antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2016 1 comment

Энэрлийн их далай Миний ээж

нийтлэсэн Admin
527-1460513703dd9d302bcfd7a36cdcd7ad76900f260boriginal
Эхийн ачийг хүн хариулж огт чаддаггүй юм гэнэ лээ хүү минь. Бурхан багш ээжийнхээ ачийг хариулахаар өвсний шүүдэр цуглуулж цай чанаж өгдөг байж.
Ингээд би ээжийнхээ ачийг лав хариулсан байх гээд үзсэн чинь зөвхөн нэг л шөнө босож хөхүүлсэнтэй тэнцэх ач тус байж. “Ээжийнхээ ачийг яавч хариулж чадахгүй юм байна, иймд эхийгээ, үргэлж баярлуулж яв, хэзээ ч бүү гомдоож бай” гэж айлдсан юм гэдэг” хэмээн хар багаас л аав хэлдэг байсан нь миний ой тойнд шингэж үлдсэн төдийгүй амьдралдаа мөрдлөг болгохыг хичээж ирсэн дээ би.
Хорвоод энэ биеийг, оюун ухаант хүмүүн болгож төрүүлсэн энгүй их гавьяатан ээжээс өөр хэн байх билээ. Ээжийн ачлалыг мэдрээгүй бол яаж хүн байж чадах вэ дээ.
Миний муу ээж ч хорвоогийн олон ээжийн нэгэн адил жирийн монгол эмэгтэй. Уран дархан, нутаг усандаа өргөмжлөгдсөн найрын дууч Чойжилжавын дөрөв дэх хүүхэд нь бүсгүй заяат хүмүүн байсан бөгөөд тэр нь миний сайхан ээж Цийрэгзэн билээ. 1932 оны нохой жил хорвоод дуугаа хадаан мэндэлсэн ээж минь энэ ертөнцөд 58 наслахдаа үр хүүхэд, ойр хавийнхандаа хүндлэгдэн хайрлагдсан буянтан байсан юм.
Ээжийн хайр нь эхийн ачлал, сургааль сургамж, үлгэр дууриаллаар төдийгүй цагаан сүүгээр үр хүүхдэд нь дамждаг гэж би боддог. Хөдөө малчны хотонд төрж, сургуульд ортлоо ээжийнхээ дэргэд хамгийн ойрхон байж, аливаа мэдээллийн ихэнхийг ээжээсээ авч хүн болж төлөвших суурь хүмүүжлийг олж авсан учраас л ингэж хэлж байгаа юм.
Хөдөөнийхөн том жижиггүй орой л ганц удаа хоол иднэ. Бусад үед арвайн гурил, гэрийн боорцог үндсэн хоол болно. Бид ч босон суугаа ямар нэг хуваарьгүй идэж явдаг нөхдүүд шүү дээ. Аль аль нь дуусаад хагас өдөр болох тохиолдол зөндөөн. Ингээд жаахан өлсөхөөрөө хамгийн түрүүнд ээждээ уурладаг байлаа. Бусад үед ээждээ уурлаж сүйд болж байснаа санадаггүйг бодоход гайгүй байсан юм болов уу даа.
Ээж маань “Миний хүү, ээж рүүгээ муухай харсан хүн эрлэгт очдог. Очсон хойно нь эрлэг номун хаан зовхийг нь хоёр үзүүргэй юмаар дэвхддэг юм гэнэ лээ шүү” гэдэг байлаа. Хожим бодож суухад ээж рүүгээ муухай харалгүй өссөн хүн хэзээ ч хүн зоддогтүй. Хүнд зодуулсан ч эргээд орыг нь авна гэж боддоггүй, мэддэгтүй юм билээ. Энэ мэтээр ээжийн зааж сургаж байсан бүхэн өнөөдөр ч гэсэн бидний амьдралыг залж чиглүүлж байх юм даа. Яаж ингэж хүнийг хүмүүжүүлж чаддаг байна аа гэж гайхах үе ч надад гарч л байна. Би өвөө болчихсон хэрнээ хүүхэд залуусын хүмүүжилд нөлөөлөх аргаа олохгүй л явна шүү дээ. Бид бэлэн байгаа ном сэтгүүлээс уншаад ч учраа олохгүй л байх юм. Ардын ухаан гэж л энэ дээ.
Малчин ээжид яс амар, сэтгэл тайван байх цаг гэж бараг л байдаггүй юм даа. Аав маань жинд явна, түр цэрэгт татагдана, адуу малаа хайна, сум, багийн төвд хуралд сууна, ер нь л гэртээ ховорхон байна. Хонь хариулах хийгээд гэрийн ажил бүгд ээжид ногддог байсан. Айлын том нь болохоороо ээжийнхээ гар хөлийн үзүүрт зарагдана. Мал ид төллөх үеэр ээж маань бие давхар нэлээд том гэдэстэй намайг дагуулаад хониндоо явдаг байсан гэдэг. Бэлчээрт хонь арав хориороо төллөж бид хоёр даавуун уутанд хургаа хийж үүрээд гэр өөдөө явна.
Мэдээж, тэмээгүй явган явах өдөр ч таардаг учраас ээж маань тэр олон хургыг үүрэх гэж ядардаг байсан биз. Тэр үед би таван настай л байсан гэнэ лээ. Миний уутанд хоёр хурга хийчихээр би дааж ядаад алхаж чадахгүй болдог учраас ээж тамир сэлбэж мөөмөө хөхүүлдэг байж. Тэгэхээр хамрынх нь хөлс бурзайгаад л дажгүй хол явдаг байсан гэж хожим ээж маань хайр шингэсэн харцаар над руу хараад л өхөөрдсөн аястай дурсан хуучилдагсан. Ээж сүү ихтэй болохоор дүү нар барахгүй нэг хөх нь олон жил миний “өмч” байсан.
Сургуульд ороод л мөөмнөөсөө гарсан даа. Зарим хүн эхийн сүү хүүхдийн тархи нялхруулдаг гэж ярьдгийг дэмий үг гэж боддог юм. Эхийн сүү хүүхдэд их сайн л юм байна даг. Найман нас хүртлээ ээжийнхээ энгэрт тэврүүлж, мөөмийг нь хөхөж, хамгийн сайхан үнэрийг мэдэрч өссөн маань миний зан чанарт сайнаар нөлөөлсөн байж таарна. Би ер нь юмны үнэрийг сайн ялгадаг золигийн хүн байгаа юм. Энэ хорвоогийн олон сайхан үнэр дотор миний ээжийн үнэр шиг сайхан нь одоо хэр таарч байсангүй. Томоо хархүү болчихсон хойноо ч ээж минь надад оёсон дээлээ өмсүүлж, товчлох зуурт нь ээжийнхээ сайхан үнэр, эхийн
бүлээн хайрыг жинхэнээр мэдэрдэг байсан шүү.
Миний ээж уул усандаа шагшигдсан оёдолчин доо. Наадам, Цагаан сар болохоор олны дээлийн захиалганд харин ч гог дарагдах шиг болно. Хөлс мөнгө авна гэж байсан биш, үүрэгтэй юм шиг бүгдийг нь сэтгэлээрээ гоё оёж өгдөгсөн. Залуу бүсгүйчүүдэд энэ эрдмээ чамгүй өвлүүлсэн дээ. Дүү нараас ээжийнхээ энэ авьяасыг Цоож маань өвлөн авч, насныхаа хоолтой байх шив дээ.
Миний ээж намуухан атлаа юм тааруухан оёсон нэгэнд чамгүй ааш үзүүлдэг байжээ. Ээжийн цайгаа хувааж уудаг, нарийн ширийн юмаа нуулгүй ярьж, сэтгэлээ хуваалцдаг, авга ахын нь өргөмөл охин Норовцэрэн жүүжээ саяхан энэ талаар “Ээжийг чинь дагаж юм оёх гэж их л хичээсэн хүний нэг. Гэхдээ болохгүй юм болдоггүй л юм байна лээ. Хичээж хичээж нэг дээл оёод үзүүлсэн чинь үг дуугүй ханзлаад хаячихдаг байгаа. Дараа нь өөрөө засаж оёод өглөө. Арай л өөр байсан шүү. Ээжийг чинь дагаж юм оёж сурсан эмэггэйчүүд өөрөөс нь мөн ч их эмээдэг, тэр хирээрээ хичээдэг байсны хүчинд манайхны уран оёдолчны залгамж тасраагүй байх аа” гэж ярьсан юм.
Миний ээж гайхамшигтай сайхан хоолойтой нэгэн байсныг ганцхан удаа л сонсож билээ. Найр хурим, хонины бэлчээрт ч ээжийгээ дуулж байсньгг сонсоогүй. Би арав гаран настай л байсан. Адуунд яваад гэрийн гадаа иртэл радиогоор нэг эмэгтэй “Хүрэн толгойн сүүдэр” уртын дууг цангинуулж байна аа. Гэртээ ороод нүд, чих хоёртоо ч итгээгүй. Миний ээж. Миний сайхан ээж дуулж байна аа.
Аавын найзууд ирчихсэн шимийн юм уугаад, ээжийг мэддэг учраас шахсаар байгаад дуулуулсан нь тэр байж. Энэ мөчөөс эхлэн ээж минь ямар сайхан дуулдаг юм бэ гэж мэдсэн ч яаж ч гуйгаад дахин дуулаагүй ээ. Тэр үеийн хөдөөний хүүхнүүд бараг бүгд л дуулдаг, даанч ичимхий юм уу, эсхүл хэт даруугаасаа болоод ил дуулаад байдаггүй байсан юм болов уу даа.
Эх хүний, тэр дундаа монгол ээжийн баяр баясгалан бол үр хүүхэд нь, хамгийн гашуун хэлэх нь битгий хэл зүүдлэхэд ч хэцүү зовлон гачигдал гаслан бол тэднээсээ хагацах байдаг юм байна лээ. Миний ээж зургаан хүү, дөрвөн охин төрүүлсэн, Монгол Улсьгн алдарт эх. Би та нарыг эрхтэн бүтэн, эрүүл саруул төрүүлж өдий хүргэлээ. Цаашид яаж явах нь та нараас өөрсдөөс чинь шалтгаална. Энэ бол ээжийн минь бидэнд байнга сануулж хэлдэг үг. Тогтож бодвол ямар агуу ухаан бэ гэдэг нь харагддаг.
Эмэгтэй хүн хэвлийдээ тээсэн үрээ охин уу, хүү юу гэхээсээ илүүтэй энэ маань эрхтэн бүтэн, ухаан санаа саруул, эрүүл л байгаасай гэж залбирдаг байх. Төрөх агшны тэсэхийн аргагүй өвдөлтийн дараа хорвоод ирж байгаа үрийнхээ цовоо дууг сонсож улаан нялзрай төрхийг нь хараад зүйрлэхийн аргагүй баяр баясгалан бүхий л бие сэтгэлийг нь эзэмдэж, сая л нэг санаа нь амардаг гэсэн. Эрчүүд бид ямар мэдрэх биш дээ.
Ээжид минь ч гэсэн энэ мөч арвантаа тохиож, арвантаа санаа нь уужирсан учраас л дээрх үгийг хэлдэг байсан биз. Нөгөөтэйгүүр аав, ээж хоёр нь бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлж та нарыг хүн болголоо. Хүн шиг байж, хүмүүсийн хайрьгг дааж амьдрах зөв эхлэлийг тавьсан шүү л гэж сануулсан хэрэг байлаа. Хэдэн дүү нар маань нүүр улайлгалгүй, чих халууцуулалгүй амьдарч яваа нь эцэг, эхийн олгосон суурь хүмүүжлийн л үр нөлөө юм даа. Гучин гуравхан насандаа таван настай сайхан хүүгээ эмнэлгийн анхны тусламж ч үзүүлж чадалгүй өвчнөөр, тавин зургаан насандаа 25-тай хүүгээ мөн л өвчнөөр алдсан ээж минь яаж шаналж, зовж, хүний нүд хариулан байж уйлан нулимсаа барж, шар махтайгаа хатаж байсньгг эргэн санахад сэтгэл шимширч, зүрх өвдөх шиг болдог юм. Үхэл хагацал хэнд ч тохиолдох боловч үрээ алдсан эх шиг нэг хормыг ч түүнийгээ бодохгүй, харуусахгүй, гашуудахгүй, шаналахгүй өнгөрөөдөг өөр хүн байхгүй биз. Хатуу хорвоотой эвлэрээд л амьдардаг байх. Эх хүн л үгүй юм билээ бурхан минь.
Ээжийгээ баярлуулж, ачийг нь өчүүхэн ч гэсэн хариулъя гэвэл өөрсдөө хүн шиг явж, их зовоолгүй, өвдөлгүй, болж өгвөл үхэлгүй л байх юм бол болох нь тэр, хүмүүс минь. Ойрхон байдаг бол ээждээ өдөр бүр очиж бай, өөр аймаг суманд байдаг бол сардаа нэг очиж бай, өөр улс оронд байдаг бол жилдээ нэг очиж бай. Аав ээж гэж хүн насан туршдаа хэлж болдог. Харин ээж ээ, аав аа гэж дуудах чинь нэг л өдөр дуусдаг юм билээ. Тийм учраас аав аа ээж ээ гэж өөрөө дуудаж, миний хүү, миний охин гэж тэднээрээ дуудуулан хажууд нь аль болох удаан байвал өөртөө болоод эцэг эхдээ өгч байгаа хамгийн том таашаал юм билээ шүү, залуус аа.
Гавьяат хуульч Ж.Бямбадорж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИРГЭН (April 14, 2016 4:07:17 pm )

    Уул шиг нөмөртэй Аавыгаа амьд байхад нь би тэнэг байж ээ. алдсан хойноо ухаардаг нь жам юм уу даа. одоо харин ээжийгээ аавыгаа хайрлаж чадаагүй их хайраа нэмж л хайрламаар санагдах юм даа.

antalya rent a car