antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2016 Comments are off

ЭМНЭЛГҮҮДИЙН ЭЛДЭВ ХАЯГДЛЫГ ЖУРМЫН ДАГУУ “ЦААШ ХАРУУЛЪЯ

нийтлэсэн Admin

emnelegiin_hog_hartsaga_4

Эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар чадвартай, тоног төхөөрөмж хэвийн, эм, хэрэгсэл нь олдоц сайтай байвал л болно. Өөр зүйлд толгойгоо гашилгах шаардлагагүй. Үйлчлүүлэгчдийн олонх нь ийм бодолтой.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эсвэл амбулаториор яаралтай тусламж авчихаад л цаашаа харчихаж болохгүй асуудал тэнд байна. Та, бидний эмчилгээнд хэрэглэсэн нэг удаагийн тариур, химийн гаралтай бусад хог хаягдал эмнэлгийн хогийн савнаас цааш хаачдаг юм бол.

Олон улсын жишигт эмнэлгийн хог хаягдлыг 1000-аас дээш градуст хайлуулж шатаагаад үнсийг нь булах, эсвэл тусгай технологиор буталж жижиглээд устгадаг. Харин манайх ийм технологиор ажилладаг ганцхан үйлдвэртэй.

Тэр нь зөвхөн Улаанбаатар дахь эмнэлгүүдийн хог хаягдлыг хүлээн авч, устгадаг гэх боловч ачир дээрээ хүчин чадал нь хүрэлцдэггүй. Эмнэлгийн хортой, аюултай хог хаягдлыг ангилж ялгах нь байтугай савлах ч үгүйгээр хот тойрон байрлах хогийн цэгүүдэд тэр чигт нь хаячихдаг болохыг хог түүдэг хүмүүс мэднэ.

“Хогны машин руу гүйгээд очихоор зүү тариур, ороох боох материалын өөдөс гээд эмнэлгийн хог хаягдал маш их байдаг. Ийм юмыг хүмүүс харангуутаа л зугтдаг” гэж хог түүн амьдралаа залгуулдаг нэгэн ярьсан юм. Тэгвэл орон нутагт эмнэлгийн хортой хог хаягдлыг зориулалтын дагуу шатаах зуухтай эмнэлэг тун цөөн.

Олонх нь хог хаягдлаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд, бага градуст дутуу шатаадгаас төрөл бүрийн хавдар үүсгэгч химийн хортой нэгдэл агаарт дэгддэг юм байна. Өөрөөр хэлбэл, хүн амьдардаг суурьшлын бүсэд хогоо шатаадаг гэсэн үг.

ХӨСҮТ 2014 онд эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх тушаал, зааврын хэрэгжилтийг шалгажээ. Манайд энэ асуудлыг хуульчлаагүй учраас хоёрхон журмаар зохицуулдаг.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 тоот тушаал “Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах заавар”, Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуучлалын сайдын хамтарсан журам (2011 оны)- ыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, II, III шатлалын эмнэлэг мөрдөж буй, эсэхийг хог хаягдалд нь шинжилгээ хийж дүгнэсэн байна.

ЭМЯ (хуучнаар)-ны харьяа 17 эмнэлгээс ЗӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АӨСҮТ, ЦССҮТ, хувийн хэвшлээс “Гурван гал”, нийслэлийн ЭМГ-ын харьяа байгууллагуудаас Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Налайх, Багахангай, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүд хог хаягдлын мэдээгээ ХӨСҮТ-өөс зарласан хугацаанд ирүүлээгүй тул 65 эмнэлгийн дүнг нэгтгэсэн аж.

emnelegiin_hog_hartsaga_3

Улаанбаатар хотын эмнэлгүүдээс 2014 онд нийт 629.357, орон нутагт 345.841 кг эмнэлгийн хог хаягдал цугларсныг устгажээ. Эдгээрээс халдвартай, халдварын зэрэг өндөртэй (өтгөн, шингэн ялгадас, цус, цэр, шүлс), хурц үзүүр, иртэй хог хаягдал дийлэнх хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн зарим байгууллага хог хаягдлын мэдээгээ ирүүлэхдээ зааврын дагуу жинлэдэггүй, уут эсвэл аюулгүйн хайрцагныхаа тоог өгдгөөс нийт хог хаягдлын хэмжээ, бүтцийг гаргахад хүндрэл үүсгэдэг аж. Нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдийн хог хаягдлыг “Элемент” ХХК орчин үеийн стандартын дагуу устгаж байна. Үйлдвэр нь Толгойтод байрладаг.

Тэнд эмнэлгийн тусгай хог тээвэрлэх, автоклав (автомат удирдлагын функцтэй, хогийг 1210 градуст, 35 минутад 40-60 кг хатуу хог хаягдал ариутгадаг төхөөрөмж) ариутгал, халдваргүйжүүлэлтийн болон үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн гурван тасгийн 40 гаруй ажилтан тусгай зориулалтын 12 машинаар нийслэлийн 1100 гаруй эмнэлгийн хог хаягдлыг “цааш харуулдаг”.

Аюултай, эрсдэлтэй хог хаягдлыг нь ариутгаж халдваргүйжүүлэн ландфилын аргаар булшилдаг юм байна. 2014 онд тус үйлдвэрийнхэн эмнэлгүүдээс нийт 796.004 кг тусгай хог хаягдал татан авч, устгажээ.

Үүнээс халдвартай, халдварын зэрэг өндөртэй болон хурц үзүүр, ирмэгтэй хог 649.085, эмгэг хог хаягдал (задлан шинжилгээний явцад гарсан биеийн хэсэг, тайрсан эд, эрхтэн, хавдрын ургацаг, эхэс, амьгүй ураг) 96.560, эмийн хаягдал 35.298, химийн бодисын 15.060 кг хогийг технологийн дагуу ландфилээр булжээ.

Нэгдүгээр сард хог хамгийн их гардаг бол 6-7 долдугаар сард хаягдлын хэмжээ багасаж, наймдугаар сараас буцаад нэмэгддэг аж.

Сүүлийн жилүүдэд хүн ам өсөхийн хэрээр өвчин ихсэж, түүнийг дагаад эмнэлгийн хог хаягдал жил бүр 40-50 мянган кг-аар нэмэгджээ. Үүн дотор эмгэг болон эмийн хог нэмэгдсэн байна. Эмнэлгүүд хаягдлаа ангилан ялгаж, таних тэмдэг бүхий зориулалтын улаан, шар уутанд хийдэг болов.

Ил задгай хаях нь багассан ч дээр дурдсан 158 тоот тушаалын 1.4-т заасан “Эмнэлгийн хог хаягдлын түр хадгалах байранд тавигдах шаардлага”-ыг биелүүлэхгүй хэвээр байгаа аж. Бохир усны холболтгүй, тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх зам, талбайгүй, цэвэр, бохир хэрэгслийг тусгаарлах өрөөгүй эмнэлэг олон бий.

Тодруулбал, шүдний эмнэлэг, амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй хувийн эмнэлгүүд түр хадгалах байргүйгээс хог хаягдлаа аюулгүйн хайрцагт олон хонуулж (ийм хайрцагт хоёроос олон хоног хадгалж болохгүй) устгалд өгдөг аж.

Орон нутгийн эмнэлгүүдэд хог хаягдал цуглуулах, устгах, уут, сав худалдан авахад зориулж мөнгө төсөвлөдөг ч энэ нь хаанаа ч хүрдэггүй. Хог шатаах тоног төхөөрөмж авах нь бүү хэл, зориулалтын уут, аюулгүйн хайрцаггүй эмнэлэг олон байна.

Тиймээс зүү, тариур, хурц ирмэгтэй багаж хэрэгслээ цаасан хайрцагт хийн хаядаг аж. Зарим нь халдвартай болон халдварын зэрэг өндөртэй, хурц үзүүр, иртэй хог хаягдлыг халдваргүйжүүлэхгүйгээр зориулалтын бус зууханд шууд шатаан, устгаж байна.

 

Түүнээс гадна хот, хөдөөгийн эмнэлгийн хог хаягдлын менежмент хариуцсан ажилтнуудыг хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, гар угаах материалаар хангадаггүйгээс ажлаа хийх явцдаа зүү тариурт хатгуулах нь энүүхэнд. Эдгээрээс халдвар авах хамгийн их магадлалтай хүмүүс нь “Элемент” компанийн ажилчид.

Тус компанийнхан “Зүү тариурт хатгуулаад ретровирусийн эм авч байна” гэсэн гомдол ХӨСҮТ-д гаргасны дагуу тэдний эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хянажээ.

Тэгэхэд нийт ажилтны 12 хувь нь В, 2.3 хувь нь С вирустэй, хурц үзүүр, иртэй зүйлд 22 хүн өртсөн ба цусаар дамждаг халдвар авах эрсдэлтэй таван хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Эмнэлгүүд хог хаягдлаа буруу ангилан, шаардлага хангахгүй сав, уутанд хаясан, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчид нь дагаж мөрдөөгүйгээс ийн эрсдэлд орсон байна.

Тиймээс “Элемент” компани халдвар хамгааллын дэглэмээ илүү чанд баримталж, ажилчдадаа энэ талын сургалт сурталчилгаа явуулан, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулж буйгаа хэлсэн юм.

emnelegiin_hog_hartsaga_3

Эмнэлгийн нийт хог хаягдлын 10-25 хувь нь аюултай, гадаад орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг бол таван хувь нь химийн ба радио идэвхт урвал үүсгэдэг, 85 хувь нь аюулгүй байдаг аж. Халдвартай хог хаягдал эмгэг төрөгч агуулсан (нян, вирус, паразит болон мөөгөнцөр) байдаг.

Үүнд цус болон биеийн бусад шингэн агуулсан хог хаягдал, лабораториос гарсан материал, тэжээлт орчин, тусгаарлах өрөөнд буй халдварт өвчтэй хүнээс гарч буй хог хаягдал ордог байна.

Цус, цусан бүтээгдэхүүн агуулсан хаягдал, өвчтөний боолт, арчдас, хэрэглэсэн бээлий, гемодиализын материалууд, гуурсан хоолой, нэг удаагийн алчуур, хувцас зэрэг нь аюултай ч лабораторийнхыг гүйцэхгүй. Харин эмийн болон генхортой хог хаягдалд хугацаа дууссан, хэрэглээгүй, асгарсан болон бохирдсон эм, вакцин, ийлдсүүд ордог. Энэ нь маш хортой, байгаль дээр мутацад орох боломжтой.

Өөрөөр хэлбэл, тератоженик үр хөврөлд деффект үүсгэх чадвартай, бүх төрлийн хавдрын шалтгаан болдог бол химийн хог хаягдалд аюултай, шатдаг, исэлддэг зүйлүүд хамаарна.

Тэгвэл цацраг идэвхт үйлчилгээтэй хаягдалд оношилгоо, шинжилгээ болон эмчилгээний практикт хэрэглэж буй радионуклитидээр бохирдсон материалууд ордог байна.

Харин цаас, шатдаг материал, хогийн хуванцар сав, төмөр хайрцаг зэргийг дахин ашиглах боломжтой гэж үздэг бол арьс, салст гэмтээх зүү, хурц ирмэгтэй зүйлс, хагарсан шил, флакон, венсекцийн цомог, хагарсан дусаагуурыг устгах нь маш чухал аж. Улсын хэмжээнд эмнэлгийн тусгай хог хаягдал устгадаг ганц үйлдвэр нь хаанаа ч хүрэхгүй байгааг албаны хүмүүс ярьж буй ч менежмент, нэгдсэн төлөвлөлтгүй явж ирснийг хатуу шүүмжилж байгаа.

Тиймээс эмнэлгийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, бүх шатлалын эмнэлгийн хаягдлыг хэрхэн хадгалж, цуглуулж устгахыг зөв төлөвлөх, хог устгах, ариутгаж халдваргүйжүүлэх цэгийг олноор байгуулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх хэрэгтэйг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

Хамгийн чухал нь эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг устгах тушаал, журмыг шинэчлэх хэрэгтэй аж. Тэгэхгүй бол аюултай хог хаягдлыг устгах нэрээр суурьшлын бүсэд, ямар ч шаардлага хангахгүй орчинд дутуу шатаан, хүн амынхаа эрүүл мэндэд заналхийлсээр байх нь.

О.БАТ-УНДРАХ

Mongolnews.mn

hog127


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car