Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүүгийн ээлжит хов нисэн ирэв. Хил дамнаж ирсэн ховын сүүлийнхийг “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат мушгиж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хаяглажээ. Ч.Ганбат өөрийг нь Монголын хуулийн байгууллага Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан шалгахаас өмнө Монголоос хил даван гарсан байжээ. 2012 онд АНУ-д байнгын оршин суух эрх авсан энэ хүн Монголын Засгийн газарт өндөр албан тушаал хашиж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг нааш цааш нь болгож байсан. Тэдний нэг нь шинэ төмөр замын төсөл. Ч.Ганбат энэ төслөөс Б.Батзаяа нарын хамт мөнгө завшсан байж магадгүй гэж үзсэн хуулийнхан түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.
Б.Батзаяагийн баривчилгаатай зэрэгцэн Монголоос “дүрвэсэн’’ Ч.Ганбат эрх баригчдад хандаж бичсэн захидалдаа “Миний бие шинэ төмөр зам болон Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл дээр ажиллаж, Монгол Улсад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадны түүхий эдийн бааз биш болгохын төлөө зүтгэсэн. Гэвч хоосон гүтгэлэг, төр засгийн түвшинд нөлөөлсөн дайралт, улстөржилт, улстөрчдийн өрсөлдөгчөө намнах хүслээр өдөөгдсөн ажлыг мэдсэн даруйдаа Улаанбаатарт ирэх гэж байснаа болиод Бээжингээс АНУ- ыг зорьсон. Шинэ төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэсэн АНУ-ын “McKinsey”, төслийг гүйцэтгэсэн Солонгосын «SamsungC&T» компаниуд бол санхүүгийн луйварт өртөх боломжгүй хэтэрхий шилэн компани. Би та нарын зарим гадаад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаанд холбогч, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан. Монгол Улсад үнэн ялж, шудрага ёс тогтох сайн цаг ирэхэд би өөрийн хүсэлтээр очиж шалгуулна, нэрээ цэвэрлэнэ” гэх зэрэг үг дайжээ.
Эх орондоо байхгүй хүний захидлыг хэвлэлүүд авахгүй гэдэг. Гэвч ийм захидал хэвлэлд нийтлэгдсэн тохиолдол нэг биш. Ийм захидал одоо олон нийтийг “уяраахаа” больсон ч авлигын хэрэгт шалгагдагсад “Ах аа, намайг бодоорой” гэж ойлгогдох энэ аргыг ёс юм шиг хэрэглэдэг болжээ. Тэдний анхдагч нь НИТХ-ын дарга асан Т.Билэгт.
Хуулийн байгууллага түүнийг 2011 онд ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилсан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Энэ мэдээг аваад биеэ эмчлүүлэхээр АНУ-ыг зорьсон Т.Билэгт дарга тэндээ ‘шингэсэн’ билээ. “Интерполоор эрэн сурвалжлагдаж байна. АНУ-д цагаачлах хүсэлт гаргаж” зэрэг дуулиан дэгдээсэн Т.Билэгт 2013 онд АНУ-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ, УЕП-ын газрын дарга нарт захиа илгээж “Эх орондоо ирж нэр холбогдсон хэргээ шийдүүлнэ. Аль нэг улсын хил дээр саатуулагдагдаж, хугацаа алдахгүйн тулд Интерполоор зарласан эрлийг зогсоовол очно” хэмээн мэдэгдэж байлаа.
Т.Билэгт энэ оныхоо долдугаар сард Улаанбаатарт ирэхэд АТГ баривчилсан.Түүний мэдүүлгийн дагуу экс Ерөнхийлөгчийн гэрт гэнэтийн нэгжлэг хийсэн бол 2014 онд шүүх хурал болж, түүнийг “Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутай” хэмээн үзсэн ч хэргийг 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон түүх бий. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүүгийн дайсан эхний хов жив ийм үр дагавраар төгссөн хэрэг.
Оны өмнө “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ хуулийн байгууллагын эх сурвалж руу утсаар холбогдож “Би хэргээ хүлээе. Хамгийн гол нь Улаанбаатар хотод байгаа миний болон ойр дотныхны минь нэр дээр байгаа хөрөнгийг битгий битүүмжлээч” гэх утгатай зүйл ярьсан тухай мэдээ хэвлэлийн хуудсаар үзэгдээд өнгөрснийг санаж байна уу. Хилийн чанадаас хуулийнхан руу утас цохьсон П.Бат- Эрдэнийг “Либерти Партнерс”-ийн захирал Ч.Ганбаттай хамт Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.
Тэднийг “Тавантолгой-Гашуун Сухайт” төмөр замын зураг төсөлд 11.8 сая ам.доллар, хуулийн үйлчилгээнд 4.5 сая, эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд 1.9 сая, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая нийт 510 сая долларын гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар шалгаж байгаа юм.
Үүнээс гадна хэдийгээр хилийн чанадаас биш ч хорихоос бичсэн цөөн биш захидал олон нийтэд хүрсэн. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн 2014 оны наймдугаар сард Ганцхудагаас, “Эрдэс Тавантолгой” ТӨХК-иас эхнэрийнхээ Товь повер” компанид зөвшилцлийн гэрээний дагуу мөнгө авч өгсөн ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэнгийн 2015 оны наймдугаар сард мөн Ганцхудагаас бичсэн захидлыг дурдахад хангалттай. Иргэн хүн хэн нэгэнд хандан захиа бичиж, зөрчигдөж буй эрхийнхээ талаар олон нийтэд мэдээлэл хүргэх нь нээлттэй. Түүнийг нь зохих журмын дагуу нийтэлж байгаа хэвлэлүүд буруугүй.
Гэхдээ анхааралтай уншвал захидлууд бүгд нэг ижил утга агуулгатай байгааг олж харж болно. Товчхон хэлэхэд тэд “Би буруугүй, бохир улс төрийн золиос боллоо. Нэрээ цэвэрлэж авна аа” гэцгээдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд зарим нь үнэхээр гэм буруутай байсныг шүүх тогтоож, зарим нь үнэндээ буруугүй болох нь нотлогддог.
Хамгийн гол нь хэн нь ч өөрсдийг нь намнах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэл, тэдний эзэд хэн болох талаар ганц үг ганхийдэггүй. Тэр ч бүү хэл яаж яваад төсвийн хөрөнгөөс олон тэрбум төгрөг идсэн хэрэгт холбогдчихсоноо, яагаад бохир улстөрийн золиос болсноо тайлбарладаггүй.Угтаа бол ийм аргаар олны тархийг угааж, тийм ядруухан өнгөөр өөрсдийгөө өмгөөлж байхаар юуны учир яагаад шалгагдан, шаналж яваагаа, тэрхүү бохир улстөрд хэн гээч нь “эргүүлэг” бэлтгэчихээд хөдөлгөж байгааг шулуухан хэлчихсэн нь дээр биш үү. Ийм зүрх зориг байх аваас “золиос болчихлоо” хэмээн халаглаж байгаа эрчүүдэд ч, өсч том болох үр хүүхдүүдэд ч, энэ нийгмийн төлөвшилд ч хэрэгтэй баймаар.
А.Алиман
1 Comment