Сангийн дэд сайд Ч.Ганхуяг бас л МАН-ын боловсон хүчний эрс шинэчлэлийн илрэл, ил харагдахуйц үр дүн. Мэдээж Н.Номтойбаярыг бодвол хийсэн ажилтай л даа. Гэхдээ л хийсэн ажлаасаа хэтийдсэн их амбицтай залуу. Ажаад байхад мань хүн ялсан тал нь манайх гэсэн зарчмаар амьдардаг шиг байгаа юм. Хэн нэг нь түүнийг өмгөөлөн хийсэн ажилтай гэж хэлэхдээ Хас банкыг нэр дурдах нь мэдээж. Үнэндээ бол “Хас” банк Нидерландын хөрөнгө оруулалтаар боссон байгууллага л даа. Хатуухан бас шуудхан хэлчихэд Монголд Европын бохир мөнгийг угаах гол цөм, түшиц болдог газар.
Миний санаж буйгаар эл эрхэм Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг дагалдан баахан гүйж, сонгуулийн пи арыг нь хийсэн. Харин дараахан нь манай улсын Сангийн яамны дэд сайдын албанд томилогдсон юмдаг. Харин хамтарсан Засгийн газар унах дуулиантай зэрэгцэн Сангийн сайд болохоор МАН-ын даргын үүдийг сахих болсон гэх сураг дуулдах боллоо. Хамтарсан Засгийн газрын хувь тавилан эцэслэн шийдэгдээгүй байхад хамтран ажиллаж байсан С.Баярцогтын суудалд очихоор хөөцөлдөж явдаг бас л бөх зүрхтэй эр.
Сайн муу хэлэгдэх ч ардчиллын 20-иод жилд Сангийн яамыг бас ч гэж баргийн аавын хүү толгойлдоггүй байсан юм шүү. Н.Алтанхуяг, П.Цагаан, Ч.Улаан гээд яалт ч үгүй нуруутай улстөрчид Монгол Улсын сан хөмрөгт эзэн сууж байсан юм. Тэдний дэргэд Ч.Ганхуяг хэтэрхий жулдана. Зүйрлэх ч юм биш. Тэгээд ч ялсан нь манайх гэдэг үзэлтэй мань хүнээр Монгол Улс сангийн яамаа толгойлуулмааргүй байна.
Нэгэн цагт Н.Энхбаярын үнэнч фен байсан тэрбээр Ц.Элбэгдоржийг магтан дуулагч болчихсон тууж явсан. Бас М.Энхболдод хэзээ ч тал алдахгүйгээр С.Батболдын ивээлд багтаж чадсан гээд бодохоор аргат шар үнэгнээс дутахааргүй элдэвтэй нөхөр шиг байгаа юм. За тэгээд гэрээ засаад төрөө зас гэх үгийг бодолцсон ч гэр бүлийн хувьд эрс шинэчлэл хийн тавитаргүйтэгч, мөнгөөр дулдуйдагч эрхмүүд төрд юу л хийж гавиа аж. МАН-ын эрх шинэчлэлийн бас нэг алдаа буюу хувийн эрх ашиг, амбицдаа дөрлүүлсэн залуусын нэгнийх нь тухай цухас дурдахад ийм л байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.