Тухайлбал, зарим кино театрт ороход хүүхдийг нь тав хүртэлх цагийн хугацаанд саатуулж өгдөг болчихсон. Эцэг, эхчүүд мөнгөө төлөөд л хүүхдээ саатуулах үйлчилгээнд өгчихөөд, өөрсдөө киногоо үзээд гарч ирж болж байна. Зарим кино театр цагийн 10 мянган төгрөгөөр харж байгаа. Цаашлаад нэг цагийн 5000 төгрөгөөр нэмэгдээд явж байгаа юм. Хүүхдийн парк ч гэсэн тийм үйлчилгээ нээсэн байна билээ. Энэ төрлийн үйлчилгээ илүү өргөжиж, үйлчилгээний байгууллага бүрт нэвтэрч магадгүй л байх. Гэхдээ манайд энэ төрлийн үйлчилгээ тийм ч баталгаатай биш. Яг үнэндээ хүүхэд саатуулах үйлчилгээнд итгэж болох уу гэсэн асуулттай тулгараад байна. Мөнгөө төлөөд, хүүхдээ орхиод явна. Тэр хооронд хүүхэд тоглоомын төв дотор нь л тоглож байна. Гэхдээ хүүхдийг тэд сайтар харахгүй шүү дээ. Тэр хооронд унаад бэртвэл яана. Ямар ч эрсдэл гарч магадгүй. Дээрээс нь өөр хүн ирээд хүүхдийг нь аваад явчихна гэдгийг үгүйсгэх аргагүй. “Би тэр хүний дүү нь байгаа юм. Намайг аваад ир гэж байна” гээд аваад явчихвал тэд өгчих л байлгүй. Шалгаж барьж, сүр болохгүй дээ бараг. Жаахан муу амлахад юу ч болж магадгүй байгаа юм. Хүүхэд саатуулах үйлчилгээг буруутгаж байгаа юм биш. Харин энэ үйлчилгээгээ илүү сайжруулаад, баттай болгох хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байна. Саяхан “Хүннү молл” төвөөр үйлчлүүлж байсан хүүхдийн чих нь хугарсан хэрэг гарсан. Чухам яагаад тийм явдал болсон талаар мэдээлэл хараахан гараагүй байгаа. Гэхдээ ээж нь хол байсан гэдэг нь тодорхой болсон. Хүүхэд болсон хойно энд тэнд үсэрч, тоглож яваад ойчсон хэрэг. Эсвэл өөр хүүхэд юмаар цохьчихсон ч байж болно шүү дээ. Үүнтэй адилхан хүүхэд тоглож байгаад ямар ч маягаар бэртчихэж магадгүй. Хүүхэд саатуулах үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс одоохондоо сайтар харж хандах, бэртэж гэмтэхээс сэргийлэх асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс эцэг, эхчүүд энэ тал дээр сайтар анхаарч, үр хүүхдээ бодох хэрэгтэй л гэж зөвлөх гээд байна. Хэдийгаэр үйлчилгээ нь сайхан ч хүүхдээ бэртээчихвэл хэцүү биз дээ. Дээрэх нь манайд өрх толгойлсон эхчүүд цөөнгүй байдаг. Тэр хэрээрээ хүүхдээ би авна, чи авна гэсэн маргаан ч гарах нь бий. Тийм учраас хүүхдээ уулзуулахгүй гэсэн маргаантай нэг нөхөр ирээд, “Би аав нь” гэж хэлээд аваад явчихвал яах билээ. Энэ асууддыг ч гэсэн сайтар бодох хэрэгтэй.Тэр дундаа үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд нь үйлчилгээгээ улам нарийн болгож, дүрэм журам гаргах хэрэгтэй. Үйлчлүүлэгчдэд тасалбар энэ тэр өгөөд, таних тэмдэгтэй болгох шаардлагатай байна. Хаана, хаанаа л анхааръя.
Н.Пунцагболд