antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2016 2 comments

Хоёр цэнтийн сургамж

нийтлэсэн Admin
527-14610382668
Есөн жилийн тэртээ Индианагийн их сургуульд оюутан болов. Хуулийн сургуульд нь хоёр жил болж дүүргэв. Гавъяат багш П.Увш (Uvsh Purev), түүний хань Индианагийн их сургуулийн профессор Л.Цэрэнчунт (Tserenchunt Legden) эгч нар яг л эцэг эх мэт туслаж дэмжиж байсан юм.
Оюутан болохын зэрэгцээ ажил хийх зайлшгүй шаардлагатай байлаа. 620 доллараар Белка (Наранбилэг) гэгч залуугаас хуучин машин худалдаж авав. Жолоочийн хаалга нь мөргөлтөөс үүдсэн хэмхэрхий болхоор машин хаядаг цэгт очиж ижил машины хуучин хаалга 50 ногооноор тайлж авсныг Тэбэ ах (Terbish Tserenchunt) сольж туслав. Дараа нь машины дугуйн боолтууд зэвэнд идэгдээд зад зад үсэрсэн байсныг нь төрөлхийн аливаад эрдэмтэй Номинчимэд ах (Nominchimed Baasan) төвөггүйхэн засаж өгөв. Ингээд би өөрийн гэсэн машинтай болов.
Машинтай болсон хүн хичээлийн бус цагаар пицца зөөнө. Блүүмингтоны Доминос пиццаны боссын итгэлийг хүлээсэн Зоро (Золбаяр) гэж Монгол залуу менежер хийх. Үг дуу цөөтэй, хэлсэндээ хүрдэг, хүнлэг төлөв залуу.
Долоо хоногт 3-4 удаа ажиллана. Багадаа хоёр өдөр нь оройн 6 цагаас үүрийн 6 цаг хүртэл гамбираа зөөнө.
Хоёр жилийн зуур элдвийн л юм үзэж, олон ч хүнтэй уулзаж учирсан даа. Гадны оронд, хамгийн эгэл зэрэглэлийн үйлчилгээний ажил хийж, цент центээр мөнгө хуримтлуулж, түүгээрээ байр хоолоо аргална. Тэр үеэр өөр мужийн Доминост ажилладаг Монгол залуу буудуулж, бас манай хамт ажилладаг Монгол залуу ч буу тулгуулж үзсэн гэж байгаа. Би ч бас хоёр удаа эгзэгтэй отолтод орхоо шахаж, бас машинд мөргүүлж амжив.
Гэвч эгэл жирийн хүмүүсийн дунд, цэвэр хөлс хүч, ариун цагаан хөдөлмөр ямар амттай, үнэ цэнэтэй байдгийг тэр хоёр жилд мэдэрсэн юм. “Хөдөөх боргил ахуйд морин дэл дээр салхи исгэрүүлж явсан хүү, хүний нутагт адгийн ажил хийлээ” гэж үе үехэн урам хугарах ч “үзүүр нь харагдаж байгаа юманд учир нь олдоно доо” гэж боддог байв. Үзүүр гэдэг нь сургуулиа төгсөх өдөр.
мянга мянган хүнд халуун хоолыг нь хүргэж явхад хүний сайн муу харьцаа, элдвийн харц, зан чанартай учирсан нь маш тод амьдралын сургууль болсон юм. Чамайг ямар ч алба тушаалгүй, алдар хүндгүй байхад хүмүүс чамд хэрхэн хандаж байгааг сайтар ажиглах хэрэгтэй. Харин тэр л харьцааны мэдрэмжийг амьдрал туршдаа хадгалж явах учиртай. Учир нь тэнд хамгийн үнэн харьцаа байдаг. Доош унах юмгүй эгэл бодитийн хууль үйлчилж байдаг.
2 ЦЕНТИЙН ТҮҮХ. 
Нэг өдөр Кеннеди драйвт байрлах нэгэн хауст 19 доллар 98 центийн пицца хүргэж өглөө. Монголоор бол 10 км шахам давхиж очтол ихэмсэг царайтай хижээл эр 20 ногоон сарвайж “keep the change” гэж хэллээ. “Хариулт хэрэггүй” гэж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл ирэх очихын 20 гаруй км явж буй хөдөлмөрийг минь, 40 минут давхих ажлыг минь тэр эр ердөө 2 центээр үнэлсэн юм. Тухайн үедээ Монголоор 24 төгрөгийн төлөө би тэгж хөдөлмөрлөсөн юм.
Хожим нэг үдэш ядуусын голдуу амьдардаг чингэлэг бүхий хороололд хоол зөөж очив. “Эндээс ч олигтой гарын мөнгө өгөх хүн олдохгүй, бушуухан юмаа өгөөд буцая” гэж бодлоо. Нурж унахаа шахсан хуучны модон байшинаас хөгширч ядарсан нэгэн эмгэн гарч ирлээ. “Бушхүүгийн үлгэр” киноны эмгэн шиг санагдаад цэрвэх аястай дөлөнгүй байтал тэр эмгэний харцанд нэг тийм хайр дүүрэн инээмсэглэл тодорч 5 доллар сарвайсан юм. Надад 2 цент өгсөн хүнээс хэдэн зуу дахин дор амьдарч байгаа хэрнээ харц, үйлдэл, бүх л төрхөөрөө том ухаарал өгөв. Хожим тэр эмээг зорьж очиж өөрийн мөнгөөр авсан пиццагаа бэлэглэж билээ.
Энэ хоёр түүх надад олон зүйлийг ойлгуулж, мөнгөний үнэ цэнэ тоондоо биш сэтгэлд байдаг гэдгийг ухааруулсан юм.
Шинэ жилийн шөнө, он солигдох мөчид пицца зөөсөөр, шөнө дундаас яг 5 минутын өмнө гэртээ орж ирээд эхнэрээ үнсээд ганц пицца хувааж идчихээд л төдхөн буцаад ажилдаа гардаг байж билээ. Ажил хийх хүн аргаа хайдаг. Ажил хийхгүй хүн шалтаг эрдэг. Ямар ч ажлыг шүүрч аваад гололгүй хийгээд байхад хүнд ухаан суулгаж, өөрийгөө таних боломж олгодог шиг санагддаг.
Хэдий пицца зөөгч байсан ч гэлээ төгсөлтийн өдөр сургуулийнхаа шилдэг оюутны нэгээр шалгарч билээ.
Дүү нарт ухаан суухад нь ивээс болог.
2016 оны 4 сарын 18

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 19, 2016 10:18:47 pm )

    Сайхан түүхбайна, зөв ухаар ч яваа залуугийн холын хол замд амжилт хүсэе

  • 123123123 (April 20, 2016 6:57:15 am )

    mash sain

antalya rent a car