Эко констракшн компани өнгөрсөн 10 гаруй жилийн турш чанаргүй, хямд барилга барьж байгаа гэдгийг бараг хүн бүхэн хэлэх биз ээ. Орон сууцны эрэлт ихтэй, барилгын салбар ашигтай байсан сүүлийн таван жилд хамгийн хямд, хамгийн чанаргүй барилгуудыг босгон, зэрэг зэрэг ашиглалтад оруулж, иргэдийн халаасыг сэгсэрсэн. Одоо ч энэ сэгсрэлт үргэлжилсээр байгаа бөгөөд иргэд байрны лизингээ төлж дуусаагүй байхад нь орон сууц нь нурж унаж, мэдэхээр байна. Товчхондоо бол “Эко констракшн”-ы ноцтой зөрчил хэрээс хэтэрлээ.
Хамгийн ойрын жишээ гэвэл Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах “Голден парк 1” хотхоны 102,103,104,105-р байрны хана, таазанд цууралт үүсч, цэвэр бохирын шугам хоолой нь хүртэл цоорч барилга нурж болзошгүй байгаа тухай оршин суугчид холбогдох газруудад гомдол мэдүүлжээ.
Одоогоос 5 жилийн өмнө уг хотхон ашиглалтад орсон бөгөөд тухайн үед метр квадратын ханшийг нь 800 гаруй мянган төгрөгөөр буюу зах зээлийн хамгийн хямд үнээр борлуулжээ. Ингээд хямд байрыг, зээлээр авах хүсэлтэй залуу гэр бүлүүд голдуу уг орон сууцнаас сонголтоо хийн худалдаж авсан юм байна. Гэтэл “Эко констракшн” чанар стандартын шаардлага хангаагүй орон сууц барьдаг хэмээн уг байрыг ямар ч банк зээлийн барьцаанд авдаггүй, мөн зарагддаггүй аж.
Харин анх орон сууцаа зарахдаа тэд Америк, Германы сантехник үйлдвэрлэлийн тэргүүлэх пермийн хэрэгсэл, Герман халаалтын системтэй, бохирын хоолойгоо хэзээ ч цоорохгүй байх ган төмрөөр хийсэн, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, сайн чанарын солонгос доторлогоотой, хотын А зэрэглэлийн бүсэд, гаднаа усан оргилууртай, хүүхдийн тоглоомын талбайтай зэрэг байж болох хамгийн сайхан зүйлсийг амлаж орон сууцаа иргэдэд борлуулсан ч бүгд худлаа байжээ.
Тэр ч бүү хэл эрээнээс барилгын материал сантехник, халаалт, доторлогооны материалаа авдаг гэх баримт бидэнд ирсэн байгаа. Уг нь өнгөрсөн 2013 оноос эхлэн МХГ болон ШӨХТГ зэрэг холбогдох газруудаас хяналт шалгалт явуулж, Эко констракшны барилга барих тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр хүртэл гаргасан байдаг. Гэтэл эл асуудал Барилга хот байгуулалтын яаманд очоод замхарчихдаг юм байна.
Одоогийн байдлаар иргэд, оршин суугчид “Голден парк 1” хотхоны Баянбулаг СӨХ-д 20 гаруй өргөдөл, гомдол өгчээ. Тиймээс уг СӨХ-өөс Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, МХЕГ, ШӨХТГ, Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо, Нийслэлийн өмчийн харилцааны хэлтэс зэрэг холбогдох бүхий л байгууллагад өргөдөл гомдол өгсөн байна. Гэвч тэднээс хэн нь ч тус хотхоны оршин суугч болон СӨХ-д хариу өгөөгүй бөгөөд тэдний асуудлыг үл тоомсорлож байгаа ажээ.
Дээрх асуудал хүндэрч иргэд насаараа хураасан болон хамаг залуу насаа үрэн ажиллаж, байж олсон мөнгөөрөө эндээс орон сууц аваад одоо зарж чадахгүй, банкны барьцаанд ч хэрэгсэхгүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгөтэй өрхийн тооноос хасагдах болсон байна. Үүний гол шалтгаан нь “Эко Констракшн” бөгөөд ийм барилгыг хүлээж авсан ажлын комиссд ч ихээхэн буруу бий. Эргээд энэ хүмүүст хариуцлага тооцох, уг барилгын асуудлыг хэрхэн яаж, шийдвэрлүүлэх талаар МХГ-ыханд хэлэх үг байна уу. Байвал хэлээч, Энэ нь нэг барилгын асуудал биш, маш олон иргэдийн эрх ашгийн асуудал шүү дээ.
Тодруулбал 2012 онд “Голден парк” хотхоныг хүлээн авсан ажлын хэсгийн ахлагчаар тухайн үед Нийслэлийн МХГ-ын барилга, техник хяналтын улсын ахлах байцаагч Л.Батхүү комиссын ахлагчаар ажиллаж байжээ. Харин гишүүдийн бүрэлдэхүүнд Эко Констракшны архивын эрхлэгч Н.Дэлгэрмаа, Эко Констракшны техникийн комиссын дарга зөвлөх инженер Ч.Ганболд, НМХГ-ын хот байгуулалтын улсын байцаагч Л.Хангай, НМХГ-ын эрчим хүчний хяналтын улсын байцаагч С.Зоригсайхан, НМХГ-ын техникийн хяналтын улсын байцаагч Л.Батбаяр, НМХГ-ын эрчим хүч цахилгааны хяналтын улсын байцаагч Н.Насанжаргал, НМХГ-ын ГХГЗЗ-ын улсын байцаагч Б.Ууганбаяр, мэдээлэл холбооны улсын байцаагч Ж.Цэрэнжамц, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ын инженер эдийн засгийн хэлтсийн дарга Г.Баярсайхан. Өргөх механизм дамжуургын улсын байцаагч П.Дашдаваа нар ажиллажээ.
Гэхдээ уг ажлын хэсгийг ахалж байсан Л.Батхүү дарга нас барсан учир ажлын хэсгийнхэнд хариуцлага тооцох асуудлыг МХГ замхаруулах сонирхолтой байдаг байна. Уг нь ажлын хэсэгт орж ажилаж, хяналт явуулж шийдвэр гаргасан дээрх байцаагч нарт хариуцлага тооцох ёстой гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм. Ямартай ч Нийслэлийн хэмжээнд хамгийн чанаргүй барилга барьдгаараа алдартай болсон “Эко констракшн” одоо ч барилга барьсаар эхнээс нь ашиглалтад оруулсаар байна. Хамгийн гол нь иргэд хямд үнэтэй болохоор нь хууртаж, авчихаад ийнхүү хохирсоор байгаа юм. Бусдыг хуурч мэхлэн барилгын бизнесээ цэцэглүүлж, ихээхэн ашиг олоод, тансаглаж явдаг С.Нямдаваагийн “Эко констракшн”-ы асуудал бичээд дуусашгүйгээр үргэлжилнэ. Зөвхөн “Голден парк” хотхоны асуудлыг цухас дурдахад ийм байна. Бусдыг нь дараагийн дугаарт.
Үргэлжлэл бий
Н.Ганаа
Эх сурвалж: Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Ажиглагч (March 30, 2016 8:42:12 am )
Манай төр нэг байшин нурж хэдэн хүн дарагдаж үхэхийг хүлээж байгаа. Түүнээс наана хэн ч юу ч ярихгүй.
-
Teneguudee (March 30, 2016 12:34:51 pm )
Nymdavaa yu bodoj yvdag hun ym bol doo ene hun enerengui bolj gegeereh boltugai
2 Comments