Зураг: Цианит натри алдагдсан “Мич” компани
Тухайн үеийн С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд хордоогүй гэж улаан цайм гүрийх хэд хэдэн шалтгаан байсан юм. Хонгор сум хордлоготой гэсэн дүгнэлт гарвал иргэд Засгийн газрыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзээд олон улсын шүүхэд хандах, хордоогүй гэж илэрхий хуйвалдсан БХЯ, ЭМЯ, БОЯ-ны сайд болон бусад албан тушаалтныг огцруулахыг шаардах байсан гэнэ.
Мөн 5245 иргэн бүх насаараа хордлогын нөхөн төлбөр авахаас гадна сумын төвийг нүүлгэн шилжүүлэх хүсэлт тавихаар зэхэж байжээ. Энэ ажлын хүрээнд айлуудын хашаа байшин, үхсэн мал, амьтнаа хүртэл үнэлж амь насаа алдсан иргэдийн ар гэр ихээхэн хэмжээний төлбөр нэхэмжлэхээр тооцоолж байсан байна. УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, хуульч М.Ичинноров Хонгор сумын хордлоготой иргэдийн талд бат зогсож байжээ.
Харин эсрэг талд нь Засгийн газрын гишүүд, Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа, сумын удирдлагууд байсан аж. Иргэдийн тэмцэл хөдөлгөөнийг түр дарахын тулд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 200 залууг ажилтнаар авлаа. Мөн замын хойд талын иргэдэд нь цувраа гурван худаг барьж өгөв. Яагаад гэвэл энэ хавийн иргэд МАХН-д илүү санал өгөх юмсанж. Үүгээр зогсохгүй УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд С.Баяр Хонгор сумын иргэдээс уучлалт гуйсан юм билээ.
МАХН 2008 оны УИХ-ын сонгуульд иргэдийг ингэж тайвшруулж байгаад саналыг нь авангуутаа бултаж орхисон байна.
Сонгуулийн дараа буюу 2008 оны долдугаар сарын 16-ны өдрийн давж заалдах хурлаар шүүгдэгч Б.Батнаран, С.Энхболд, Н.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Ша Мин Ли, Ге Зен Уйд зургаан сарын баривчлах ял оноожээ. Мөн зарим нэг албан тушаалтанд торгуулийн арга хэмжээ авчээ.
Дархан-Уул аймгийн шүүх дээрх нэр бүхий иргэдийг “Химийн хорт бодис цианит натри ашиглан иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулан, мал амьтан үхэхэд хүргэсэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” хэмээн ялласан. Тэгсэн хэрнээ энэ хэргийн хохирогчид тогтоогдсонгүй. Үнэн чанартаа бол Хонгор сумын иргэд тэр чигээрээ хохирогч болох байсан аж.
Дээрх хятад иргэдийг толгойлогч Шү Ей, Ду Ку нарыг нэр бүхий хурандаа нар оргуулчихсан байна. Зарим нэг иргэд улс төрийн захиалга байсан гэдэг билээ. Ингээд Хонгор сумын “Эрүүл орчин-Ирээдүйн төлөө” хөдөлгөөний тэргүүн Ш.Саранцэцэгтэй уулзлаа.
-Хонгор сум хүн амын тооллогоор явсан гэж дууллаа. Хичнээн өрхтэй, хэдэн хүн нас бараад байна вэ?
-2007 онд 5245 хүн амтай байсан бол одоо 667 өрх айлтай болоод байна. Иргэдийн тэн хагас нь нүүх нь нүүгээд нас барах нь бараад дууслаа. Нийтдээ 60 гаруй хүн нас бараад байна. Хамгийн анх манай найз Арьяа гэдэг залуухан бүсгүй нас барсан. Жаргалсайхан, Долгорсүрэн, Алтай, Батмөнх, Цэнгэл, Алтангэрэл, ах дүү хоёр Шаравхаан, Мөнхтогосын охин, аав ээж гээд тоо нь тавь гараад явчихаж байгаа юм. Сумын төв жижигхэн болохоор хэн хэн нас барав гэдэг нь тодорхой байдаг. Хорт хавдраар л гэхэд 20 гаруй хүн нас барсан.
-Таны хүүгийн бие тааруу байгаа гэж сонслоо?
-Миний хүү Энхтөр 2007 оны дөрөвдүгээр сард алдагдсан цианит натрийг нь үүрч гарч байгаад хамаг бие нь хорсоод л ухаан алдчихсан юм. Одоо 25 настай залуу хөдөлмөрийн чадвараа алдчихаад группэд орчихсон байна. Одоо уур уцаартай, сэтгэл санаа тогтворгүй болсон. Эмч нар бие хаагаар нь битүү ногоон идээтэй яр шавчихсан байхад “Хамуу” гэж оношилсон. Төр засаг яаралтай арга хэмжээ авахгүй бол Хонгор сумын цөөхөн иргэд хорт хавдраар үхээд дууслаа.
-Ямар төрлийн хорт хавдар голчилж байна вэ?
-Элэг, ходоод, түрүү булчирхай, хавсарсан болон ясны хорт хавдраар өвчилж байна. Эрчүүл голдуу түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж нас бардаг. Би энэ суманд 40 гаруй жил амьдарч байгаа хүн. Одоогоос таван жилийн өмнө хорт хавдар гэдэг өвчин бараг байдаггүй байлаа.
-Тэмбүүтэй гэсэн яриа байдаг?
-Эрүүл мэндийн сайд асан Д.Туяа Хонгор суманд ирж үзлэг хийгээгүй хэрнээ зайнаас “Хамуутай, тэмбүүтэй” гэж оношилсон. Тэмбүү өвчин туссан хүн хамаргүй болдог гэж сонссон. Гэтэл манай суманд хамаргүй нэг ч хүн байхгүй. Тэмбүү гэдэг өвчнөөс түрүү булчирхайн хорт хавдар үүсдэггүй л болов уу. Тэгээд ч Монгол Улс тэмбүү, хамуугаа эмчилж чаддаггүй юм бол ЭМЯ-аар яах юм бэ.
-Тухайн үеийн Эрүүл мэндийн яамнаас Хонгор сумыг хордоогүй гэсэн дүгнэлт гаргасан шүү дээ?
-Бид тухайн үеийн удирдлага, шинжээч нараас “Хонгор сум хордоогүй” гэсэн баталгаа шаардсан. Нэг нь ч тийм баталгаа өгөөгүй. Тэгсэн хэрнээ “Хонгор сумын иргэд хордоогүй” гэж шоудсан. Бид нар чинь цианит натри болоод улс төрийн хоронд хордсон улс шүү дээ. Шүүх хурлаас “Хонгор сумын иргэд хордсон” гэсэн шийдвэр гарсан. Тэгсэн хэрнээ хор хохирол арилгах талаар юу ч яриагүй. Хүний эрхийн хуульч М.Ичинноров Хонгор сумын иргэдийг шүүх хуралд өмгөөлж байсан. Шүүх хурлын үеэр гэнэт “Би ажилтай болчихлоо. Та нар учраа ол” гээд зугтааж ч байсан юм. Одоо бодоход МАХН-тай нягт холбоотой ажилладаг байсан юм билээ.
-Улс төрийн хор явчихжээ дээ?
-Тийм ээ. Замын хойд талын айлуудад гурван худаг асар өндөр үнээр барьж өгсөн. Намайг хэл ам хийдэг болохоор нэгийг нь өгсөн юм билээ. Тэглээ гээд дуугүй болно гэж байхгүй. Хонгор сумын иргэд хорт хавдраар сүйрч байна. Долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар хорвоог орхиж байгаа юм. Би Ерөнхий сайд С.Батболдоос энэ хэвийн үхэл хорогдол гэж үү хэмээн асуумаар байна. Дөнгөж гуч, дөчтэй залуучууд хорт хавдраар нас барж хүүхдүүд өнчирч байна шүү дээ.
-Хонгор сумын хордлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-2009 онд БОЯ-ны сайд Г.Шийлэгдамба “Хонгор сумын “Мич” компанийн алдсан цианит натрийн хордлого арилаагүй бол би хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн ярилцлага сонин хэвлэлд өгсөн. Одоо тэр сонин байна. Яг ийм үгийг олон албан тушаалтан хэлсэн шүү. Биднийг тухайн үед хуурч чадсан. Одоо энэ олон нас барсан хүмүүсийн өмнөөс С.Баяр, Д.Туяа, Г.Шийлэгдамба, Д.Хаянхярваа нар хариуцлага хүлээж чадах уу. Төр засгийн удирдлагаас бидний талаар арга хэмжээ аваач ээ. Би ч гэсэн хэдэн өдөр амьд явмаар байна.
-Та нарын талд бас үг хэлж байсан хүмүүс бий байх шүү?
-Тухайн үеийн МАХН-ын удирдлага Хонгор сумыг цианит натрид хордсон гэдгийг мэдэхийн дээгүүр мэдэж байсан. Гэхдээ сонгуулиар оноо алдах учраас хүлээн зөвшөөрөөгүй. Яг үнэндээ бид МАХН, АН хоёрын улс төрийн хөзөр болоод дууссан юм. Одоо бас сонгууль нь ойртоод бидний талаар арга хэмжээ авахгүй л болов уу. Хонгор сумын хордлогын талаар эрдэмтэд дуугарч байсан шүү. Тухайлбал доктор Ш.Пүрэвсүрэн “Хонгорт химийн хорт бодис алдагдсан уу гэвэл алдагдсан. Хордлого болсон уу гэвэл болсон. Саармагжуулж дарж авлаа гээд л орхисон шүү дээ. Би бол цианит мөнгөн усны хавсарсан хордлого Хонгорыг сүйрүүлээд зогсоогүй, Дарханд хаяагаа тэлээд байна гэж боддог. Ийм хавсарсан хордлого олон улсын хэмжээнд бараг гарч байгаагүй юм билээ. Монгол анхных нь ч болж магадгүй” гэсэн ярилцлага өгсөн байдаг юм. (Сонины хайчилбарууд үзүүлэв)
-Танай хөдөлгөөн одоо ямар ажил хийж байна?
-Бид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Хонгор сумыг нүүлгэн шилжүүлэх талаар хүсэлт гаргаад байна. Бороо оронгуут л даралт ихсэх, толгой өвдөх, ам хамарт гашуун зүйл амтагдаад байдаг. Сэтгэл санааны стресс, уур уцаартай хүмүүсээр л Хонгор сум дүүрч байх шив.
Үргэлжлэл бий.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 14, 2012 2:53:58 am )
Таны алтан цагийг хэмнэнэ! Yes2404.MN
1 Comment