Гэрээ барих
Монголчууд гэрийнхээ хаалгыг наран ургах зүгт харуулж барьдаг нь гэрийн тооноор тусах нарны гэрлээр цаг мөч мэдэхтэй хамаатай юм.
Гэрийн тавилгуудаас авдар сав гэх мэт том зүйлсээс бусдыг нь гэр барих буурин дотроо тавиад хатавчны баруун зүүн хана гэхчлэн ханыг гэрийн бууринд дугуйлж хана тус бүрээ хооронд нь нийлүүлэн боох ба “нохой ам”-аар нийлүүлэхийг хориглоно. “Нохой ам” гэдэг нь ханын нийлэх хэсгүүдийг дээр доор зөрүүлэн уяснаас ханын толгой өндөр нам болохыг хэлж буй юм. Дараа нь хаалгаа барин дотуур бүслүүр татна
Гэрийн тооноо баганадаж босгоод, дөрвөн гол тус бүрт нь унь өлгөж дараа нь хоорондох зайд нь унь хатган (хий авах), бүх унийг хаалганы баруун хатавчнаас эхлэн хөөж өлгөнө.
Гэрийн модоо босгосны дараа хойд урд цаваг (гэрийн дээврийн давхарлага, зузаалга)-аа тавьж мөн зүүн хатавчны туурга, хавхаг туурга, урд хойд дээвэр барин хошлонгуудыг (оосор,бүслүүр) чангалан татаж уяснаар гэр барих ажил дуусна.
Гэр барихад өрх эрхэм, буулгахад тооно эрхэм гэдэг заншилтай. Тиймээс гэрээ барихад хамгийн сүүлд өрхөө тавина. Тооно тулсан (түшсэн), өрх тавьсан хүн хамгийн хүндтэй учраас гэр барьсны дараа тэр хүнийг цайлан, гарын бэлэг өгдөг уламжлалтай.
Гэр буулгах
Зарим газар гэр цуцлах гэж ярьдаг. Монголчууд нүүх буюу гэрээ засаж барих үедээ буулгана. Гэхдээ хаанаас ч хамаагүй оосор бүслүүрийг тайлах, дээвэр туургыг хамаагүй хуулдаггүй. Гэр барих, буулгахад эртнээс мөрдөж ирсэн заншил бий.
Эхлээд оосор бүслүүрийг тайлж эвхэж тавиад гэрийн өрхийг хойд униар гулсуулан авч гөвөөд захаас нь эхлээд голруу нь нугалж эвхдэг. Дараагаар урд, хойд дээврийг авахдаа баруун болон зүүн захаас нь голруу нь хумьж авна. Үүний дараа гэрийн туургыг баруун хатавчнаас эхэлж авна. Гэрийн бүрээсийг дараалан авч эвхэж тавьсны эцэст гэрийн модыг буулгаж эхэлдэг. Ийнхүү гэрээ буулгахдаа баруун урд туургаа гөвдөггүй ёстой. Учир нь гэрийн баруун урд туурганд тэр айлын буян хишиг шингэсэн байдаг гэж үздэг.
Холбоотой мэдээ
-
ЗочинЗОЧИН (January 22, 2016 10:25:55 am )
Хүүхээ сагалдрага чинь униндаа байдаг юм шүү дээ .Зураг чинь буруу байна
1 Comment