Панамын оффшорын дуулианыг “Mossack Fonseca” компанийн гомдсон хоёр ажилтан гаргасан тухай “Газета”-д мэдээлжээ. Харин тэдний хэсэгчилж худалдсан баримтуудыг хэн нэгтгэн цуглуулж, улс төрийн дарамт шахалт үзүүлэх хүчтэй хэрэгсэл болгосон тухай Карибын оффшорт ажиллаж байсан Америкийн санхүүч ярьжээ.
“Mossack Fonseca”-гийн эргэн тойронд бараан үүл хуралдаж эхэлсэн тухай аль 2007-2008 онд ил болсон юм. Тухайн үед оффшортой холбоотой санхүүгийн нууц ертөнцөд энэ компанийн заль мэхтэй холбоотой баримт материалыг зарахад бэлэн хэд хэдэн хүн гарч ирсэн.
Энэ талаар санхүүгийн зөвлөх, мөнгө угаах мэргэжилтэн Кеннет Райжок ярьсан байна. 1980-1990-ээд онд тэрбээр шоронд орох хүртлээ Колумбын мансууруулах бодисын мафид оролцож байв.
Райжок Майамид эргэн ирээд, шинэ амьдралаа эхлүүлсэн. Тэрбээр өмнө нь ямар байснаа нуухгүй байгаа бөгөөд үүгээрээ ч мөнгө олохыг хичээж эхэлжээ.
Түүний мафийн ертөнцөд санхүүчид хэрхэн ажилладаг тухай бичсэн “The Laundry Man” ном нь 2012 онд хэвлэгдэж байсан юм. Райжокийн хэлснээр тэрбээр өдгөө хуулийн дагуу санхүүгийн зөвлөх хийж байгаа бөгөөд заримдаа тусгай албаныханд мөнгө угаах схемийг олоход нь тусалдаг гэнэ.
Райжокийн олж мэдсэнээр Панамын мэдээллийг хоёр эх сурвалж тараасан байна. “Тэдний нэг нь компанийг үндэслэгчдийн нэг Рамон Фонсекийн нарийн бичгийн дарга хүүхэн. Тэд хоорондоо янаг амрагийн харьцаатай байсан бөгөөд тун таагүйгээр салцгаасан. Үүнд хорссон эмэгтэй өөрт байсан баримтуудаа Панамын нийслэлд бараг нээлттэйгээр худалдсан” гэжээ. Шинжээчийн таамаглаж байгаагаар эдгээр мэдээлэл нь Америкийн хууль сахиулах байгууллагынхны гарт орсон байх магадлалтай аж. Харин мэдээлэл тараасан хоёр дахь эх сурвалж нь “Mossack Fonseca”-д менежерийн алба хашиж байсан эхнэр нөхөр хоёр юм байна. Нөхөр нь хувийн өмчийн удирдлагын хэлтэст ажиллаж байсан бол эхнэр нь стандартын хэрэгжилтийн хяналтад ажилладаг байв.
Райжок “Миний олж тогтоосноор мэдээлэл тараахад эхнэр нь гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр ажлаа муу хийснээс болж халагдсан. Үүндээ хорсоод компанийнхаа нууц материалуудыг цуглуулж эхэлсэн” гэжээ. “Mossack Fonseca”-гийн мэдээллийг 2000-аад оны сүүлчээр худалдаж авсан байх магадлалтай байна. 2015 онд баримтуудыг 2.6 гаруй терабайт хэмжээтэй болгон архивлаж, эрэн сурвалжлах сэтгүүлчдэд хялбаршуулжээ. Эдгээр мэдээлэлд шинжилгээ хийлгэхийн тулд “Suddeutsche Zeitung” байгууллага Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд хандсан байна. Ингээд сэтгүүлчид мэдээллийг нягталж, дэлгэж эхэлсэн бөгөөд одоо ч баримтууд дээр ажилласаар байгаа гэнэ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.