УИХ-ын намрын чуулганаар баталсан зарим хуулиуд, тэдгээрийн үр дагаврын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Намрын чуулганаар гааль, НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүхий хэд хэдэн хуулийн төсөл баталсан. Эдгээр хөнгөлөлт чөлөөлөлтүүд төсөвтэй уялдаж чадсан уу. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал дээр УИХ цаашид зохицуулалт хийх шаардлагатай юу?
-Энэ бол сайн зүйл биш. Ялангуяа цалин тэтгэвэр нэмж чадахгүй байж татварын хөнгөлөлтийг хөрөнгөтэй хүмүүст олгоод байна гэдэг бол сайн зүйл биш. Би нэг жишээ хэлье. Онцгой албан татварын хуулинд 1 ам.долларыг 1450 төгрөгөөр тооцдог болох тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Би байнгын хороог ахалж байхдаа тэрхүү хуулийн төслийг 3 жил дарсан.
Өнгөрсөн онд намайг ажлаа өгөнгүүт 7 хоногийн дотор энэ хуулийг оруулж баталсан. Өөрөөр хэлбэл, архи спирт, бензин шатахуун гэх зэрэг бараа бүтээгдэхүүнд 1 ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болчихож байгаа юм. Гэтэл жирийн иргэн өнөөдөр 2039 төгрөгөөр төлж байгаа. Ийм л учраас татварын орчин иргэнээ туйлдуулж ядууруулсан, хөрөнгө чинээтэйг нь халамжилсан тогтолцоо бүрдээд байна.
Уг нь Төсвийн хуулинд, “Төсвийн жилд орлогыг бууруулсан ямар нэг хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэсэн заалт байдаг. Гэтэл УИХ хэлэлцээд, хөнгөлөлт олгоод явж байна. Нам эвслийн бүлгүүд хүч түрэмгийлсэн байдлаар хуулийн төсөл баталдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Татварын хөнгөлөлт дээр энэ мэт олон жишээ хэлж болохоор байгаа юм. Энэ чинь эцсийн дүнд цалин тэтгэвэр нэмэх эх үүсвэрээ бууруулж байна гэсэн үг шүү дээ.
-Өнгөрсөн чуулганаар мөнгө санхүүтэй холбоотой, тэгсэн хэрнээ 2017 оноос хэрэгжих хуулиудыг баталсан. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль. Энэ хууль иргэнд ээлтэй хууль болсныг үгүйсгэхгүй. Энэ мэт хуулиуд төсөвтэйгээ хэр уялдсан бэ. Гэтэл ирэх онд бондын төлбөр төлнө. Ингэж бодохоор ер нь хуулиудыг төсөвтэй нь уяж баталсан эсэх тал дээр та ямар тайлбар хийх вэ?
-Эдийн засагт ямар хүндрэл авчрах вэ гэдгийг бодолцохгүй байна. Улс төрд аятайхан харагдах өнцгийг нь сонгоод байна. УИХ дэргэдээ судалгааны институцитэй байх ёстой. Тэр байгууллага нь УИХ-ын гишүүдэд тухайн хуулийн төслүүд ямар нөхцөл байдал үүсгэхийг хэлж өгдөг, өгсөн зөвлөгөөний дагуу гишүүд ажилладаг байх ёстой. Өнөөдөр ирээдүйд юу болохыг урьдчилж харахгүй байна л даа.
-Бондын төлбөртэй хамааралтай бэлтгэл ажлууд хийх ёстой байх. Бие даагчид энэ асуудалд хэр санаа зовниж байна. Ямар санаачилга гаргаж ажиллаж байна вэ?
-Өр зээлийн асуудал ярьж байхад өрийн асуудлын бүтцээ бий болгооч ээ, хэрхэн барагдуулах механизмаа тодорхойлоочээ гэж олон удаа хэлсэн боловч хүлээж аваагүй. Товчдоо бол, өнөөдрөөс эхлэн эрсдлийн санг байгуулах ёстой юм.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 24, 2016 3:24:00 pm )
ТЭГЭХГҮЙ БОЛ МАН-ЫНХАН ОЧООД ӨРИЙГ ГАРГААД ИРЧИХНЭ ШҮҮ.
-
ЗОЧИН (February 24, 2016 5:13:40 pm )
Бараг гудамжинд яваж байсан намын нохор УИХын гишуун болж байгаа нь тодорхой.Гэтэл тэд хууль мэднэ гэж юу байхав дээ.УИХ-ын дэргэд хуулийн институд байж бусад хуультайгаа уяалдуулан хуулиа боловсоруулдаг байх ёстой.Иймгуйгээс хэсэг хугцааны дараа хуулиудад нэмэлт оорчлолт их оруулж их хуралынхаа ажлыг сатааруулдаг.Долларын ханшин дээр тоглодог улс торч нар монголоо бодохуу.Олон тумэн минь 16 оны сонгуульд морь унасан толгойгуй хун шиг биш толгойгоо ажилуулж сонголт хийвэл амьдрал дээшлэнэ шуу дээ.
-
ЭЛБЭГДОРЖ (February 24, 2016 7:55:28 pm )
Монгол улсын өр, эдийн засгийн хямрал Элбэгдоржийг 2009 онд ерөнхийлөгч болсон эхлэлтэй.
3 Comments