Оросын шинэ сансрын буудал “Восточный”-гоос гурван хиймэл дагуултай “Союз-2.1а” зөөгч пуужин хоёр дахь удаагийн оролдлогоороо амжилттай хөөрлөө. Анх пуужинг дөрөвдүгээр сарын 27-нд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч хөөргөхөөс дөнгөж 1.5 минутын өмнө нэг хоногоор хойшлуулсан юм. “Союз-2.1а” пуужин нь “Ломоносов”, “Аист-2Д”, “SamSat-218”хэмээх гурван хиймэл дагуулыг сансрын тойрог замд хүргэсэн байна. “Восточный” сансрын буудлаас пуужин хөөргөх дараагийн үйл ажиллагаа 2017 онд болно. Харин 2018 оноос эхлэн жилд дор хаяж таван удаа сансрын аппарат хөөргөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн уг сансрын буудлаас анхны жолоодлоготой пуужинг 2023 онд хөөргөхөөр төлөвлөсөн байна. Уг сансрын буудал нь Амур мужид байрладаг. Нийт 700 км.кв орчим талбайтай. Засаг захиргааны төв нь Циолковский хот юм. Энэхүү сансрын буудлыг байгуулах зарлигийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2007 оны арваннэгдүгээр сарын 6-нд гаргаж байжээ. “Восточный” нь тус улсын хувьд иргэний зориулалтаар ашиглагдах үндэсний анхны сансрын буудал бөгөөд Оросын сансрын орон зайд хэнээс ч хараат бус байх зорилтыг хангаж байгаа юм. Одоогийн байдлаар тус улс Казахстаны Байконур сансрын буудлаас жолоодлоготой пуужингуудаа хөөргөдөг.
1991 оны 12 дугаар сард Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш оросууд нөөц сансрын буудалгүй болсон тул “Байконур”-ыг түрээсээр ашиглахаас өөр аргагүй болжээ. Ингээд Казахстанд жил бүр 115 сая ам.долларыг төлж, “Байконур”-ыг 2050 он хүртэл ашиглах гэрээ байгуулсан. Энэ хооронд өөр сансрын буудал хайх ажил тасралтгүй үргэлжилсэн ч энэ санаагаа орхиж, 2007 онд 51 дүгээр өргөрөгт Алс Дорнодын Амур мужийн Циолковский хот болон “Свободный” сансрын буудалтай ойролцоо шинээр буудал барихаар болжээ. Ингээд сансрын буудал барих судалгааны ажил, зураг төсөл, инженер техникийн мэргэжлийн ажилчид, санхүүгийн асуудал шийдэгдэж, 2011 оны нэгдүгээр сараас барилгын ажил эхэлсэн.
Төлөвлөгөөний дагуу 2018 онд бүрэн ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар сансрын буудлын цогцолборт 20 тонн хүртэл жинтэй дунд зэргийн зөөгч пуужинг хөөргөх зориулалттай хоёр суурь, аэродром, хүчилтөрөгч-азотын үйлдвэр, устөрөгчийн үйлдвэр, дулаан-цахилгааны хангамжийн систем, 115 км урт авто машины зам, түүнчлэн 125 км төмөр замууд баригдаад байна. Энэ бүхэнд ойролцоогоор 400 тэрбум рубль зарцуулжээ.
Энгийн зориулалттай сансрын хөлөг, пуужинг хөөргөх зориулалттай “Восточный” сансрын буудал бүрэн хэмжээгээр ашиглалтад орсноор 2020 он гэхэд Оросын нийт сансрын нислэгийн 45 хувийг уг буудлаас хөөргөхөөр төлөвлөж байна. Тэгэхээр шинэ буудал ажиллагаанд орсноор одоогийн “Байконур” буудлын авч буй 65 хувийн ачааллыг 11 болгож бууруулах юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.