Хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлэх 9 зорилтын нэг “Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулах зорилт”-ын биелэлт тун хангалтгүй байгааг өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Хүн ард, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх зорилт нь ч хангалтгүй байна. Тухайлбал:
–Уул уурхайн салбарын бодлогыг шинэчлэн тодорхойлж, Ашигт малтмалын хуулийг өөрчлөнө гэсэн. Тэгвэл өнөөдрийн тухайд Ашигт малтмалын тухай хууль хуучнаараа мөрдөгдөж байна.
–Стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн. Энэ зорилтын хүрээнд дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг Оюутолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гарцыг нээж, Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн явдал нь яах аргагүй томоохон шийдвэр байсан гэдгийг тодотгох нь зөв юм. Харин зэрэгцэн яригдаж ирсэн Тавантолгой ордыг эргэлтэд оруулах асуудал бүрэн шуудрах болоогүй байна. Энэ тухай жич өгүүлэх тул дараагийн зорилтын биелэлтийг харъя.
–Стратегийн болон томоохон орд газруудаас олсон орлогоос 1.5 сая-аас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол Улсын иргэн бүрт хүртээнэ гэсэн зорилт бий. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд бэлэн мөнгө тарааж эдийн засагт тайван бус нөхцөл байдлыг үүсгэсэн гэх эдийн засагчдын байр суурь бий.
Энэ оны Улсын төсөвт: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор:
-Хүний хөгжил сангаас 2012 оны 5 сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, 6 дугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгох,
-Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 170,000 оюутны 2011 – 2012 оны сургалтын төлбөрт зориулж оюутан тус бүрт 492 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгох,
-Нийт иргэдэд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ны нэг бүрийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгаад байгаа.
Харин эндээс Засгийн газар харилцан тохиролцсон ажлаа хийхийн тулд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа нь харагдаж байна. Учир нь Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн хувьцааны 10 хувийг иргэддээ эзэмшүүлэх тухай тогтоолд заасан байгаа. Гэхдээ энэ энэ хувийг 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээхийн тулд өгнө гэж хэлээгүй.
Гэтэл энэ оны Улсын төсөвтөө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор гэсэн тодотголд оруулаад батлачихсан байгаа юм. Ерөнхийдөө бол Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой, дагаж ирэх үр ашгийг хүлээх хандлага хүчтэй хэвээр байгаа.
Гэсэн ч Тавантолгойн стратегийн хөрөнгийн оруулагчийн тендер гацчихаад байтал, хамтарсан засаг ганхчихлаа. АН-ын даргын мэдэгдлийн дараах гишүүдийн байр суурийг сонсоход УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…Бидний өмнө хийж дуусгах ёстой олон ажлууд байсан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Мөн Засаг захиргаа, орон нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтийн асуудал байсан. Нийгмийг хамгийн их бухимдуулж байгаа баялгийн хуваарилалтын асуудал байсан. Энэ бүгдийг хамт байгаа хугацаандаа хийсэн бол гэж бодож байна. Мөн Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байсан. Ирэх зургаан сард амжилттай хамтарч ажилласан бол Монгол Улсын эрх ашигт нийцэх байсан” гэсэн бол Я.Батсуурь гишүүн “Хамтран ажиллах гэрээнд заасан харилцан тохиролцсон ажлуудаас Тавантолгойн асуудал үлдсэн. Үүнийг ойрын үед шийдчихнэ. Хамтарсан Засгийн газар байгуулснаар улс орны эрх ашгийн төлөө улстөржилгүй хамтарч ажиллаж сурлаа” хэмээн том дуугарсан юм.
Тэгэхээр үнэхээр улстөржилгүй шийдэх нь үү. Эсвэл хамтран шийдэх ёстой байсан хамгийн чухал асуудлуудын нэг болж үлдэх нь үү гэдэг нь анхаарал татаж байна.
Э.Болор shuud
Холбоотой мэдээ
Comments are closed.