Парламент дахь сөрөг хүчнийхэнтэй нийлж хөөрхий Н.Алтанхуягийг буланд шахсаар 2014 оны арваннэгдүгээр сард АН-ын даргын эрх, ямбыг өөртөө шилжүүлэн авч байсан УИХ-ын дарга З.Энхболдын улс төрийн мэдрэмж үнэхээр нойл заачихаж. Парламентын намрын чуулган хаалтаа хийснээс хойш хоёр дахь удаагаа ээлжит бус чуулган зарлаад сүүлийн хэдэн өдөр мундраа хутгаж байгаа нь УИХ-ын даргын ч, бүхэл бүтэн улс төрийн хүчин удирдаж сонгуульд орох гэж байгаа намын даргын хувьд ч байж болшгүй алдаа гэхээс өөр юу гэхэв.
Цөмийн хог, хаягдалтай холбоотой асуудал монголчуудын хувьд тун эмзэг халтай сэдэв. Үүнийг мэдмээр атлаа эс мэдэгч царайлан бүхнийг хүчээр шийдэх гэсэн УИХ-ын даргын зарласан энэ удаагийн ээлжит бус чуулган хуралдахгүй нь тодорхой болох шиг. Их хурлын спикерийн, цаашлаад намын даргын эрх мэдлээ ч алдаж мэдэх асуудал үүссэний төлөө Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг албан тушаалаас нь авч хаяхаар бүхэл бүтэн ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байсан нь саяхан. Гэвч хоёр долоо хоногийн турш 24 асуудал хэлэлцэнэ гэж захирамж гаргаад чуулганых нь ирц бүрдэлгүй хэд хоносны эцэст Г.Уянга, Л.Цог мэтийн туйлбаргүй гишүүдийг талдаа татаж ээлжит бус чуулганыг арайхийн нээж байв. Тэгмэгц Үндсэн хуулийн Цэцийн даргыг золигт гаргаж санасандаа хүрээд хэлэлцэхээр зарлаж байсан олон асуудлаа хөсөр хаян чуулганыг хаасан билээ.
Үндсэн хуулийн Цэцийн даргыг Үндсэн хууль зөрчин огцруулсан гэж олон нийт ойлгосон энэ муйхар үйлдлийнхээ улмаас парламентын дарга, АН-ын даргын хувьд ч сонгогчдоос чамгүй хасах оноо авч гайгүй шиг байсан нэр хүндээ тодорхой хувиар алдсаныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиалаас харахад хангалттай. Намынхаа удирдах дээд байгууллага Үндэсний Зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж дөнгөдөггүй хэрнээ, олон нийт сөргөөр ойлгодог хэтэрхий маргаантай эмзэг асуудлаар ээлжит бус чуулган зарлах нь парламентын нэр хүнд төдийгүй намынх нь рейтингд муугаар нөлөөлж болохыг Зи дарга огтхон ч тооцоогүй бололтой.
Эрх баригчид өөрсдөдөө ашигтай хуулиудыг сэм батлах эсхүл хүчээр түрж батлах аргад сурцтай болж байна гэх мессеж нийгэмд хангалттай тарсаар байхад ийм эгзэгтэй асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь тэрээр улс төрийн мэдрэмжийн хувьд шалихгүй төдийгүй сүүлийн үед бүр нойллочихсон улстөрч гэдгээ баталлаа.
Түүнчлэн АН-ын парламент дахь бүлгийг ахалдаг улстөрд гэхээсээ илүүтэй тааруухан чанартай зам тавьдгаараа танигдсан Б.Гарамгайбаатар гэх эрхэм парламентын ардчиллын наад захын цагаан толгойг мэддэггүй гэдгээ батлан харуулж тийм ч өндөр биш байгаа намынхаа нэр хүндийг давхар шавхайтай хутгаж байгаа нь харамсалтай. Парламент дахь сөрөг хүчний байр суурийг ямар ч нөхцөлд дургүй ч гэсэн хүндэтгэн сонсдог нь парламентат ёсны тогтсон соёл байдаг. Гэтэл тэрээр эрх баригч намын бүлгийн дарга хүн гэхэд ийм өндөр сэнтийтний амнаас гармааргүй бүдүүлэг загнаж “Энэ асуудлыг хэлэлцэхэд Ардын намын гишүүд орж ирэхгүй бол цацраг идэвхит бодисыг Монголд булшлахыг дэмжиж байна гэсэн байр суурь харагдана гэж бид үзэж байгаа” хэмээн томорсоор ээлжит бус чуулганы ирцийг бойкотлож байсан МАН-ынхныг бүр ч цааш нь түлхэж орхисон. МАН, “Шударга ёс” эвслийн гишүүд болон бие даагчид ч цацраг идэвхит бодис булшлахыг дэмжсэн нэр зүүхээс айн чуулганы танхимд Б.Гарамгайбаатарын бодсоноор шагшран цугласангүйг бид харлаа.
АН-ын хамгийн том эрх мэдэлтнүүдийн ийм бүтэлгүйтлүүдийг хүмүүс “буруу хөл дээрээ босох” гэж зүйрлэн ярьдаг. Тэгээд ч улс төрд огтхон ч туршлагагүй шинэ хүмүүсийн ч гаргахааргүй, мэдрэмжгүй алдаануудыг ийнхүү сонгууль дөхсөн хариуцлагатай үед дараалан гаргаж байгаа нь айсуй сонгуульд намыг нь буруу хөл дээр нь зогсоочих вий дээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ХӨХ ЧОНО (April 01, 2016 10:18:55 pm )
НААДАХ ЧИНЬ ХАР МАШИНДАА Л ИТГЭЖ БАЙГАА ЮМ. ҮҮНИЙГ НЬ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЭХГҮЙ БОЛ БУЛТАНА ШҮҮ
-
Саарал (April 01, 2016 10:30:51 pm )
Энэ парламент цэцрлэгийн ахлах ангийн хүүхдүүд шиг л байх болж дээ.Бие биенээ үгүйсгэн муулцгааж байгаа нь ховч хүүхдүүд шиг л харагдах юм. Төрөөр ингэж тоглож болодог л юм байхдаа.
-
Хурц (April 02, 2016 11:41:54 am )
Зика энхболд намаа ч амаар нь газар шаалгуулла.туунийг зогсоох эруул саруул ухаантай хун ан байхгуй юм байхдаа.урт эруу мангар эрдэнэчимэг л намын нэрсийн жагсаалтад орохгоод долигноод гуйгээд шонхор фракцийн бусад юм ойлгодог хашир гишууд с.одонтуяа с.эрдэнэ нар зайгаа бариад эхэллээ
-
Зочин (April 03, 2016 9:22:40 pm )
АН-ын намын даргын улс терийн мэдрэмж нь угаасаа УЛААН НОЙЛ шуудээ!!!
4 Comments