antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 5 comments

Хувийн эмнэлгүүдэд ачаалал үүрүүлээч

нийтлэсэн Admin
olloo_mn_1459210764_Untitled-1

Өнгөрөгч баасан гарагт Бага чуулганаа хийсэн МАХН-ынхан хэд хэдэн чухал томилгоог хийсэн талаар уншигч таньд мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, МАХН-ын дэд даргаар Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Э.Эрдэнэжамъян нарыг томилсон бол Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг намын нарийн бичгийн албаны даргаар Н.Удвал, Б.Эрдэнэбилэгт нарыг томилсон юм.

Тэгвэл, энэ өдрийн хуралдаанаар эзэнгүй орхигдсон Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын бүтцэд ажиллаж буй улс төрийн хүчний хувьд МАХН Эрүүл мэнд, спортын яаманд өөрийн хүнээ томилох боломж бүрдсэн бөгөөд энэ албан тушаалын төлөө дотооддоо чамгүй тулаан өрнүүлж, арайхийн улс төрийн томилгоо биш мэргэжлийн томилгоо хийх шийдвэрт хүрчээ.

Энэ албан тушаалыг Шадар сайд Ц.Оюунбаатар түр орлож байсан. Хоёр том төрийн албыг удирдаж байгаа түүний ажлын ачаалал их байсан нь мэдээж. Тиймдээ ч зарим талаар эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж, улаан бурханы өвчлөл хэдийнэ 20 мянгад хүрчихээд байгаа билээ. МАХН-ын дотор мөнгө албан тушаалын төлөөх дайн үүсгэх шалтгаан болж байсан сайдын суудалд МАХН-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, АУИС-ийн захирал асан болон ЭМШУИС-ийн зөвлөх профессор, их эмч мэргэжилтэй ЦЛхагвасүрэнг томилохоор болсон байна. Ээлжит бус чуулган эхлэхэд энэ талаарх хүсэлтээ Ерөнхий сайдад гардуулж өгөх чиглэлийг Н.Энхбаяр намынхаа дэд дарга нарт өгөөд явсан аж.

ЦЛхагвасүрэн нь одоо Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч, АШУҮИС-ийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Хэрвээ энэ томилгоо хийгдвэл Эрүүл мэнд, спортын салбар эзэнтэй болж, мэргэжлийн томилгоо хийгдэнэ гэсэн үг.

Ер нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн олон хүний гар дамжиж, тэр хэрээр улстөржилт, утга учиргүй талцал хуваагдал үүсгэж байсан салбар бол эрүүл мэндийн салбар. Салбарын сайд нь өөрчлөлт нэрээр намын хүмүүсээ шургуулж, тангараг өргөсөн эмч нар удирдлагаа эсэргүүцэн жагсч цуглахдаа хүрч байлаа. Очсон сайд болгон өөрчилнө, шинэчилнэ, хүнд суртлыг арилгана гэсэн амлалт өгдөг ч халагдаж, солигдоод явахад салбар нь өнөөх л дампуу байдалтай, хүнд суртал, авлига дээд зэргээр цэцэглэсэн хэвээрээ үлддэг. Эрүүл мэндийн салбарт арай дөнгүүр өөрчлөлт хийх гэж оролдсон хүн бол Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа С.Ламбаа гуайг гэж салбарынхан нь үнэлдэг юм билээ.

Харин энэ хүнээс өмнө болон хойно ажилласан сайд нар дандаа л ашиг хонжоо харсан, албан тушаалын наймааг цэцэглүүлсээр өнөөдрийг хүрчээ. Улсаас эрүүл мэндийн салбарт мөнгө тусгадаг ч өнөөх нь зорилтот булэгтээ хүрэх нь тун ховор. Тусламжаар ирсэн хуучин аппарат, хуучин багаж хэрэгслийн шахаа манай эмнэлгүүдэд цэцэглэсэн гэхэд хатуудахгүй. Өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэгт ядахдаа л эхчүүдийн жинг үзчих ухаалаг жин алга. Дээр үед мах хиллэхэд хэрэглэж байсан туухайтай жин тавьчихаад сууж байгааг эрхэм дарга нар мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нь нууц биш. Жин авах мөнгийг шат шатандаа идэж уучихсан учраас тэд энэ байдлаа өөрчлөхийг ч хүсдэггүй. Даралтын аппарат гэхэд л анагаах ухааны хэрэглээнээс хэдийнэ гарчихсан зүйлийг эмнэлгүүд хэрэглэж байх жишээний. Хүйтний улиралд ямар нэг дэгдэлт ихэслээ гэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, ганц нэг аппарат нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог нь худлаа биш.

Үнэнийг хэлэхэд, эрүүл мэндийн салбарыг магтах гээд ч үг орж ирэхгүй юм. Харин муулах сэдэв түм бумаараа бий. Хүнд суртал, хэнэггүй байдал, авлига авсан идсэн тухай хэвлэлийнхэн хангалттай бичсэн. Гэвч жингийн тэмээ явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэсэн сэтгэлгээгээр удирдлагууд нь хандаж, өөрчилж шинэчлэх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй олон жилийг үдлээ. Үгүй бод доо. Эмнэлгийн орчин гэдэг хамгийн цэвэр ариун байх ёстой. Хүн тэнд өвчнөө эмчлүүлж, эдгээх гэж очдог.

Гэтэл сүүлийн жилүүдэд манай эмнэлгийнхэн өвчтөнөө хөөж туух болсон. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй гэдэг нь эхний шалтгаан. Хоёрдугаарт, нэмж өвчин авахыг хусээгүй л бол тухайн иргэн эмчийн эмчилгээг гэртээ хийлгээд хэвтэж байх ёстой юм гэнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн орчин тэр чигээрээ өвчний үүр уурхай болчихсон, ямар ч ариутгал халдваргүйжүүлэлт байхгүй учраас нэг өвчин дээр нэмээд халдварт өвчин авах эрсдэл хэдэн зуу дахин нэмэгддэг юм байх. Тиймээс хүүхэддээ нэмж өвчин авахыг хүсээгүй л бол өгсөн эмийг нь аптекаас өндөр үнээр аваад гэртээ хэвтрийн дэглэм сахихаас өөр аргагүй юм гэнэ. Ямар ч хариуцлагатай эцэг эх эмнэлгийн эмч, сувилагч шиг цагийн тариаг нь таслахгүй хийж, эмчилгээг нь төгс хийж чадахгүй. Тиймдээ ч эхлээд үрэвсэлтэй гэж эм аваад гарсан хүүхдүүд эргээд хоёр уушгиндаа хатгаатай болоод ирдэг тохиолдол бишгүй олон гардгийг эмч нар хэлж байгаа юм.

Энэ мэтээр эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх, шинэчлэх зүйл бишгүй олон байна. Хоёрхон сарын хугацаа үлдсэн учраас ор нэр төдий ажлаа гүйцэтгэж суугаад явах бус халуун тогоонд нь чанагдаж яваа хүний хувьд сайдад нэр нь дуулдаж буй эрхэм олон зүйлийг өөрчлөөсэй. Мэргэжлийн томилгоо ч хурдхан хийгдээсэй гэж хүсэх байна. Үнэхээр эмнэлгүүдийн хүрэлцээ хангамж байхгүй, төр шинэ эмнэлэг барьж чадахгүй байгаа юм бол хаа сайгүй байгаа хувийн эмнэлгүүдийг яагаад ачаалал хуваалцахад оролцуулж болохгүй гэж. Төрөөс хувийн эмнэлгүүдэд өгч байгаа мөнгөө бага зэрэг нэмээд, иргэдийн ор хоногийн мөнгийг бага байлгах талаар анхаарчихвал улсын эмнэлгийн ачаалал хэд дахин буураад явчихна. Гайгүйхэн эмчилгээтэй хувийн эмнэлгүүдийн хоногийн төлбөр 100-150 мянга хүрдэг. Хамгийн доод үнэ нь 25 мянгаас эхэлж байгаа.

Тэгвэл энэ мөнгөнийх нь талыг ядахдаа төрөөс гаргаж өгөөд, улсын эмнэлгийн ачааллаас хуваалц гэвэл хувийн эмнэлгийн эмч нар дуртай байх нь дамжиггүй. Ийм байдлаар зохицуулалт хийгээд өгвөл иргэд ч өглөөнөөс орой хүртэл улсын эмнэлгийн очер дараалалд бухимдаж эмч сувилагчийг нь авлигадах бус тэр мөнгөөрөө хувийн эмнэлгээс үйлчилгээ авчихна. Өнөөдрийн бодит байдалд хамгийн багадаа л 2.000.000 төгрөгтэй байж эрүүл мэндийн наад захын үзлэг, оношилгоо, эмчилгээг хувийн эмнэлгээс авч байгаа. Ийм хэмжээний төлбөрийг төлчих бядтай хүн Монголд цөөхөн учраас болсон болоогүй улсынхаа эмнэлэг рүү дайрч, очер дараалал үүсгэж, тэр хэрээр хүнд суртал, эмнэлгийн хүрэлцээ хангамжийн асуудал өдөр болгон яригдсаар байгаа юм. Анагаахын салбар боловсон хүчнээр цангаагүй. Чадвартай эмч нар улсын цалин бараадах бус хувьдаа эмнэлэг байгуулаад гарчихсан байдаг. Гэвч тэдэнд очиж үзүүлэх, гарсан төлбөрийг нь төлж чадах хүн цөөхөн учраас дүүрэгт хоёрхон байдаг эмч нарт үзүүлэх гэж өглөө, оройгүй очерлож, чадалтай чадалгүйгээр нь дуудаж, бухимдаад байгаа юм.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Иргэн (March 29, 2016 11:09:15 am )

    Хүмүүс санхүүгийн хувьд боломжтой бол юу гэж улсын эмнэлэг рүү шаваад байхав дээ. Олноороо орны хүрэлцээгүй тэнд хүүхдээ байлгахыг хүсэхгүй шүү дээ. Мөнгөндөө захирагдаад л тэр дээ. Тэрнээс биш бусад эмнэлгээс сайн гэсэндээ ч биш…

  • Anonymous (March 29, 2016 4:02:23 pm )

    эмч нар маань чадалтай блаа гээд тэр их ачаалалаас яаж сайхан ааш чанартай үйлчилгээ үзүүлж чадах вэ дээ , хувийн эмнэлэгт үзүүлээд мөнгө төлсөн л бол
    өвчин нь алга болох юм шиг ойлголттой хүмүүс бнаа ???? эрүүл мэндийн боловсрол ард түмэнд маань хир бгаа билээ мөнгө төлж эрүүл мэндийн тусламж авах хэмжээнд хүрсэн үү ?? гэдэг маш том асуудал ???

  • Anonymous (March 29, 2016 4:05:26 pm )

    өдөржин эмнэлэг эмнэлэг дамжаад л яваа хүмүүс бнаа тэр хэмжээгээр бие нь зүгээр болчих юм шиг энд тэнд очиж эмч сувилагч муулаад л бгаа хирнээ үзүүлээд л байх ийм л дүр зураг хаа сайгүй бнаа

  • зочин (March 29, 2016 5:23:36 pm )

    үнэндээ улсын эмнэлгийн эмч нараас хувийн эмнэлэггүй эмч цөөхөн, эмнэлэггүй байлаа гэхэд эмийн сантай байдаг нь нууц биш. ард иргэдийн эрүүл мэнд гэдэг чинь нэг талдаа улсын, нөгөө талдаа улсаас цалин аваад дээр нь давхар бизнес эрхэлдэг эрүүл мэндийн ажилтнуудын мөнгө олох гол хэрэгсэл болсон. үүнийг цэгцлэх эзэн монголд байхгүй нь харамсалтэй. энэ төрийн тэнэг харалган бодлоос болж ард түмэн хохирч байна.

  • Зочин (March 30, 2016 8:57:43 am )

    Эмнэлэгт эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Олон улсын жишигт хүрсэн техник хэрэгслээр хангаж эмч нарын цалинг нэмж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагийг нь сануулж ажиллуулах хэрэгтэй. Өнөөдөр эмнэлэгт үзүүлэх гэж очер дугаар хүлээж, шинжилгээ өгөх гэж явсаар байгаад зарим нь амь насаа алдаж байна. Эмнэлэгт шинжилгээ өгдөг асуудлыг 24 цагаар ажиллуулах хэрэгтэй юм шиг. Тэгж байж эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хүрнэ.

antalya rent a car