Тиймээс энэхүү хэргийн явц болон хэрэг ямар шатандаа явж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү, УМБГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, МБГ-ын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Манлайбаатар нар мэдээлэл хийсэн юм. Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр талийгаачийг алга боллоо гэсэн мэдээлэл ар гэрийнхнээс нь ирүүлсэн.
Ингээд 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр түүний машиныг олсон. Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан. Автомашины үзлэгээр хоёр гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас, мөн 0.5 литрийн хэмжээтэй “Сархад” архи, ундаа байсан” гэж мэдээлсэн. Мөн талийгаачийн цогцосыг Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олж түүнийг живэлтийн улмаас амиа алдсан хэмээсэн.
Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг усанд живж амиа алдахдаа хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн хариу гарчээ.
Сэтгүүлч Б.Мөнхбаясгалангаас байцаалт авна
Түүнчлэн цагдаагаас “Цензургүй сурвалжлга”-ын үеэр цацагдсан гар утасны бичлэг нь нэг хүний дуу хоолой байсан гэж дүгнэлээ. Тодруулбал, “Завьтай хүмүүс ирж байна. Намайг алах юм шиг байна. Би та нараас амь гуйхгүй” хэмээн хэн нэгэнтэй ярьж автомашиных нь хаалга хаагдаж, нээгдэх чимээ үлдсэн байдаг. Уг бичлэгийн талаар цагдаагийнхан “Т.Лхагвасүмбэрэл агсан нь тухайн үед бичлэг хийхдээ ганцаараа байсан бөгөөд ганцхан түүний дуу хоолой утсанд бичигдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс энэ хэргийн талаар мэдээлэл бэлтгэсэн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Мөнхбаясгалангаас байцаалт авна” гэлээ. Тэгвэл талийгаачийн аав Ж.Төмөрсүх “Цензургүй сурвалжлага”-аар орохдоо “Цагдаа нар хэргийн газар үзлэг хийхдээ дутуу хийсэн байна. Би хүүгийнхээ нэг гар утсыг нь жолоочийн хажуу талын сандлын доороос олсон” хэмээсэн.
Ц.Баасандорж: Талийгаач амиа хорлоогүй гэх хангалттай үндэслэл байгаа
Харин талийгаачийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Ер нь бол амиа хорлоогүй гэх хангалттай үндэслэл байгаа. Жишээ нь, талийгаач Улаанбаатар хотоос гараад 900 км газар ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүй явсан. Өмнө нь дандаа холбоо барьдаг байсан гэсэн. Ингээд үзэхээр хэн нэгэн хүний эрхшээлд явж байсан байж болзошгүй. Мөн гар утаснаас нь маш ноцтой хоёр бичлэг олдсон.
Арваннэгдүгээр сард Хөвсгөл далай зайрмагтдаг. Тийм хүйтэн усанд 5-10 метр яваад ямар ч хүний хөл хөлдөнө. Гэтэл эргээс дотогш 74 метр, доошоо дөрвөн метрийн гүнээс түүний цогцос нь олдсон. Далайн ус бол урсгал ус биш. Хүн живсэн бол тухайн хэсэгтээ тогтоод үлдчихдэг. Гэтэл талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг эргээс дотогш 74 метр алхаад живсэн гэж үзээд байгаа юм уу, хаашаа юм. Талийгаач 3.9 метр өндөртэй байж л 74 метр алхах боломжтой. Яаж ч бодсон цагдаа нарын дүгнэлт үндэслэлтэй байх боломжгүй. Мөн талийгаач залуугийн явуулж байсан албан бичгүүд, хэвлэлийн хурал, уулзалт чуулганд оролцож байсан гол санаа нь Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай байсан. Тиймээс шалтгааныг эндээс хайх ёстой. Энэ бол жирийн нэг хүний дургүйг хүргээд амиа алдчихсан хэрэг биш.
Энэ бол зохион байгуулалттай маш нарийн төлөвлөгдсөн хэрэг. Талийгаачийн гар утасны бичлэгийн тухайд бол тэрээр бусдын эрхэнд орсон учир баримт үлдээх үүднээс хийсэн бичлэг.
Энэхүү бичлэг дээр завьтай хүний тухай өөрийнх нь дуу хоолой байдаг. Бичлэг бол хамгийн сүүлд машины хаалга хаагдаж гарсны дараа 10 цаг үргэлжилсэн байдаг. Машинд хэн ч эргэж ирээгүй. Ийм зүйлийг өгөөд байхад цагдаагийнхан талийгаачийг усанд живээд үхчихсэн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгээд явж байна” хэмээж байв.
Ямартай ч талийгаачийн ар гэр болон өмгөөлөгч нь цагдаагийн байгууллагаас огт өөр мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр талийгаач 25 метр гүн Хөвсгөл далайд согтуурхсны улмаас болж амиа алдав уу, аль эсвэл хуулийнхан энэхүү хэргийн цаад эзнийг нь илрүүлэхгүй байх том шалтгаан байна уу гэж олон нийт одоог хүртэл хардсаар байна.
Тиймээс л цагдаа энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, үргэлжлүүлэн шалгаж хэргийн үнэн учрыг заавал олно гэж олон нийтэд мэдээллээ. Тэгэхээр хүн бүхэнд эрхгүй нэгийг бодогдуулж “Бид цагдаадаа итгэнэ” гэсэн итгэлийн төрүүлэх болсон. Харин уг хэргийг улстөржүүлж байгаа хэсэг бүлэг нөхөр хүний үхлээр тоглож, улс төрийн зорилгоо биелүүлэх гээд шоудаж байгаа нь харамсалтай.
Р.Төгс
35 Comments