сангийн сайдын удирдамжаар далайлган төрийн албан хаагчийг хараат бус гишүүнээр томилох нь хуулийн заалтыг уландаа гишгэн байж, хуйвалданы маягаар хүч түрэн сонгож буйн илрэл” хэмээн дурьджээ.
Түүнчлэн мэргэжлийн залуусыг үл тоомсорлон, танил талын хүрээнд гишүүдийг сонгосон нь хуучин жишгээр ажиллахаа илэрхийлсэн дохио боллоо хэмээн хувьцаа эзэмшигч Ч.Ганхуяг хэлэв. Энэ мэтчилэн Темасек шиг хөгжилтэй компанитай болно хэмээн Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг сануулаад, болсон явдлыг шүүн тунгааж, тодорхой дүгнэлт хийн, оройтойхоос нь өмнө алдаагаа засах боломж байгааг уг захидалдаа бичжээ. Бид нээлттэй, ил тод, шударга компанийн засаглалыг нэвтрүүлж, улс төрөөс бизнесийг ангид байлгах үйлсээ зогсоохгүй гэдгээ ч сануулсан байна.
Манай улсын хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн нэг жишээ энэ. Бид хөрөнгийн биржид арилжаа явуулдаг цөөхөн хэдэн компаниа хаалттай маягаар хөгжүүлэн, хэт төвлөрөлтэй байдлаар хувьцаа арилжаалах боломжийг хөхиүлэн дэмжсээр ирсэн. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэж байгааг олон зүйлээс харж болох юм. Хэрэв дээрх захидлын хариу нааштайгаар гарвал ногдол ашиг авах байх хэмээн горилогсод буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ч мөн давхар хамгаалалтад орох биз ээ.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
ХҮН ХҮН (May 02, 2016 11:25:20 am )
ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЦААГ ХЯТАДУУД ХУДАЛДАЖ АВААД ТҮҮНИЙГ НЬ ЛУЙВАРЧИН ЛУУХААН НАР ҮҮРЭЛСЭН ТӨР ҮГҮҮСГЭЖ НУУГААД БАЙГАА НЬ ЯМАР ЗОРИЛОГ АГУУЛААД БАЙНА ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАЖ АВСАН ХУВЬЦААГ НЬ БҮРТГЭЭД ХҮЧЭНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-
zochin (May 02, 2016 11:26:52 am )
huvitsaagaa zarmaar l bna shuu
-
Зочин (May 02, 2016 8:42:48 pm )
Монголд хувьцаат компани гэж ийм л хог болоод байгааг ашгүй захаасаа үзсэн нь яамай даа ард түмэн цэнхэр ягаан тасалбараа ингэж л алдсан бүх хувьцаат компанийг төр буцааж авбал таарна ард түмэнд хүрсэн юм байхгүй хэдхэн луйварчид л завшсан нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнэ ээ
3 Comments