antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 2 comments

Генсекүүдийн ”Гурвалжин”

нийтлэсэн Admin

7c9359b5f193f6e4original

  Монгол Улсыг дараагийн дөрвөн жил аль нам нь удирдан залах вэ гэсэн УИХ-ын сонгуулийг дэнслэхэд ердөө хоёр хүрэхтэй үгүйтэй сар үлдээд байна. Одоо УИХ-д АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, ХҮН гэсэн зургаан нам суудалтай байгаа. Нөгөө хэдээсээ арай олон суудал авсан АН эрх баригчийн дүрээр сонгуульд орох бол арай цөөн суудалтай МАН сөрөг хүчний дүрээр сонгуульд оролцоно. Энэ хоёрын дунд “шалиг хүүүхэн” шиг гүйдэлтэй болсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн 2016 оны сонгуульд эвсэхгүй бололтой. Сонгуулийн урьдчилсан судалгаанаас харахад Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ыг өөртөө “урвуулж” чадсан нь ялалт байгуулах магадлал тун өндөр. Үүнээс гадна намын гол хөдөлгөгч хүч, намын “гал тогоо”-г удирдаж буй генсекүүд хэрхэн ажилласнаас сонгуулийн үр дүн шууд хамаарна. Энэ удаа Засгийн газар орж ажилласан гэдэг утгаар нь АН, МАХН, МАН гурвын генсек хэрхэн ажилласныг тоймлон хүргэе. Хачирхалтай нь дээрх гурван генсек гурвуулаа хангай зүгийн хүн байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татна.

2eef2246fc245d40original

  АН-ын “албан бус” генсек Л.Эрхэмбаяр

Архангай аймгийн Тариат суманд 1962 онд төрсөн. Архангай аймгийн 10 жилийн I дунд сургууль, ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр дүүргэсэн. Архангай аймгийн ХААУГ-т мэргэжилтэн, Тариат суманд багийн дарга, Архангай аймаг дахь МААЭШХ-ийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан, аймгийн Засаг дарга, ЗГХЭГ-ын референтээр ажиллаж байсан хэмээн АН-ын генсекийн намтарт дурджээ. Харин 2012 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж одоогийн УИХ-ын гишүүн, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазарт ялагдаж байв. Үүний дараа Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад З.Энхболд намын дарга болсноор түүнийг генсекийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан юм. Тэрбээр эл албан тушаалд 2015 оны нэгдүгээр сард очсон ч өнөөдрийг хүртэл намаа зангидаж чадаагүй л байна. Бүр Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахгүй өнөөдөртэй золгожээ. Уг нь хуралдуулах санаатай зар тараасан ч Ч.Сайханбилэг, З.Энхболд, Ц.Элбэгдорж гэсэн фракцийн зөрчил хурцадсаны улмаас хойшлуулсан. Үүнийгээ “Ерөнхий сайдаа авч үлдэх нь чухал учраас намынхаа хурлыг хойшлууллаа” гэсэн тайлбар хийж сэтгүүлчдийн амыг тагласан билээ. Мөн ард түмнээсээ “гавьяа” нэхсэн асуулттай самбар байршуулснаа МАН-ын залуу генсек рүү наах гэж оролдсон ч үнэнд гүйцэгдсэн. Улмаар энэхүү самбар нь эрх баригчдын рейтингэд сөргөөр нөлөөлснийг судалгааны дүнгээс харж болно. Дээрх “гавьяатай” асуултаа хотын төвд том том самбаруудад байршуулсныг эс тооцвол эрх баригч намын “албан бус” генсек дорвитой ажил хийсэнгүй. Сонгуулийн бүхий л ажлаа намын дарга, Ерөнхий сайд хоёртоо даатгаж байгаа бололтой юм. УИХ-ын дарга хүн намын генсекийн албан үүргийг гүйцэтгээд яваад байгаа нь нийгэмд таагүй харагдаж байна. Бүр сүүлдээ цагаандаа гарч ипотекийн зээл хариуцсан зөвлөхтэй болсон гэж байгаа. АН-ын генсек нь дориухан шиг ярьдаг, хөдөлгөөнтэй нөхөр байсан бол намын дарга нь ингэж доошоо орохгүй байлаа. Энэ байдлаараа АН-ыг зангидаж, фракцийнхаа зөрчилд цэг тавьж чадахгүй бол сонгуулиас өмнө солигдож мэдэх л юм. Дайран дээр давс гэгчээр Ерөнхийлөгч нь намынх нь дарга, МоАХ-ны тэргүүнтэй нь ана мана үзэлцэж байгаа нь Л.Эрхэмбаярын санааг ихээхэн чилээх болсон тухай намын нөхөд нь жиг жуг гэлцэж байна лээ.

2d6e679212ce8696original

     МАХН-ын “авлигач” генсек асан Г.Шийлэгдамба

 МАХН-ын генсек асны намтар тун ч даруухан. 1975 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1996 онд гадаад хэлний “Цог” дээд сургууль, 1997 онд Лондон хотын “Center London” коллеж, 1998 онд Удирдлагын институт, 2004 онд Голландын Мастрихтийн магистрантур төгссөн. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан. 2012 онд МАН-аас МАХН тасарч гарахад генсекээр томилогдож байв. Тухайн жилд явагдсан УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт “Шударга ёс” эвслээс нэр дэвшин зургаан мянга гаруй хүний санал авснаар байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсон. Дээрх тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар илт давуу ялалт байгуулсан ч одоогийн эрх баригч намаас нэр дэвшсэн хоёрт ялалтаа “луйвардуулчихсан”. Харин Г.Шийлэгдамба генсек асны хувьд нам нь засагт хамтарсан ч нэлээд хожуу Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон билээ. Түүний МАХН-ын генсекээр ажилласан гурван жил гаруй хугацаанд намынх нь рейтинг тогтмол өсөлттэй байсан юм. Судалгаанаас харахад дээрх рейтингийн гол дүр нь намын дарга Н.Энхбаяр байв. Тэгэхээр Г.Шийлэгдамба асны хувьд зөвхөн намынхаа санхүүжилтэд анхаарсан болж таарах нь… Эл үйлдэл нь ч түүний улс төрийн карьерийг дуусгасан гэж хэлж болно. Лидер түшиглэсэн улс төр хийдэг намын сул тал нь ердөө л энэ. Хичнээн мундаг генсек байгаад намын дарга нь зөвшөөрөхгүй бол ажил явдаггүй муу талтай. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр Г.Шийлэгдамба генсек асан ердөө л Н.Энхбаярын “утсан хүүхэлдэй” байлаа. Засагт хамтрах шийдвэр, Н.Алтанхуягийг унагах шийдвэр, Ч.Сайханбилэгийг авч үлдэх шийдвэрийг бүгдийг нь Н.Энхбаяр бие даан гаргаж байв. Үүнээс үзвэл Г.Шийлэгдамба дөрвөн жилийн хугацаанд өөрийн толгойгүй явж. Эцэс сүүлдээ өөрийгөө аврахын тулд хамаг муу муухайгаа намын дарга руугаа чихэж орхисон. Түүний хүн чанаргүй үйлдэлд эгдүүцсэн Н.Энхбаяр Ж.Сүхбаатарыг генсекээр томилчихсон. Одоо түүний шинэ “утсан хүүхэлдэй” нь сонгууль хүртэл хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

176e470d8f54d438original

      МАН-ын “залуу” генсек Ж.Мөнхбат

  Монголын улс төрийн ууган хүчний өдөр тутмын ажлыг 1979 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн Ж.Мөнхбат зангидаж буй. Тэрбээр 1997 онд “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль, 2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан. 2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах, 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч, 2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2011-2013 онд “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч. 2013 оноос МАН-ын генсекээр ажиллаж байгаа ажээ.

2009, 2012, 2013 оны сонгуульд дарааллан ялагдал хүлээсэн МАН-ын генсекээр түүнийг очиход өрсөлдөгчид нь баярлаж, намын нөхөд нь дурамжхан байсан. “Дэндүү залуу хүнийг хариуцлагатай албанд томиллоо”, “МАН нэг мөсөн сөнөлөө” гэсэн хаягтай мессежийг “өвгөн” намын залуу генсект хаяглан нисгэж байлаа. Харин эсрэгээрээ тэрбээр МАН-ын генсек болсноор гурван сонгуульд далаараа цэвэр тавиулж, сулбайгаад байсан “өвгөн” намыг амь оруулсан юм. Генсекийн албаа авсан даруйдаа эрх баригчдын алдаатай бодлогыг зоригтой шүүмжилж эхэлсэн нь намын дэмжигч, гишүүдэд итгэл төрүүлж эхэлсэн. Улмаар “давхар дээл”-ийг эсэргүүцсэн жагсаалыг төв талбайд зохион байгуулсан нь эрх баригчдад өгсөн том дохио болсныг онцлох улстөрчид цөөнгүй бий. МАН-ын дарга М.Энхболдын хувьд намынхаа дотоод ажилд санаа зовохгүй байгаа нь залуу генсектээ бүрэн итгэж буйг илтгэнэ. Ер нь МАН дотоод эв нэгдэлтэй байгаа нь намын дарга, генсекийн санал яв цав нийцэж байгааг бас харуулна. МАН-ын генсекийн санаачилгаар “Бид хамтдаа” аянг улс орон даяар өрнүүлж, айл өрх бүрийн хаалгыг тогшиж, иргэн бүрийн санаа бодлыг сонссон нь ууган намын рейтингийг багагүй өсгөжээ. Дээрх аян Улаанбаатар хотод “Бид хамтдаа” үндэсний форум болон өргөжсөн нь монголдоо л болж байгаагүй томоохон форум болсон юм. Тэрхүү форумаар салбар салбарын эрдэмтэн мэргэд, судлаачид дунд хэлэлцүүлэг явуулж тулгамдсан асуудлын гарцыг хайсан нь тун зөв шийдэл болсон билээ. Мөн УИХ-д суудалгүй намуудыг зангидаж Сонгуулийн тухай хуулийг өөрчилж чадсан нь МАН-ын генсекийн ажлын үр дүн байлаа. Цаашилбал, намынхаа Бага хурлыг амжилттай зохион байгуулж, хүчээ зузаатгаж, намаа бэхжүүлсэн нь намын гишүүд, дэмжигчдэд бүр ч их итгэл төрүүлсэн гэж хэлж болно. Түүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүн хоёр хүрэхгүй сарын дараа гарна. МАН-ын генсек өрсөлдөгч хоёр намын генсекийн хажууд залуу ч гэсэн хэлэх үгтэй, хийсэн ажилтай сонгуультай золгох нь.

Улс төрийн намуудын рейтингийг МАН 31 хувиар тэргүүлж яваа бол АН зургаан пункт алдаж 25 хувьтай яваа. Харин МАХН 18 хувьтай яваа бол бие даагчид 15 хувьтай явна. Энэхүү судалгаанаас харахад АН, МАН хоёрын 2012 оны сонгуулийн өмнөх судалгааны дүн солигдсон, МАХН-ых өссөн үзүүлэлттэй байна. АН, МАН-ын рейтингийн байр солигдох болсон шалтгаан нь генсекүүдийн явуулж буй өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой. Үүнээс үзвэл АН-ын генсек тааруу ажиллаж МАН-ын генсек давгүй ажилласан дүр зургийг харж болно. Эрх баригч намын “албан бус” генсек оройхон гарч ширүүхэн дайрчихаж ч магадгүй юм. Гэхдээ л жил гаруйн хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллачихаад байхад жинхлэхгүй байгаа нь З.Энхболд дарга түүнийг жаахан голонгуй байна гэсэн үг. Гурван намын гурван генсекийн “гурвалжин” улс төрийн зураглал нэг иймэрхүү.

Т.БИЛЭГ

Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • vnen (April 01, 2016 11:47:42 am )

    MUUHAI HARAGDAJ BNA

  • vnen (April 01, 2016 11:48:19 am )

    ENE SIILEGDAMBA ABILGACHIN BALAI NORMOIN DONTOI

antalya rent a car