Ирэх сарын эхээр Умард Солонгос улсад Хөдөлмөрийн намын их хурал зохион байгуулагдана. Хэдэн арван жилийн дараа анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ энэ удаагийн их хурал олон улсын анхаарлын төвшинд байна. Түүнчлэн болгоомжлол ч үүсээд буй. Намын их хурлыг тохиолдуулан цөмийн зэвсэг туршиж магадгүй хэмээн АНУ, Өмнөд Солонгосын зүгээс ихээхэн болгоомжилж, аюулгүй байдлаа чангатган, Пхеньяны хийх алхмыг анхааралтай ажиглаж байна.
Хурлын тов эхэндээ тодорхойгүй байсан ч, өчигдөр намын төв хэвлэлд хурлыг зарласан байв. Хэвлэлд бичсэнээр Хөдөлмөрийн намын их хурал ирэх тавдугаар сарын 6-нд нийслэл Пхеньян хотноо зохион байгуулагдах юм байна. Тус намын их хурал хамгийн сүүлд 1980 оны аравдугаар сард Kиm Ир Сений удирдлага дор болж, таван өдрийн турш үргэлжилж байжээ.
Улмаар энэ үед Ким Чен Ир эцгийнхээ залгамжлагч болж, анх удаагаа олны өмнө гарч байсан аж. Гэхдээ Ким Чен Ирийн үед нэг ч удаа Умард Солонгост намын их хурал зохион байгуулагдаж байгаагүй юм. Харин хамгийн сүүлийн хурлаас хойш яг 36 жилийн дараа долоо дахь удаагийн намын хурал зохион байгуулагдана гэдгээрээ ихээхэн онцлогтой болж байна. Мөн тус улсын залуу удирдагч Ким Жон Ун анх удаагаа оролцох тул олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа юм. Намын хурлын тов зарлагдсаны дараа иргэдэд хандсан уриалга ч гарчээ.
Тодруулбал, хурлын үеэр нийт иргэд залуу удирдагчийнхаа нөмөр дор эвлэлдэн нэгдэхийг уриалжээ. Ким Чен Ир 30 гаруй жил Умард Солонгосыг удирдахдаа нэг ч удаа зохион байгуулаагүй бол Ким Жон Ун дөрвөн жил тус улсыг удирдаад эцгийнхээ хийгээгүйг гүйцэлдүүлж, намын их хурлыг товлож байгаа нь өөрийн нэр хүндийг өсгөх зорилготой гэж зарим эх сурвалж онцолж байна.
Ийнхүү Умард Солойгос найм хоногийн дараа болох гэж буй Хөдөлмөрийн намын их хуралд бэлтгэж байх зуур хөрш зэргэлдээ орнууд харин айдас хүйдэст автаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард устөрөгчийн бөмбөг туршиж, нийтдээ дөрвөн ч удаа асар их хор хөнөөлт цөмийн зэвсэг туршсан Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс банга хүртэж, шинэ хатуу чанга хориг арга хэмжээ авахуулсан хэдий ч, уг шийдвэрийг эсэргүүцэн хэд хэдэн удаа баллистик пуужинг Япон тэнгисийн зүг харвасан юм.
Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сард Ким Жон Ун ойрын хугацаанд тав дахь удаагийн цөмийн зэвсгээ харвана гэж мэдэгдсэн байдаг. Энэ сарын 15-ны өдөр Ким Жон Уны өвөг эцэг Ким Ир Сений төрсөн өдөр тохиосон. Энэ өдрийг тохиолдуулан тус улс цөмийн зэвсэг харваж магадгүй гэж Өмнөд Солонгос, АНУ, Япон зэрэг улс ихээхэн болгоомжилж байсан ч, онц ноцтой зүйл бололгүй өнгөрсөн билээ.
Харин одоогоор тэд ирэх сарын 6-нд болох намын их хурлаар Умард асар аюултай цөмийн пуужингаа харваж магадгүй хэмээн ихээхэн болгоомжилж, аюулгүй байдлаа чангатгаад байгаа юм. Нэг үгээр, бүс нутаг даяар айдас хүйдэст автаад байна.
Өмнөд Солонгосын эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе ч түгшиж буйгаа илэрхийлэн, “Умард Солонгос хэзээ ч цөмийн пуужин харваж магадгүй байна” хэмээн мэдэгдсэн байв. Мөн тэрбээр мэдэгдэлдээ Пхеньян цөмийн пуужин харвах бэлтгэлээ хийж байгааг онцолсон байдаг. Ямартай ч, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын тов сүр дуулиантай хэрнээ болгоомжлол дагуулан тарж эхэллээ. Харин намын их хурлын өдөр үнэхээр Пхеньян цөмийн пуужин харвах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Даваа
Холбоотой мэдээ
-
Зочин (April 28, 2016 9:18:33 am )
Аааан би манай ХҮНам хуралдаж алах нь л гэж бодлоо. дарангуйлагчийн намтай ямар адилхан сонсогддог золиг вэ
-
zochin (April 28, 2016 4:34:33 pm )
сайн байна ер нь дээгүүр толгойтой нөхөдөд зохилт өгөх хэрэгтэй,,
2 Comments