Долдугаар сарын 1-иий нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр таван хүнийг буудаж хөнөөсөн хэргээр цагдаагийн экс удирдлагууд шалгагдаж байна.
Энэ үед цагдаа нар “Жагсаал цуглаан зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар хариуцлагаас гадна үлдлээ. Цагдаа хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэснийхээ төлөө яллагдах нь. Шударга бус байна” хэмээсэн захидлыг төрийн удирдлагуудад удаа дараа хүргээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Иргэний хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч О.Магнайтай ярилцлаа.
-Үймээний үеэр бусдыг буудаж хөнөөсөн гэх цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн. Тэд таны зохион байгуулсан жагсаалын үеэр ажлын хариуцлага алдсан хэргээр шүүхийн хаалга татаж буй. Үүнд ямар дүгнэлт хийж байна?
-Би зарчмын байр сууриа олон удаа илэрхийлж байсан. Шударга ёс, эрх чөлөөний төлөө жагссан ард түмнийг шүүдэг ардчилсан төр гэж энэ хорвоод байдаггүй юм. 2008 оны долдугаар сарын 1-н долон мянган иргэн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж жагссан шүү дээ. Би тэдний нэг. “Жагсаал цуглаан зохион байгуулах, эс жагсах нь хүний эрх. Харин хүн буудна гэдэг бол гэмт хэрэг. Тухайн үйл явцыг тэмдэглэсэн цагдаагийн тэмдэглэлийн дэвтэрт энэ галаар тодорхой бичсэн байна лээ. Иргэнээ хамгаалах үүрэгтэй цагдаа нар өөрсдөө бидний өмнөөс буу шагайна гэдэг байж боломгүй зүйл.
-Цагдаа болон түүний ар гэрийнхний холбооноос УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний дэлгэсэн баримтыг худал гэж мэдэгдсэн байна лээ?
-УИХ-ын гишүүн гэдэг хариуцлагатай алба. Х.Тэмүүжин уг баримтыг гаргаж ирснээрээ өөрийгөө хариуцлагатай гэдгээ баталсан. Хууль бус мэдээллийг хэн ч дэлгэх ёстой. Үүнийгээ Х.Тэмүүжин гишүүн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд жагсаал цуглаан зохион байгуулах, хүн буудах хоёр тусдаа ойлголт шүү. Жагсаж цуглах эрхээ эдэлснийхээ төлөө цөөнгүй иргэн гэм буруутай яллагдаж шүүгдсэн. Харин одоо бол дөрвөн хүнийг буудаж хөнөөсөн буруутны хариуцлагын тухай ярьж байна. Гэтэл хоёр өөр хариуцлага ярьж байхад заавал нэг саванд оруулж хамтад нь буруутгахаар дайрч байгаа оролдлого ажиглагдаж байна.
Гэхдээ энэ оролдлого хол явахгүй. Яагаад гэвэл жагсах цуглах болон хүний аминд хүрэх чинь тэнгэр газар шиг ялгаатай ойлголт байхгүй юу. Ер нь цаашдаа ардчилсан орон гэгдээд байгаа Монголд дахин төр нь иргэнээ бууддаг үзэгдэл байж таарахгүй. Нөгөө талаас цагдаа нар үнэхээр буудаагүй юм бол айж эмээгээд хэн нэгнийг буруутгах гэж оролдоод хэрэггүй. Буудаагүй эсэхийг нь шүүхийнхэн тогтооно шүү дээ. Эсвэл хэн гэдэг даргa тушаал өгч чиглүүлсэн бэ гэдгийг ил тод нээлттэй хэлэх хэрэгтэй.
-Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг үг бий?
-Энэ үгтэй 100 хувь санал нийлдэг. 2008 онд сонгууль будлиантайгүй бол бид яах гэж жагсах билээ.
-Харин таны хэдэн нөхөд жагсаал цуглаан зохион байгуулаагүй бол таван залуу эсэн мэнд байх байсан гэж боддог уу?
-Жагсаал цуглаан зохион байгуулах, хүн буудах хоёр тусдаа ойлголт гэдгийг дахин хэлмээр байна.
-Та иргэнийхээ эрхийг эдэлж жагсаж, цугласан гэлээ. Тэгвэл бусдын тархийг хагалсан чулуу, машин шатаасан шатахуун хаанаас гараад ирэв. Энэ бүхнийг бас л таньтай холбоотой гэдэг шүү дээ?
-Энэ асуудлаар цагдаа, тагнуулынхан хамтарсан ажлын хэсэг байгуулж багагүй хугацаанд ажилласан. Хавтаст хэрэгтэй танилцсан хүний хувьд хэлэхэд шатахуун зөөсөн хүн тодорхой болсон.
-Хэн юм бэ?
-Жагсаалд оролцсон иргэд. Ямар ч зохион байгуулалттай хэрэг байгаагүй. Тухайн үед л усан оргилуурыг барих гээд чулууг шуудай шуудайгаар нь авчирсан байсан нь үймээний үеэр тарсан юм билээ. Энэ бол иргэдийн хийсэн зүйл. Түүнээс биш терроризм хийх гэсэн хэн нэгний үйлдэл биш.
-Таны тухайн өдөр хийсэн ажлыг дахин сонирхож болох уу?
-Сонгуулийн дүн гарах үед МАН-ын нэг эмэгтэй “Eagle” телевизээр “Би О.Магнайгийн саналыг луйвардсан нь үнэн” гээд уйлаад ярьсан. Түүний мэдэгдлийг сонгуулийн тойргийн хороо байтугай ерөнхий хорооныхон ч анзаарч арга хэмжээ аваагүй. Би Б.Батгулга даргад энэ тухай хэлэхэд намайг өргөдөл бичээд ороод ир гэлээ. Өргөдлөө бичээд иртэл цагдаа нараар хамгаалуулаад оруулаагүй. Ийм үед яалтай ч билээ. Тэгээд саналаа луйвардуулсан иргэдийн хамт Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм.
-”Драгон” төвийн урдаас иргэдийг цуглуулсан нь үнэн хэрэг үү?
-Үнэн. Тэндээс Сүхбаатарын талбай руу очсон юм.
-Жагсаалыг зохион байгуулж чадсан юм яагаад тарааж болоогүй юм бэ?
-Жагсаал, цуглааныг үймээн самуун болгох сонирхол бидэнд гэхээс илүү эрх баригчдад байсан. Би жагсагчдыг “Тайван бай, дайрч болохгүй. Намын байрны гадаа суулт хийе” гээд тайвшруулж байтал бамбайтай цагдаа авчираад бороохойдоод эхэлсэн юм. Тэгж л хяналтаас гарсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын зүгээс зохион байгуулалттайгаар өдөөн хатгалга хийж үймээн болгосон. Тэр ч байтугай “С.Баярын гэрийг очиж шатаая” гээд орилж байсан хүн нь энгийн хувцастай цагдаагийн мөрдөн байцаагч байсан шүү дээ. Тэр үеэр цагдаа намын байрыг биш иргэнээ хамгаалах ёстой байсан. Намын байранд байгаа нь манай тал, гадаах нь дайсан гэж ойлгочихоод иргэд, цагдаагийн хооронд мөргөлдөөн гарсан шүү дээ. Тэгээд л байлдчихсан байхгүй юу.
-Та энэ хугацаанд уг хэрэгт өөрийгөө их, бага ямар нэгэн хэмжээгээр буруутай гэж бодож байсан уу?
-Намайг хангалттай шалгасан. Өнөөдөр/өчигдөр/ хүртэл Тагнуулын ерөнхий газрынхан ирж уулз гэсэн. Би өнөөг хүртэл цагдаа, тагнуулд байнга дуудагдаж байна. Надад ямар нэгэн барьж хорих сэжүүр байвал хуулийнхан өнөөдөр ч гэсэн хорино. Түүнийг л хүсч байгаа. Ер нь ядарсан төр иргэнээ шоронгоор айлгадаг. Надад айж ичэх юм байхгүй. Шударга ёсны төлөө тэмцсэн хүн шүү дээ, би. Энэ хугацаанд нэг зүйлийг ойлгосон. Юу вэ гэвэл дэлхийн аль ч оронд үзэл бодлоо илэрхийлж жагссан иргэнээ шүүдэг төр гэж байдаггүй юм билээ.
-Эцэст нь нэг зүйл тодруулахад АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдлээ. Та АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?
-АН-ынхан хараахан гараагүй байна. Засгийн газраас гарна гэж нэг л хүн хэлсэн. Байдлыг харж л байя.
-Энэ бол АН-ын улс төрийн шоу гэж дүгнэх хүн олон байна?
-Саяхан баталсан Сонгуулийн тухай хуулиар хэн нь ч УИХ-д давуу буюу олонхи болохгүй. Ийм нөхцөлд ирэх сонгуулийн дараа ч гэсэн хамтарсан Засгийн газар дахин байгуулагдах нь тодорхой.
Д.Боломаа
Эх сурвалж: “Зууны мэдээ”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 11, 2012 9:39:40 pm )
MAGNAI CHI SHOROND SHUUMAR BOLOOD DOOSHOO YUM GOOJUULAAD ZOVOH NIGUURTAI YUM BAINA IH SAGSUURCH BOLOHGUI BAIHAA
1 Comment